С.Баярцэцэг: Сайн сайхан яваа нь бидний өвөг дээдэс, эцэг эхийн сайн үйлийн үр
2019 оны хоёрдугаар сарын 14.
Эртний Ромын эзэнт гүрний үед хайр сэтгэлээр холбогдсон хосуудыг нууцаар адисладаг байсан Валетин хэмээх лам өөрийн хууль зөрчсөн үйлдлээсээ болж шоронд хоригдох хугацаандаа шоронгийн харгалзагчийн охин Астериусыг эмчилжээ. Валентин цаазаар авахуулахын өмнө Астериуст бичсэн сүүлийн захианыхаа төгсгөлд “Чиний Валентин” хэмээн бичсэн нь өнөөг хүртэл хайрын баярын уриа болж, олон олон оронд тэмдэглэсээр нэгэнтээ уламжлал тогтсон байх аж. Энэ өдрийг зөвхөн дурлалт хосуудын өдрөөр хязгаарлахыг хүн төрөлхтөн хүссэнгүй бололтой. АНУ-д хүмүүс хайртай хосуудаас илүүтэй дотны, талархаж явдаг хүмүүстээ баярын мэндчилгээ, шоколад өгдөг. Харин Азийн орнуудаас хамгийн анх Японд Валентины баяр албан ёсоор үүссэн гэж үздэг юм билээ. Арлын энэ оронд гэхэд тус өдөрт зориулсан гурван төрлийн шоколад байдаг аж. Гири-шоко (giri буюу талархал) хэмээх шоколадыг найз, ангийн хүүхэд, ажлын газрын хүн, даргадаа гээд талархлаа илэрхийлэхийг хүссэн хэнд ч өгөх боломжтой гэнэ. Энэчлэн орон бүрт өөр өөрийн онцлог байх аж. Ийнхүү хайрын өдрийн түүхээр “Хатангоо” булангийнхаа зочны бичиглэлийг эхлүүлсэн нь учиртай. Бид ярилцлагын зочинтойгоо эл өдөр уулзсан нь нэг шалтгаан. Харин хоёр дахь нь ярилцаад гэрээс нь гарахдаа түүнээс хайр гэдэг үгийг салгаж боломгүй санагдсан учраас ийнхүү оршил эхлүүлсэн билээ.
Түүнийг С.Баярцэцэг гэдэг. Тодруулбал, МОНГОЛ УЛСын Манлай уяач Д.Баянбатын гэр гийгүүлэгч, гурван охин, нэг хүүдээ элбэрэлт ээж, XX зууны манлай хүлэгчийн хайртай бэр юм.
Аавын гэрт өнгөрүүлсэн түүний бага нас
Гахай жилийн босгон дээр түүний аав Лувсанчимэдийн Сосорбарам Ардын багш цолоор энгэрээ мялаав. Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний болон эх спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг ийнхүү үнэлж Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын анхны нийгмийн хамгааллын буурал багшийн хөдөлмөр зүтгэлийг ийнхүүү үнэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээсний нэг нь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат байлаа. Тиймдээ ч бидний зочин “Нэг өдөр хамгийн хайртай хүмүүс маань шагналын эзэд болсон. Энэ бол манай гэр бүлийнхний хувьд баярт үйл явдлуудын нэг байлаа” хэмээснээр ярилцлага маань эхэллээ.
Булгийн эх, усны ундарга гэдэг дээ. Түүний аавын тухай бөх сонирхогчид хийгээд ХААИС-ийн үе үеийн төгсөгчид андахгүй болохоор олныг нурших илүүц биз ээ. Гэхдээ л жудагтай монгол бөх, сайхан монгол эрийн төлөөлөл байсаар ирсэн Со арслангийн тухай товчхон дурдахад Төв аймгийн Баянбараат буюу одоогийн Баян-Өнжүүлд төрсөн юм. Тэрээр нэгэн цагт бөхийн ертөнцөд шуугиулж явсан аатай эрсийн нэг бөгөөд 1959 онд улсын баяр наадамд зургаа давж улсын начин, улсын наадамтай хамт болсон Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын барилдаанд 37 бөхөөс 32 давж улсын заан, 1963 онд Монголын бүх ард түмний II спартакиадад 30 бөхөөс нэг ч уналгүй түрүүлж улсын арслан цол хүртсэн. Л.Сосорбарам улсын баяр наадамд 13 удаа шөвгөрснөөс гадна 1965 оны сар шинийн барилдаанд түрүүлж байлаа. Арслангийнх дөрвөн охинтой бөгөөд С.Баярцэцэг 40 насанд нь гарсан хэнз охин нь. Тиймдээ ч аавдаа эрх гэж жигтэйхэн. Энд сонирхуулахад Сосорбарам гуай ч айлын отгон хүүхэд. Энэ тухайгаа “Отгон нь болохоор их эрхэлсэн. Аавынхаа мөрөн дээр л тонгочно шүү дээ. Манай ээж “Энэ нэг юм эцгийгээ харахаар бүр галзуурах юм” гэж хэлдэг байсан. Би аавынхаа хоёр мөрөн дээр нь мордчихоод толгой дээр нь аягатай хоолоо тавиад идэж байдаг байсан гэдэг. Манай аав надад юу ч хэлэхгүй. Харин ээж юм хэлнэ ээ” хэмээн сайхан дурсамжийг нэгэнтээ уншигчидтай хуваалцсан нь бий. Ийнхүү хайрлуулж өссөн болоод ч тэр үү охиддоо тэр дундаа отгон охиндоо хошуу дэвсдэг нэгэн. Хайр ихэдсэний буруу байдаггүй мэт ээ. С.Баярцэцэгийн бага насны нандин дурсамжуудыг ааваас нь салгах аргагүй. Аав нь цэцэрлэг, сургуульд нь өөрөө л хүргэж өгнө. Улсын их дэлгүүрийн нябо ээжтэй болоод тэр үү охин их ганган. Гэхдээ гэм нь “моодны” урт оймс нь байнга доош унжчихсан явах жишээний. Ямар сайндаа л цэцэрлэгийн багш нар гайхаад арслангаас асууж байх вэ. Учир нь ээжийн авчирсан шинэ оймсны резиныг аав нэг бүрчилэн хөвж авна. Охиныхоо шилбийг бариад цусыг нь боочихно гэхдээ тэр гэнэ. Тийм ээ, энэ бол хайр.
Зундаа аавыгаа дагаад бөхийн бэлтгэлд гарна. Хэзээний танил болчихсон бөхчүүд түүнийг “зулзага” хэмээн өхөөрдөнө. Тухайн үед Баянаа аваргыг Гантогтох мөн л дагаастай. Бас Амгаа заан ч хүүтэйгээ хамт л явна. Ямар сайндаа эд хэзээний танил болсон ч хэдэн насаар ах, дээр нь хөвгүүд л хойно арслангийн бяцхан охиноос зайгаа барьж наадна. Охин тухайн үеийн бөхчүүдийг овог нэр, нутаг устай нь андахгүй. Үүнийг нь мэдэх нэгэн нь шалгалт авч, хариултыг нь сонсоод өхөөрдөнө. Ингээд аав бэлтгэлтэй байхад хажуудах зусланд нь амарчихдаг байж. Түүнийг төрөхөд ээж нь битүүхэн хүү байгаасай хэмээн горьдож байсныг анзаарсан эх баригчид “Хүүгийн дайтай охин төрлөө” хэмээн тайтгаруулж байсан гэх юм билээ. Тэр цагаас хойш аав охин хоёрын өнөөдрийг хүртэл хайраараа хөглөсөн амьдралын түүхээ бичилцсээр л явна. Хамгийн сүүлд гэхэд нярайлаад удаагүй охин нь төрөх эмнэлэгт ирсэн аавыгаа хараад нулимсаа барьж дийлээгүйгээ ярих аж. Хэдийгээр айлын эзэгтэй, дөрвөн хөөрхөн үрсийн ээж болсон ч буурал аавдаа хэзээд нялхаараа. Тиймдээ ч үе үе эрхэлж, сая нэг үнэрлүүлчихээд хөл газар хүрэхгүй хөөрөх нь бий. Амьдралд жаргал зовлон ээлжлэн байдагтаа хүмүүс бид ухааждаг биз ээ. Түүний ээж охиноо 19-тэйд бурхан болсон ч цэл залуухан гоё дуулдаг, уран эмэгтэйн дүрээрээ сэтгэлд нь мөнхөд үлджээ. “Ээж маань жил бүр наадмаар аавд шинэ дээл хийж өгдөг сөн. Ер нь их ухаантай хүн байж гэж боддог юм. Өөрөө бие муутай болохоор аавтай илүү ойр өсгөж дээ. Би ч аавдаа амь. Аав, ээж хоёр ажлаа тараад ирж байхад би ээжийнхээ хажуугаар сүнхийж өнгөрөөд л аавдаа очдог байлаа” хэмээн дурсамж хөврүүлнэ. Харин гурван эгчийн хувьд /С.Мөнхцэцэг, С.Оюунцэцэг, С.Улаанцэцэг/ үе үехэн аавдаа гомдоллоно. Тэгээд отгон дүүгээ “Чи бол аавыг унаж байх үед нь төрсөн. Бид гарлаа, давлаа байхад нь төрж байлаа” хэмээн цаашлуулна. Гэхдээ наадмын өдрүүдэд аавын барилдсан наадам бүхэн догдлол авчирна. Бяцхан зүрх нь цээжиндээ багтаж ядан цохилж, зурагтынхаа өмнө цомцойн суусан өдрүүд олон. Тэгээд давах, шөвөгт үлдэх бүрт нь баярлан хөөрнө. Наадмаар л охин аав хоёр тусдаа наадна. Аав нь наадмын талбай руу тэр бүр дагуулж явахгүй.
Баярын тэр өглөө үеийнх нь бөхчүүд болох Мөнхбат аварга, Адъяа заан нарын найзууд нь цэнгэлдэхийн ойролцоох арслангийн гэрээр ирж, хамтдаа гарцгаана. Эдгээр зочдоос өөрийн мэдэлгүй л бөх дагасан уламжлалт ёс заншлыг сурчихсан байх нь бий. Өөрөөр хэлбэл хотын унаган хүүхдүүдийн хувьд тэр бүр гадарлахгүй нарийн ширийнийг орос сургуулийн сурагч бол андахгүй. Тухайлбал, ахмад цолтой бөх ороод ирвэл суудал тавьж хүндлэл үзүүлнэ. Бөх хүний малгай, зодог шуудагт хамаагүй хүрч болохгүй гэхчилэн. Хэдийгээр томчуудын яриаг чагнана гэдэг “бүдүүлэг” ч бөхийн тухай амттай ярианд нь үе үе чих тавиастай.
Тэр аавынхаа тухай ийнхүү ярихдаа жаргалтай буй нь илт. “Манай аав чинь их алиа марзан хүн шүү дээ. Хүн их явуулж тоглоно. Гэхдээ багш хүн болохоор хэлж, ярьж байгаа үг, үйлдэл болгон нь яг номын дагуу байна. Оюутнууд нь сургууль дээрээ малгайгаа буруу харуулаад өмсчихсөн явж байвал аав “Нааш ир, чи наад малгайгаа яагаад буруу харуулсан” гээд л эхэлдэг гэсэн. Яваандаа бүх оюутан малгайгаа зөв өмсдөг болсон байх жишээний. Энэ мэтээр заана, зөвлөнө. Маш их ном уншина. Ямар ч сэдвээр ярилцана. Одоо ч гэсэн тэмдэглэл хөтлөсөөр шүү дээ” гэнэ.
Арслангийн гэр бүлийнхнээс том охин нь аавын мэргэжлийг өвлөн багш болсон бөгөөд түүхийн ухааны доктор аж. Харин зээ нараас нь дэлхийн аваргын медальтай бөх хүү бий гэнэ.
Хайрын түүх ингэж эхэлсэн
Түүний ээж Г.Зэсэнжав насаараа Улсын их дэлгүүрт нягтлан хийсэн хүн байсан аж. Тиймдээ ч багадаа ээж шигээ хүн болох сон гэж мөрөөдөнө. Ингээд аравдугаар ангиа төгсөхдөө “тоо бодохыг” илүүд үзэж, санхүүч мэргэжлийг эзэмшжээ. Түүнээс хойш “Говь” ХК-д найман жил, 2006 оноос өнөөдрийг хүртэл Мобиком корпорацид нягтлангаар ажиллаж байгаа аж.
С. Баярцэцэг нөхөртэйгээ ХААИС дээрявж байгаад анх танилцжээ. Хэдийгээр тэд эцэг эхийн нутгаар нэг нэгнээ мэдэх ч албан ёсны танилцах уулзалт тэр байж таарчээ. Тэр үед Баянбат туранхай бор залуу байсан бөгөөд найз охинтойгоо хооллож суусан С.Баярцэцэгээс “Ямаршуухан амттай хоол байна” хэмээн яриа өджээ. Түүнээс нэг их удалгүй төрсөн өдрөөр нь өнөө бор залууг урьсан зочдын нэг болж ирэхэд, найзууд нь “Хэзээдээ юун хүнтэй танилцаад найзалчих ваа, чи чинь” хэмээн инээдэм болж байсан түүх өчигдрийн хэвээр “амттай” байгаа бололтой. Хосууд тэр үеийг дурсан инээлдэнэ. “Баянбат аавтайгаа их адилхан. Би бас аавтайгаа адилхан. Ямар сайндаа л бид хоёрыг хөтлөлцөөд явж байсан нэг бөх харчихаад “Өө, Даваахүү гуай, Сосорбарам гуай хоёр хөтлөлцчихсөн тэнээд явна” гэж ярьсан байдаг гэнэ. Цааш нь гэргий “Би азтай хүн шүү. Хүний эхнэр болоод ч хайр дүүрэн гэр бүлд ирсэн. Хадмууд маань утгаар нь хайрладаг улс шүү дээ. Баянбатын зөөлхөн, өөрийнхөөрөө зан нь их таалагдсан гэж хайр татсан бор залуугийнхаа тухай ярина. Хадам ээж нь бэрээ “Миний охион, ээж нь” гэж хэлэхээсээ эмээж байснаа хожим ярьсан аж. Учир нь ээжийгээ алдаад удаагүй бэрийнхээ сэтгэлийг хямраачих вий гэж битүүхэн эмээж байсан хэрэг гэнэ. Хайр гэдэг их, багаас үл хамаардаг нь эндээс харагдах мэт.
Манлайн хүүхдүүд ээжийнх нь ярьснаар Со арслантай дипломат харилцаатай бол бүдүүн өвөөтэйгээ /Даваахүү Тод манлайг хэлсэн юм/ жинхэнэ ардчиллыг утгаар нь эдэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл хэзээний яс багш өвөөгийн “болно, болохгүй” олон бол уяач өвөө нь хошуу дэвсэн эрхлүүлэх нь олонтаа. Урмаар байнга тэтгэнэ. Ач нарынх нь ололт амжилтын тухай яривал нулимс мэлтэлзүүлэн баярлан хүлээн авна. Бас үеийн мэт тэднийг сонсдог байна. Баянбат Манлай ч хайрыг утгаар нь мэдрүүлдэг нэгэн. Хүний өөрийн гэж хүүхэд алагчлахгүй бөгөөд морины хүүхдүүдээсээ хэцүүхэн амьдралтай нэгнийг нь “Өргөөд авчихъя” хэмээн эхнэрээ үе үехэн сандаргана.
Өнөр бүлийн эзэгтэйн нэг өдөр
Бөхийн гэрээс уяачийн гэрт бэрлэсэн бүсгүйд энэ ертөнц цоо шинэ байсангүй. Гэхдээ өдөр болгон баяр болж байгаа мэт бум бужигнаж, түм түжигнэх нь сонин санагдана. Тэр тоолонд хадам ээж нь түүртсэн шинжгүй хоол унд бэлтгэж, болоогүй түүндээ баяртай суухыг яана. Айлын эрх жаахан охин адуу малтай холбоотой ёс жаягийг мэдэхгүй. Хайраар жигүүрлээд л очсон гэх. Харин тэр тоолонд хадам ээж нь зэмлэх битгий хэл зөрүү харж байсан удаа байсангүй. Биеэрээ үлгэрлэх ээжээсээ нэг л мэдэхэд их олон зүйлийг сурсан байж. Анх удаа машинтай морь дагахдаа бариа, гараан дээр тус тусдаа гэр барьдаг юм байна хэмээн будилсан хөгжилтэй түүх түүнд бий. Тэгээд “Хадам ээж маань их тэвчээртэй, ухаантай эмэгтэй. Энэ амьдралд үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан. Хайр гэдгийг төгс утгаар нь харуулдаг хүн” гэж яриагаа үргэлжлүүллээ. Амжилттай яваа эр хүний цаана түүнээс ч хүчирхэг эмэгтэй байдаг гэлцдэг дээ. Тод манлай аав, Манлай хүүгийн ард ийм л гэргий нар байдаг байх нь. С. Баярцэцэг уяаны ажлын үеэр нөхрийнхөө гарыг харалгүй бүхнийг амжуулна. Сэтгэл санааг нь хоёрдуулахгүй. Ажилдаа л анхаарал хандуулахыг хүсдэг. Тиймдээ ч үе үехэн гэрт орж эм, гадаа гарч эр болсон өдрүүд бий. Гэсэн ч энэ бүхний төлөө гомдоллосонгүй. Морь уяж амжилт гаргана гэдэг багийн ажил болохоор өөрийн чадахаар туслахыг илүүд үзнэ. Эдний гэр бүлийн хувьд наадмын өглөө хамгийн сайхан өдрүүдийн нэг. Тэр өглөө гэргий цай сүүнийхээ дээжийг өргөж, мэддэг хэдэн тарниа уншаад арын ажлыг дааж үлдэнэ. Морьд ирэх хүртэл сэтгэл тогтож төвдөхгүй. Харин айраг түрүүгээр орлоо гэхэд сая нэг тайвширна. Энэ тухайгаа “Мэдээж морь айрагдаж түрүүлэх сайхан байлгүй яах вэ. Гэхдээ хүн чинь их давруу. Дандаа л айраг түрүү авах ёстой юм шиг санахыг яана. Наран хонгорыгоо түрүүлснээс хойш дандаа л түрүүлэх ёстой юм шиг санадаг” гэлээ. Тод манлай уяач Д.Даваахүү гуайн уяан дээрээс монгол төрийн наадамд 16 азарга түрүүлсэн гэлцдэг. Тэр дундаас Наран хонгорыг нь түрүүлэхэд энэ гэр бүлийнхэн төдийгүй монгол түмэн даяараа баярлаж, баярын нулимс дуслуулж суусан байдаг юм. Д.Баянбат Манлайн дөрвөн настай бяцхан хүү “Том болохоороо бөх барилдаад, жаахан хөгшрөхөөрөө морь уяна” хэмээн хэвлүүхэн ярина. Гурван үеэрээ төрийнхөө наадамд азарга түрүүлгэсэн Мөнхийн Данзаннямын удамд ийнхүү ирээдүйн дөрөв дэх үеийн уяач хайр дүүрэн гэр бүлд өсөж байна.
Гэргий “Бидний сайн сайхан яваа нь хэн хэний маань өвөг дээдэс, эцэг эхийн маань сайн үйлийн үр, хөлс хүчээр дэвсэж өгсөн амьдрал гэж боддог. Бид хоёр ч гэсэн үр хүүхдүүд маань үлдэх хорвоод энэ буянтай буурлууд шигээ зөв явж, зөв бодож, хичээж амьдарна гэж боддог юм. Хүн хүнээ сайн талаас нь харж байгаасай. Хүнийг шүүмжилж зэмлэхээсээ өмнө өөрийгөө оронд нь тавиад нэг үздэг байх сан. Өнөөдөр харж байхад залуус жаахан хүн муутай болсон юм шиг харагддаг. Нийгмийн сүлжээгээр биесээ гүтгэж, муулан, хэт нэг талыг барьж туйлширч байгааг хараад “Эерэг хандлагатай байх сан. Хүн хүнээ хайрлаж байгаасай” гэж бодогддог юм хэмээснийг зориуд онцлох байна. Тийм ээ, үр маань үлдэх хорвоод нэр бүтэн л амьдрах сайхан шүү дээ.
бидний ярилцлага хайрын баярын өдөр болсныг дээр дурдсан даа. Ямартаа ч шинэхэн Манлай “даалгавраа” биелүүлсэн бололтой дог шүү. Зочны өрөөний ширээн дээр шив шинэхэн амьд цэцэг, шоколадны хамтаар харагдана.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
192.82.77.163
Puuh iim goy ehnertei mu
Reply