Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 06 -нд

Ороо бусгаа цаг үе хүмүүний амьдралыг тэр гэхийн тамтаггүй сэгсэрч, эх орон элгэн саднаас нь хагацаан, хат суулгадаг аж. Идэр залуу насандаа хар цэрэгт татагдаж, түүнээсээ оргож бусган, хүний газар гүний  хошуунд айлын тогоо өнгийн суух эр хүнд эмзэг бэрх байхаас яахав. Гэсэн ч хатуугаас халширч нугаралгүй сэтгэлдээ нар мандуулсаар эх орон, элгэн садандаа ирж хань ижил, үр хүүхэд, анд нөхдөөр хүрээлүүлэн КИНО шиг амьдарсан нэгнийг уншигч танд танилцуулах гэж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум буюу Их Шанхайн хэцэд хэдэн үеэрээ амьдран суусан Гүмдийнх хоёр хүү, ганц охинтой. Ууган хүү нь Шоорон хэмээх Пунцаг, отгон хүү нь Равдансүрэн.

Эцэг эхийн голомт сахих ёстой Равдансүрэн эр бие гүйцэх үеэс хувь заяаны эргүүлэгт татагдан, хар цэрэгт морджээ. Зугтах арга сүвэгчилсээр гүн шөнөөр гавтайгаа оргож, өглөөн наран мандахад  өвөр Монголын нутагт хөл тавьж чадсан байна. Азаар буян номонд  сүслэгч сайн санаат ламтай тааран, мал хуйг нь эргүүлэн өл хоол залгасаар овоо хэдэн жилийн нүүр үзжээ. Нэг өглөө сайхан сэтгэлт лам өвгөн “За хүү минь чиний нутаг буцах цаг болж. Замын хоол хүнсийг чинь би бэлтгэе. Дуугарахгүй сайн тэмээ олж аваад, хоноггүй яв. Шуурхайхан явна шүү” хэмээн  бачимдуулж.

Учир байдлыг ухан лавлахын сөхөөгүй сандарсан Равдансүрэн тэмээгээ унаж жонжуулсаар Баян-Овоо сумын нутаг Хар заг  орчмоор орж ирэн, Ханбогдод суурьшсан байна.


Шинэ нутаг орон түүний ээдрээт амьдралд цэг тавьж, Хачи өвгөний ганц охин Насанжаргал гэх бүсгүйтэй ханилан арван хүүхдийн аав, ижий бололцон, нэгдлийн хонь, үхэр адуу тэргүүтнийг маллаж, хажуугаар нь наймаа панз үсэргэн амьдрал ахуй, хүсэл сонирхолдоо хөхүлэн дэмжих болжээ.

Хал үзэж,  хүний чанар, мөнгөний цэнийг мэдрэх болсон тэрээр Цогтцэций сумын Амтын Жанцан, Азар Дамиран  нарын уяачидтай дотно нөхөрлөнө. Жанцан уяач Аварга хээр, Зараа хээрээс эхлээд олон хурдан морьдтой ч унах хүүхэдгүй. Равдансүрэнгийн хоёр дахь хүү Хад өвгөний морийг унаж хурдлуулаад шагналд нь гүү, үрээ авч, өөрийн адууны цусыг сэлбэхийн зэрэгцээ эцэг нь наймаа хийн мөн нэмэрлэх. Жанцангаас авсан буурал үрээ хожмоо сайн их насны морь болж, сумын наадамд гурвантаа түрүүлснээс эхлээд дурьдвал цөөнгүй.

Мөн Азар хэмээх Дамирангаас эмнэг хээр үрээ авч соёолонд нь Ханбогд сумын наадамд хол түрүүлгээд Шанхайн хэцийн Момо хэмээх Норовдоржид зарж. Хээр азарга чих султай адуу байсан тул нутгийнхан Дудраа хэмээн нэрийддэг байсан бөгөөд Норовдоржид очоод тэр хавьдаа олон түрүүлж айрагдссан гэдэг.Равдансүрэнд энэ хээр азарганы төл хээр шүдлэн үлдэж, хүү Хад нь уян, сумын наадамд түрүүлгэжээ. Энэ мэтчилэн Равдансүрэнгийн уяж тодруулсан хүлгүүд цөөнгүй. Том шарга, буурал, цэгээн, Шөвгөр хүрэн, Соёолон хээр зэрэг олон хурдан хүлгүүдийнх нь тухай одоо ч нутгийн уяачид ярьсаар байх. 

Равдансүрэн уяач хурдан сайхнаас гадна жороо адуунд дуртай нэгэн. Баян-Овоо сумын Шар Ёндонгоос жороо хүрэн морийг нь 2000 төгрөгөөр худалдаж авч ууган хүүдээ өгч хэсэг шуугиулж байв. Үүнээс гадна Амтын Жанцангийн жороо хээр, Сосорын жороо хүрэн зэрэг тухайн цаг үедээ зартай хүлгүүдийг үнэ цохин авч, бас өөрийн адуунаас үнэд хүргэн зарж чаддаг овсгоотой нэгэн байжээ.

Битүү адуу таньж тодруулахдаа гаргууныг нь мэдэх нутгийнхан “наадам үзэхийг чи мэднэ” хэмээгээд уяатай морьдноос нь хөтлөөд явчихдаг байсан тухай хүү Хад нь дурсан ярьсан.

Товчхондоо Равдансүрэн уяач хүлэг эрдэнийн нууцад нэвтрэн хүний өөрийн олныг баярлуулсан буянтан билээ. Тэрээр 1976 онд 80 дөхөж байхдаа бурхны хүлгийн уяаг тааруулахаар тэнгэрийн орноо оджээ. Өдгөө түүний үр хүүхэд, ач зээ нар нь хүлэг эрдэнийн хиймориор төр түмнээ цэнгүүлсээр байна.

Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна