Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүдийнхээ амжилтаар улсын цол хүртэх сайхан байна

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 03 -нд

Дунд сургуулийн сурагч байхаас хүлгийн сайнд нүд унагааж, уяачийн эрдэмд шамдах болсон тэрээр унаган адууныхаа амжилтаар улсын Манлай уяачид эрэмбэлэгдсэн бахдалт нэгэн. Улсын баяр наадам болоод шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд азарга айрагдуулан аз өмөө гайхуулсан тэрээр бидний асуултанд ийн хариуллаа. 

-Хоног тоолон хүлээдэг дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл наадам айсуй. Уяа эвтэй, хүлэг морьд хөнгөн сайхан уу?
-Сайхаан. Морьдын маань уяа зөв сайхан байгаа. Энэ жил дэлхий нийтийг хамарсан айхтар тахал гарч, хаврын уралдаанууд цуцлагдаад уяачид маань хүлээлт ихтэй байх шиг байна. 
-Наадам нандин дурсамжууд сэдрээдэг байх. Хэдий үеэс морьтой холбогдсон юм бэ?

-Манай аав насаараа боловсролын байгууллагад ажилласныг мэдэх байх. Дунд сургуулийн үйл ажиллагааг сайжруулах үүрэг хүлээн нэг сумаас нөгөө рүү шилждэг байсан юм. Намайг багад манайх Цагаан-Уул суманд байсан. Миний бага нас тэнд малын захад өнгөрсөн гэж хэлж болно. 
-Улсын тэргүүний сум билүү?
-Тийм байх шүү. Манай суманд Жам заан гэж мундаг хүн байлаа. Нутаг орондоо нэр хүндтэй, хаа явсан газар нь хүмүүс дагаж яриа хөөрөө дэлгэж байдаг. Жам гуай морь сайн уяна. Сайн ч адуутай. Миний мэдэхийн хурдан цагаан морьтой байсан. Бас манайд халиун унагатай гүү өгч байсан юм. Би зун тэдний уяан дээр л өнжинө. Хүүхдүүд морь унаад хониндоо явахаар дагаад гүйчихнэ. (инээв) Нэг удаа эмээ маань “Энэ хүүхдэд ганц морь унуулчихаач” хэмээн зандарч байсныг санадаг юм. Тийм л морины хорхойтой хүүхэд байж.
-Тэгээд морь унасан уу. Ер нь хурдан морь унаж байв уу?
-Ганц нэг удаа хурдан морь унасаан. Гэхдээ уралдаан наадамд бус, сунгаанд унаж байсан. Намайг моринд дуртай болоход нөлөөлсөн хоёр хүн байдагийн нэг нь аав, нөгөө нь Жам заан. Аав маань ажил ихтэй ч моринд дуртай. Дээр нь сумын баяр наадмын комисст ажилладаг. Наадмаар 69-тэй морь дагахад нь би хэзээний кабинд нь орж суучихаад, уралдаж буй морьдыг харж явдаг хүүхэд байлаа. 
-Аавтай тань ярилцаж байхад хүүхдүүд эртнээс тусад орсон гэж байсан. Тусч хүүгийн нэг нь та бололтой.

-Манайх мал цөөнтэй, үрээ, даага нийлсэн арваадхан адуутай айл байсан юм. Тавдугаар ангийн зуны амралтаар морь уямаар санагдаад ээжээсээ асуусан. “Миний хүү чадах юм уу, өөрөө мэд дээ” гэж байна. Хөлсөлнө гэж яадаг юм. Хэрхэн яаж хөнгөрүүлдэг юм гэгчилэн наад захын зүйлийг мэдэхгүй хэрнээ даага, шүдлэн хоёр бариад уячихлаа. Аав ирээд намайг морь уясанд ихэд баярлан хэрхэн хөнгөрүүлэх тухайд зааж зөвлөсөн. Тэгээд би аавын хэлсний дагуу ажлыг нь хийсээр сумын наадамд халиун даагаа дээгүүр давхиулсан. Уг нь айрагдчихаар байсан л даа. Даанч гараан дээрээ хүүхэд нь унаад айргийн даагануудтай сул явж байгаад тугны гадуур орчихсон юм. Тэр халиун үрээ даага, шүдлэндээ нэлээн хэд түрүүлж, айрагдсан шүү. 
-Туршлагагүй гэлээ ч зөв л уяад байсан юм биш үү?

-Аавын заавраар л уяж байгаа нь тэр. Сумын наадамд уралдахаар явахад аав намайг нэг уяач дагуулаад явуулчихсан. Би юу ч мэдэхүй хүүхэд даагаа хооллоод маргааш нь мордуулсан. Сүүлд аав “Тэр үед чи бид хоёр юугаа ч мэддэггүй байж дээ” гэж байна лээ. 
-Хамгийн гол нь дур сонирхол байдаг юм биш үү. Үнэхээр сонирхолтой бол хотын унаган хүү ч дажгүй уяач болчихдог л юм билээ.
 -Тэгэлгүй яахав. Яваандаа дадал суугаад, мэргэшнэ л дээ. Тухайн үед аав морь гардан уяж байгаагүй ч багаас адуу малтай ойр байсан туршлага дээрээ үндэслэн, нутгийн уяачдаас асууж зөвлөж байгаад л үрээнүүдээ уяж байлаа. Тэр үед ах, эгч нар бүгд хот руу бизнес, ажил, сургалт гээд явчихсан, ээж, аав бид гурав хөдөө үлдсэн юм. Ээж 2-3 үнээтэй. Аав бид хоёр энд тэндээс цуглуулсан хэдэн үрээтэй. Нөгөө хэд маань тарж алга болчихоод өдөр болгон эрэлд явдаг. (инээв)
-Би таныг суурин газрын хүүхэд гэж боддог байлаа.
-Есдүгээр анги хүртлээ хөдөө мал дээр байсаан. Түүнээс хойш хот руу ирээд жаахан хөндийрсөн байх. 
-Та айлын бага уу? 
-Тийм. Бид эцэг эхээс дөрвүүл. Би хоёр эгч, нэг ахтай. Ах бид хоёр хоёул хурдан моринд сонирхолтой. Ахын нэртэй хурдан хүлгүүд улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдаж байсныг мэдэх байх.

“Тэсийн голын хурдыг таниулах” гэсэн аавын далдхан хүсэл биднийг адууны үржил хийхэд хүргэсэн

-Танд төрийн наадмын анхны айргийг авчирсан Молор хүрэнгийнхээ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөөч. 
-Молор хүрэн азарга маань надад төрийн наадмын хамгийн анхны айргийг авчирсан. Бүсийн уралдаанууд адилхан Засгийн газрын тогтоол шийдвэрээр зохион байгуулагддаг хэдий ч жилдээ ганцхан удаа тохиодог улсын наадам төрт ёсны их баяр цэнгэл гэдгээрээ илүү санагддаг юм билээ. 
Ер нь уяач болгон “Төв цэнгэлдэх хүрээлэнд морь хөтлөөд орохыг” хүсдэг байх. Миний хувьд 2018 оныг хүртэл тэр хүсэл мөрөөдөл байсан. Тэрхүү мөрөөдлийг хүрэн азарга маань бодит болгож өгсөн. Тэр хүртэл аавтайгаа “Төв цэнгэлдэхэд морь хөтлөөд орох сон” хэмээн дандаа ярьдаг байсан юм. Түүнийгээ гүйцээж төв цэнгэлдэхэд айрагдсан морьдоо хөтлөөд аавтайгаа хоёул орох үнэхээр сайхан юм билээ. Хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн наадам тэр л байх. 
-Баярын совин татаж байв уу. Ер нь хэр итгэлтэй байсан бэ?
 
-За даа, тэгж хэлэх зүрх байхгүй л дээ. Мэдээж уяач болгон л горьдож байгаа. Тэгэхдээ баталгаатай айрагдана гэж бодоогүй. Ерөнхийдөө гэнэтийн л юм болсон. Морин уралдааны хөгжил өнөөдөр ямар хурдтай явж байгаа билээ. Тэр тусмаа төрийн наадам гэдэг бол өндөр зэрэглэлийн уралдаан шүү дээ. Тэгэхэд миний азарга, соёолон хоёул айрагдсан. Аав маань уяачийн дээд цолны болзол хангачихсан байсан тул би тэр жил морьдоо өөрийнхөө нэр дээр уралдуулсан юм. Тэгтэл соёолон, азарга хоёр маань айрагдаад...
Азтай, хийморьтой гэхээс өөр юу гэхэв. Аавтайгаа хоёул соёолон, азаргаа хөтлөөд цэнгэлдэхэд орсноо бодохоор одоо ч сэтгэл гэгэлздэг.
-Давхар уяагаар хаана уралдсан билээ?
-Эрдэнэтэд аваачиж уралдуулаад зургаалуулчихдаг бил үү. Би буруудуулчих шиг болсон. Замд нь дагаж явж байгаад “Ахын дүү, эд нар явбал явж л байг, битгий их хөдөлгөөрэй” гээд хэлчихсэн чинь алдчихсан байна лээ. Зүгээр л явуулаад, айлгүй үзчихээр байсан байна лээ. Дараа нь хүүхэд ирээд “Таныг нэг их хөөхгүй, тайван гуядахгүй яваарай гэхээр нь би нэг их шамдуулаагүй” гэж байсан. Ер нь дагаж яваад хүүхдэд юм хэлэх дэмий л юм билээ. Өөрөө мэдэж уралдвал амар байдаг шиг санагдсан. 


-2019 оны тухайд бас их онцлог жил болсон болов уу. Морины олимп “Их хурд”-д адуун сүргийн манлай азарга айрагдууллаа шүү дээ. 
-Азарга сайн байгаа жил “Их хурд”-даа үзье гэж бодож байсан юм. Бүр хавар, өвлөөс л “Их хурд”-д уралдуулах азаргаа шилж сонгосон. Гэхдээ наадмын урьд уяж байсан хоёр азарганыхаа нэгийг нь улсын наадамд дангаар нь уралдуулах, нөгөөг нь “Их хурд”-даа мордуулахаар шийдсэн. Тэр тооцоо минь зөв байж, хээр азарга маань Монголын шигшмэл хурдан хүлгүүдтэй уралдаж айрагдлаа. Гэхдээ өнгөрсөн жил санасныг бодоход манай азарганууд тамир дутуу байсан. Жаахан туранхай орсон нь зуны уяанд эрхгүй нөлөөлж байна лээ. 
-Давхар уяагаар нутагтаа наадсан бил үү? 

-Тэгсэн давхар уяагаар “Хотгойдын Хурд”-даа очиж уралдаад азаргаа айрагдуулсан. Сүүлийн үед адууны чанар чансаа үнэхээр сайжирчээ. Яагаад гэхээр сайн адуу нэг жил л өнжихөд дороос түрэн гарч ирээд хоцорчих гээд байна.
-Нэг адуугаар тогтмол олон жил наадах аргагүй болсон. 
-Гэхдээ бид хурдан адуу таарвал нийлээд үзчихийг хичээдэг. Түүнээс зугтаадаггүй, үүнийг хасчихаасай гэж нэг ч удаа бодож байсангүй. Энд тэндхийн мундаг хурдан хүлгүүдтэй ганц удаа ч гэсэн нийлүүлээд үзчих юм сан гэсэн хүсэлтэй явдаг. Тэгээд “Хурд хаана байна” гэхээр аав “Битгий онгироод байгаарай” гэж зэмлэдэг юм. (инээв)
-Адууныхаа чанар чансааг мэддэг хүний л хүсэл байх даа. Ингэхэд авмал адуугаар наадаж байв уу?
-Улс, бүсэд давхиад байгаа адуунууд цөм өөрийнх. 20-иод жилийн өмнөөс бодлогоор бий болгосон адуунууд. Гэхдээ авмал адуугаар бас наадсаан. Жишээлбэл, Бүлтэн халзан азарга маань байна. Хурдан адуу гэдгийг таниулсан хүлэг. Даанч олон уралдаж чадаагүй. Нас нийлээд удаагүй байхад нь уяаны алдаанаас болоод эндүүлчихсэн юм. Хүмүүс “Эрлийз, монгол” гээд талцаад байхаар нь халзан азарганыхаа бичлэгийг үзүүлмээр санагддаг юм. 
-Цустай адуу юм уу?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, улсын Алдарт уяач Энхсүхийн “Их хурд”-д айрагдсан халзан азарганы төл. Бидэнд тэр мундаг азарга азаар ирж монгол адууны хурдыг мэдрүүлсэн. Харахад жижигхэн биетэй. Тэгсэн хэр нь газрын тал дунд өнгөрөөд л хурдална.

Дэлхийн хурдан удмын адуунууд Монголд цуглаж байна

-Нэгэн цагт холын цустай адуугаар сэлбэдэг байсан бол одоо бүр цэвэр үржүүлэг хийгээд эхэлчихлээ. Та бүхэн энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Олныхоо жишгээр л явна даа. Миний мэддэг ч гэж юу байх вэ. Гэхдээ адуу малынхаа асуудлыг би өөрөө шийддэг. Одоогоор адууныхаа 40-50 хувийг хуучин сууриар нь байлгаж, үлдсэн хэсэгт нь гадна дотны янз бүрийн азарганы үр удмаар үржүүлэг хийж байна. Ер нь сүүлийн үед уяачид үржүүлэгт ихээхэн анхаардаг болж. Цаана чинь 200-300, 700-800 сая, цаашлаад тэрбумаар үнэлэгдэх азаргануудыг авчраад байна. Товчхондоо дэлхийн хурдан удмын адуунууд Монголд цуглаж байна шүү дээ. Гэхдээ наанатай цаанатай хандаж, авч үлдэх ёстойгоо авч үлдэх л ёстой. 
-Та уяачдын холбооны тэргүүлэгчийн сонгуульт албатай бил үү?

-Үгүй ээ. “Хотгойдын хурд-2” уралдаанд ивээн тэтгэгчээр оролцож байсан. Мөн нутаг оронд болсон олон уралдааныг хөрөнгө санхүүгийн хувьд дэмжсэн. Манай ахын хувьд анхны “Их хурд” уралдааныг 69-өөр байлж байлаа. Одоо л хүмүүс ярихгүй байгаа болохоос нэлээн хөрөнгөө зарсан хүн шүү. Тэр үед бусад аймгийн хурдан морины хөгжлийг хараад хоцорч байна гэдгээ ойлгож, түүнээс хойш орон нутгийн адууг сайжруулахад ихээхэн хичээл зүтгэл гаргасан байх. 
-Тэр хичээл зүтгэлийн үр дүн болж, сүүлийн жилүүдэд Хөвсгөл нутгийн уяачид одтой сайхан наадах болсон шүү дээ. 
-Хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ манайхан бол энд тэнд сагсуураад байхгүй. Ер нь надаас бусад нь даруухан. Би л жаахан сагсуу байж мэднэ. (инээв)


-Танайхаас гарсан адуунууд хэр хурдалж байна вэ?
-Өө, дажгүй сайхан шүү. Би саяхан бодож үзсэн, олон аймагт байх шиг байна. Лав 30-аад үрээ Хөвсгөлдөө болон Завхан, Эрдэнэт, Хэнтий, Өвөрхангай, Төв аймагт байна. Архангайд ч нэлээн хэд бий. Гэхдээ нарийн тоо гаргаж чадаагүй ээ. Тооцоо алдсан. (сурв. инээв) 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа баяр бахдал дүүрэн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. 
-Үнэндээ хамгийн гоё наадам чинь сумын наадам л байдаг юм билээ. Харин өөрөө баяр бахдал дүүрэн хэмээн онцолсон болохоор аймгийн 80 жилийн ойн баярыг ярья. Манайх таван түрүү, зургаан айраг хүртсэн юм. Тэгэхэд наадам тэр чигээрээ манайх болсон юм шиг санагдаж билээ. 
-Бодохоос ч аргагүй юм.
-Тэр жил аав “Нэг удаа сайн уралдчихъя. Тэгээд мундаг хүмүүстэй очиж уралдана аа” гээд бөөнөөр нь аймгийнхаа ойд мордуулсан юм. Бас л гоё юм билээ. Би энэ наадмын тухай ярих дуртай. 
-Ийм баяр бахдалт наадам олон тохиох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ардын Хувсгалын 99 жилийн ойдоо одтой сайхан наадаарай.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Мөн “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүддээ баярын мэнд дэвшүүлж, уясан хүлэг морьд нь урамтай сайхан хурдлахын ерөөл өргөе өө.

2020.06 САР А.ТЭЛМЭН



3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.