"Таван цагаан" МСУХ-ны дэд тэргүүн Л.Ганбаатар: Манай уралдааны зам ойрхон ч хүлгийн шандас шалгах өгсүүр ихтэй

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 27 -нд

Баянзүрх сумын “Таван цагаан” МСУХ-ны үүсэл, хийж бүтээсэн ажил, алдаа онооноос эхлүүлээд түүхийг нь хүүрнэх нэгэн болох тус холбоог үүсгэн байгуулагч, анхны тэргүүн Л.Ганбаатартай уулзаж ярилцлаа. Бидний яриа зөвхөн холбооны талаар өрнөөгүй нь мэдээж, удам дамжсан уяачийнх нь хувьд ч түүнтэй ярилцах сэдэв өргөн байсныг өгүүлэх юун.

 -Та бол Баянзүрх сумын МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, анхны тэргүүнээр ажилласан хүн. Тэгэхээр холбоо үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?

-Бид анх 1996 оны тавдугаар сарын 22-нд анх багтаа МСУХ-г байгуулж байсан юм. Багийн 20 гаруй уяач цуглаад тухайн үед аймгийн МСУХ-ны тэргүүн асан, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга байсан Гэлэгдорж гэдэг хүнийг урьж авчирч түүний зөвлөгөөгөөр тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид, нарийн бичиг гэсэн бүтэц, орон тоотойгоор багийн МСУХ-г байгуулсан. Тэргүүнээр намайг сонгож, холбоо өөрийн хөрөнгөтэй байх ёстой гэж үзэн бүгд хонь, ямаа, үхэр, адууны хандив өргөж байв. Дараа нь аймгийн МСУХ-ноос “Суманд холбоо байх ёстой” гэсэн бичиг ирсний дагуу сумын Иргэдийн хурлын даргын өрөөнд сумын удирдлагууд болон уяачид хуралдаж тэргүүнээр намайг тавьж Баянзүрх сумын МСУХ үүссэн түүхтэй. Түүнээс хойш тасралтгүй 18 жил энэ албыг хашиж яваад одоогоос гурван жилийн өмнө ажлаа Мягмаржавт хүлээлгэж өгсөн. Тэгээд Мягмаржаваас жилийн өмнө Сэргэлэн авч ажиллаж байна.

-Шинэ тутам байгуулагдсан сумын МСУХ-ны хийх ажил маш их байсан нь ойлгомжтой. Тэргүүнээр ажиллах хугацаанд ямар, ямар ажил хийсэн бэ?

-Хамгийн нэгдүгээрт гарааны төхөөрөмжтэй болж, наана цаана дутуу эргэлээ, уралдаан будиллаа гэдэг асуудал байхгүй болж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөр үгүйсгэгдэхгүй болсон. Холбооны дүрэм журмаа сурталчлах, хүүхдийн аюулгүй байдал хангаж стандарт өмсгөл хувцастай болгох, уяач хүний ёс зүй гэх мэт сэдвээр сургалт хийсэн. Аймагт зохион байгуулагдсан сургалтуудад тодорхой тооны уяачдаа хамруулсан. Үүний үр дүнд манай сумын хэмжээнд бүгд хамгаалалтын стандартын хувцас хэрэгсэлтэй болсон. Мөн багтаа уяачдын баяр хийдэг болж, 2-3 сумын морьд ирж оролцдог том уралдаан болоод байна. 2002 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу сумынхаа болзол хангасан уяачдыг тодорхойлж Аймгийн Алдарт уяач ес, Сумын алдарт уяач 10 гаруйг төрүүлж, малгай тэмдгийг нэгдсэн журмаар хийж өгч байлаа.


-Малгайн тэмдэгтээ энэ нутаг орны хурдан хурц хүлгүүдийг дүрсэлсэн үү, ерөнхий нийтлэг загвараар хийсэн юм уу?

-Малгайн тэмдгийг өөрийн гэсэн онцлогтой хийлгэхийг зорьсон боловч хэв загвар гаргахад маш үнэтэй байсан учраас нийтлэг загвараар дарханаар хийлгэсэн. Сумын Алдарт болсон хүнээс айраг, түрүүг нь бичүүлж авч байгаад сумын уяачдын холбооноос нэгдсэн журмаар залаа болон малгайн тэмдгийг хийлгэсэн. Эхэндээ 60 мянга байсан малгайн тэмдэгний үнэ 120 мянга болж өсөөд холбооны төсөв хүрэлцэхгүй болж ирсэн.Морины замыг өөрчилж нэг үзсэн. Буцаагаад хуучин замдаа оруулсан гэх мэт ажлуудыг хийсэн.

-Жилдээ сумын статустай уралдаан хэд болж байна вэ?

-Сумын баяр наадмаас өөр сумын статустай наадам одоогоор байхгүй байна. Багууд тус тусдаа баяраа хийдэг. Хоёрдугаар баг энэ Хөенгийн хөндийд, гуравдугаар баг хийдэд баяраа хийх жишээтэй. Мөн ургийн баяр их болдог. Ургийн баярт сумын наадамд шөвгөрсөн морьд очдог. Яагаад гэвэл сумын наадмаас өндөр бай шагналтай байдаг.

-Жилдээ сумын статустай нэг л наадам болдог гэхээр сумын Алдарт уяач цол авахад амаргүй юм байна даа?

-Тийм ээ, энэ нөхцөлд сумын Алдарт уяачийн болзол чангадаад байгаа юм. Тиймээс бид уяачдын хурлаараа ярилцаж энэ жилээс Уяачдын баяр гэж хийхээр болсон.

-Газар зүйн онцлогоос шалтгаалж танай энд уралдааны зам богино байдаг юм байна.

-Тийм. Цагаан-Уул 22 км уралддаг байхад Баянзүрх 12 км-т уралддаг. 1992 онд Ертөнтөд баяр болоход манай уралдааны замын хэмжээг сонсчихоод Цагаан-Уулынхан ойрхон уралддаг гээд басангуй байсан. Гэхдээ хол, ойрын ялгаа байхгүй, явуут өгсүүр газар хүлгийн шандсыг шалгадаг л юм.

-Баянзүрх суманд морь уяж сойдог хичнээн уяач байна вэ. Тэднээс ямар насны хүмүүс идэвхтэй морь уяж байна вэ?

-Ноднин 70 гаруй байна гэсэн бол энэ жил 60 гаруй уяач гэж яригдаж байна. Эндээс дунд насныхан идэвхтэй морь уяж байгаа дүр зураг харагддаг. Сүүлийн үед залуучууд бас нэлээд идэвхтэй моринд орж байна. Хамгийн ахмад нь гэхэд Төмөрбаатар, Санж, Баярсайхан, хийдэд Дандар нар болж байх жишээтэй.

-Баянзүрх сумын аль баг нь илүү хурдтай, сайн уяачтай вэ?

-Миний анзаарснаар моринд идэвхтэй орж байгаа уяачидтай газар морьд нь илүү хурдалдаг. Манай “Имт” баг хамгийн олон уяачтай, морьд нь хаа ч очиж уралдсан сайн байдаг байлаа. Сүүлийн үед манай “Имт” хамгийн цөөн уяачтай болсон ч шигшигдээд үлдсэн цөөхөн хэдэн уяачийн морьд сайн хэвээрээ байгаа. Зуны Шилдэг уяач гэхэд хамгийн олон айраг, түрүү авсан амжилттайгаар “Имт” багийн Мягмаржавын хүү Галсан гэдэг залуу болсон. Ноднин би хоёр морь уяснаас хоёулаа айрагдсан. Гэх мэт багаар нь харьцуулахад “Имт” нь цөөн уяачтай ч үзүүлэлт нь илүү гарч байх жишээтэй. Одоо хамгийн олон уяачтай баг гэвэл “Тоом” гуравдугаар баг 30 гаруй уяачтай. Дөрөвдүгээр баг ноднин 23 байсан бол одоо 20 гаруй уяачтай, Хоёрдугаар баг 10 уяачтай гэж байна.

-Баянзүрх сум бол Дархад цагаан адууны нутаг. Уяан дээр нь Дархад цагаан адуунууд л байна гэж төсөөлөөд иртэл нэлээд цөөрсөн сураг дуулдаж байна. Уяачдын холбооны зүгээс нутгийн унаган хурдыг сайжруулах тал дээр хийсэн зүйл бий юу?

-Дархад адууны тооллогыг Даваасүрэн дарга анх УИХ-ын гишүүн байх үедээ уяачдын холбоонд төсөв мөнгө өгч хийлгэсэн юм. Баг бүрт тооллого хийхэд 140 гаруй цагаан адуу тоологдсон. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар, Хэнтий талын адуунууд Монгол даяар орж ирлээ. Тэр утгаараа цөөхөн болсон. Сая модны хаяанд, замд байсан адуунууд бүгд зүүн зүгийнх. Харин энэ уяан дээр байгаа хоёр цайвар адууны нэг нь эндхийн унаган цагаан адууны удамтай. Миний Дархад цагаан гүүнээс гарсан, эцэг тал нь Сүхбаатарын Асгатынх. Энэ хоёрын дундаас гарсан төл хурдан байна. Анхны төл нь Сумын 80 жилийн ойд тэжээлгүй 10 хэдээр давхиж, багийн баярт айрагдаад, энд бас нэг баярт айрагдсан. Цагаан-Уулд Бумбат гэдэг баярт олон ч сумын сайн морьд очиж уралдахад дөрөвлөсөн юм.


-“Дархадын хурд” уралдааныг зохион байгуулдаг гэсэн. Дархадын сумдын аль нь хурдтай вэ гэдгийг тодорхойлдог уралдаан юм байна гэж ойлгож байгаа. Үүнд танай сумын уяачид ямар амжилттай оролцсон бэ?

-Аймгийн МСУХ-ноос ИТХ-ын тогтоолтой аймгийн наадмын зэрэглэлтэй дөрвөн бүсийн уралдаан зохион байгуулахаар тогтсоны нэг нь “Дархадын хурд”. Анхны “Дархадын хурд” бүсийн уралдаан 2002 онд болоход манай сумаас хоёр морь айрагдсаны нэг нь Агарын халиун, нөгөө нь миний хүрэн морь. “Дархадын хурд” гэхээр зөвхөн Дархад адуу уралдахгүй л дээ, аймгийн зэрэглэлтэй уралдаан учраас тал бүрээс л хурд ирж уралддаг. 2005 онд болоход манай сумаас миний хар азарга айрагдаж, Дандар ахын морь мөн айрагдан, хойд талаас Цагааннуурын хонгор азарга түрүүлсэн. 2008 онд Батбаяр гэж сумын Алдарт уяачийн хээр хязаалан түрүүлж, миний даага, Дандар ахын хонгор морь хоёр айрагдсан. Ер нь манай сум “Дархадын хурд”-д гайгүй оролцдог. 2008 онд дархад адуутай Рэнчинлхүмбэ сумаас ч нэлээн хэдэн айраг авсан гэсэн. 2011 оны хурдад ч манайхнаас морь айрагдсаан.

-Баянзүрхээс аймгийн баяр наадамдаа хэр одтой нааддаг вэ?

-1998 онд Дунжийн Баярсайханы хээр, Гомбын саарал гэж хоёр морь тасарч уралдахад хээр нь түрүүлсэн байдаг. Энэ хоёр хоёулаа Баянзүрхийн адуу. Аймгийн 60 жилийн ойд 6-10 хүртэл бүгд Баянзүрхийн морьд орж, шөвгөрч чадаагүй. Сүүлд Баянзүрхээс Дандар гэдэг хүний хул азарга хоёр удаа айрагдсан. Эзэн нь Батцогт гээд “Батжамба” компанийн захирал, манай Баянзүрхийн гаралтай залуу. Мягмаржавын цоохор хязаалан үрээ аймгийн баярт айрагдсан. 2007 оны “Хотгойдын хурд”-д миний хар азарга 10-аар давхиж, Дандар ахын хонгор морь айргийн дөрөв, тавд ирж байснаа хадуурч хургаад мултарсан. Хонгор морь бол энэ хөндийд төрсөн унаган адуу.

-“Хотгойдын хурд-2, 3”-т оролцсон уу?

-Би 2010 онд азарга, хязаалан хоёртой очоод хоёулаа 20 гаргаж ирсэн. Тэгэхэд 50-иас урагш орсон морьдод батламж өгсөн.

-Хэдий үеэс танайхан зүүн зүгийн адуу авчирдаг болчихов оо?

-2003 онд хамгийн анх хурдан хар азаргыг манай нагац ах болох Батчулуун гэдэг хүн авч ирж надад өгч байсан юм. Хар азарга Суман хар нэртэйгээр нэлээд хурдалсан. Түүнээс хойш зүүн талаас манай уяачид нэлээд адуу авчирч наадаж байна. Баруун талаас ч ганц хоёр адуу ирсэн.

-Ганбаатар уяач өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байна уу, аль эсвэл өөрийнхөө дур сонирхол, сэтгэлийн дуудлагаар морь уяж байна уу?

-Манай аав Лувсандамба сумынхаа баяр наадамд хоёр их насны морь айрагдуулж байсан хүн. Тиймээс би багаасаа хурдан морь унадаг байлаа. Дээр нь мэдээж өөрийн сонирхолдоо хөтлөгдөж уяач болсон байх.

-1982 онд Хайдавын Лувсандамба 24 настай саарал морь аман хүзүүдүүлж, хээр алаг морь гуравлуулсан гэж сумын наадмын цуваанд үлдсэн байна. Аавынхаа талаар ярьж өгөөч?

-Аав маань Хайдав гэж хүний том хүү, нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. “Соёл” нэгдэл гэж байхад анхны даргаар ажиллаж, сүүлд нэгдлийн малчин болсон. Мал маллаад аймгийн хошой аварга, 1945 оны чөлөөлөх дайнд явж байсан хүн. Бууны суманд шархадчихаад бусад нь үхэж байхад амь гарсан юм гэнэ лээ. Үхсэн хүмүүсийг түлээ шиг хурааж байсан гэдэг. Дандар баатрын цэрэг байсан юм гэсэн. Сүүлд Дандар баатар манайд ирж байлаа.

-Их л түүхтэй хүн байх нь дээ. Тэгээд Лувсандамба гуай хэдий үеэс морь уясан байдаг юм бэ?

-Хэдийнээс морь уясан талаар нь сайн мэдэхгүй байна. Буд гэж найз өвгөнөөсөө саарал морь худалдаж авч уясан байдаг юм. Түүнээс хойш Хонины саарал, Долоон бярууны саарал гээд морьд уясан. Анх нэг хүн долоон бяруугаар худалдаж авсан морь дамжиж явсаар аавд ирж 24 хүртлээ уралдсан юм. Уг нь “бух” Намсрай гэж хүний адууг Шар панз гэдэг хүнээс дамжуулж авсан. Их хөөрдөг морь байсан юм. 

-Долоон бярууны саарлыг хэдтэйд нь авсан гэдэг вэ?

-Тэрийг ёстой мэдэхгүй. 1970 хэдэн онд байх. Би сургуульд ороогүй байсан үе. Манай ах Арбулагийн ойд унасан юм. Аав тэнд таньдаг хүндээ “Миний морь хөөрдөг юм, чи барьж аваад гаргачихаарай” гээд хөтлүүлээд явуулж л дээ. Нөгөө хүн нь морь гарсан хойно зориуд тавилгүй барьж байгаад араас нь тавьсан байгаа юм. “Морь гарангуут хөөрч цовхроод нөгөө хүний өвдөг дээр хөл нь гарч ирээд байсан” гэж манай ах ярьдаг. Тэгээд араас нь зүссээр байгаад ганцаараа ирэхэд нь улайм цайм гурваар барьсан. Манай аав дурандаад хөлсөн дээр нь шороо тоос сууж өнгө нь хувирсан морио танихгүй байсан гэдэг. Хамт явсан Ширбазар гуай нарын уяачид хөлсийг нь хусаад, өмнөөс нь “Түрүүлсэн морийг гурваар барилаа” гээд хэл ам хийж байж. Хөлс нь хатсан хойно аавыг очиход “Морь чинь түрүүлчихээд байхад хаагуур явдаг юм” гээд Ширбазар гуай их ууртай байсан гэдэг. Морины комисс нь хүртэл “Лувсандамба гуай таны морь түрүүлж ирлээ. Гомдол байна уу. Уяачид хэл ам хийгээд байна” гэхээр нь “За яах вэ, хэдэд баримаар байна, тэрэнд нь барьчих” гэж хэлээд гурваар бариулсан байдаг юм. 

-24 нас хүртлээ айрагдаж, түрүүлнэ гэдэг мундаг шандастай морь байжээ.

-Түрүүлээгүй, айрагдаж л байсан морь. Сүүлд 24-тэй уяагүй байхад л морь тойруулахаар аргамжаагаа сугалж гүйж ирээд уяа тойроод, уяан дээрээ зогсоод байхаар нь гавьтай хөлс авсан юм байхгүй, ганц үсэргээд уралдуулахад айрагдсан. Газар хол бол бараг түрүүлэхээр байсан.

-1982 онд сумын наадамд гуравласан хээр алагийн тухайд?

-Хээр алаг бол нэгдэл адуу байсан. Дээр үед бяруу өгөөд нэгдлээс даага авдаг байсан үед манай аав шинжин таньж авсан морь. Соёолондоо удаалж, их насанд олон жил айрагдсан. Хатгалын 24-ийн баярт ч айрагдсан. Бас л түрүүлж байгаагүй.

-Аав тань сумын цолтой юу?

-Тэгэхэд албан ёсны цол өгдөггүй, сумын сайн уяач, аварга уяач гэж цоллодог байсан. Аавтай нэг үед Шагдар, Пүрэвжав, Ширбазар, Манзушир, Балжид, Хорлоо, Дамба гээд мундаг өвгөчүүд морь уяж байлаа. Эднээс Пүрэвжав, Дамба хоёрын хүүхдүүд нэгдүгээр багт морь уяж байна. Аавыг би залгаад явж байна. Манайх 10-уулаа, зургаа нь эрэгтэй. Би ганцаараа морь уяж байна.

-Таны хувьд хэдий үеэс морь уясан юм бэ?

-Мориноос мултарсныхаа дараа аав морь уялгүй өнжихөд нь хусуур, сойзыг нь бүсэндээ хавчуулж баяр үздэг хүүхэд байсан. Хусуур сойз бүслээд бөөн дур яваад байхаар “Өөрөө мэдээд уя” гэж аав зөвшөөрөл өгөөд, есдүгээр ангиасаа бие дааж уясан даа. Адуугаа хөлслөөд, уул өөд давхиулаад аавд загнуулж байлаа. Тэр жилээ 1983 онд алаг морь маань гуравладаг бил үү дээ. Хүрэн соёолон удаалж, хонгор шүдлэн дөрөвлөдөг юм. Түүнээс хойш л би морь уясан. Цэргийн гурав, Анагаахад суралцсан хоёр жил л уяагүй. Цэргээс ирсэн чинь аав морьдоо барьчихаад, бие нь тааруу Булнайн рашаанд явчихсан байсан. Тэгээд би морьдоо уяад, бараг түрүүлчих байсан алаг морины уяа алдаж айргийн араар оруулаад, хүрэн даагаа айрагдуулсан.

-Сум, аймгийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүү авсан байдаг юм бэ?

-Дархадын бүсийн хурдаас гурван айраг, аймгийн статустай уралдаанаас  нэг айраг, Буман төлийн баяр гэж Мал эмнэлэг, үржлийн албаны 90 жилийн ойгоос мөн нэг айраг хүртсэн. Сумын наадмаас 17 айраг, түрүүтэй. Том, бага наадмын нийлсэн 72 айрагтай.

-Таны уясан морьдоос онцгой амжилт үзүүлж, таныг илүүтэй баярлуулсан нь ямар хурдан хүлэг байна вэ?

-Ганбаа хүрэн гэж Завхан гаралтай Тэс угшилтай сайн хүрэн морь байсан. Эхтэй нь худалдаж авч байлаа. Шүдлэндээ Алаг-Эрдэнэд түрүүлээд, хязааландаа Баянзүрхэд бага наадмуудад айрагдсан. Соёолондоо Баянзүрхэд түрүүлээд, Сүмбэр компанийн ойд мөн түрүүлж, нас нийлээд сумын наадамд хоёр удаа айрагдсан. Багийн баяраар түрүү, айрагт ч хурдалсан. Сүүлд 2003 оноос хар азарга сайн хурдалсан. Тэр жил Баянзүрхийн 70 жилийн ойд удаалаад, 2004 онд аймагт уралдаж 12-оор давхиад, багийнхаа баярт түрүүлсэн. 2005 онд сумын баярт 13-т орж, “Дархадын хурд”-д очиж айрагдсан. 2007 онд суманд тавлачихаад, “Хотгойдын хурд”-д 10-аар ирсэн. 2008, 2009 онд сумандаа дарааллан түрүүлсэн. 2010 онд “Хотгойдын хурд”-д 20 гаргаж ирсэн. 2011 онд суманд айрагдаад зодог тайлсан даа.

-Хар азарганы төлүүдээс хурдлав уу?

-Хар азарганы төл хээр азарга 30 гаруй наадамд уралдаж 20 гаруй айраг, түрүү авсан. Эх нь Цэцэрлэг, Цагаан-Уул талаас дамжуулж авсан Тэс угшилтай гүү байгаа юм. Даагандаа гэхэд очсон наадам болгондоо түрүүлсэн.

Таван наадамд уралдсанаас дөрөв түрүүлж, нэг тавласан. Шүдлэндээ суманд удаалж, багийн баярт гурав айрагдсан. Хязааландаа аймагт “Хотгойдын хурд”-д 29-өөр ирсэн санагдана. Соёолондоо сумандаа дөрөвлөж, хавчиг жилээ түрүүлсэн. Тэгээд нас нийлсэн жилээ шөвөг алдаагүй. Энэ жил би амраачихаад байна.

-Айраг, түрүүтэй энэ олон жилийн наадмаас хамгийн сэтгэл хөдөлгөснийг нь дурсахгүй юу?

-Морь, хүүхэд эсэн мэнд сайхан яваад ирэхэд наадам болгон сайхан л байдаг. Энэ хөндийд 2008 онд хар азарга, хээр даага хоёроо түрүүлгэсэн. Зүгээр ч нэг азарга, даага биш эцэг, хүү хоёрыг түрүүлгэх чинь их сайхан юм билээ. Бас Цагаан-Уулд том баярт соёолон дөрөвлүүлсэн минь дурсамжтай байсан наадам. Машинтай дагасан чинь 20 хэд дээр л яваад байхаар нь “За сураггүй болж дээ” гэж бодож явтал Дөрөлжийн нуураар гараад ирлээ, зургаад явна. Тэгээд идсээр байгаад дөрөвт баригдсан. Тэр холоос зүтгэсээр айрагдахад бахдалтай сайхан байсан даа.

-Танайх олон хүүтэй юм байна. Морь унах хүүхдийн тал дээр “толгой өвдөхгүй” бололтой?

- Өөрийн хүүхэд морь унаж байгаад том болцгоочихлоо. Бүр жижигхэн нь арай унах болоогүй учраас энэ хавиасаа айлын хүүхдээр унуулахаар хэлэлцэж тохирчихоод байна. Оюутан хүүхдүүд сургуульдаа яваад одоогоор надтай морь уяж байгаа хүүхэд алга. Гэхдээ байнга л морь ярьсан улс байна. Хойшдоо уях байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Үеийн үедээ хурдан хүлгийнхээ уяа тааруулж, айраг түрүүгээр давхиулах болтугай.

-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье.

Д.Энхтуяа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.