Аймгийн Алдарт уяач Н.Санжуу: Хээр морь 20-тойдоо тавлаж, 22 хүртлээ уягдсан яс сайтай адуу

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 11 -нд

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хийморилог уяачдын төлөөллийг уншигч тантай уулзуулж байна. Энэ удаа Дархад цагаан адууны хурдыг баталж суманд оногдолгүй зугтсан цагаан орос Андрейн түүх, 22 хүртлээ уягдаж эзэн хүнээ олон баярлуулсан хурдан хээр морины амжилт, бартаа саад ихтэй уулархаг нутаг, тэгш тал нутгийн газар зүйн тогтоц морины хурдлах чадварт нөлөөлдөг талаар гэх мэт олон сонирхолтой сэдвээр хуучилсан  аймгийн Алдарт уяач Найдангийн Санжуугийн ярилцлагыг хүргэе. 

-Таны 20 жил уягдсан шандастай хээр морины тань талаар эхлээд ярилцъя. Хаанахын ямар угшилтай болоод ийм шандастай байна вэ? 
-Би хээр морио 1978 онд шүдлэнд нь авч байлаа. Агарын бригадын Дэмчиггарав гэдэг айлын адууны угшилтай. Дэмчиггаравын дүү нь ирээд надад “Ах минь надад нэг шүдлэн үрээ өгсөн юм. Та тэрийг аваад оронд нь идэшний адуу байвал өгөөч. Үрээн дээрээ 200 төгрөг нэмж өгье” гэдэг юм. Би ч зөвшөөрч идэшний гүү өгсөн. Тэгээд он гаргаад хавар нь очвол амины мал тэгшитгэл болоод, тэр айл 17 бодод тааруулж адуугаа нэгдэлд өгөх гэж байна. Хоёр алаг, хоёр хээр үрээ үзүүлэхэд нь их сайхан нарийн хөлтэй өндөр хээр үрээг нь хурдан болох байх гэж бодоод авсан. 
-Танд ирээд л уягдаж эхэлсэн үү?
-Тэгсэн. Авчраад сургаж уяад шүдлэндээ суманд удаалж, хязаалан дөрөвлөсөн. Соёолон жил нь манайх хойшоо отор хийж нүүгээд Хадартын талд зусаж байсан болохоор Рэнчинлхүмбэ сумын наадамд уралдуулж тавласан. Нас нийлсэн жилээ энд муу давхисан. Өөрийн хүүхдүүд томроогүй, нэг томхон хүүхэд унуулсныг ч хэлэх үү. Нас нийлээд гурав дахь жил дээрээ сумандаа удаалсан. Түүнээс хойш 12 удаа шөвгөрсөн. Улаан-Уулд ганц түрүүлгэж, 2-3 удаа удаалуулсан. 20 жил уягдахдаа 20-тойдоо Улаан-Уулд тавласан юм даа. 21-тэйдээ есөөр, 22-тойдоо 10-аар давхиж байлаа. Шүдлэн хоёр настайгаасаа эхэлж уягдаж, 22 хүртлээ уралдсан гэхээр яг 20 жил уягдсан байгаа биз. 
-Шүдлэн гурван настай шүү дээ?
-Та нар унаган нас оруулж урагшаа гурав гэж тооцдог юм байна. Манайхан дааганаас нь нэг нас гэж тоолдог. 20 жил гүйцээх гээд 22 хүртэл нь уясан. 20 жил уягдахдаа мөн ч их баярлуулсан даа. Дээр үеийн адуу аюулын ястай байсан байгаа юм шүү. Одооны адууны яс муу, 15-аас хойшоо явж чадахгүй байна. Сайн морь л 15 хүрч байна. Тэжээл гэж байх биш, цагаан өвсөөрөө уралдаад тэр шүү дээ. 
-Хөлийг нь амраагаад тогоо тосолсон уу?
-22 хүртэл уяад түүнээс хойш таван жил гар хүрэлгүй, дэлийг нь ч авалгүй адуунд нь тавиад, 27 хүргээд тогоо тосолсон. Хөгширсөн хэрнээ мах нь их зөөлөн байж билээ. Толгой, дөрвөн туруу, аман хүзүүг нь хадгалсан. 
-Хээр морины дараа амжилтаараа удаалах ямар адуу байна вэ?
-Манай суманд сайн улаан азаргатай Дандар гэж уяач бий. Тэр хүн “Чи азарга тавьж ав” гэж хурдан бор азарганыхаа төл улаан үрээ надад өгсөн юм. Тэр улаан азарга надад олон шөвгөрч, Улаан-Уулын 65 жилийн ойд түрүүлсэн. Энэ улаан азарганы дараа халтар азаргаа уясан. Манай дүү Баярхүүгийн унаган хул гүүнээс гарсан адуу байгаа юм. Эцэг нь нэгдлийн хүрэн азарга байсан болов уу, тэрийг нь сайн мэдэхгүй юм. Дүү маань морь уях дургүй хүн соёолон азарга манай отгон хүүгээр унуулж ганц удаа гуравлуулчихаад хавчиг, нас нийлдэг жил нь уядаггүй.Тэгэхээр нь “уяхгүй юм бол надад өг” гэсэн чинь долдугаар сарын 3-нд нэлээд тарган юм хөтлөөд ирлээ. Наадам дөхчихсөн байсан болохоор олигтой ажил хийж чадалгүй уралдуулаад суманд наймаар давхиулаад, хойтон жилээс нь түрүүлгэж эхэлсэн. Тэр халтар азарга зургаа түрүүлж, 12 шөвгөрсөн. Улаан-Уулд улаан азаргаа түрүүлгэснээс хойш 15 жилийн дараа 80 жилийн ойд нь халтар азаргаа түрүүлгэсэн дээ. Халтар азаргаа ноднин 19 хүргээд тогоо тосоллоо, хөөрхий. Шүд нь муудаад өвс ч идэхэд бэрх болсон байна билээ. 


-Та 44 жил мориноос сэтгэл буруулж чадсангүй гэж яриан дундаа хэлнэ билээ. Энэ адуунд дуртай сэтгэл байна уу, өвөг дээдсийнхээ үйл хэргийг өвлүүлье гэсэн зорилго байна уу?
-Манай аав насаараа багийн дарга хийсэн хүн, морь огт уяж байгаагүй. Удам судар гэж яривал ээжийн нагац ах “хүрэн авхай” хочит Чимэддорж гэдэг хүн морь уядаг байсан юм. Аавын ах дүү нар ч морины уяа тааруулчихдаг улс байв. Тэдний морийг унаж яваад л адуунд дуртай болж, хожим нь морь уях болсон доо.
-Нагац ах Чимэддоржийн тухайд ямар ямар хурдан морьтой байв?
-Хурдан шар халтар, цавьдар морьтой. Би хурдан шар халтар морийг нь унаж гурван удаа шөвгөрүүлсэн. Урьд нь хурдалж байгаагүй морийг намайг унаж хурдлууллаа гэж магтаж байж билээ. Цавьдар морь нь надаас өмнө дээр үеийнх. Дээр үед дархадууд дунд морь уядаг хүн цөөн, голдуу урдаас морьд ирж уралддаг байхад энэ хүний хар саарал, цавьдар гэж хоёр морь урд нь ордог байсан юм гэнэ лээ. Насаараа морь уясан, одоогийнхоор бол аварга уяач байлаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Улаан-Уулд амьдарч байгаад 80 гараад өнгөрсөн. Нас барсан хойно нь Улаан-Уул сумаас аймгийн Алдарт цолыг нөхөж олгосон гэж хүү нь ярьж байна лээ. Одоо Улаан-Уул суманд Хүрэл гэж хүү нь морь уяж, айраг түрүүнд хурдлуулж сайхан наадаж байгаа. Бас ааваас өвлөсөн эрдэм байдаг биз ээ.
-Авга нарын тухайд хэн хэн гэдэг уяачид байна вэ?
-Сандагдорж, Балжид гэж ах дүү уяачид байлаа. Сандагдорж дархад цагаан адууны хурдан цагаан адуутай, нүд муутай хүү нь залгуулаад морь уясан. Манай Баянзүрхийн Хуулгатын бэл гэдэгт морь уралддаг байхад тэнд байнга түрүүлдэг цагаан азаргатай байсан. Би долоотойгоосоо есөн жил морь унасан. Балжид гэж хүний хээр морийг аймгийн наадамд унаж 40 гаргаж ирсэн. Аймагт анх морь унасан нь тэр. Сандагдорж гэдэг хүний саарал азаргыг унаж байлаа.
-Уралдаанчаас уяач болоод анх ямар морь уяж байв?
-Цэрэгт явахаасаа урьд хоёр жил саарал үрээ уяж байлаа. Авга ах хурдан цагаан азарганыхаа төл саарал даагыг бэлгэнд өгсөн юм. Тэр саарал даага их хурдан байсан. Анх сумын наадамд Хуулгатын бэлд түрүүлгэсэн. Шүдлэн Улаан-Уулын багийн наадамд очиж дөрөвт давхисан. Тэгээд цэрэгт явахдаа баруун талын нэг өвгөн азарга тавья гээд гуйгаад байхаар нь аавдаа ч мэдүүлэлгүй өгчихсөн. Тэр хүнд очоод чононд идүүлчихсэн. Уг нь манай авга ахын хурдан саарал адууны удам байсан юм. 
-Цэргээс ирээд ямар удам угшилтай морь уясан бэ?
-1974 онд цэргээс ирээд айл болж, олигтой уях адуугүй ганц нэг юм аваад уясан ч шөвгөрдөггүй. 1976 онд манай “Имт” бригадын Ширбазар гэж уяачаас “Суманд тавласан хавчиг бор морио өгөөч” гэж гуйсан чинь “600 кг махны норм төлөөд ав” гэж байна. Тэрийг нь төлөөд бор морийг авч уяж хурдлуулсан. Сайхан номхон морь байсан даа. Таван настай хүүгээ сургаад үсэргээнд унуулсан чинь замдаа амыг нь татаад буугаад үлдчихсэн байсан. 
-Яагаад мориноосоо буусан юм болоо? 
-Хуушуур иднэ гээд байхаар нь баахныг аваад өгчихсөн юм. Тэгсэн замдаа гэдэс нь өвдөөд бие засах гээд номхон морины амыг татаад буучихгүй юу. Бие засахад хажууд нь зогсож л байсан байгаа юм. Тэгээд тэр жилээ суманд тавласан. 
-Хүүхэд насны сайхан дурсамжуудынх нь нэг байна даа. Та уралдаанч байхдаа аймгийн баяр наадамд очиж морь унаж байсан. Уяач болоод аймагт морь уралдуулав уу?

-Аймагт хэд, хэд очиж морь тавьж үзлээ. 2007, 2010, 2014 онд болсон “Хотгойдын хурд”-д очиж уралдсан. Урдаас авсан хоёр үрээ, халтар азаргаа аваачиж уралдуулсан. Эхнийхэд нь халтар азарга төхөөрөмж гэдэг юманд орж үзээгүй, 200-гаад азарганаас 70 гаруйд ирсэн. Уг нь би 20-иод дотор харж байсан юм. Унагасан төхөөрөмжин дээгүүр гарч өгдөггүй, арай гэж цагдаа хөтөлж гаргахад цовхроод унаж байсан хүүхэд нь сайн тулдаа л тогтсон. Тэгээд араас нь явсаар байгаад 70 гаргасан. 2010 онд сумынхаа наадамд түрүүлгэчихээд “Хотгойдын хурд”-д авч очиж уралдуулсан. Бас л 10 дотор горьдож байсан. Ганбаагийн азарга 10-аадаар, Дандарын хул азарга 15-аар, минийх 40 орчмоор ирсэн. Гэхдээ цулбуурт баригдаагүй. Уг нь тоолсон. Номерыг нь ондоо хүн ч бичүүлсэн юм бил үү. Хөөцөлдөө ч үгүй. Их баяр наадамд хүүхэд багачуул сайн сайхан ирвэл тэр баяр болдог. Морь, хүүхэд мэнд сайхан наадвал бусад нь яах вэ. 


-“Дархадын хурд”-д оролцож байв уу?

-Гурван удаа болоход бүгдэд нь очиж морь тавьсан, гэхдээ ахиагүй ээ. Суманд шөвгөрдөг хонгор морь 16-д давхисан. Соёолон морин үрээ наймласан. Энэ Алаг-Эрдэнэ талын морь, сүүлд хүүдээ өгсөн. 2008 оны “Дархадын хурд”-д дүү Батбаярын маань цуг уяж очсон хязаалан түрүүлсэн. 
-Та Дархад цагаан адууг уяж үзэв үү?
-Уяж байлгүй яах вэ. Манай ээжийн талын Ганбаа гэдэг хүн дархад цагаан адуутай байсан юм. Тэр хүний адууны удам угшлаас уяж л байлаа. Зарим нь ч хурдалдаггүй байсаан, угшилгүй байсан юм байгаа биз. Дархадын цагаан адууны хурдны удам угшил нь доошоо Рэнчинлхүмбэ тал руугаа байдаг гэж дээр үеийн улс ярьдаг сан. 
Өлийн даваанаас уруудаад Лхүмбэ, Лхүмбээс цаашаа Шишгэдийн хонхор, их талууд бий. Доошоо тэр цагаан талын адуу их хурдан байдаг. Манай энд бол унага хөл дээрээ тэнцсэн цагаасаа уул өгсөж уруудаж, бартаа саад давсаар булчин нь хэт чангардаг. Хэт чангарсан булчин бүдүүрээд уралдахад улам чангараад, нэг хэсэг гараан дээр хурдлаад явахгүй суучихаад байдаг юм. 10-аад км-ээс илүү явж чадахгүй. Цагаан газрын унага булчин нь улам сайхан сулраад, уралдахад чангардаг. Сүхбаатар, Дорнодын адуу хурдан байдгийн нэг учир тэр. Архангайн хойд талын сум болох Тамир, Чулуутын өвгөн бас яг ингэж ярьж байна билээ. 
-Тэндхийн адуу хурдан байдгийн нэг учир шалтгаан байж болох юм шүү.

-Тэгэлгүй яах вэ. Тэндээс бага адуу авчрахад манай эндхийн бартаанд булчин шөрмөс нь хэтэрхий чангараад байх шиг. Хүмүүс адуу авчраагүй байх үед би Сүхбаатарын Мөнххаан орж тэнд 12-т давхисан хязаалан үрээ 2,5 саяар авчирсан. Хязааланд нь энд түрүүлгэхэд улс амьтан “Аюулын юм авчирчээ. Алдчих вий. Шөнө унтахдаа хөлөөсөө уяхаас наагуур байдаг юм шүү” гэлцээд л. Тэгээд соёолонд нь тэжээсэн чинь ааш ороод нэг л биш байхаар нь намар хөнгөлсөн. Хөнгөлснөөс хойш бүр явж өгдөггүй. Хавчигт нь ч уясан, бүдүүрүүлээд ч хоёр жил уясан. Гараагаараа нэг хэсэг морь хөтөлж тархинд явж байгаад суучихна. Одоо естэй морь хүү маань уяж байгаа. Азарга чигээр нь үлдээгээд төлийг нь авах байсан юм байна лээ. 
-Хүүхдүүдээс хэд нь таныг залгуулж морь уяж байна вэ?

-Манайх найман хүүхэдтэй. Гурав нь хүү. Хамгийн отгон хүү сургууль соёл гэж яваад аймгийн төвөөс эхнэр авч тэндээ суурьшсан. Нэг хүү л моринд дуртай, уямаар аядаж байна. Нэг хүү мянгат малчин, бас адуу ч ихтэй. Гэхдээ морь уяхгүй л юм. 
-Танай энэ хавийнхны уяаны онцлог юу вэ? 

-Цагаан өвсний уяаны үед зургадугаар сарын 25 гэхэд хэдийнэ 2-3 үсэргэчихсэн байдаг. Гэтэл одоо 25-нд барьж авч эхэлж байх шиг, ер нь л уяа хоцроод байна. Цагаан өвсний адууны уяаг эрт эхэлдэг. Уралдчихаад ерөөсөө унахгүй. Цагаан өвснийх болохоор тарган байна гэсэн юм байхгүй. Барьж аваад 2-3 өдөр уяна. Болж өгвөл 5-6 хоног хагсааж уявал элэг нь няцрахгүй. Ногооны үеийн адуунд элэг нь няцрах гэж аюул бий. шүү дээ. Ногоо идээд цус нь төлжиж элэг нь их томорсон байдаг. Тэгэхээр олон хоног хагсаавал бүр сайн. Барьж аваад хоёр хоногоос ойрхон газар хөдөлгөнө. Хоёр ойрхон хөдөлгөснийхөө дараа хол хөлслөх хэрэгтэй. Нэмнэж хөлсөлнө. Хөнгөн, хүчтэй морийг задгай хөлсөлж болно. Нэг өнжөөгөөд хөлсөлнө. Хөлслөхгүй морийг амрааж өнжинө. Долдугаар сарын 7-ноос хойш нэг их хөлс ороодоггүй, морины хөлс гүйцнэ. Долооноос хойш хөлс шингэрээд хусахаа ч болино. 
-Хэдэн удаа үсэргэдэг юм бэ?
-Дээр үед ес үсэргэж байсан юм даа. Одоо ч эрт уясан морийг долоо, найм, ес үсэргэж байна. Дээр үед Дархадын гурван отог гэж байх үеийн мундаг өвгөчүүд морины баасыг усанд хөвүүлж байсан гэдэг. Хорголыг нь тэгж хагсаасан гэсэн үг. Адууны харвин дуусаад дотор шалгар буюу танайхны хэлдгээр китайны өөх нь дуусаж найрсаад ирэхээр хорголоо тал гаргадаг юм.  
-Дархадын гурван отог цагаан адуугаараа сайхан нааддаг байв уу?
-Намайг багад нагац Чимэддоржийнд морь унаж байхад хүмүүс Дархадын адууны удмыг Дашдэндэв гэдэг хүн залгилаа гэлцээд ийм түүх ярьж байхыг сонсож байлаа. 1918-1920 оны үед Зөөлөнгийн хүрээнд Андрей гэж наймаачин цагаан орос цай, тамхи мэтийн наймаа авчирч хийдэг байж л дээ. Тэр оростой Дашдэндэв хөзрөөр мөрийтэй тоглоод дархад цагаан адууны хоёр хурдан саарал морийг алдчихаж. Улаан оросоос зугтаж Зөөлөнгийн хүрээнээс Алкадайн булан гэдэгт эхнэр хүүхдээ дагуулж ирээд өнжиж хонож байхад нь монголчууд тэнд байгааг нь хэлчихсэн байгаа юм. Улаан оросууд гүйцэж ирээд буудалцаан болоход эхнэр нь алагдаж, өөрөө нөгөө саарал морийг унаад суманд оногдолгүй зугтжээ. Тэгээд отгийн Зайсан буюу ноён айлд өвөлжиж, хавар нь Тувагаар хойшоо Орос руу буцсан гэдэг. Дархад адуу хурдан гэдгийг энэ түүх нотолдог юм. 
-Бас л сонин түүх байна шүү. 
-Сонин түүх. Түүний дараа отгийн Зайсан баригдаж яваад буцаж ирсэн байгаа юм. Хавар нь Залуугийн заа гэдгээс цагаан гулууз мөнгө олдоход Зайсан “Ламын юм байх” гэж. Лам нь болохоор “Миний юм биш. Улаан хүний юм” гэж. Андрей Зайсангийнд өвөлжихдөө Зөөлөнгийн хүрээнд байсан юмаа хүнээр татуулж, хад асганд нуусан байсан нь тэр байж л дээ. 
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

Д.Энхтуяа



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна