Зураач Э.Гансүх: Хурдан морь намайг дэлхийд гаргаж байгаа, учир нь миний зурсан морь олон докторын бүтээлд бий

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 17 -нд

Зуны халуун нарыг “төөрүүлж”, хар үүл хоромхон зуурт нүүгэлтэн, бороо шаагилаа. Гэхдээ удаан үргэлжилсэнгүй бөгөөд саяхан орсны ул мөр болж хотын гудамжинд том жижиг ус хэлбэр галбир нь үгүй тогтжээ. Өнөө үүлэнд халхлуулсан нар илч дүүрэн ээх нь бороог өнгөрсөнд үлдээж орхилоо.

Товлосон цаг. Этүгэн дээд сургуулийн 11-р давхарт байрлах СТА, зураач Э.Гансүхийн урлан тийш явж байна. Зураач гэхээр танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Тэд чинь өөрийн гэсэн стилтэй улс байдаг даа. Нэг тийм урт үс, эсвэл халзан ч юм уу. Тэгээд донжийг нь олсон малгай духдуулж, ороолт хайш яаш зүүчихсэн байх жишээний. Товчхондоо хараад л таньж болох этгээд нөхдүүд байсаар бүүр дасал болж орхисон байх аж. Гэхдээ энэ удаад уулзсан эрхэм бол түүнээс өөр. Түүнийг хараад шууд “номын хүн” санаанд орно. Өөрөөр хэлбэл, 1998 онд Үйлдвэр Урлалын сургуулийн уран сийлбэрийн анги, 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн анги, 2009 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг урлаг судлалын магистраар төгссөн. Энэ хугацаанд 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш, 2010-2013 онд ШУТИС. ҮТДС-ийн ахлах сургуулийн зургийн багш, 2013 оноос ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн зураг, дизайн технологийн багшаар ажиллаж байгаа гэхээр өнөө номын хүн төвөггүй төсөөлөгдөж байгаа биз. Бид мэнд мэдээд урлангийн хаалгаар орвол жижгэвтэр атлаа цэмцгэр, цагаан өнгө бүхий өрөө угтан авлаа. Өнгө будаг хосолсон зурагнууд дунд өрөөний буланд том бор ширээ байрлах бөгөөд арын ханандаа номын шүүгээтэй. Харин өнөө буланд нь жижиг буйдан, сэтгүүлийн ширээтэй. Энэ бол зочны хэсэг гэдэг нь тодорхой. Хананд өлгөж, шалан дээр ар араас нь эгнүүлэн өрсөн зурагнууд, бийр, будаг, тавиур... эмх цэгцгүй мэт атлаа донжтой. Цааш харвал өрөөний хананд өлгөсөн хоёр ч уран бичлэгийн гоёмсог бичвэр эрхгүй ялгарах нь гэргийн бүтээл гэнэ. 


Түүний эхнэр Баттулгын Алтантуяа нь Чоймаа багшийн сүүл үеийн шавь нарын нэг бөгөөд хэл бичгийн хүн байх аж. Болоогүй бас энэ өрөөнд ирээдүйн зураачийн бяцхан гараар урласан тайлж уншихад “ухаан шаардаж” мэдэх зурагнууд  цонхны тавцан, сэтгүүлийн ширээ ер тэгээд хаа сайгүй харагдана. Тийм ээ, энэ бол түүний хүүгийн зурсан зурагнууд. Энэ бүхэн дээр кофены таатай үнэр, тэр бүр “таараад” байгаагүй содон аяга. Харин цонхоор унаж өссөн хотын маань нэгээхэн хэсэг алган дээр тавьсан мэт илхэн бас ойрхон харагдах нь тун аятайхан юм гээч. Зочны хувьд ч хотын унаган хүү. Тэр тусмаа бага тойрогт төрж өссөн хийгээд өдгөө ч бууриа тойрон ажиллаж амьдарч явна. Багшилна, судалгааны ажил хийнэ, морь уяж, нохой тэжээнэ. Аялалд гарна, зургаа зурна гээд мөн ч “шуналтай” нэгэн болох дэг шүү. Өнөө содон аяганд халуун кофегоо хийж суугаад бид диктофон асаалаа. Сүүлийн үеийн сонин сайхан гэвэл “Судалгааны ажил дээрээ илүү их ажиллаж байна. Урлагийн болоод боловсрол судлалын хоёр ч ажлыг эхлүүлчихээд байгаа бөгөөд энэ бүхний цаад нийлэмж нь монголд үнэт өв болж үлдэх юм” гэсээр яриагаа эхэлсэн. Энд сонирхуулахад Э.Гансүх зураач Монгол Улсын Соёлын болон Боловсролын Тэргүүний ажилтан цолтой, хос морьтой нэгэн юм билээ. Тэрээр “Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээн дэх морь дүрслэл, хурдан морины дүрслэлийн тухай” сэдвээр магистр хамгаалсанаа одоо үргэлжлүүлэн докторын ажилдаа судалж байгаа юм.

МОРИНД ХОРХОЙТОЙ БАГА ТОЙРГИЙН ХҮҮ

Э.Гансүх зураачийн аав Дамбын Энхтайваныг Хивсний үйлдвэрт ажиллаж байсан нөхдүүд нь “Хивсний по мастер” л гэнэ. Харин ээж Нэргүйн Алтанцэцэг нь насаараа худалдааны байгууллагад буюу Улсын их дэлгүүрт ажиллаж байсан нэгэн. Удам судар сөхвөл түүний аавын талынхан Дундговь аймгийн Дэрэнгийн улс. Тухайлбал, аавын өвөө Лайцаг гэхэд хурдан хонгор азаргатай уяач явсан гэдэг юм билээ. Ээжийн талаас ч ялгаагүй. Төв аймгийн Жаргалант суманд амьдарцгаах бөгөөд энэ бүлийн эрчүүд бүгд хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад зогсохгүй бүүр улсынхаа баяр наадмаас хэд хэдэн айрагтай /Тойныжав, түүний хүү Баяраа, Базаргүр гэхчилэн/ аж. Болоогүй нагацын талын хүргэчүүл ч ялгаагүй. Хурдан тууртын тоосыг өндөрт өргөж яваа хийморилог эрчүүд бий. Ингээд эхлүүлэхээр “Ногоон морьтой” зураачийн бага нас адууны захад өнгөрсөн болж таарч байгаа юм. Цэцэрлэг, сургуулийн амралт эхлэв үү үгүй юу л  жаахан хүү Төв аймаг тийш явах бөгөөд хөдөөхи энэ амьдрал цаанаа л нэг амттай. Яваандаа өөрийн эрхгүй ямар нэгэн шижмээр адуунд татагдан, бүүр уусан орж байгаагаа яахан мэдэх билээ. Адуу мал гэхээр нүд нь сэргэж, бяцхан зүрхэндээ догдлол мэдэрдэг болсонтой зэрэгцээд хүргэн ах Батжаргал морь уяж эхэлсэн нь илүүтэй шимтэх бас нэг шалтгаан болжээ. Энэ бүхэн 2014 оны “Зүүдлээгүй зүүд”, 2016 оны “Увидас” бие даасан болон хамтарсан 50 гаруй үзэсгэлэнгийн бүтээлд амилсан байна. Энд нэмэхэд тэрээр ирэх онд шинэ үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байв. Ямартаа ч үзэсгэлэнгийн шинэ бүтээлд Өвгөн ноёны зурж үлдээсэн хүлэг “бүл нэмсэн” байх аж. Харин үүнээс цаашхийг үзэсгэлэнгээс харах учраас дэлгэрүүлэх дэмий мэт.

 

Уран зураг бол хаан урлаг. Уран зураг хэзээ ч хэн нэгний зохиосныг хуулбарлах шаардлагагүй, хэн нэгнийг хамтарч бүтээгээд өгөөч гэж гуйхгүй, үзэгчдийг үнэ төлөөд үзээд өгөөч гэж гуйдаггүй. Үнэ төлбөргүйгээр үзэгчдэд оюуны боловсрол өгдөг. /Э.Гансүх/

Түүний өвөөгийн аав Чой гэж лам бас их сайхан зурдаг. Тухайн үедээ хур бороо оруулдаг эрдэм чадалтай, бурхны шашны урлагийн талыг хариуцан ажилладаг нэгэн явсан гэнэ. Даанч 1939 оны хэлмэгдүүлэлтийн үеэр Чой ламтан баривчлагдаж, арван хэдхэн настай хүүгээ, ах эгчийн нь хамтаар өөрийн ах Лайцагт даатгажээ. Цөвүүн тэр цагт Лайцаг нь хэдэн хүүхдээ дагуулаад Дундговь аймгийн Дэрэнгээсээ гарч, Дэлгэрцогт сумнаа амьдрах болсон байна. Хамгийн харамсалтай нь Хаадамба хүүгийн аавыг нутгийн нэгэн толгой давуулан буудаж хороосон гашуун түүх бий. Өвөг дээдсийн өнгөрсөн түүх Э.Гансүхийг энэ зун Дундговийн Дэрэн тийш явахад хүргээд байгаа тухай сонирхуулна билээ. Тиймээс хэдийнэ төлөвлөгөөгөө  гаргаж, ах дүү лам нарын  /Ах нь Чой бол дүү нь мөн том цолтой лам явсан/ тухай удмын бичигтээ тэмдэглэн үлдээхээр шийджээ. Ийнхүү нагац ахын гэрт өргүүлсэн  өнөө хүү бол зочны маань өвөө /аавын аав/ Лайцагийн Хаадамба юм. Цэргийн зураач явсан түүнийг их өндөр биетэй, баргил дуутай, олонтойгоо нэгэн явсан тухай цэргийн хууччуул ярьдаг юм билээ. Э.Гансүх багадаа өвөөгөө бийр, будаг болчихсон суухыг олонтаа харсан нь уран зурагт шимтэх өөр нэгэн шалтгаан байжээ. Нэг бус удаа өвөөгийн ажлаар зочлон Батлан хамгаалахын яаман дахь урланд  нь ороход  Урлагийн гавьяат зүтгэлтэн Равсал гуай, Батмөнх гуай, Дашзэвэг гуай нарын зураачид хамт суух агаад жаахан хүүд тэд сүрдмээр том улс шиг харагдана. Тэр хэрээрээ хийж зурж байгаа зураг нь ч том. 10 гаруй метрийн өндөр, хоёр, гурван метртэй хостыг залгаж оёод зургаа зурна. Тэр зураг нь эх орны болоод дайн тулааны сэдэвтэй байх нь ийнхүү хүүг сүрдүүлсэн хэрэг л дээ. Харин өвөө нь тэтгэвэртээ гарснаас хойш илүүтэй морь зурна. Бас их гоё сийлбэр хийнэ. Э.Гансүх ч долдугаар ангиасаа сийлбэр хийж эхэлсэн байна. Үүнээс өмнөхөн энэ тухайгаа өвөөдөө хэлбэл “Тэг, тэг сийлээд үз” гээд банз өгсөн ч хутга өгсөнгүй. Найзаасаа асуувал хутгыг “Төмрийн хөрөө хугалаад хийчихдэг” гэхээр нь хөрөө хугалж аваад, точилэн дээр ирлэн “багажтай” болоод авчээ. Тэгээд аргал сийлж өвөөдөө үзүүлбэл “Авьяас байна” гэхээс өөрийг хэлсэнгүй. Гэхдээ сийлсээр л. Дараа жил нь наймдугаар ангиа төгсөхөд санаанд оромгүй зүйл болж Барилгын коллежийн хуваарь таарах нь тэр. Сийлбэрийн чиглэлээр суралцана гэж бодсон болохоор битүүхэндээ сэтгэл гонсгор явтал шинэ сургууль нээгдэж байгаа тухай сонслоо. Улмаар сийлбэр, уран зургийн ангид нь шалгалт өгвөл хоёрдугаарт бичигдэх нь тэр. Ингэж Үйлдвэр Урлалын сургуулийн уран сийлбэрийн ангид өвөөгөөрөө хөтлүүлэн орж, дүүргээд хоёр жил хэртэй ажиллав. Хэдийгээр ангийн нөхөд нь үргэлжлүүлэн Дүрслэхийн сургуульд суралцаж байхад Э.Гансүх өвөөгийн зөвлөснөөр практик дээр “туршилт хийн” суусан ч удаан байж төвдсөнгүй. Энэ хугацаанд бас эмээдээ /ээжийн ээж Лхамжав гэж 80 гарсан хөгшин өдгөө Төв аймагтаа амьдран сууж байгаа юм/ туслан мал маллаж үзлээ. Зунаас хойш гурав дахь улиралдаа ороход малчин байх уйтгартай санагдаж эхлэх нь тэр.


Зурахгүй л бол бие махбоди, тархи оюун нэгийг үгүйлээд байгааг анзаарчээ. /Хожмоо нүүдэлчдийн энэ соёл түүний судалгааны нэг хэсэг болсон юм билээ./ Өөрөөр хэлбэл залуу уран бүтээлчийн шунал дахиад л хөдөлж, зөн совин ямар нэг гоё зүйл уруу татна. Тэр сийлбэрийн модон дүрслэлээс өөр ахисан төвшинд илэрхийлмээр санагдаж эхлэв. Үүний тулд өнгөөр аливаа зүйлийг илэрхийлж болох мэт санагдсан учраас үргэлжлүүлэн суралцахаар шийдэж өвөөдөө хэлбэл нааштай үг сонссонгүй. “Зураач болно гэдэг маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг зүйл. Чи зүгээр сийлбэрээрээ явж, морин хуурхан хийгээд амьдар” гэж хэлсэн нь хүүгийн дотор хүнийг сэрээж, битүүхэн хор шарыг гозолзуулав. Тэгээд нэг өдөр Эрмитаж гэх нэртэй каталогийг үзэж суугаад Рембрандтын “Эмгэний хөрөг” нэртэй зургийг өвөөгийнхөө хажууд суугаад хоёр хоногийн дотор зурж дуусгалаа. Өвөө босон суун, цаанаа л хэнэггүй хандах аж. Хүү ч зургаа дуусгачихаад гэртээ харилаа. Харин түүнээс долоо хоногийн дараа өвөөгийндөө очвол “Миний хүү нэг сураад үзэх юм уу” гэж хэлсэн нь тоогдсоны хэрэг буй за. Ингэж өвөөгийн “томилолт” өвөртөлсөн Ганбат ахиад Дүрслэх урлагийн сургуульд сурах эрхтэй болж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн урланд очиж таван жил суралцаж зураг зурах дөртэй болсон тухайгаа ярих юм билээ. Уг сургуульд ороход мөн л өвөө нь хөтлөн очсон нь өнөөдрийн амьдралд хөтөлсөн уртаас урт замын эхлэл байжээ.  

РЕАЛИЗМААС НҮҮР БУРУУЛСАН НЬ БУЮУ СҮҮЛЧИЙН БҮТЭЭЛ

1989 онд хэвлэгдсэн Лувсанбалдан гуайн “Хүлгийн шинж” номыг Тойныжав ахынхаа гэрийн унинд хавчуулсан байхыг олж уншжээ. Эндээс их олон зүйлийн тухай олж мэдсэн бөгөөд 2000 оноос судалгааны ажил болгож эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл Дүрслэх урлагийн сургуулийн оюутан Э.Гансүх хурдан морины соёлын судалгаан дээр ажиллаж эхлэв. Өнөө багын моринд хорхойтой сэтгэл ийнхүү өдөр ирэх тусам хүрээгээ тэлж өргөжсөөр байгаа нь тэр л дээ. Энэ хугацаанд өөр өөрийн морьдыг хэдэн янзаар нь “уяж сойно”. Ингэхдээ голдуу харж цаасан дээр буулгах ч хурдыг нь гүйцэхгүй тул санаанд нэг л үл хүрнэ. Харин хурдан морь бол өөр. Уяатай удаан гэгч нь зогсох учраас тааваараа зурж сая нэг дуусна. Энэчлэн зурагт амилуулах тусам илүү амташна. Тэр үеийн бүтээлүүдийн нэг болох “Жаргалын найман морь” гэхэд өдгөө эдний ах дүүсийн гэрийн хойморыг чимсээр л байдаг гэнэ. Ингэж адуу түүний уран бүтээлийн салшгүй нэг хэсэг болох нь тэр. Эхэндээ харж зурдаг байснаас  2012, 2013 оноос төсөөллөөрөө бүтээх болжээ. Энэ тухайгаа “Реалистаар зурсаар сүүлдээ кайф авахаа больсон” гэж ярих аж. Хэдийгээр тухайн үедээ адил болж байгаа ч ахиад л уран бүтээлчийн шунал өөр тийш нь уруу татаад санаа амраасангүй. Үүнээс өмнө “Нутгийн захад” гэдэг нэртэй зургийг зурсан нь түүний сүүлийн реалист зураг болж таарсан аж. /Зургийн “гол дүр” Тод манлай уяач Давгадоржийн Согоо хээр морь юм/. Морио зурчихлаа гэхэд тохирсон байгаль нь олдохгүй. Нэг бол үүл нь гологдоод үгүй бол нэгдүгээр планы өвс санаанд таарахгүй гээд “өөрийгөө зовооно”. Гэтэл нэг өдөр эмээ “Хөрзөн хуулаадах” гэж гаргалаа. Тэгж явахдаа өвөлжөөний нь наад талын энгэрийн ногоо өөрийн эрхгүй нүдэнд туслаа. Фотог нь дарж авчихаад дараа нь өнөө зургаа амилуулснаар жил тойрсон бүтээл төрсөн түүхтэй аж. Энэ зураг 2012, 2013 онуудад хоёр ч зургийн тэмцээнд орж, түрүүлсэн байдаг юм билээ. Үүний дараа Тод манлай Согоо хээрийнхээ уг зургийг япон машины ханшаар худалдаж авсан байдаг юм.


Реалист бүтээлээс “нүүр буруулсан” нь ахиад л уран бүтээлчийн шуналаас үүдэлтэй. Яг адилхан зурсан атал морины томчууд нэг л өөр харагдаад байгаа тухай хэлнэ. Тэр тоолонд учрыг нь олох гэж шимтэнэ. Ингэж явсаар 2012 он гарахад “Өнгөнд хууртаад явсан байна. Хэдийгээр яг адилхан зурж байгаа ч монгол хүний морь шинждэг, таньдаг ухаан өөр болохыг ойлгосон” гэж ярина. Тэр хүртэл морь таниад, зураад явна гэж бодсон нь үгүй болохыг мэдэрчээ. Гэхдээ их санаандгүй  ирсэн тэр мэдрэмж олон зүйлийг өгүүлсэн бололтой юм билээ. Нэг зун зүс таних уяачтайгаа адуу ярьсан шигээ голын эрэг дээр сууж байв. Гэтэл өнөө залуу шинэ адуу авсанаа дуулгаад “Харахгүй юм уу” гэж байна гэнэ. Хэлснээр нь харвал яг нүдний үзүүрт гөрөөс шиг юм дэгдээд өнгөрлөө. Ахиад лавшруулан харвал хоёр чихээ солбилзуулаад модны хаяагаар явах нь хүнээс дайжсан гөрөөс мэт харагдана. Энэ үед төрсөн тэр мэдрэмж өнөө адуу шинждэг гярхай хөгшчүүлийн нууц болохыг мэдээд ихэд олзуурхав. Ингээд өмнөх зургуудаа эргэн харвал алаг адуутыг л зураад явсан байх нь тэр. Нэгэнтээ судалгааны ажлаар Батчулуун доктортой уулзахад “Алаг адуут, цөм сүрэг гэж хоёр тусдаа болох” тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм. Тэгэхээр тухайн үед зургаа гоё болгох үүднээс “Алаг адуутай” болчихоод байснаа сая ухаарлаа. Улмаар өрнөдийн жишгээр өөр өөр зүс, хэлбэр, толгойн хөдөлгөөнтэй адуу биш дорно дахины “цөм сүрэг”-тэй болоход уяачид ч дуу нэгтэйгээр толгой дохих нь урам өгнө.

 Цөхрөлтгүй зан чанарыг л авьяас гэдэг. /Э.Гансүх/

Бүтээл төрөх агшин. Хаа нэгтээ юм аа гээсэн эсвэл мартсан хүн шиг эрж хайж явах бөгөөд “олбол” цаасан дээр бичнэ. Үгүй бол утсан дээрээ рекорд хийнэ. Ингэхдээ тийм өнгөтэй, эндээсээ ийм хөдөлгөөнтэй, иймэрхүү донж хөдөлгөөнийг илүү гаргасан байна гэхчилэн нарийвчилна. Хамгийн сүүлд энэ мэт гоё мэдрэмжээр төрсөн бүтээл бол “Амар амгалан”. Тэр морины нуруун дээр тухтай атлаа амар амгалан унтаж буй жаалхүү бол түүний том хүү гэдэг. Энэ зурагт хурд хүчний бэлгэдэл адууны энерги энэ ертөнцийн хамгийн цагаахан нөхдийн нэг хүүгийн амар амгалантай хослоно. Зураачийн хувьд энэ бол түүний хайртай бүтээлүүдийн нэг. Энэчлэн санаа бол эргэн тойронд дүүрэн ч түүнийг аль өнцгөөс харж мэдэрч, тэгээд бас уран бүтээлээрээ дамжуулан гаргана гэдэг амаргүй гэнэ. Тэгээд цааш нь “Уран бүтээлчийг юм хийхэд хамгийн их садаа болдог зүйл бол шинжлэх ухаан. Энэ бол хүнийг болон байгалийг хамгийн их эвддэг зүйл. Том соёлыг ч үгүй хийдэг. Тийм учраас шинжлэх ухаанд их итгээд ирвэл бүх юмыг үгүй хийж эхлэх учраас итгэхээр зүйл бас биш” тухай ярьсан юм.  Түүний морьд цэнхэр, ногоон бүүр чернилэн ягаан өнгөтэй. Морьдын хамтаар нүцгэн бүсгүй, нялх хүүхэд, дурлалт хос, дураар дүүлэн нисэх шувууг оруулсан байх нь “этгээд” мэт санагдах ч  удаанаар харах тусам төгсгөлгүй мэт сонирхол татна.

Тэрээр бас олон шавьтай багш хүн. 2005 онд СУИС-ийн лицейд дөрвөн жил багшилснаас хойш 14 жил өнгөрсөн байна.

Энэ хугацаанд шилжилтийн насныханд илүүтэй багшилж ирсэн нь учиртай. Энэ насанд хүүхдийг яаж задалж чадна төдий чинээ хөгждөг учраас тэр. Шавь нараас нь улс, нийслэл, дүүргийн олимпиадаас 400 гаруй медалийн эзэд болсон. Тэд жилд дунджаар 50-иад медалийг авах бөгөөд багш нь “Тэр бол миний асуудал биш. Хүүхдүүдийн л амжилт” гээд орхичих нь тэр. Лав түүний шавь нар зоргоороо авьяасаа хөгжүүлэгчид байдаг болов уу. Э.Гансүхийн хувьд 2017 оны үзэсгэлэнгийн дараанаас уран зурагт хорхойтой өсвөр насныхан түүнийг онцлон зорин ирж, шавь орох болсон байна. Багш өөрсдөө намайг сонгоод ирсэн учраас тэр хүүхдийн мэдрэмжийг нь хөгжүүлэх гэж “оролддог” тухайгаа дурдсан. Нар гэхэд яагаад заавал шар байж, ус яагаад цэнхэр байна гэж....

МОРИН СПОРТ БОЛ ТОМЧУУДЫН ТОГЛООМ

Энэ хэсэгт олныг эс нуршин зүгээр л ярьсныг сийрүүлэв. Нэгийг бодоод үзэхэд илүүдэхгүй мэт.            Наадам дөхчихөөд уяачид ажилдаа дарагдаад тун завгүй. Харин Э.Гансүхийн хувьд хурдан морины уралдааны үзэгчээр суух болоод зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэхдээ моринд уруу татагчид олон байгаа нь ярианаас илт. Тэр ер нь адуутай холбоотой олон ажлыг хийж иржээ. Морь уяж, саадтай харайлтын холын зайн уралдааны зэрэгтэй спортын холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн морь унадаг тамирчид, хурдан морины хүүхдүүдийн спортын мастер, дэд мастерийг анх спортын хороогоор батлуулсан. Түүнчлэн Монголын үндэсний морин уралдааны холбоонд 2005-2010 оныг хүртэл ажилласан байдаг. Түүнийхээр моринд орох амархан ч гарна гэдэг тун ч амаргүй юм хэмээлээ. Гэхдээ хүний нас хязгаартай. Цаг хугацаа явах тусам амьдралын зорилгууд өөрчлөгдөж байгаа юм уу, эсвэл хөгжиж байгаа ч юм уу. Би бол хөгжиж байгаа гэж үзсэн учраас гол зүйлдээ анхаарал хандуулахыг илүүд үзсэн гэх аж. Тэрээр “Морин спорт бол томчуудын л тоглодог тоглоом. Жижиг гарууд тоглож  барахгүй. Их зарлага өндөртэй. Монголд бол хавтгайрсан маягтай байгаа нь нүүдэлчин амьдралтай маань холбоотой. Харин суурьшмал иргэншилд орчихсон Европын орнуудад зөвхөн баячууд л адуутай байна. Японд гэхэд морь нь хааш хаашаагаа 15-20 метрийн зайтай хашаан дотор “тоноглогдчихсон”. Бид нар харвал атаархмаар ч юм шиг. Бүүр моринд зориулсан бассейн хүртэл байна. Тэгээд өдөртөө алхдаг хашаатай. Тэр морийг нохойны гүйдэг уяа адил уячихаад, робот нь тойруулна. Ингэж байгаад хаа нэг уралдуулна. Миний хувьд энэ морь биш нохой болчихсон байгаа байхгүй юу. Бид ч хээр хөдөө ууланд амьдарч байгаа чоныг авчраад хашаандаа уячихвал чоно биш нохой л болно. Гэх мэтчилэнгээр үзэхээр байгалийн юм бол байгальдаа л байх хэрэгтэй. Би одоо морийг харж байхад яг хээр талаар идээшиж яваа нь өөр нэг хэлбэртэй. Харин жүчээнд байгаа нь ахиад өөр. Адуунд маань өөрчлөлт ороод байгааг бид анзаарахгүй л яваад байна. Нөгөөдөх маань туулай болчихсон явж байх вий. Тэгвэл би морь гэж бичихэд хэцүү болно. Миний судалгааны ажил мөн үү, биш үү гэдэг асуудал руу орчихож байгаа юм. Би бол хээр талд яваа адуугаа л судлах ёстой. Уул хад, өгсүүр, уруу, жалга, судагаар яваа анатоми физиологи нь өөр хөгжиж байгаагаар тэр адууны онцлогийг харах болохоос биш зүчээнд оруулж ирчихээд чихийг нь сунгасаар байгаад туулай болгох юм уу. Гэх маягаар спорт бол нэг өөр асуудал. Нүүдэлчдийн соёлд байгаа зүйл бас нэг өөр тал руугаа орчихож байгаа юм. Өнөөдөр бид зорилгоо бодох хэрэгтэй. Үндэснийхээ гоё соёл уламжлалыг хадгалж авч явах нь чухал уу. Аль эсхүл өнөөдрийн нэг уралдаанд түрүүлээд мотоцикль авах нь чухал уу. Хэрвээ мотоциклийг нь илүүд үзэж байгаа бол адуугаа эрлийзжүүлсэн нь дээр.


Уламжлалаа бодвол дан уяагаар уяад, яг улсынхаа наадамд уралдаад өв соёлоо хадгалж явбал ахиад нэг өөр асуудал болно. Тэрнээс тэжээгээд л витаминжуулаад л, өвдөхөөр нь янз бүрийн тариа тариад л хүчээр уралдуулбал тэр чинь морь биш мотоцикль болчихсон явж болно. Хольж болохгүй зүйл л дээ.

Ийнхүү сэтгүүлийн маань зочин хойморт уригдсан ТАНД  ажлын амжилт хүсье.

П.Ундраа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.131.250.130

    сайхан болжээ, Ундраад амжилт хүсье

    Reply
  • 202.9.46.153

    Энэ бл үнэхээр бурханы өгсөн авъяас...Зүгээр хотын хүүхэд ингэж хөдөөнии хүнээс илүү морь таньж, моринд хорхойсон, морь судлан зурж бүтээж, амилуулж чадаж бна гдэг үнэхээр гайхамшиг. Аргагүй л удам сайтай, цагаан гүүнии унага юм бшүү...

    Reply
  • 66.181.161.121

    Мундаг уран бүтээлчид өндөр амжилт хүсье

    Reply
  • 66.181.161.121

    Сайхан нийтлэл байна. Баяр хүргэе.

    Reply
  • 202.126.89.159

    Нийтлэлийг шимтэн уншлаа...Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье...

    Reply