Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг дов нь дууддаг юм билээ

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 18 -нд

Хүн чаддаг мэддэг, өөрт ойр зүйлийнхээ талаар итгэл дүүрэн, сэтгэлд хоногштол ярьж чаддаг. Одоо танд танилцуулах эрхэм бол тийм л нэгэн. Онгон сумын нэрийн хуудас болсон ах дүү азаргануудын амжилтыг цээжээр ганц ч түгдрэлгүй хэлдэг энэ хүнийг Шарын Мөнхбаясгалан гэдэг. Хурдан морь сонирхогчдын нэлээд нь эчнээ таних байх. Учир нь тэрээр хол ойрын хэнтэй ч болов яриа дэлгэж, чадах мэдэхээрээ харамгүй тусалдгаараа зартай юм билээ. Бид түүнтэй Баруун-Урт сумнаа уулзаж, дэлгэр яриа өрнүүлсэн ч сэтгүүлийн хуудаст захирагдан танаж хасан хүргэж байна. Тэрээр 1973 оны зун Шүүт хөөвөр хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд эрийн гурван наадмын хоёрт оролцон аймгийн Алдарт уяач, сумын Заан цолыг тус тус хүртжээ. 

Мөн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Нутгийн бахархал одон, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, ММСУХ-ны Уяачийн алдар одон, АХ-ын 80, 90 жилийн ойн медаль, Онгон сумын 90 жилийн ойн медаль, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан байна.

-Онгон сумын сэтгүүлийг хийх болоод морь сонирхогчдоос тандалт авахад “Шарын хүрэн, Шарын хар азаргануудын талаар сайн тодруулаарай” гэсэн хүсэлт давамгайлж байсан. Сум орон нутгийн нэрийн хуудас болсон цуут хурдан хүлгүүдийнхээ удам угшил хийгээд амжилтын товчооны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. 
-Манай хоёр азарга бол Дарьгангын Дүйдэнгийн харын угшилтай. Аавын хамаатан Хөдөлмөрийн баатар Гомбо гэж хүн Дүйдэн гуайгаас хар азарганых нь төл хар үрээг авч азарга тавьсан. Манай хоёр азарга Гомбо гуайн хар азарганы бие төл, ах дүүс юм. Хүрэн азарга 1982 онд шүдлэн үрээ суманд айргийн дөрөвт, 1983 онд Дарьганга сумын наадамд очиж ахин айргийн дөрөвт хурдалсан. 1984 онд сумандаа түрүүлсэн. Тэгэхэд хар азарга даага мөн түрүүлж байлаа. 1985 онд манай сумын 60 жилийн ой тохиосон ч гантай байсан тул Халзанд очиж уралдан хар азарга шүдлэндээ хол түрүүлсэн. Бараг 2-3 км зайлсан байх. Хүрэн азарга хавчиг, хэдэн гүү хураачихсан, туранхай байсан тул наймаар давхисан. 1986 онд сумандаа уралдаж хар азарга хязааланд, хүрэн азарга азарганд түрүүлсэн. 1987 онд хар нь соёолонд, хүрэн нь азарганд дахиад түрүүлсэн. 1988 онд манайх Сүхбаатар сумын урд талын говиор оторлосон юм. Тэр жил аймгийн наадамд уралдах морьдод урилга өгөөд олон сумын сайн азарганууд цугларчихсан замбараагүй өтгөн уралдаан болсон юм. Тэгсэн 10 азарга хоцроочихож. Морины комиссынхон номерийг нь хурааж аваад буц гэсэн боловч өнөө хэд чинь үгэнд нь оролгүй цуварч явсаар байгаад эргэсэн азаргануудтай нийлчихгүй юу.


-Танай хоёр хоёулаа уралдаж байсан уу?
-Тийм. Манай хар азарга гараад л ганцаараа тасарчихдаг, адуутай хавирдаггүй. Ер нь бол бид зайг нь харна уу гэхээс түрүүлэх эсэх тухайд эргэлздэггүй байж. Түрүүлэхдээ ч зайтай л ирнэ. Хүрэн азарга болохоор бие нь халж ирээд, хоёр тарны газар өнгөрмөгц шууд тархинд очдог. Явуулбал хар дээрээ очно, явуулахгүй бол очдоггүй. Азарга эргээд 3-4 км явж байтал замаас хоёр азарга нийлсэн. Хар азарга сурсан зангаараа уралцаад урд нь гарч тасартал, дараагийн хоёр азарга ороод ирж. Тэдэнтэй уралдаад мөн л өмнө гартал дараагийн хоёр азарга ирээд нийлсэн. Ингээд уралцсаар суух маягтай болж байтал хүрэн азарга очиж нийлээд, замаас нийлсэн дөрвөн азаргатай уралдсаар түрүүлсэн юм. 
-Хар азарга хэдэд орсон бэ?
-10-даар орсон. 1989 онд Сүхбаатар суманд очиж уралдаад хүрэн нь түрүүлж, хар нь аман хүзүүдсэн. 1990 онд хүрэнгийнхээ ахар сүүлийг азарганд хазуулаад суманд уралдуулж чадаагүй. Хар нь суманд түрүүлчихээд Алтан овооны тахилгад очиж 10-даар давхисан. Суманд уралдсан болохоор тамир муутай байсан байх. 
-Алтан овооны тахилгад хүрэн азарга тань түрүүлсэн биз дээ.

-Түрүүлж ирээд аман хүзүүдсэн. 1991 онд хүрэн азаргаа уяагүй, хар нь суманд түрүүлсэн ч зургаад барьсан. 

-Яагаад?

-Манай хар, Ганболд ахын халиун азарга хоёул тасарчихсан явтал арынх нь азарганууд зам дөтлөөд зэрэгцээд ороод ирсэн. Морины комиссынхон дөтөлсөн азаргануудыг бариад манай хар, Ганболд ахын халиун айрагт багтаагүй. 1992 оны тухайд хар, хүрэн хоёул аймгийн наадамд явсан. 
-Аймаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байж. 
-Тийм. Хүрэн азарга их ааширхаг адуу л даа. Азаргатай ноцолдоод уралдаж чадаагүй. Хар нь болохоор говийн сунгаанд хурдан байсан ч хөлийг нь эвгүйтүүлчихээд бас мордуулаагүй. 1994 онд хүрэн азарганыхаа зодгийг тайлна гэсэн бодолтойгоор уяж, сунгаанд айрагдсан ч Асгат сумын наадмаар арав гаргаж давхисан. 
-Хэдтэй зодог тайлсан юм бэ? 

-1980 оны унага шүү дээ. Асгатын наадамд манай дүү Мөнхбаатар 15 настай азаргаа унаж уралдаад 10 хэдээр ирж байсан. 
-Ах дүү азаргануудын эх ямар гүү байсан юм бэ? 

-Манай унаган адууны хээр гүү. Аавын ах нь Чулуунбор гэж мундаг уяач байгаад 1984 онд нас барсан юм. Тэр хүн Гомбо гуайн хар азарганд гүү тавиад 1981 онд эр хүрэн, 1982 онд эр хар, 1983 онд бас нэг эр хар унага гарсан юм билээ. Эхний хар нь хязааландаа сумын наадамд наймлаад хүнд зарагдсан. Авсан хүн нь үр төлийг нь авах сонирхолтой байсан юм уу, айхтар шамдаж уяагүй шиг байна лээ. 


-Хоёр шаргыг харьцуулж ярих нь элбэг. Та хувьдаа ах дүү хоёр азарганыхаа алийг нь илүүтэй тоодог вэ?

- авыгаа багаас дагасны ач юм уу, адуу гадарлана аа. Манай хүрэн азарга бол өргөн, гоё, зам дүүрэн адуу шүү дээ. Ааш зангийн хувьд шаралхуу. Энгийн үед унахад цогихоос хэтрэхгүй. Болоогүй хазна, хайрна. Эхний хэдэн хөлсөнд явахгүй. Бие нь хөнгөрөөд гоё болоод ирэхээрээ санаан зоргоор явна. Гэхдээ явуулъя гэвэл шүү дээ. Явуулахгүй бол явахгүй. Хээлтэй гүүтэй тарлахад яг өмнө нь л ирнэ. Тэгэхэд хар азарга бол хэдэн ч адуутай тарласан 300-400 метр тасарч хол ирдэг.
-Хүрэн азарга бахим элбэг адуу байна лээ. Хар нь ямархуу хийцтэй адуу байсан бэ?

-Хар азарга тоомсог шиг өндөр биерхүү. Багцаагаар 145-аас дээш гарах байх. Одоо бол шууд хасагдана. Хавар эрт гараад чихээ хөлдөөчихсөн, мөлүү чихтэй. Хэдэн ч адуу байсан гараад л арилдаг, гараа сайтай, хурдтай адуу байсан. 
-Хүрэн азарга хэдий үеэс аавын тань өмч болсон юм бэ?

-Ах дүүсийн адуу нэг л байдаг шүү дээ. Хэдтэйд нь юм бэ дээ, хүрэн азаргаа дүүдээ өгсөн юм билээ. Ер нь бол аав нэгдлийн адуу маллахын зэрэгцээ морио уядаг. Ах нь багийн ажилтай. Яг наадам болохоор аав үлдээд, ах нь морьдоо аваад явдаг байсан юм билээ. Манай тэр Чулуунбор ах үнэхээр сайн уяач байсан. Нутгийнхан одоо ч ярьдаг. 
-Шарын хүрэн, Хүүхдүүдийн харын угсаатай хэмээн ярих уяач Онгон суманд олон таарч байна. Хурдан азарганууддаа ямар удмын гүү хураалгаж байсан бэ? 
-Манай азаргануудын үр төл зөвхөн Онгонд гэлтгүй хурдалсаан. Жишээлбэл, Онгуу Манлай манай хамаатан. Манайхаас хар азарганы төл хар үрээг авч азарга тавиад аймгийн наадамд айрагдуулж байсан. Мөн зүүн чигийн адуунууд уралддаг Шаргын уулын уралдаанд айрагдуулж байлаа. Тэр одоогийн “Жавхлант шарга” юм уу даа. 
-нгуу Манлайтай хамаатан гэж мэдээгүй юм байна. 

-Онгуу ах өөрийн шаргууд дээрээ Махбуриадын улааны угшлаас авч нэг хэсэг хурдлуулсан. Манайхаас авсан хар үрээндээ өөрийн адууны охиныг нийлүүлээд гарсан эр болгон нь шахуу давхисан шүү. Улсад айрагддаг адуунууд ч тэдний төлүүд. 


-Хэрвээ та санаж байгаа бол азаргануудынхаа эр төлүүдийг нэг бүрчлэн хэлээд өгөөч.

-Хүрэн азарга төл олонтой. Ороо ихтэй, дээрэлхүү адуу байсан. Хар азарганыхаа гүүг хүртэл хураачихдаг. Ийм ярилцлага авна гэж хэд хоногийн өмнө мэдсэн бол ийш тийшээ гарсныг нь мэдчихнэ шүү дээ (инээв). Санаж байгаагаасаа хэлбэл, Асгатын Оохоо хар азарга бол манай хүрэн азарганы төл. Эзэн нь болох Баярсайхан ахын цэргийн найз юм. За, мөн хүрэн азарганы төл хоёр ч хурдан хүрэн морь надад байлаа. Ер нь бид хоёр азарганыхаа эр төл болгоныг нь уядаг. Уясан болгон нь давхидаг. Энд тэр болгоныг яривал замбараагүй юм болох байх. Товчхондоо би 1994 оноос хойш морь уяхдаа сумын наадмаас айраг алдаж үзээгүй. Нэг морь уясан ч айрагдаж л байдаг, 10 морь уясан ч тав нь орж л байдаг.
-Онцгой амжилт үзүүлсэн зарим нэгийг нь дэлгэрүүлэн ярьж болно шүү дээ.

-Сумын Шилдэг үрээгээр шалгарсан хонгор халзангийнхаа талаар ярих уу. Манайх Онгуу Манлайгаас шаргуудынх нь угшилтай шарга халзан үрээ авч, азарга тавиад хар, хүрэнгийнхээ охин төлүүдийг хураалгасан юм. Хүрэн азарганы төл хонгор гүүнээс хоёр охин, нэг эр унага гарсан. Ганц эр нь энд 16, 17 айрагдаад Булган руу зарагдсан. Тэнд очоод бас 10 гаруй айрагдсан байна лээ. Хоёр охин төлийнх нь нэг нь “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэд очдог Ангир шарга морины эх шарга халзан гүү юм. Ангир шаргын дүү нэг шарга халзан адуу Үнэнбаярт бий. Ахиад нэг зээрд халзан адуу Дорноговь аймагт даагандаа түрүүлж, аман хүзүүдсэн. Тэр олон түрүүлсээн. 
Харин нөгөө гүүнээс нь говийн нэрт уяачид болох Дэмчигцоодолын Эрболд, Эрдэнэбулган нарын Даншиг цагаан, Амин хонгорын эцэг хонгор азарга гарсан. Сумын Шилдэг үрээгээр шалгарсан миний хонгор халзангийн ээж бол Ангир шаргын эгч юм. Өөрөөр хэлбэл, аавын хүрэн азарганы төл хонгор гүүнээс шарга халзан гүү гарч, шарга халзангаас хонгор гүү, хонгор гүүнээс хонгор халзан үрээ маань гарсан. Энэ ярилцлаганд гарчиг байна байх. Өөрт чинь санал болгоход “Түрүүлэх адууг дов нь дууддаг юм билээ” гэвэл ямар байна. Яагаад ингэж онцолж байна гэхээр миний хонгор халзанг үнэхээр дов нь дуудсан. Даагандаа дөрөв уралдаж, дөрөв айрагдсан. Шүдлэнд нь уяж байтал эхний давхил дээр гахай нь ойчоод доголчихдог юм. Доголон болохоор ажил хийж болдоггүй, өдөртөө 3-4 баалгаад л уячихдаг. Тэгсээр байтал наадам хаяанд тулаад уяачид морьдоо ачиж байна аа. Манай Мөнхбаатар морьдоо ачихад нь би “Миний үрээ доголоод байна, би үлдэнэ ээ. Энэ жил наадам үзэхгүй юм шиг байна” гэж хэлээд явуулчихлаа. Морь уясан цагаас эхлээд сумын наадмаас айраг алдаж үзээгүйг хэлэх үү, эвгүй л юм билээ. Тэгээд ээжтэй нь яриад уралдаанчаа явуулчихсан. Орой хонь руугаа явахдаа хүүдээ “Миний хүү, үрээгээ тавьчихаарай” гэсэн “Аав аа, нэг баалгах уу” гэж байна. “Одоо яах юм, наадамчид явчихаад байхад. Тэртэй тэргүй өнгөрсөн” гэтэл “Баалгачихъя л даа” гэдэг юм. Би мотоцикльтой хонь руугаа хөдлөх гэснээ гэнэтхэн совин татсан уу яасан, хүүгийнхээ араас очихгүй юу. Доголох нь гайгүй болоо болов уу гэдэг горьдлого бүр тасарчихсан байсан л даа. Тэгсэн харин өнөөх маань доголохоо байчихаж. Маргааш нь ачиж давхиад нөгөөдөр нь уралдуулж түрүүлгэсэн. Дунд болон их сунгаа хийгээгүй зургаан километрт ганцхан хөдөлгөсөн адуу 90 жилийн ойд түрүүлсэн Энхболдын хээр халзанг дийлээд түрүүлсэн. Хоёул хол тасраад, үзүүр дээрээ миний үрээ зайлаад алга болсон. Ийнхүү хонгор халзан маань гайхамшиг үзүүлсэн учраас би хүмүүст “Түрүү морийг дов нь дууддаг юм байна аа” гээд хэлсэн, хамрын самсаа шархирч байна лээ.


-Үнэхээр их догдолж. Аргагүй юм даа. 

-Анх айраг амсаж байгаа шиг л хөөрсөн. Гэтэл би чинь морь уяад 20-иод жил болохдоо дүү нартайгаа нийлээд том, жижиг наадмын 300 гаруй айраг, түрүү хүртсэн хүн шүү дээ. Өчнөөн л гоё дурсамж бий. Гэтэл хонгор халзан дээрээ догдолж үзээгүйгээрээ догдолсон. Үнэн үү, зүүд үү гэж бодогддог юм билээ (инээв). Хамгийн гол нь аман хүзүүддэг халзан нь сумын 90 жилийн ойд даагандаа түрүүлсэн адуу. Тэр утгаараа бас илүүтэй баярласан байх. Би үрээгээ ачаад явж байхдаа “Очоод доголвол хийморийн овоогоо тойруулаад буулгачихна” гэсэн тооцоотой байсан юм. Би мориныхоо медалийг авч явдаггүй хүн. Тэр өдөр үрээнийхээ медалийг нь хүртэл аваад явсан. Доголчихвол медалийг нь зүүлгээд ёсолчихъё гэж бодоод. 
-Үнэхээр таны хэлсэнчлэн дов нь дууджээ.

-Дараа нь аймагт очиж уралдсан. Суманд ажилгүй шахуу 11 хоног зогсоод түрүүлгэчихсэн хүн чинь ажил авчихсан гээд аймагт баавартай ирнэ шүү дээ. Тэгээд хоолыг нь дутаагаад айрагдуулж чадаагүй. Ингэж хэлэхээр хүмүүс “Чи хоолыг нь дутаахаар бид аргагүй шүү дээ” гэдэг юм. Надаас том уяачид ч дутаадаг л байхгүй юу. Морь уяхад насаараа суралцана гэдэг биз дээ. 
-Морь уяхад насаараа суралцаж, наадмаас наадмын хооронд ухааждаг хэмээн ахмад уяачид ярьдаг шүү дээ.
-Хэл мэдэхгүй амьтан шүү дээ. Түүнийг мэдэрч уяна гэдэг амар биш. Халзан үрээ хязааландаа долоон адуутай бөөн орж ирээд аман хүзүүдэхэд тавын пайз өгч байна лээ. Би юм үзсэн хүн. Маргаан мэтгээн хийгээгүй. Асрынхаа өмнө зогсож байхад хаана байх нь ямар хамаа байхав. Тэгээд ч манай аав “Морь хурдалж болно. Хэнтэй ч битгий маргаж байгаарай. Комисс нь шийдэг гээд миний хүү зогсож байгаарай” хэмээн чухалчлан захидаг юм. Би тэрийг зарчим болгодог. Дараа жил нь соёолон дөрөвлөж, хавчиг азарга өнжсөн. Байгалиар нь тамир тэнхээ авахуулъя гээд ноднин сайхан эдлээд тавьчихсан. Энэ жил долоотой азарга, үзнэ дээ. Аймаг болон бүсийн уралдаанд 10-т давхиснаас бусдаар мордсон болгондоо түрүүлж, айрагдсан. Нийт 12 уралдаж, 10 орсон байдаг юм. 


-Дов нь дуудсан хурдан хүлгийн түүх олныг ярих байх. Улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан унаган адуунаасаа танилцуулаач. 
- 2003 оны улсын наадамд хол түрүүлсэн Р.Будын хул даага манай адууны угшилтай. Эх нь хар азарганы төл Буган гүү. Эцэг нь манай хадмын адуу. Асгатын Махбуриад гэж хүний ганц охиныг манай эхнэрийн том ах нь авсан юм. Хурдан адуутай өвгөн хүргэндээ улаан азарганыхаа төл улаан үрээг өгсөн юм билээ. Өнөөх нь хязаалан сумын наадамд гуравлаад, соёолондоо хөл муутай болчихсон юм. Түүний төлүүд Асгатад их хурдалсан. Хадам ахын улаан азарганы төлийг Чулуунбаатар гээд миний дээд талын ах худалдан авч зөндөө айрагдуулсан. Нэг үе манай ахыг “хаамаа” Чука, улаан азаргыг нь “Хаамаа цагаан” гэдэг байлаа шүү дээ. Ахын улаан азарга, Буган гүү хоёрынх нь дундаас Буд гишүүний хул гарсан. Тухайн үед би хотод жолооны курст суралцаж байсан юм. Буд гишүүн ирээд ахаас гурван даага авахдаа хулыг эхтэй нь авсан юм билээ. Энэ мэтчилэн манай адууны угсаатай улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан адууны тоо 20 гарчихсан байна лээ. Билэгдэмбэрэл Тод манлайн улс, бүсэд айрагдсан олон эрлийз адууны эх нь манай хүрэн азарганы төлийн төл гүүнүүд байдаг. За, бас 2005 оны зүүн бүсийн уралдаанд айрагдсан Үүлэн бор азарга чинь манай адууны угшилтай. Би Гонгорын Алтансүх найздаа зарсан юм. Тэр зартай адуу Халзангийн 80 жилийн ойд түрүүлсэн, Дарьгангад түрүүлсэн. 2005 оны “Дорнод талын хурд” зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Улсад хоёр жил очиж, 10 хэдээр давхисан. Бор азаргыг ярьсан дээрээ нэг түүх ярья л даа.
Мөнхбаясгалан гэдэг хүний хэлсэн бүхэн биеллээ олдог илбийн юм шиг үе байлаа. Алтансүх найз маань бор азарганыхаа төл 2-3 ч сайхан адуу бэлгэнд өгсөн. Нэг өвөл хот руу явж байсан чинь залгаад “Хөгшөөн, энэ жил эр сарваа аваарай. Маргааш Үүлэн борын төл гурван даага ирнэ. Чи нэгийг нь бэлгэнд ав” гэдэг юм. Замд явсан болохоор “Надад нэгийг нь үлдээчих” гэлээ. Хотод ирчихээд залгасан “Өнөөдөр хоёр даага нь ирсээн. Тоомсог шиг янзын амьтад байна. Үзээд ав гээд байхад үгэнд орохгүй. Үлдсэн нь чинийх шүү” гэхээр нь “Илүү нь үлддэг юм аа, зүгээр” гэчихлээ. Алтансүхийн адууг малладаг аймгийн Алдарт уяач Соронзонболдын утсыг олоод залгасан “Тэр үү дээ, эр юм уу” гээд голонгуй байна аа. Тэгээд хотод хэд хоночихоод, өвсөө ачингуутаа, ардаа нэг морины зай гаргаад Соронзонболдынд давхиад очсон, янзын янзын сарваанууд байна аа. Дунд нь өнчин юм уу гэмээр эцэнхий, хариугүй жоохон бор юм өвс идээд зогсож байна. Бараг түлхчихвэл ойчоод өгөхөөр юм аа, харсан Алтансүхийн тамгатай юм. Байдсан гүүний унага гэнэ. Бэлгийн морины шүд үздэггүй гэдэг шүү дээ. Өнөөхөө авчраад тэнхрүүлэх санаатай ухна, хуцтай хамт хашчихлаа. 


Тэгсэн янзын гоё тамир аваад хувирч байна аа. Авьяастай хүүхдээр сургуулаад “Хоёр км яваад эргэ” гэсэн, цаашлаад таван км шахуу газар адуу руу давхичихлаа. “Чи яаж байгаа юм бэ, наад муу даага чинь ирж чадах юм уу” гэсэн чинь “Ах аа, энэ унахад янзын” гэж байна. Тэгээд хоёр сунгачихаад нэг уралдаанд мордуулах гэтэл арай тамир дутуу юм шиг санагдаад больчихсон юм. Тэгсэн аав “Бумбаны тахилгадаа явна. Миний хүү морь уясан уу” гэдэг юм. Уяагүй гэлтэй биш. Уясан гэж хэлээд бор даагаа гялс бариад авсан. 
-Тахилга уралдаан нь хэд хоногийн дараа болох байсан юм бэ?

-Зургаан хоногийн дараа. Барьсан шөнөө уяж хоноод маргааш нь ажил хийгээд нөгөөдөр нь сунгасан, янзтай хурдан юм аа. Орой морьдынхоо сүүлний боолтыг авч байтал Онгоны малын эмч Анхаа найз маань 69-тэй хүрээд ирлээ. Тэгснээ “Хөгшин нь Бумбаны тахилгын даагыг байлна” гэж байна. “Өө, даагатай, даагатай” гэсэн над дээр уягдаж байсан, тэр наадамд мордохгүй даагануудыг заагаад “Энэ үү, тэр үү” гэхээр нь бороо заатал “Энэ үү дээ” гээд голонгуй байна аа. Машинд нь ороод суусан эхнэрээ танилцуулангаа нэг юм задаллаа. Өнөөхийг уулаа. “Алтан говь” гээд пиво гаргаад ирлээ, уулаа. Тэгсэн шагнал, батламжаа үзүүлээд “Манай Онгоноос түрүүлчихээсэй” гэж байна. Тэгэхээр нь “Хэний хүүгийн даага түрүүлэх нь хамаагүй. Чи байгаа л горойж хотойлгүй өгнө байгаа” гэчихээд хэсэг ярьж суусан нэлээд халж байна аа, тэгээд “Наадах дээрээ Мөнхбаясгалан гээд биччих. Би маргааш энэ бор даагыг түрүүлгэнэ” гэчихсэн (инээв).
-Санаанд тань багтаад байсан хэрэг үү? 

-Уг нь би явахгүй гэж бодож байсан юм. Амбуугаа урамшуулаад, “Бор даага чинь сая сунгаанд гайгүй байсан юм чинь ахын дүү очиж уралдуулаад, айрагдвал өөрийнхөө нэр дээр цоллуулчихаарай. Ах нь наадмынхаа морьдод ажил хийнэ” гээд хэлчихсэн байсан хүн чинь Анхаад хэлсэндээ бантаад өөрөө аваад явсан даа. 


-Найз чинь таны хүссэнээр өргөмжлөл дээр нэрийг тань бичсэн үү? 

-“Ээ болохгүй, би өнөө шөнө Говийнбаатарынд хононо. Штрик олдохгүй, нэрийг нь баллаж болохгүй” гээд бичээгүй. Эхнэр нь гайхсан байртай хараад байсан, Элбэг борыг түрүүлсний дараа “Чи ёстой аймаар мэддэг юм аа” гээд намайг их магтсан (инээв). Халзангийнхан “Халзангийн адуу хаа ч хурдална” гээд энд тэндхийн наадмыг хамчихаад байдаг юм. Тэгсэн Бумбаны тахилгад миний бор түрүүлж, арын ес нь дан Халзангийн дааганууд байсан. Энэ мэтчилэн хэлсэн бүхэн илбийн юм шиг бүтдэг сайхан үе байлаа (инээв).
-Илбийн юм шиг тэр үедээ яагаад улс, бүсийн наадмыг зориогүй юм бэ?

- Нэгд, арын ажил. Эхнэрээ хонь, үхэр, адуутайгаа хаячихаад алдар цолны төлөө яваад байлтай биш. Хоёрт, тэртэй тэргүй чаддагууд нь манай адууг ирж аваад улс, бүсийн уралдаанд айрагдуулчихаж байна. Сумандаа морио уяад кайф аваад л сууж байя л даа. Сумын наадам ч гэсэн төрийн наадам шүү дээ. Над шиг 25 жил сумын наадмын айраг таслаагүй хүн бараг төрөхгүй шүү.
-Хүн чинь цаг ямагт илүүд дурлаж, хүсч тэмүүлж байдаг шүү дээ. Унаган адуугаа улсын наадамд айрагдуулчихаад зогсох сайхан биш гэж үү?
-Сайхан байлгүй яах вэ. Адууныхаа хурдыг, уяачийнхаа чадварыг харуулах гэж том наадмыг зорьдог. Гэтэл манай адуу хурдан гэдгийг хэдийнэ батлаад харуулчихлаа. Би бас уяачийнхаа хувьд чамлахааргүй гэдгээ таниулчихлаа. Зөвхөн аз өм гийгээд морь айрагдуулсан бол 25 жил давтагдана гэж байхгүй биз дээ. Тэгээд ч би дан ганц өөрийнхөө морийг уядаггүй. Найз нөхөд, ах дүүсийн олон морийг уяж айрагдуулж байсан. Ганцхан жишээ хэлье л дээ. Манай хүрэн азарга соёолондоо саахалт өвгөний хойд хумс нь ургачихсан Бойвгот гээд хазгар халтар гүүг туугаад л явдаг байсан юм. Түүнээс нь хүрэн цавьдар унага гарч, өвлийн уралдаанд хэд хэд айрагдсан Монхорын цавьдар гэдэг азарга болсон. 2012 онд тэр цавьдарын удмын хонгор даагыг ач хүү Гантулга нь эхтэй нь тэжээж байхтай таарахгүй юу. Толгой их аятайхан, жижигхэн даага. 


Тэгэхээр нь “За, дүү зөв даага тэжээсэн байна даа. Наадахыг чинь ах нь уях юм бол асрын өмнө алцайтал зогсооно” гэсэн “Уяад өгчих л дөө” гэдэг юм. Нэг баярын өдөр байж таараад “Уяад өг гэсэн болгонд ах нь уяж өгдөг хүн биш. Хадаг яндраа бариад багш шавийн барилдлага ёс хийнэ” гэж хэлээд явуулсан “Эргээд ярья” гээд алга болчихсон. Тэгж байтал нэг давхилд өнөөх нь түрүүлчихэж. Нөгөөх маань даагаа ачилгүй ирээд “Мөнхөө ах аа, миний даага хурдан байгаа. Та уяад өгөөч” гэхээр нь “Ах нь хурдыг нь гаргачихсан даага уяхлаар хүн муу хэлнэ. Миний дүү наадахаа Асгатад уралдуул. Залуу хүний хоншоор байна, айрагдах байлгүй” гэсэн тэнд уралдуулаад хоцроочихсон. Тэгэхээр нь би өөрөө давхиж очоод “Мэдрэмжгүй хүүхэд байна. Ахдаа аль” гэж аваад гурав уралдуулж гурав айрагдуулаад, дөрөв дэх дээр нь 160 хэдэн дааганд аман хүзүүдүүлээд өгсөн. 
-Эр хүн чадахаа амлаж, түүндээ хүрч чаддаг байх нь хамгийн чухал чанар. 
-Хүмүүс надад “Чиний хэлснээр болохгүй бол яахав” гэдэг юм. Тэгэхээр нь би “Хэлсэндээ хүрнэ гэсэн зүрх зориг байх хэрэгтэй” гэдэг. Нөгөө эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэдэг шиг. 
-Миний өмнөөс хүмүүс манай адууны хурдыг таниулчихсан хэмээн түрүүн ярьсан. Олон адуу зарсан уу? 

-Баян-Өлгийгөөс бусад 18 аймагт гарсан. Мөнгөөгөөр ч юм уу, өөр аймгаар дамжаад Өлгийд очсон байхыг үгүйсгэхгүй. Би ер нь хамаагүй яриатай хүн шүү дээ. Заримдаа “18 аймагт адуугаа гаргаж хурдлуулсан айлын хүүхэд шүү” гээд хэлчихдэг юм (инээв). Гоё шүү дээ, үнэн юм чинь. Жишээ нь, хүрэн азарганыхаа дөрөв дэх үеийн гүүг Баяндэлгэрийн найзынхаа азарганд тавиад эр унага гарсныг нь 2013 онд Ховдын Бирваа гэдэг залууд эхтэй нь өгөөд явуулсан. Даага долоо, найм айрагдаж, шүдлэн 11 мордож 11 айрагдаж, Алтайн баруун бүсэд хүртэл хурдалсан байна лээ. Одоо долоо байна уу, наймтай морь 34 түрүү, 20 айрагтай гэсэн. Мөнгөнбаатарын гаргасан, бидний гаргасан адуунууд Увс, Завхан, Өвөрхангай гээд очсон газар бүртээ давхиж байна. Олон дунд арга барилыг нь олохгүй, ганц нэг нь айрагдуулж чадахгүй байж мэднэ. Гэхдээ ихэнх нь давхиж байгаа.
-Сайн адууны цусыг хэт холдуулж болохгүй гэдэг. Танайх төрлийн үржүүлэг хийдэг үү? 

-Манайх цусанд нь оруулаагүй. Хүмүүс яриад байхаар нь сүүлийн үед сонирхоод байгаа. Сүхбаатар суманд найзтайгаа явж байгаад айлын адуунаас охин даага шинжиж “Энэ зүгээр байдас байна, авчих” гэсэн чинь “Наадах чинь Амгалан багшийн хонгор халзангийн гурав дахь үеийн төл. Гурав дахь үед нь цусанд нь буцааж оруулсан. Чи сайн мэдэж байна шүү” гэсэн. Хэв шинж нь их аятайхан харагдсанаас бус, би төрлийн үржүүлэгт орсон адуу гэж мэдээгүй. 
-Хурд хуваалцах гэдэгт зөвхөн өгсөн бус, авсан мөн хамрагдах учиртай. Танайхан гаднаас адуу мал авч цус сэлбэдэг үү? 
-Билэгдэмбэрэл Тод манлайгаас саарал халзан даага авч, шүдлэнд нь Баяндэлгэрт түрүүлгэж, сумандаа айрагдуулсан. Тэгээд хоёр жил гүү хураалгаад ганц нэг төл аваад, дүүдээ өгчихсөн юм. Түүнээс гадна Эрдэнэцагаан сумын харьяат, яруу найрагч С.Амартайван ахаасаа Онон Тод манлайн унаган халзан азаргыг 2012 онд авсан. Хүмүүс Ононгийн адуу гэхээр эрлийз гэх байх. Онон гэдэг чинь бас монгол адуутай хүн шүү дээ. Миний тэр халзан азарга жижигхээн биетэй. 2014 оноос анхны төлүүд нь гарч, эр болгон нь хурдалж байгаа. Гэхдээ тийм олон биш. Би гүү цөөтэй. Хэдэн гоё, алтны авдар шиг гүү бий. Тэднийхээ үр төлийг тордож уяад л явдаг хүн. Илүү олон болгоё гэхээр нуруу турууны асуудлаас болоод, цэрвээд байдаг юм. 


-Хүүхдүүд нь тусад ороо байлгүй.

-Манай хоёр 17 настай энэ жил 11 дүгээр анги. Хүүгээ өөртөө туслуулах гээд сургуулиас нь гаргачихсаан. Цөөн тооны чанаржуу адуу өсгөөд жилдээ гурав, дөрвийг нь уяж кайф авдаг байхад л болно. Энэ хавийнхан миний халзан азаргыг андахгүй ээ. Гүү тавья гэдэг ч би тавиулдаггүй юм. Хөгшин азарганд олон гүү хураалгавал ядраачих байх. Гүү тавиулдаггүй болохоор эр төлүүдийг нь хүмүүс тэсгээхгүй юм аа. Бараг гэдсэнд байхад нь захиалчихаад байх юм (инээв).
-Гадагш гарсан адуунаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь ...?
-“Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ Ангир шаргыг 60 саяар авсан. Дүүг нь 25 саяар зарсан. 2011 оноос авахуулаад 2013, 2014 он хүртэл нэг үе гэдгэр байлаа шүү дээ. Мөнгөний хэрэг гарлаа гээд хүн хүрээд ирэхэд Өвөрхангай ч юм уу, Архангай руу нэг танил руугаа залгаад “Ахаасаа нэг сарваа аваарай. Гурван сая төгрөг хийчих” гэнгүүт шууд шилжүүлдэг байлаа. Одоо эрлийз гараад ирсэн чинь ирж үзэж байж л авдаг болсон. 
-Урамтай сайхан ярьдаг хүнтэй уулзах таатай байдаг юм. Тантай наадмын дурсамж хүүрнээд суувал хэдэн ч цагийн ярилцлага хийж мэдэх нь. Энэ удаагийн уулзалтаа энд хүргээд өндөрлөе. Ярилцлагаа залуу уяачдад хүртээмжтэй зөвлөгөөгөөр өндөрлөмөөр байна. 
-Хамгийн гол нь эдэлгээ. Нуруу гэмтэхээс өмнө би өөрөө уналга эдэлгээгээ хийчихдэг. Зүүн бүсэд айрагддаг Үнэнборын бор морийг хязаалан хавар нь хариугүй туранхай, шар үсээ гээгээгүй үрээ өөрөө уначихсан явж байтал Үнэнбор найзуудаа дагуулаад ирсэн. Нөгөө хүмүүс нь “Мөнхбаясгалангийн жүчээ гэж аймар юм байгаа. Даргын бор өдийд үсээ хаячихсан өнгөтэй адуу бий” гээд л ирсэн байгаа шүү дээ. Тэгээд даргын морийг хонинд унаад баллаж байна аа л гэж бодсон байх. Зун түрүүлснийх нь дараа Мөнхбаясгалан гэдэг ямар хүн бэ гэдгийг ойлгосон биз. Энэ мэтчилэн адуугаа зөв унаж эдэл. Унаж эдэлсэн морь засал авах нь амархан, уяа нь эвлэх нь хурдан байдаг. Би өвөл морь уралдуулах дургүй, харин сайхан давхил хийгээд тавьчихдаг. Өвөл уралдсан морь хөлөө авах зэргээр гэм олох нь элбэг. Миний ганц бахархдаг зүйл бол 25 жил морь уяхдаа үхүүлж үзээгүй. Айрагдахгүй байж болно, сайхан мэнд байлгах хэрэгтэй. Морь хөлөө өргөхөд л би больчихдог. Хүмүүс болохоор хөлөө өргөнгүүт тариа хийгээд, тос түрхээд, өвчин намдаагч хэрэглээд мордуулчихдаг. Магадгүй айрагдах ч, ирээд хөлөө чирнэ шүү дээ. Тэгж амьтныг зовоож яах юм. Миний залууст захих зөвлөгөө бол МОРИО ЭРҮҮЛ БАЙЛГА.


-Олон л уяачтай уулздаг. Ингэж хэлж байсан нь санаанд орохгүй байна шүү. 
-Уяаны алдаанаас болоод морь эндүүлж байна гэдэг болоогүй байгаагийн л шинж. Тийм зүйл үзэхгүйхэн шиг байж байгаад өнгөрөх юм сан гэж боддог шүү. 
-Гайгүй байх аа. Хүлэг эрдэнээ хайрлагч таны үйлс бүтэж яваг ээ. Ярилцсанд баярлалаа.

-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажилд амжилт хүсье. 

А.Тэлмэн


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.