МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямбадэлгэр: Аливаад чин сэтгэлээсээ хандаж, төгс хийдэг хүнийг сайн эр гэж хэлнэ

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 13 -нд

...2020.12.12-ны бямба гараг. Амралтын өдөр учраас энэ бол миний өдөр. Тааваар амарч, халуун кофегоо амттанаар даруулчихлаа. Бараг л сарын өмнө авсан нэг яриагаа засаж амжилгүй явсаар удсан сан. Энэ удаад “зориг” гаргаад засчихмаар ч юм шиг. Урилга илгээсэн зочид бүр маань өөр өөрийн “өнгөтэй” байдаг. Тэгээд ярилцаж суухад түүнээс аль нэг “өнгө” нь илүү тодордог гээч. Энэ удаад ч ялгаагүй. “Хатан гоо” булангийн ээлжит зочин бол МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэр гийгүүлэгч Г.Бямбадэлгэр гэгч нүд хөмсөг болсон царайлаг бүсгүйд урилга илгээсэн. (Тэрээр Төв аймгийн I 10 жил, МУИС-ийн нийгмийн ажилтны анги, 2015 онд Удирдлагын академийн улстөрийн ангийг тус тус төгссөн) Эхний удаад ажлаа тараад Хүүхдийн 100 хавиар кофе шолт уулзахаар цаг тохирсон. Гэвч Сансараас тийш явах гэсээр хоёр цаг замын бөглөөнд “гацаж” орхиод “бууж” өгөхөөс аргагүй болчихсон. Дараагийн удаад хоёул хаширлаж, миний үдийн цайнаар уулзах болов. Тэрээр цаг 13:00 болоход ажлын үүдэнд ирснээ мэдэгдэн утас цохилоо. Явж очвол Тод манлай гэргийгээ хүргэж ирсэн бөгөөд ойролцоох ресторанд тухлахад тэрээр биднийг түр орхин явлаа. Олон ч наадмын ар дээр түүнтэй таарах ч тэр бол дуу шуу муутай. Гэхдээ хариулт хүссэн асуултанд товхийтэл хариулчихна. Бусдаар чимээгүйхэн нэгэн гэдгийг мэддэг болсон болохоор гайхаад байх зүйл биш л дээ. Ямартаа ч бид коронагийн хөл хорионоос өмнө ийнхүү уулзаж амжсан нь сайн хэрэг шүү хэмээн одоо баярлаж сууна. Өвлийн энэ улиралд уяач эрчүүд уяандаа бэлдээд завгүй. Харин эхнэрүүдийн хувьд амсхийх үе гэнэ. 
Хотод төрж өссөн бидний амьдрал. Хажуугийн сургуульдаа явж, зундаа байрныхаа гадаа эсвэл лагерт дээс, чирта тоглосон шигээ өнгөрнө. Үүнээс цааш нарийн ширийнийг бол ярилтгүй ээ. Өнөө ичмээр дамшиг даа гэдэг шиг гэх үү дээ. Тиймдээ ч хөдөөхи амьдралын талаар мэдэхгүй юм олон гарна шүү дээ. Одоо ч дээрдээд байх юмгүй ч ажил мэргэжлийн онцлог гэх үү. Олон газрын олон сайхан зочидтой яриа өрнүүлээд ирэхээр миний ертөнцөөс өөр болохыг мэдэрдэг юм. Монгол бахархал, монголын өв соёлыг тээгчид байгаад сэтгэл баясдаг юм. Яг энэ мөчид би Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны аяыг чанга дээр нь тавьчихаад, авсан ярианыхаа ба, бэ-гүй нэг бүрчлэн буулгасан хувилбарыг уншиж сууна. Онцлоод авах хөөрхөн, хөөрхөн хариулт олон байна шүү. Энэ бол сэтгүүлч бидний хувьд хамгийн кайфтай хэсэг.


Ээж Ж.Түгээмэл нь цэцэрлэгийн эрхлэгч, сумын захиргаанд орлогч дарга, нийгмийн бодлогын ажилтан. Харин аав нь мал эмнэлэгт жолооч агаад ажлынхаа хажуугаар хурдан хүлгийн дэл сүүл шууна. Бямбаа Төв аймгийн Сэргэлэн суманд төрж өссөн нэгэн. Тухайн үеийнхээ хөдөөгийн хүүхдүүдийн адилаар өвөлдөө хичээл номондоо шамдан, зун болоход эмээ, өвөөгийнхөөр “айлчилна”. Өвөө Батаа ч бас морь уяна. Тэгээд сум, аймаг, улсынхаа наадамд уясан хүлгэдийнхээ шандсыг шалгачихаад, ядарснаа ч үл умартан хөөр дүүрэн ирэхэд гэр дүүрээд л ирдэг сэн. Бас нагац ах Санжаадорж, эхнэр Оюунчимэгийнхэн бол түүний хувьд хоёр дахь гэр. Эдний дөрвөн хүүхэдтэй тэрээр бужигнаж өссөн аж. Энэ гэрийн эзэгтэй шав шувхийсэн ажилтай нэгэн. Энэ нь Бямбаад түүн шиг эзэгтэй болох сон гэсэн сэтгэлийг төрүүлэх бөгөөд хичээн суралцана. Энэчлэн түүний хүүхэд насны дурсамж хөврөх бөгөөд аавынх нь 69 машин, уяаны хэдэн морьд илүү тод санагдана. Эмээ Маахүү ажилсаг, хичээнгүй буурай байлаа. Зундаа эмээ эртлэн босож, үнээгээ саан, хонь хурга, үхэр тугалаа тууна. Цагаан идээгээ боловсруулна гэхчилэн үдшийн бүрийд сая нэг амарна. Ийнхүү хөдөөгийн ажлыг хар бор гэж ялгалгүй хийхийг сургажээ. 
Бямбаа нэг охин дүүтэй. Адтай охид аавыгаа эзгүйд морьдоо хөтлөөд сумандаа наадчихна. Ингэхдээ өөрсдөө эсвэл морь унадаг хүүхэд гуйгаад зохицуулчихсан байхыг яана. Заримдаа бас хөгтэй “наадна” гэж байгаа юм. Нэг удаа Баян сум руу наадамд явж. Морьдоо хөтлөөд гарахад аав нь “Энэ зүг рүү явж байгаарай, араас нь очно” гэж хэлээд мордуулжээ. Явсаар гэгээ тасрахад замын айлд орж мэнд мэдвэл аавынх нь найзынх байж таарав. Гэрийн эзэд охидын морь малыг аргамжин, амсхийгээд авахыг зөвлөв. Нэг сэрэхэд нар мандсан байж. Яг тэр үед шөнөжин охидоо хайсан аав амьсгаа их л дээгүүр орж ирчихээд, сая тэднийг харж санаа амарчээ. Бараг л ааваараа “наадсан” бололтойдог шүү. 

Хөлдөөсөн аарцаар цай сүлсэн хөгжилтэй түүх бий

Тэр нэгэн жил ...
Буга намнаач нь манайд 
Булга зүйгч нь танайд 
Эрээд олддогүй эрдэнэ 
Сураад олддоггүй сувд танайд байгаа юм байна... 
хэмээн бэлгэтэй сайхныг хэлцсээр Д.Онон Тод манлайнхан бэрээ гуйжээ. 
Бямбаагийн аав нутгийнхны жишгээр эхний хадаг дээр “гүрийж” нэг үзсэн удаахид нь ахин “аашилж” төвдсөнгүй. Хадгийг авснаар гуйсан гийчдийн нар гийж, идээ ундаа бололцон, халуун яриа хөөрөө өрнүүлсэн нь мөн л өчигдөрт үлдсэн сайхан дурсамжуудын нэг. Танхил насаа гэртээ үлдээгээд хүний хүн болно гэдэг сайхан. Гэсэн атлаа бас бяцхан айдастай. Төрсөн гэрээс явна гэдэг хөнгөн гуниг зүрхэнд мэдрүүлэх нь бий. Харин Бямбаагийн хувьд хүүхэд байхаас мэдэх учраас хадмын өндөр босгод түүртсэнгүй. Багаас Онон ах, Мөнхөө эгч хэмээн гэж дадсан атал нэг л өдөр аав, ээж гэж дуудах болчихоод хэл ам эвлэхгүй сандарч явсан хөгжилтэй түүхийг эс тооцвол шүү дээ. Харин өнөөдөр бол энэ айлын бэр болсон нь хариуцлагатай байх ёстойг сануулсан гэх. Уяаны ид ажлын үе, баяр ёслолын үеийн дэг ёс гээд л мэддэг атлаа мэдсээр л байх ёстой зүйл олон гарна. Уяачийн гэргийн хувьд хэн байх ёстойн жишээг хадам ээжээс харж үлгэрлэнэ. Энэ тухайгаа ярьж суухдаа ийм нэгэн хөгтэй түүхийг сонирхуулсан юм. Хадмындаа анх оччихоод байсан өвөл. Онон уяач олон хүнтэй гэртээ ороод ирж. Бямбаа гаднаас хөлдүү сүү оруулж ирэн цай чанавал дэврээд, тогоо даван асгараад байж гэнэ. Олон зочид хараад байдаг. Харин тэрээр учрыг нь олохгүй дэмий л сандарна. Тэгтэл хөлдөөсөн аарцаар “цай сүлчихсэн” байж таарчээ. 


Үүнээс нэг их удалгүй О.Батбилэгийнх гэж айл гал голомтоо бадраан, хаан бугуйвч, хатан сүйхээ солилцсон юм. Д.Онон уяач адуу манах хүүгээ 10 гаруй настайд, өрх тусгаарлах гэрийг нь зэхчихсэн байсан нь чамбай эр болохыг төвөггүй харуулах аж. Тухайн үед сийлбэртэй том гэр ховорыг ч хэлэх үү. Гоё гэж жигтэйхэн. Ингээд Өлзийт хороололд аавын зэхсэн гэрт хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 14 жил өнгөрсөн гэнэ. Одоо гэрийн эзэн, эзэгтэй нар анхны энэ гэрээ жүчээндээ барьчихаад, үе үе очиж, халуу дүүгтэл галлан, тогоон дээр хоол унд болон бужигнах дуртай. Эд дунд сургуулийн дээд, доод ангийнхан ч тэр болгон тааралдаад байхгүй. Ямар сайндаа л эмээ, өвөөгийнхөөр зусахдаа анх танилцаж байсан гэх. Тухайн үедээ Бямбаа чихээрээ дурлачихсан гэх. Нутаг нугынхан Ононгийн хүүг аав ээждээ тустай, элдэв аашгүй, даруу төлөв гээд л ам уралдан, хэлэлцсэн мэт сайшаана. Энэ нь бүсгүйн чихэнд “чимэгтэй” сонстоно. Тэгээд танилцаж дотносоод ирэхэд үүн дээр өөрийн бодолтой, их зорилго тэмүүлэлтэй гээд ахиад олон сайн чанаруудыг олж харах нь тэр. Харин одоо бол дуунд гардагчлан энэ амьдрал “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” болохыг өөрийн биеэр мэдэрнэ. Сэтгэл зөв бол торох зүйл тэр болгон таараад байхгүй. Хүссэн, хүсч байсан бүхэн маань бүтдэг би азтай шүү хэмээн гэрийн эзэгтэй бахархал дүүрэн амьдарна. 


Морь түрүүлсэн наадмын орой

Энэ бол амьдралын бас нэгэн аз жаргалтай өдрүүд. Гэрийн эзэн жил тойрон өөрийгөө “сойсон” учраас гэртээ тогтохгүй ажил ихтэй. Гэргий орсон гарсны цай хоол унд зэхээд өчүүхэн ч чөлөө завгүй. Гэсэн хэрнээ мордсон хүүхэд, морьдынхоо тухай сэтгэл чилээн сураг тавина. Ер нь наадмын орой эднийхэн бүтэн нойртой хоносон удаагүй. Үүр цайхтай зэрэгцэн босож, цайгаа чанаж, идээ ундаа бэлтгэн, манаанд явсан гэрийн эзнийг хүлээнэ. 


Шинэ өглөөний нар шинэ мэдрэмж авчирч, Хүйн долоон худгийн нов ногоон дэнжид цагаан хоолойгоор уртын дуу эгшиглэн, уралдах морьдоо бүртгүүлж эхлэхийг сануулна. Саяхан эл хуль байсан бол төдөлгүй машин тэрэг, гоёлоо өмссөн наадамчид хаа сайгүй холхино....гээд энэ өдрийн зураглал хамгийн гоё нь. Өнгөрсөн хугацаанд Бямбаа нэг жил наадам үзэлгүй өнжжээ. Анхны хүүгээ төрүүлчихээд Улаанбаатарт тв харсан шигээ наадамлаж. Дараа нь бол үүн шиг ингэж тухласан нь ховор. Тэгээд орж ирж байгаа морьдыг хараад нулимс дуслуулсан суусан аж. Түүнээс дөрвөн жилийн дараа Максын 20 жилээр Пүрэвийн Мэндээгийн хар морийг бяцхан хүү нь унаж хурдлуулжээ. Битүүхэндээ эмээж байсныг ч хэлэх үү. Тэр уралдааныг зурагтаар үзэж чадахгүй гэрээс гараад ирнэ. Тэгсэн атлаа бас холдож чадахгүй эргэн хорогдоно. Тэгтэл халзан толгойтой жижигхээн “нөхөр”-ийг түрүүлээд ороод ирэхэд санаа чилээж суусан ээжийн нулимс зүгээр л сул асгарчихсан гэх юм билээ. Ааьынхаа уясан морийг, анх удаа хүү нь унаж, болоогүй түрүү магнайд хурдлуулахад гэрийн эзэгтэйд юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг төрүүлжээ. Энэ бол мэдээж сайхан дурсамжуудын нэг. Тэр жилээс хойш хүү нэлээдгүй наадамд одтой сайхан наадаж байгаа юм. 


Тэр Монголынхоо өв соёлыг тээгчдийн нэг болж яваадаа баярладаг. Эндээс тэр монгол бахархал, омогшлыг илүү мэдрэх учраас сэтгэл өег явна. Хүний амьдрал гэдэг алхам тутамд суралцсаар байдаг билээ. Түүн шиг тэрээр өдгөө ч өвгөдөөс өвлөн ирсэн ёс заншил, уламжлал, дэг ёсонд суралцсаар. Сурсанаараа үеийнхэндээ үлгэрлэсээр л. Энэ бүхэнд шинэ үеийнхэн суралцсаар. Наад зах нь эдний багачуул хөөрөг зөрүүлэн, подхийтэл мэнд мэдчихнэ. Олон жилийн баяр наадмын уралдаанч нөхдүүдээс яриа авлаа. Хэрсүү нь дэндсэн гэмээр атлаа мэдэхгүй ч юмгүй болчихсон эгдүүтэй хүмүүс дээ, тэд бол. Заримдаа асуултандаа өөрөө унах шахна гээч. Эдний хүүгээс ч хэд хэдэн удаа яриа авч байсан. Хүүхэд бол хөөрөөд би Ононгийн ач гээд л дуржигнуулж болмоор. Тэгтэл өвөөгийн уясан морийг унаж хурдлууллаа гэх жишээний. Түрүүлж дуугардаггүй догь эр байгаа юм. 


Хүндлэл байж аз жаргалтай амьдардаг

Ажил үйлс нь өөдрөг байгаа эрчүүдийн цаана түүнээс ч хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг. Мундаг үг шүү. Ажиглаад байхад нөхрийнхөө ажлыг дэмждэг, гар бие оролцон тусалдаг бүсгүйчүүдээс олон сайхан чанарыг харж болно. Ер нь эр нөхрөө дээдэлж яваа айл доройтдоггүй. Хүндлэл байж аз жаргалтай амьдардаг тухай гэргий ярина. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гэрийн ажлыг чиний, миний гэж үл ялгана. Эхнэр завгүй бол Манлай гэрийн доторхийг амжуулах аж. 


Бас хаа нэг гарын гуляшаа хийж гэр бүлийнхнээ дайлна. “Даанч тэр нь жилдээ 2-3-аас хэтэрдэггүй юм. Ховор болоод тэр үү гуляштай өдөр бас л гоё шүү дээ” гэнэ. Цааш нь “Хүмүүс том цолтой уяач гэж боддог ч заримдаа хүүхэд шиг зан гаргана” гэж нөхрөө хайрлаж, өхөөрдөхийн завсар үг унагана. Эдний гэр бүлийн олон дурсамжийг бид энд сөхсөн. Сүүлд л гэхэд коронагаас өмнө Европын орнуудаар аялж амжжээ. Эх орондоо бол Сэлэнгээс бусдаар наадамлаж эсвэл аялал зугаалгаар явсан аж. Онон уяачийнд өссөн Ихбаяр, Батаа нар гэр бүлийн найзууд. Тийм болохоор шинэ жил, цагаан сараар халуун бүлээрээ цуглах нь олонтаа. Тэр дундаас шинэ жилийн баяр онцгой болдог гэнэ. Учир нь Тод манлай уяач Д.Ононгийн төрсөн өдөр давхар тохиодог болохоор улсын том цолтнууд нэг дор цугладаг “одтой” өдөр гэлтэй. 


Энэ баяраар тэд ажлын амжилтаа дүгнэнэ. Батбилэг сүүлийн хэдэн жилүүдэд тогтмол ММСУХ-ны шилдгүүдийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж яваа чансаатай уяачдын нэг билээ. Үүнд чих тавьж суудаг гэргийн найзууд Бямбаадаа “Тэргүүн хатагтай”-н “титэм”-ийг олгосоор мөн дөрвөн, таван жил болчихож. Хэдийгээр тоглоом наадам мэтээр өнгөрөөж болох ч хань нөхрийн амжилт түүнийг хичээх ёстойг он цаг уралдан сануулах ажээ. 

Бид энэ амьдралаа өөрсдийн гараар бүтээж яваа

“Хадам аав маань холын бодолтой хүн шүү. Хүүхдүүддээ амьдралын ухаан, арга барилыг нь зааж өгсөнөөс бэлэн хогшил бэлтгээгүй. Энэ бол их том хөрөнгө оруулалт. Нөхрийн маань өнөөдрийн амжилт багаас сурч дадсан амьдрах ухаантай холбоотой гэж боддог юм. Бид энэ амьдралаа өөрсдийн гараар бүтээж яваа болохоор амттай санагддаг. Болоогүй энэ тухайгаа дүү нартаа захина. "Хоёулаа мөр зэрэгцэн зүтгээд бай гээд л хөгшчүүл шиг хэлнэ ээ” хэмээн үргэлжлүүлсэн билээ.
Амжилт эндээс эхэлсэн. 2006 он. Гэрийн шинэхэн эзэн тухайн үедээ Г.Батхүү агсны морийг уядаг байв. Цалин 100 мянга гаргаад авах бөгөөд ээж, хүү, аав гурав хөөрхөн болгочихно. Тиймдээ ч “Тэр бол бидний амьдралыг аз жаргалд хөтөлсөн” гэж дурсах дуртай. Нэгэн хөгжилтэй түүх сөхөхөд хаа нэг Өлзийтөд машин ирвэл өнөө гурав хувцсаа цүнхэлж яваад л хот руу дайгдчихна. 


Заримдаа Дугараа Тод манлай жижиг цагаан машиныг гуйж унаад хот гарна. Заримдаа уулзвар салах газарт давчихаад “бүтэлгүйтсэн” улс гэр рүүгээ буцна. Харин одоо бол Тод манлай шаггүй жолооч болсон гэх юм билээ. 
Түүнээс хойш олон ч хүний морийг уясны нэг нь Тод манлай уяач Пүрэвийн Мэндбаяр байв. Эдний гэр бүлийн хувьд тэрээр хүндэлж явдаг улсын нь нэг. Тиймдээ ч сэтгүүлийн ярилцлагаар “Таныг хүндэлж явдаг шүү” хэмээн үг дайгаад авсан юм. Эдний галын уяачдын хувьд уяаны ажил эхлэнгүүт өөрийгөө сойчихно гэж байгаа юм. Ялангуяа наадмын өдрүүдэд нойр хоолыг мартчихсан нь явна. Тэгээд наадмаар өмсүүлэхээр зэхсэн дээл, малгай нь томдоход өөрийн эрхгүй өр өвдөх сэтгэл төрнө. Эдний гэрийн эзний хувьд ажлыг хэн нэгэнд гэж даатгах дургүй нэгэн бөгөөд бүхэнд өөрийн биеэр оролцож сая нэг санаа амарна. Аливаад сэтгэл зүрхээ зориулж ажиллана.


 Үүнээс гэргийд “Аливаад чин сэтгэлээсээ хандаж, төгс хийдэг хүнийг сайн эр гэж би хэлнэ. Дуучин, улс төрч, уяач хэн ч бай. Хийж буй зүйлдээ төгс байж амжилт үзүүлэх хэрэгтэй. Тийм эр хүний дэргэд байгаа бүсгүй хүн ч аливааг төгс хийхийг эрмэлзэж, суралцдаг” хэмээсэн бодол төрнө. 

Хүү маань уяач болно гэдэг

Саяхан л эжийгээ уйлуулан морь унаж сурч байсан хүү нь өнөөдөр “Би л морь уяхгүй бол өөр хэн уях вэ дээ, ээж минь” хэмээн хэзээний том хүн шиг яриа өрнүүлнэ. Энэ мэт ярианы дараа ээж нь өвөөтэйгээ дэндүү адилхан болж байгааг нь өөрийн эрхгүй олж харна. Арга ч үгүй бололтой. Тэрээр өвөөгийн амины хүүд зөвхөн өвөөтэйгөө булагнах юм олон гарна. 


Ээж хүүгийнхээ адуучин болох мөрөөдөлд “буугаад” өгчихсөн. Учир нь адуу маллаж, морь уяна гэдэг амаргүй ажил болохыг биеэр мэдэх учраас хадам аавынхаа хичээл зүтгэлд ямагт хүндэтгэлтэй хандана. Бямбаа ухаан орохын л адууны захад өссөн нэгэн. Тиймээс өнөөдрийг хүртэл адуутай “нөхөрлөж” яваа болохоор “Адуу дагасан хүн муу явахгүй” гэж хэлэх дуртай. Хүүхдүүд бол адуу дагаад буруу замаар орохгүй. Адуу дагасан олон эерэг зүйл бий. Үүний нэг нь хүмүүжлийн ач холбогдолтой гэж онцолсон юм. Тэгээд эзнээ олон жил баярлуулсан хурдан буянгууд чинь хайртай дотных нь хүн шиг болчихдог.


 Олон жил айраг түрүүнд давхиад ирэхэд нь  өөрийн эрхгүй л нулимс унагадаг юм. 2017 оны наадмаар Сугарын хул азаргыг хүү нь унаж хурдлуулжээ. Барианы үзүүрт хул азарга 7-гоор орж ирж байснаа нүд ирмэхийн зуурт урд талын хоёр адууныхаа хажуугаар дайраад тавлачихаж. Тэгээд олон жил уралдахаар барианы шугамыг мэддэг болчихдрг байх аа гэж ярихдаа ч баяр бахдал дүүрэн байгаа нь нүднээс нь харагдана. 
Олон хүний хичээл зүтгэл улс бүсийн наадмын амжилтыг авчирдаг. Ид уяаны үеэр эднийд 30-аад хүүхэд, 10-20 туслах уяач, уяач бүрийн ард сэтгэлээрээ дэмжин суугаа гэр бүлийнхэн гээд нэмбэл багагүй тоо гарах гэнэ. 

Урилгыг хүлээн авсан ГЭРГИЙ танд баярлалаа. 

П.Ундраа


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.