​ “Нутгийн хийморь” МСУХ-ны тэргүүн Э.Хишигт: Нутгийн хурдаа илүү таниулж, уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна

Сэтгүүлч
2020 оны 5-р сарын 27 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумаас бэлтгэсэн тусгай дугаарын цуврал ярилцлагын ээлжит хүрч байна. Энэ удаа Хавирга тавдугаар багийн харьяат, “Нутгийн хийморь” МСУХ-ны тэргүүн, залуу уяач Хишигтийн ярилцлагыг хүргэхээр шийдлээ. Тэрээр 1989 оны өвөл хоёр дахь үеийн уяач Энхбатынд мэндэлсэн бөгөөд хүний их эмч мэргэжилтэй аж.

-“Нутгийн хийморь” МСУХ-ны тэргүүнээр хэдэн оноос эхлэн ажиллаж байгаа вэ. Та хэд дэх тэргүүн нь вэ?

-Манай сумын “Нутгийн хийморь” МСУХ 1997 онд үүсгэн байгуулагдсан. Дөрвөн жил тутамд уяачдын холбооны ээлжит бага хурлаар удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийдэг. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 23-нд тав дахь тэргүүнээр сонгогдсон. Өдгөө “Нутгийн хийморь” МСУХ тэргүүн, нарийн бичгийн дарга, 13 тэргүүлэгч гээд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

-Тэргүүн, нарийн бичгийн даргыг хараад залуучуудын баг удирдаж байгаа юм болов уу гэж бодсон шүү.

-Тэргүүлэгчдэдээ баг болгоны төлөөллийг оролцуулахыг хичээсэн. Хуучин тэргүүлэгчдээс таван хүн улиран сонгогдсон. Насны хувьд хамгийн ахмад нь 60-тай, дунджаар 30 гаруй насны залуучууд байна.

-Та бүхэн ямар зорилго дэвшүүлсэн бэ. Өнөөдрийн тухайд төлөвлөсөн ажил хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-Холбооны тэргүүнд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөр буюу хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан. Үүнд суманд зохиогдсон уралдаан нэн ялангуяа Ардын хувьсгалын ой буюу сумын баяр наадмын цувааг бүртгэн архивжуулах. Энэ ажил маань 60 хувийн биелэлтэй явж байна. Дараагийн асуудал бол сум орон нутгийн уяачдаа зохион байгуулж гарч уралдах боломж нөхцлөөр хангах.

Манай сум аймгийнхаа төвөөс 160, Улаанбаатар хотоос 700-гаад км зайтай алслагдсан. Хоёр халзан болон бусад улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын буянаар Онгоны адуу хурдан гэдгийг Монгол даяар мэдсэн ч уяачид маань унаган адуугаа өөрсдөө уяж том наадмын дэвжээнд уралдах тухайд хоцрогдолтой байгаа. Тиймээс нутгийн хурдаа улам бүр таниулах, уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн, дэмжихийг хичээдэг. Гурав дахь томоохон зорилт бол уяачдын байр буюу өргөөтэй болох. Хурал цуглаан хийх, шагнал урамшуулал гардуулах, сургалт зөвлөгөөн зохион байгуулах зэрэгт бидэнд орон байрны асуудал тулгардаг. Тиймээс энэ жилдээ уяачдаа уриалаад хөрөнгө мөнгө босгох ажлыг хэрэгжүүлнэ.

За дараагийн нэг ажил бол бид өнгөрсөн 12 дугаар сард мал тооллогын үеэр уяачдаа үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж, уяачдын судалгааг гаргасан. Ямартаа ч 210-аад уяач үнэмлэх гардаж авсан.

-200 гаруй уяачтай хэмээн ойлгож болох уу?

-Ийш тийш яваад үнэмлэхээ гардаж аваагүй хүмүүс нэлээд бий. Тэгэхээр миний бодлоор манай суманд морь уядаг 300 гаруй хүн бий хэмээн багцаалдаж байгаа.

-Тэдний хэд нь сум, аймгийн цолтой вэ?

-Бидний гаргасан тооцоогоор бол одоогийн байдлаар аймгийн Алдарт уяач цолыг 36 хүнд олгож. Харин сумын Алдарт уяач цолтой 80 гаруй хүн бий.

-Таван багийн аль нь арай илүү хурдтай вэ?

-Ер нь жигдхэн дээ. Нэг, хоёр, гурав буюу хөдөөний гурван баг нь арай илүү байх.

-Төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлж буй тухай дуулах таатай байна. Ярилцлагаа Хишигт уяачийн талаар үргэлжлүүлье. Би андуураагүй бол та гурав дахь үеийн уяач.

-Тийм ээ. Миний өвөө Чухалын Адъяа гэж хоёр хонгор азаргатай хүн байсан.Би бага хонгор азаргыг нь сайн мэднэ. 13 настайдаа унаж сумын наадамд гуравт хурдлуулж байсан юм. Тэр үед сумандаа гурав, дөрөв айрагдчихсан азарга байсан. Түүний эцэг том хонгор азарга энэ сумын наадамд мөн л 2-3 айрагдсан гэдэг. Мөн өвөөгийн нэртэй Хэнз хонгор гэж даагандаа түрүүлж, нэлээд хэд айрагдсан хонгор адуу байсан. Аавын хувьд хязаалан, соёолондоо сумын наадамд дарааллан түрүүлж, бүдүүрч ирээд хоёр айрагдсан саарал морьтой.

-Ээжийн тань талд морь уядаг хүн байсан уу?

-Моринд айхтар шамдаж, зүтгэсэн хүн байхгүй ээ. 1990-ээд оны үед ганц нэг морь уяж, сумын наадамд соёолон түрүүлгэж байсан гэдэг.

-Тэгвэл таны хувьд хэдий үеэс уяачийн гараагаа эхэлсэн бэ?

-Таван настайгаасаа эхлээд зургаан жил шахуу хурдан морь унасан. Тэгээд мориноос хасагдсан цагаасаа эхлээд аав, ахыгаа дагаж туслах уяач хийж байгаад 2007 онд Анагаах ухааны их сургуульд суралцахаар явсан. Оюутан байх үедээ зуныхаа амралтаар аав, ах хоёртоо морь уяхад тусалсаар л байсан. Тэгээд 2013 онд сургуулиа төгсөөд Халзан суманд эмчлэгч эмчээр ирсэн. Тэр бас их сонин. Дөнгөж сургуулиа төгсчихөөд Дорноговийн Хамрын хийд рүү явж байсан, Халзан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Цээмаа эмч над руу яриад “Халзан сумаас ярьж байна аа. Чи энд ирж ажиллаач ээ, урьж байна” гэдэг юм. Энергитэй сайхан газар явж байсан учраас дотроо бэлгэшээгээд “Би ийм ажлаар хөдөө явж байна аа, төв рүү орж байгаад ярья” гэсэн. Тэгээд Цээмаа эмчийнхээ урилгыг хүлээн авч 2013 онд Халзан сумынхаа эмнэлэгт эмчлэгч эмчээр ажилд ороод 2014 онд Эрүүл мэндийн төвийн даргын албыг хүлээн авсан.Тэнд хоёр жил ажиллаад 2016-2018 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын рецедент эмчээр мэргэшиж, 2018 оноос хойш Онгон сумандаа сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж байна.

-Халзангийн адуу хаа ч хурдална гэдэг. Хурдтай газар очсон моринд дуртай залуу хүн зүгээр байгаагүй байх гэж бодож байна.

-Өө тэгэлгүй яахав. Өөрийнхөө хэдэн адуунаас азарга, морь хоёр авч очоод л тэжээгээд уяж эхэлсэн. Халзан сумын, аймгийн Алдарт уяач Эрдэнэбулган гэж миний хуурай ах байдаг юм. Ах хүү намар унаганы найранд Халзан сумын төлөөлөгч байсан Итгэлт ах бид хоёрыг урьж байна аа. Хоёулаа мотоцикльтой давхиад очлоо. Эрдэнэбулган ах адуугаараа Халзандаа тэргүүлдэг хүн л дээ. Очсон долоо, найман азарга адуу хураачихаад нэлээд олон унага тамгалж байна. Биднийг очиход сүүлийн хоёр, гурван азарга адуу үлдэж. Тэгээд мундаг сайхан зээрд азаргатай адуу хашаанд оруулчихаад ах намайг дуудсанаа “За дүү, би чамд хоёр унага үзүүлье. Энэ хоёроос аль нэгийг нь сонгоод аваарай” гээд босоо дэлтэй хээр, бас нэг хээр унага заалаа. Босоо дэлтэй хээр нь ганган юм аа, биедээ зохицсон толгой сайхантай, хийц нь бас их сайхан. Нөгөө хээр нь арай уртлагдуу, чацархуу, гэхдээ өндөр биш. Тэгээд уртлаг хээрийг нь сонгоод 11 дүгээр сард оруулаад, эндээс аавынхаа сумын наадамд гуравлуулсан хонгор халзан азаргыг, оодон сүүлтэй хээр морио авчруулаад тэжээлээ.

Хээрийг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ерөөлт ах хавар нь ирээд аваад явсан. Тэгээд азарга, даага хоёртойгоо үлдэв ээ. Азаргаа Халзанд азарга дагуулж уралдуулж байгаад зун нь амралтаа аваад Онгондоо наадсан. Тэр жил гурван даага мордуулж, ес, арав, арван хэдээр давхиулдаг юм.

-Нэг нь нөгөө хээр үү?

-Тийм. Нэг нь өвөөгийн бага хонгорын төлийн төл хонгор азарганы төл хонгор даага. Гурав дахь нь Хэнтийн Галшар угшилтай хүрэн халзан гүү болон том хонгор азарганы төл сартай хонгор даага. Есөөр давхидаг даага нь тэр жилээ Хэнтийн Баян-Овоо руу зарагдчихлаа. Тэр жилийн наадам нэг тиймэрхүү. Дараа жил нь хээр үрээ маань шүдлэндээ Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Золжаргал гэж миний найз дээр уягдлаа. Хавар Шаргын уулын тахилгад мордуулсан, тархилж байгаад суучихдаг юм. Тэгээд хязаалангаасаа хойш тодорсон доо. Хязаалан жилээ сумын наадамд долоод хурдлаад, давхар уяагаар манай хилийн цэргийн дөрөвдүгээр заставын ой болоход аман хүзүүдсэн. Соёолондоо сумынхаа баяр наадамд аман хүзүүдсэн. Уг нь бол түрүүлж ирсэн юм аа. Хүүхдийнх нь буруу талын дөрөө сур нь тасарч, жолоо мундаа хоёроосоо бусгаад, ташуураа эргүүлж болохгүй, гуядаж чадахгүй байсаар хол тасарсан тулдаа аман хүзүүдсэн. Дараа нь зүүн бүсийн уралдааны өмнөхөн манай нэгдүгээр багийн Буман малын баяр боллоо. Би хойно рецедент эмч хийж байсан болохоор явах хугацаа тулчихаад Буман малын баярт уралдуулаад түрүүлгэсэн. Хэрвээ тэр жил тийм ажилгүй бол хадгалж байгаад бүсэд уралдуулах байсан л даа. Хавчигт нь би хотод ажилтай, аавын маань ажил төрөл амжихгүй, өнжсөн. Тэгээд тэр жилээ Говь-Алтай аймгийн Далхаагийн Балдандорж гэдэг хүнд зарагдаж эзэн солигдсон.

-Эрдэнэбулган гэдэг чинь Нямын Баттөмөрийн хар морины эзэн мөн үү?

-Тийм. Миний хээр үрээний эцэг нь Эрдэнэцагаан гаралтай сайхан зээрд халзан азарга байдаг юм. Эх нь манай Булгаа ахын хоёр халтар азарганы дүү байдас.

-Залгаж хурдалсан, залуу уяачийг урмаар тэтгэсэн хүлгүүдээ танилцуулаач.

-Өвөөгийн бага хонгорын гурав дахь үеийн төл хул азарганы гал үр. Аавын дүү сумын Алдарт уяач Энхболдын даагандаа сумын 90 жилийн ойд түрүүлж, шүдлэн аман хүзүүдсэн хүрэн халзан азарганы төрсөн эгчээс гарсан хул үрээ гайгүй сайн давхиж байна. Энэ жил хязаалан үрээ. Даагандаа сумын наадамд дөрөвт давхиад, шүдлэн тавласан. Өөр олон уралдаанд уралдаж, мордох болгондоо айрагдсан адуу. Үүнээс гадна Халзанд байхдаа авсан хонгор халзан азарга бий. Халзан азарга маань их түүхтэй ирсэн адуу.

Халзанд байхдаа аймгийн Алдарт уяач Сундуйн Болдоо гэж ахтай танилцсан юм. Ах хоёр морио хөлсөлж ирээд манай баруун урд талд хөлсийг нь хусаад байж байхыг харчихаад би хууч хөөрөх гээд яваад очлоо. Тэгсэн “Ахын дүү орой манайхаар хүрээд ирээрэй” гэж байна. Орой гэрт нь очоод ахтай сайхан хууч хөөрлөө. Ганц аятайхан даага авчих санаатайгаа хэлсэн “Ах нь нэг аятайхан даага үзсэн. Би очиж гуйлаа. Өөр хүмүүс ч очиж гуйлаа. Ер нь өгөхгүй байна. Чамд арай өөр байж магадгүй. Эмч хүн юм чинь. Нэг очоод үзэхгүй юу даа” гэж байна. За, тэгээд нөгөө айлаа заалгуулаад авлаа. Тэр ярианаас хэдхэн хоногийн дараа хүйтэн бороо орж “Хүн алга боллоо” гэсэн дуудлага ирдэг юм аа. Би жолоочтойгоо давхиад нөгөө айлд очлоо. Малынхаа араас яваад 2-3 цаг болчихсон гэнэ. Бороо зүүн хойноос орж байсан болохоор баруун тийшээ давхисаар нэг айлын гадаа сураг гаргах гээд буусан хүрэн гүү, нэг морь, хонгор халзан даага уяатай байна. Даага нь салхины өөдөөс хараад зогсоод байх юм аа. Айл руугаа орж сураг тавьчихаад машин руугаа ирж байхдаа гэнэтхэн Болдоо ахын хэлсэн үг харваж орж ирээд, хотыг нь нар зөв тойрчихоод давхичихлаа. Хэд хоногийн дараа ажил төрөл ч гайгүй, завтай болсон хойноо нөгөө айлдаа ирээд санаа бодлоо хэлж, сайхан ярьж хөөрч байгаад хонгор халзан даага авсан даа.

-Ажнай шарга мөн тэгж салхи сөрдөг зантай гэнэ лээ. Муугүй адуу даг шүү.

-Хонгор халзан маань шүдлэн, хязааландаа дарааллан сумын наадамд гуравлаад, ноднин соёолон өнжсөн. Одоо хавчиг азарга бий.

Халзангийн, Улсын Алдарт уяач Рагчаагийн Ооёо гэдэг хүн бол манай эмээгийн төрсөн дүү юм. Халзанд байхад ах манайхаар ирээд. Тэр үед би ганц хоёр морь оруулчихсан байсан юм. Тэгсэн ах “Дүүдээ сайхан хурдан адуу өгнө өө. Ямар адуу авах уу” гэж байна. Шүдлэнгүй байсан болохоор “Ах аа, дүү нь шүдлэн авъя” гэсэн чинь “Тэг, тэг. Ах нь дүүдээ хурдан шүдлэн өгнө” гэж байна. Тэгээд манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан П.Мөнхжаргал ахын хурдан хээртэй эцэг нэгтэй хонгор адуу өгсөн. Түүнийг Өлзийсайханы Золжаргал найз маань уяад хязааланд нь Уулбаяны наадамд айргийн гуравт давхиулсан. Энэ хонгор азарга сайн давхиж байгаа. Анхны төл нь ноднин гарсан. Уясан, болмоор юм билээ. Тэгээд энэ жил хоёр, гурван ч төлийг оруулчихаад байна.

-Начингийн Баасанжав эмчтэй уулзахад бэлэгний адуу олонтой гэж байсан. Таны хувьд?

-Сумаасаа яваад 10 гаруй жил болж. 2018 оны 11 дүгээр сард л нутагтаа ирж амьдарч байна. Сумаасаа гэвэл ганц нэг адуу бэлгэнд авсаан. Халзанд байхдаа бол хурдтай гэсэн айл болгоноос шахуу адуу авсан. Нэг жилд миний дөрвөн найз дөрвөн охин даага надад бэлэглэж байлаа. Жишээлбэл, Халзангийн Засаг дарга байсан Өлзийсайхан гэдэг хүний хүү Золжаргал найз маань хурдан цэхэр хээр мориныхоо төрсөн дүүг өгсөн. Ганбаа гэж найз маань Хөвсгөлийн Гончигбатын Батболдын Зөөлөн хонгорын эзэн Батмөнхийн хурдан хонгор азарганы төл алаг даага бэлэглэж байлаа. Дорноговь руу гарсан адуу нь их хурдалж байгаа Отгонбаяр найз маань хүрэн халзан даага бэлэглэсэн. Ухна гуайн ах дүүсийн хүүхэд болох Мөнхтулга найз маань Манлайн үндсэн адууны угшилтай буган халиун адуу бэлэглэж байлаа. Халзангийн орлогч дарга байсан Тулга ах маань болон хүн эмнэлгийн жолооч Мөнхөө ах хүртэл адуу бэлэглэсэн. Энэ мэтчилэн тоочоод байвал зөндөө олон бий. Ер нь Халзангийн хурдан угшлаас ихэнхээс нь авсан. Түүнийгээ өвөөгийнхөө үндсэн суурь адуутай нийлүүлж, үржил хийж байна. Яг үнэндээ одоогоор амжилт гэхээсээ үржил селекцид илүүтэй анхаарч байгаа.

-Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд мөн ажилд маань дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.

-Морины төлөө зүтгэж яваа “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд юун түрүүнд талархал илэрхийлье. Алс зүүн хязгаарт ирж бид бүхний хийж байгаа ажлыг сурвалжлан, манай орон нутгийн хурдан удмын адуу болон нэрт өвгөн буурал уяачид, өдгөө морьдоо хурдлуулж буй уяачдын маань зүрхийг чагнаж, сэтгэлийг нь сонсож, дуудлагыг нь хүлээн авч орон даяар нэвтрүүлж өгч буй та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний энэ ажил гайхамшигтай, тэнгэрлэг үйлс шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Баярлалаа. Сонор мялааж, сэтгэл жаргаасан сайхан үгс байна.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна