Адуу шиг унтаж, шувуу шиг жиргэж явсан өвгөн шувуу

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 18 -нд

Аавын минь хурдан хүлгүүдыг дурсаж байгаад баярлалаа, та бүхэнд. Хурдан хүлгүүдийн угшлын талаар одоо л бичихгүй бол мартагдана.

Бидний хайртай аав Д.Мятав 1931 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд ард Донойн зургадугаар хөвгүүн болон төржээ. Бага насаа жирийн монгол хүүхдүүдийн адилаар малын захад өнгөрүүлөн аав ээжийн алтан сургаалаар ертөнцийг таньж, эмнэг хангалтай ноцолдон эр бяр тэгширсэн, багадаа морь уралдуулж, бөх барилдахад онцгой сайн хүүхэд байсан гэдэг.


Аав маань хурдан буганууд, хүрэн азарга, хонгор морь, хонгор азарга зэрэг хурдан хүлгүүдээ уяж сойн уралдуулж, аймаг, сумын баяр наадмаас 36 айраг, түрүү хүртсэн эрдэмтэй уяач төдийгүй хурдан морь шинжээч, залуу уяачдын зөвлөх нөхөр нь байсан юм.

Хурдан бугануудын түүх
1950-1966 оны үед Сүхбаатар аймгийн Хонгор, Онгон сумын наадмуудад манай өвөг дээдсийн уяаны олон буган зүсмийн хурдан хүлгүүдийн туурайн чимээ цуурайтан хурдалж, наадамчин олныг гайхуулдаг байж. 
Зөвхөн 1965 оны наадмаар гэхэд л шар буган нь түрүүлж, соосго буган нь айргийн дөрөвт, Лхамсүрэн эмчид өгсөн буган соёолон нь аман хүзүүнд хурдалж, ах дүү буганууд нь бие биеэ өгүүлэн унгалдан янцгааж сүрийг үзүүлжээ. 


Энэ наадамд аав өөрөө барилдаж түрүүлээд гурван даага, гурван уургаар шагнуулж, эрдэмтэй уяач, иртэй бөх гэдгээрээ алдаршаад зогсохгүй “Учиртай гурван толгой” дуурийн Балган ноёны дүрд тоглон сайхан эр, сайн дуучин болохоо нутаг усныхандаа гайхуулж явсан түүхтэй. Аав маань хурдан бугануудаа ах дүүдээ их өгдөг байж.

Буган зүсэм нь хулантай төстэй харагддаг учир Онгол элс хэмээх Монголын их говийн зэрлэг хулангийн цус холилдсон байх магадлалтай. Эдгээр хурдан бугануудын эцэг тал нь Туулай хээр гэдэг говийн хоёр бутыг алгасч харайж (туулай шиг) давхидаг хурдан хээр азарга байж. Эх тал нь жижиг зээрдүүдийн угшил зээрд гүү байж. Туулай хээр азарга, хурдан бугануудыг унаж уралдуулж байсан Э.Андбаатар ах маань “Эдгээр хурдан хүлгүүдийн амыг нь татаж дийлдэггүй байхад Өндөр ах ташуур хөдөлгөлөө гэж намайг зэмлэдэг байж билээ” гэж дурсан ярьдаг.

Хүрэн азарга, түүний үр төлийн тухай түүх
Аав маань адууныхаа удам угсааг таслахгүй, улмаар сайжруулахаар аймаг, сумын хурдан удмын 10-аад гүү авлаа, одоо азарга тавих хурдан үрээ хэрэгтэй байна гэж ярьсаар 1981 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач “ов” Гомбоос хүрэн үрээ авчээ. 
Тэр цаг мөчөөс хүрэн азаргаа уяж Баруун-Урт, Халзан, Онгон, Баяндэлгэр, Дарьгангын сүрэгчин хошуудад айрагдуулж, 1986 оны өвлийн адаг сард Халзан сумын Дөхөмд цуглаж наадсан уралдаанд холхон түрүүлгэжээ. 
1987 онд Сүхбаатар аймгийн 50 жилийн ойгоор намайг сургуулиа төгсөөд наадмын талбай дээр ирэхэд азарганы бариа болж, ганцхан хүрэн азарга хүүхэд нь ташуургүй, овоодойгоороо даллаж хол түрүүлэн ирж байв. Хүмүүс “Энэ танай азарга, түрүүлээд ирлээ” гэж байсан юм. 
Хүрэн азарганы эцэг нь Дарьгангын Дүйдэнгийн хар азарганы үр төл, эх нь хээр гүү. Сэрээтэрийн Жамъяншаравын Босоо цавьдар азарганы төл бөгөөд Халзан суманд дөрөв түрүүлсэн Ямбилийн Гомбосүрэнгийн Аварга хүрэн морины эх, эцэг солиогүй төрсөн дүү гүү нь юм гэдэг.
Хүрэн азаргыг өөрийн хурдан бугануудын эх цавьдар гүүний үр төлтэй цус сэлбэж, ухаа хонгор хурдан хүлгүүд төржээ.


Хүрэн азарга, цавьдар гүүний дундаас эр төл цөөхөн гарсан ч тэр болгон нь их хурдалдаг байв. Хүрэн азарганы анхны эр төл Бомбоот хонгор морь дандаа түрүүлж ирээд барианд орохдоо аман хүзүү, айргийн гурав, дөрөвт баригддаг аатай хурдан хүлэг бөгөөд мөн ч олон удаа магнай тэнийтэл баярлуулсан даа. Аав маань түрүү магнайг (уяаг) нь гомдоосон гэж ярьдаг байв. Адууг уяхдаа эцсийн ирэн дээр нь уяа сойлгыг нь тааруулдаг. Нэг хөлс авах, хагас цагийн хоол идүүлэх, худгийн бүлээн усаар цээжийг шавших, халуун нарнаас хамгаалах, туурайг нь улдаахгүй байх гэх мэт нялх хүүхдээ ээж нь бөөцийлөхөөс ч илүү морио арчилдаг байж билээ. Одоогийнх шиг тэжээл бордоо, эм тариа үгүй. 
Хүрэн азарганы хоёр дахь эр төл болох ухаа хонгор зүсмийн үрээг ураг төрөл болсны бэлэг, эхийн цагаан сүүний мялаалга болгож манай хадам ээжид (Цэрэн) аав минь өгч билээ. Ураг төрөл барилцаж, хурдан хүлгүүдтэй болох дараагийн түүх ингэж эхэлсэн юм. 
Энэ үрээ манай хадам аав Цэрэнтогтохын хурдан хонгор азарга болж, Сүхбаатар суманд 1996, 1997, 1998 онуудад түрүүлж, аймагт айргийн дөрвөөр хурдлан хурдан хүлэг болохоо харуулаад зогсохгүй удам угсаа нь Монголын тал нутагт тархсаар байна. 

Бооцоо хожсон түүх
Яармагийн дэнжид морин тойруулгыг байгуулж, Монголын морин уралдааны холбооноос нэртэй цуутай уяачдыг цуглуулж бооцоот уралдаан анх зохион байгуулах үеэр цугларсан олны дундаас хөдөөгийн нэгэн өвгөн морь шинжихдээ гаргууд сайнаараа танигдсан юм. Тэр цаг үеэс олон уяач манайхаар байнга ирдэг болсон доо. Аав маань 1998-2006 оны үед морин тойруулгын бооцоот уралдаанд түрүүлэх морьдыг гараанаас өмнө удаа дараа зөв таан бооцоонд хожиж, сонин хэвлэлд бичигдэн бидний зүрх сэтгэлд бахархал болон үлдсэн юм.


Хурдан адууны удам угсааг сайжруулах, уяа сойлгыг хэрхэн тааруулах талаар өөрийн хуримтлуулсан туршлага, авьяас чадварыг залуу уяачдад сэтгэл харамгүй зааж сурган, тэдний хувьд буурай аав, сайн зөвлөх нөхөр нь байлаа. 
Түүний хүндэт зөвлөмжийг сонсдог байсан Монгол Улсын Тод манлай уяач, Зул хүрэн хэмээх хурдан хүлгээрээ алдаршсан Ганбат (өдгөө АНУ-д амьдарч буй), “Макс”-ын Ганбаатар, хүргэн Үүрцайх, Баярцогт нар болон бусад олон залуу уяачид өнөөдөр аавыг минь дурсан ярьж, хүлэг морьдоо уяж сойн аймаг, улсын наадам төдийгүй олон улсын бооцоот уралдаанд алдар цуугаа мандуулсаар байна. 
Бидний ачлалт аав 2006 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Аавыг маань бурхан болсны дараа  Монголын морин уралдааны холбооноос “Өвгөн шувуу холын холд нисэн одлоо. Түүний амьдралын бүхий л утга учир хүлэг морьтой салшгүй холбоотой байж, сайн удмын хурдан адуу гаргах, залуу уяачдыг сургах үйлсэд сэтгэл оюунаа зориулж явсан буянтай буурал байв. Орой нь шаргалтан гэрэлтэх Онгон элснийхээ ар өвөрт хүлгийн тоосонд өсч, хурдан морины буян заяа, од хийморьт ивээгдэж явсан тэр шударга зантай, цагаан сэтгэлтэй жинхэнэ Дарьганга эр байлаа. Адуу шиг унтаж, шувуу шиг жиргэж насныхаа ихэнхийг морины уяан дээр өнгөрөөсөн Өвгөн шувуу маань төрсөн нутгаа, аргамаг хүлгүүдийнхээ давхилыг зүүдлэн зүүдэлсээр холын холдоо нислээ.


 Түүний аргамагийн дээд Ажнай хурдан хүрэн азарганы үр төлийн туурайн чимээ Дарьганга төдийгүй Монголын тал нутагт цуурайтсаар байх болно” гэсэн эмгэнэл бичин, төвийн хэвлэлүүдэд нийтлүүлж байлаа. Аав маань насан өөд болсон хэдий ч түүний хөдөлмөрч, шударга зан чанар, гэгээн дүр нь үр хүүхэд, ач зээ, ах дүүс, садан төрөл, найз нөхөд, шавь нарынх нь сэтгэлд үүрд мөнх оршиж, амьдралыг тэтгэгч од нь байх болно.
Хүү М.Цогбадрах

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.