Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өвөө гэлэн хэмээх Чүлтэмийн хүрэн азарга аман хүзүүнд хурдалсан

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 25 -нд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, аймгийн Алдарт уяач Раднаабазарын Рашийн нэрийг дуулаагүй хүн цөөн биз. Олноо төмөр замын хэмээн алдаршсан тэрээр 1953 онд ижий аавдаа тав дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Тухайн үед тэднийх Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Уул булаг худаг хэмээх газар нутаглаж байсан гэдэг. Бага насаа ижий аавынхаа гар дээр өнгөрүүлсэн тэрээр хожмоо хойд хөршид, аавынх нь хэлснээр дэлхийн номер нэг сургуульд (Төмөр замын) сургуулиас гадна суралцан төгсөж, нэгэн насны амьдралаа ган замтай холбосон юм. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж:
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- Монгол Улсын Гавьяат тээвэрчин
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- ОХУ-ын “Найрамдал” одон
- МҮОХ-ны Алтан-Од одон
- МҮОХ-ны “Алтан Очир” одон
Улаанбаатар хот болон шүүх, прокурорын байгууллага, яамдын хүндэт тэмдгүүд, Дундговь, Дорноговь аймгийн “Хүндэт иргэн” шагналаар тус тус шагнажээ.

-Дуу хуурын өлгий нутгийн хүү гэж бодож явтал унасан газар угаасан ус тань Төв аймгийн Дэлгэрхаан болж таарах нь.
-Би бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүн. Тэнд өсөж өндийж, хүн болж хүмүүжсэн. Харин ээж минь Дэлгэрхаан сумынх. Тэр үед манайх отор нүүдэл хийж яваад би тэнд төрсөн юм билээ. Арга байхгүй миний унасан газар угаасан ус бол Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Уул Булаг худаг хэмээх газар. Тэнд Жуужааагийн ах дүү нар зөндөө бий. Ижийгээ бид Жуужай гэж авгайлдаг.
-1929 оны Төв аймгийн баяр наадамд таны өвөг эцгийн хүрэн азарга аман хүзүүнд хурдалсан нь ийм учиртай байж. Ээжийн тань аав уу?
-Тийм ээ. Манайхан хэдэн үеэрээ морь уяж, хүлгийн тоосонд булуулж, морины сүүл шууж ирсэн хүмүүс. Таны ярьж байгаа бол Төв аймаг үүсгэн байгуулагдсаны анхны наадам л даа. Төв аймгийг 1923 онд үүсгэн байгуулагдсан хэмээдэг. Үнэндээ 1929 онд байгуулагдаж, тэр жил анхны наадмаа хийж байсан юм билээ. Тэгэхэд миний өвөг эцэг Чүлтэм гэлэн гэж хүний хүрэн азарга аман хүзүүнд хурдалсан байдаг. Тухайн үед хүрэн азаргыг унаж байсан манай ойрын садан болох Палаа гэж хүн ярихдаа, “Түргэний адгаас эргээд, тойрч урагшаа давхиж байсан” гэдэг юм. Тэр хүрэн азарга соёолондоо түрүүлээд, нийлсэн хойноо 1929 онд аман хүзүүдсэн юм билээ. Тэр үед манайхны Гөегөө тайжийн хар азарга, Сэвж ахын хээр морь гээд тэр хавьдаа нэртэй хурдууд байсан гэдэг. Сонирхуулаад хэлэхэд миний аав хүүхэд байхдаа хошуу ноён Лхамсүрэнгийн хүрэн морийг унаж гуравт давхиж байсан юм билээ.
-Аав тань мөн монгол төрийн наадамд их насны морь дээгүүр давхиулж явсан уяач. Тэр талаар хуучлаач.

-Миний аавын хурдан хээр морь 1942 оны Дундговь аймгийн нэг жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан. 1946 онд улс хувьсгалын 25 жилийн ой болоход манай Дундговийн баруун талын нэртэй уяачид хурдан хүлгүүдээ уяж ирж, төрийн наадамд тоосоо өргөсөн байдаг юм. Тэгэхэд Дэлгэрхангайн Хүзүү борлог, авга ах Дориуны “хавчиг” бор зэрэг олон хурдан хүлэг ирж, их насны 1215 морь мордоход аавын хээр морь долоод давхисан юм гэдэг. Хавчиг борыг тэгэхэд одоо манай сумын хамгийн өндөр настан Сумъяа гуай унаж байсан юм билээ. 
Уг нь тэр Дэлгэрхангайн Хүзүү борлог их хурдан морь байжээ. Энд ирээд Бөхөгийн голд майхагнаад, уралдуулж байсан гэнэ лээ. Майхагнаж гэдэг нь хөлс нь жаахан чавдаграад байгаа адуунд хийдэг засал. 
-Майхандаж хөлслөх гэдэг байх нь. Хүнээр бол ууранд сууж байгаа хэрэг хэмээн ойлгодог. 

-Зөв, зөв. Давхиад ирснийх нь дараагаар чөдөрлөж, хөдөлгөөнгүй болгож байгаад дээрээс нь майхан барьж, хөлсийг нь авахыг хэлж байгаа юм. Битүүлж байгаад хөлсийг нь хусдаг, тэгж ухаан нь хөлсийг нь задалдаг бололтой юм билээ. Манай Онон Манлай майхан барьчихаад, давхиад ирэхээр нь оруулж ирээд хусаж байгаа харагдсан. Дээр үед майхандана гэдэг уяаны хатуувтар аргад тооцогддог байсан юмуу даа. 

АХ-ын 25 жилийн ойгоор 7-д давхисан Х.Раднаабазарын хээр морь, уяач Р.Даваажав /1947 оны өвөл/


-Танай нутгийн уяачид урьд тэгж олноороо ирж, төрийн наадамд оролцож байсан юм болов уу?

-Үгүй байх. Тэр үед хошууч генерал Чимэдийн Мижид гэж Эрдэнэдалай сумын хүн Морьт отрядын жанжин байж. Маршал Чойбалсангийн маш ойрын хүн. “Нутгийн уяачид тийнхүү зориглож төрийн наадмыг зориход жанжин Мижидийн нөлөө байсан байх” хэмээн нэг хуучны хүн надад ярьсан юм. Манай аав бол надад тийм мэтийн зүйл ярьж байгаагүй. 
-Тэр жил танай нутаг гандуу байсан хэмээн ярьж байсан санагдана. 

-Гандуу байсан гэнэ лээ. Сар гаруй явахдаа мориныхоо уяан дээр тогооны шар сүү асгадаг байсан тухайгаа аав ярьж байсан. Бодвол адууныхаа туурайг ариглаж гамнаж байсан хэрэг байх. 
-Танай нутгаас энэ хүртэл хэдэн км вэ?
-За байз, Далай 275 гэдэг байсан. Цаашаа Дэлгэрхангай 80 гэхээр 400-аад орчим км юм уу даа. Сонирхуулаад ярихад, манай нутаг бол нэртэй сайн уяачид олонтой. Жишээлбэл, 1958 онд улс хувьсгалын 37 жилийн ойгоор Эрдэнэдалай сумаас анх удаа улсын наадамд ирж, хүрэн азаргаа аман хүзүүнд хурдлуулж байсан Норовын Самдан гуай байна. За, тэгээд түүний дүү Ширчин гэж мундаг уяач байлаа. Ичинхорлоогийн Хонгор, “жаал” Будын зээрд, Дориуны Оддсүрэнгийн хар гээд олон мундаг хурдууд байсаан. Самдангийн хүрэн, Өвгөний хүрэн гээд хоёр хурдан хүрэн азарга 1960-аад онд хойно урдаа ордог байж билээ. 

Уяач ах Р.Содномдоржийн шарга даага, унаач ах Р.Төмөрсүх. 1958 он Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын наадам


 Хурдан саарал морины эзэн С.Гомбо-Очир байна. Хурдан хүрэн азаргатай бөх Өвгөн гэж сайн уяач, сайн бөх байлаа. Хөдөлмөрийн баатар Н.Ичинхорлоо гуай, Хөдөлмөрийн баатар хоньчин Дагва гуай байна. Нэгэн үе Дагва гуайн морьд мундаг сайн давхиж байсан. Тэгээд хожим надад тэрээр хэлэхдээ “Эрдэнэдалай сумын бүр түрүү үе нь танайхан, дараагаар нь Самдан, Ширчинтэн байх. Тэгээд Ичинхорлоо баатар, бөх Өвгөн, түүний дараагаар Гомбо-Очирынхон, манай морьд, Тэгээд өөрийн чинь морь дахиад гарч ирж байх шив дээ” гэж байсан юм. Манай бэргэн Өршөөгийн Шар эгч агсан манай хүрэн азаргыг улсад аман хүзүүдэхэд 60-н жилийн дараа одоо манайхны хурд эргэж ирлээ гэж байсан гэдэг. Та бүхний сайн мэдэх Ж.Очир гуай байна. Одоо тэдний морь сайн давхиж байна. Ж.Очир гуай адуу судлаач хүн. Манлай уяач Содномпил гуай байна. Д.Цогтбаярын морьд хурдалж байна. Ерөнхийдөө Луусын Эрдэнэчулуун манлай тэр хавыхныгаа их анхаарч байгаа. Одоо Хулдын Баярсайхан хурдлуулж байх шив дээ. Өндөр шилийн “Гүр” адуу гэж бий. Энэ мэтчилэн яриад байвал манай нутагт нэртэй сайн уяачид,хурдан морьд төрдөг газар аа. 
-Хүрэн азарганууд нь төрийн наадамд айрагддаг нутаг юм. Ингэхэд аав тань дахиж улсын наадамд ирсэн үү?
-Наадамд оролцохоор бол ирээгүй ээ. Тийм боломж ч байгаагүй байх. Аав маань албан хаагч явсан хүн шүү дээ. Эрдэнэдалай сумын сум нэгдлийн даргаар 20-иод жил ажилласан. Мөн аймгийн орлогч дарга, Төв аймгийн шүүхийн дарга, мал аж ахуй, газар тариалангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Аймаг байгуулагдахаас өмнө буюу 1942 оноос өмнө Төв аймгийн сумдад ажилладаг байж. Тэр үеийн Төв аймгийн Бор-Өндөр буюу одоогийн Алтанбулаг, Сайханбаян (одоо хураагдсан) сумын анхны даргаар ажиллаж байсан юм билээ. Тэгээд 1929-1931 онд одоогийн Лүн суманд Төв аймаг байрлаж байхад жанжин Лхагвасүрэн нартай хамт ажиллаж байсан гэдэг юм. Гэр нь хөдөө, өөрөө морин дэл дээгүүр төрийн алба хашдаг төрийн хар хүн байсан. Тэгээд ажлаа хийхийн хажуугаар морио ч уядаг. 
-Хээр морь нь өөрийнх нь адуу юу?
-Өөрийнх нь унаган адуу. Хээр мориноос гадна Дориуны хавчиг бор гэж хурдан морь байсныг би дээр хэлсэн. Дориун гэдэг нь миний аавын төрсөн ах. Нэртэй мундаг малчин хүн явсан л даа. Хөдөлмөрийн баатар Ичинхорлоо гуай би адуу маллах эрдмийг Дориун гуайгаас сурсан гэж хэлсэн нь бий. Зарим нэгэн нь манайхныг Дориуныхан ч гэдэг. Харин бид бол Жаал ах гэж авгайлдаг байсан юм. Жаал ах орон нутагтаа нэр хүндтэй болохоор бор морийг түүний нэрээр нэрлэчихсэн юм билээ. Уг нь манай морь юм. Жаал ахыг зөвхөн өөрийн сумынхан гэлтгүй хаа байсан Улхын буланд хөтөлгөө морьтой хүрээд ирэхэд нь хүмүүс “Дориун гуай ирлээ, Дориун гуай ирлээ” гээд сүйд болцгоож байсан тухай түүхийн ухааны доктор А.Баярмагнай гуай ярьж байсан. 50 эргэм насны шар хар хүн хоймор эзлэн сууж байсан хэмээн ярьж байв. 

Аав Х.Раднаабазар, ах Х.Дориун, уралдаанч хүү Д.Дэмбэрэл нар, Дориуны Одсүрэнгийн хурдан хар морь. Эрдэнэдалай сумын баяр наадам 1963 он


-Үлгэр жишээ болохуйц хүн байсан бололтой. Ааваас тань, авгаас тань дээш үед морь уяж байсан улс бий гэнэ үү. Асууж байв уу?

-Байсан л даа. Хошуу наадам, даншиг наадам гэж болдог байхад их л давхицгааж байсан гэдэг юм. Харин ээж талынх бол Хүй мандалын наадам буюу долоо хошуу даншигт наадаж байсан гэдэг. Түрүүн ярьсан Жуужаагийн аав, Чүлтэм гэлэн гэдэг хүн 1903 онд гэдэг байх аа, энд ирж (одоогийн Хүйн долоо худаг) морь уралдуулж байсан гэнэ лээ. Тэр үед Түшээт хан аймгийн Мишиг гүний хошуу хэмээн нэрлэдэг байжээ. 
-Тэгвэл ээжийн тань талд олон уяач байсан уу? 

-Жуужаа маань 17-той байхдаа аавыг дагаад Далайд ирсэн хүн. Тэгээд аавын ах дүү нараар ах дүү хийж, 80 хол гарталаа амьдарч байгаад бурхан болсон. Нутаг зайдуу болохоор тэр болгон ирж очоод байж чадахгүй тул би ижийнхээ талын ах дүү нараас холхон, тэр болгоныг сайн мэдэхгүй. Лүндэг ах миний төрсөн ах, ах Чагнаадорж, дүү Сандагдорж гээд бий. Л.Галсандэмчиг, Л.Баясгалан гээд дүү нар байна. Машин Техник элбэг болчихсон одоо цагт бол Дэлгэрхаан сум энүүхэн 80 км-т. Тэр үед бол хөсөг тэмээ ачаалах болно шүү дээ. Хүүхэд байхад Дэлгэрхааныхан гээд хос зүстэй морь унацгааж, мөнгөтэй эмээл хазаар, суман ташуур болсон ганган л хүмүүс санагддаг байв. 
-Нээрэн тэгэх л байх даа. Та эцэг эхээс 10-уул гэсэн үү?
-Уг нь 14-үүлээ юм гэнэ лээ. Дөрөв нь багадаа үгүй болсон гэдэг. Хоёр нь бүр багадаа, хоёр нь томоо болсон хойноо байхгүй болсон гэдэг байсан. Аавыг эзгүйд Жуужаа минь ёстой гадаа гарч эр, гэрт орж эм болж явжээ. Ах Дориун, Дуламсүрэн нар нь их тусалдаг байж.

Аав Х.Раднаабазар, отгон дүү Р.Лхам нар хүрэн азаргатайгаа  1970

-Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж морь уяад та аймгийн Алдарт уяач цол хүртэж. Өөр бусад нь...
-Манайд хурдан морь унаагүй, бас уяагүй хүн бараг байхгүй. Цөмөөрөө багадаа хурдан морь унаж өссөн. Би гэхэд бие багатай хүүхэд байсан тул олон жил хурдан морь унасан. Өөрийнхөө морийг унаад айрагдаж, түрүүлж ч байсан. Хоцорч ч зөндөө үзсэн. Одоо эргээд бодоход, сумын наадам шиг сайхан наадам тэр болгон байдаггүй юм байна. Хүүхэд байх үеийнхээ сумын наадмыг бодохоор Эрдэнэдалай сумыг тойрсон эрээн майхнууд тэнгэрийн үүл газарт буучихсан мэт санагддаг. Манайх сумынхаа хойд талаар нутагладаг болохоор баруун хойд талд нь майхнаа “шаагаад” морио уралдуулдаг байлаа. Морь уях, унах тухайд миний хамгийн том ах Содномдорж, Дэлгэрхаан руу өргүүлсэн удаах ах Лүндэг, удаах ах Төмөрсүх, эгч Бээжин болон дүү нар болох Намхай, Ломбо гээд морь уядаг, унадаг улс байсан. Лүндэг ах бол Дэлгэрхаан сумандаа нэртэй сайн уяач байв. Ломбо бол миний морийг уяад энэ хавиар ч наадаж явсан уяач. Эрдэнэчулуунтайгаа хамтран миний хүрэн, буурал, хээр азаргыг уяж байсан шүү дээ. Одоо отгон эмэгтэй дүү Лхам хурдан морь уяна. Хүү Үржин нь хурдан моринд их хорхойтой. За эгч Бээжин, дүү Бандихүү, Мядаг гээд цөм морины хорхойтнууд. Дүү Мядаг хурдан морины тухай сайхан дуулна. Сулинхээр гээд бэсрэг дууг авна шүү дээ цаадах чинь Нэг дор 10 гаруй морины тухай дуу дуулж байсан. Эгч Бээжин сайхан зээ татна. Морь гүйдэл ордог гэдэг юм.

...Түүнийг идээд хүрэн азарга аман хүзүүнд хурдалсан 

-Нэгэн үе сургууль соёлын мөр хөөгөөд адуу малаас хөндийрсэн байх. Тэгээд хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-Төмөр замд орсон хойно Ц.Бямбадорж гээд манай төмөр замын Гурвалжингийн дарга байсан юм.
Сүхбаатарын Дарьгангын хүн л дээ. Тэр бид хоёр их үерхдэг төө зайгүй найз нар. 
-Мөнгөн хөлтийн эзэн Монгол Улсын Алдарт уяач Бямбадорж гуайг хэлж байна уу?

-Ай, яг мөн. Хойно сургууль төгсөж ирээд, төмөр замд хамт ажилладаг болсон. Дарга, цэрэг ч гэх юмгүй, би чи гээд сайхан нөхөрлөдөг. Нөгөөх маань Сүхбаатарын хүн тул хурдан морины хорхой гэж жигтэйхэн. Дээр нь миний багын юм гэж байна. Тэгээд л хоёулаа уулзахаараа морь ярина аа. Би тэр хүний морь уяхыг дэмжинэ. Мань хүн ч гэсэн миний хоббиг мэднэ. Тэгээд нэг удаа “Чи надад гайгүй давхичих юм олоод ирээч” гэсэн, хүрэн азаргыг авчирч өгсөн юм.
Миний хүрэн азарга Дарьганга сумын Дүгэрсүрэн гэдэг хүний унаган адуу. Надад ирэхээсээ өмнө хязааландаа Алтан овооны тахилгад айргийн дөрөвт хурдалсан юм билээ. Би 2000 оны хавар соёолон азарга авсан юм. Тэгээд зун нь улсад уралдаад Айдасын даваан дээр наймаар гарч ирээд, том шаргатай үзээд. Том шарга айхтар хадуурдаг жил шүү дээ. Тэгээд яахав, ёстой бяр нь хүрэхгүй суусан. Тэгэхэд тэжээл овьёос гэж юу ч мэдэхгүй, зүгээр цагаан өвсөөрөө уягдсан адуу. Дан тэжээлийн адуутай уралдсаар аргагүй дутдаг юм билээ. Наймд гарч ирж байгаа нь тухайн адууны чансааг илтгэсэн хэрэг. Ойчсон бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг эмээл нь урагшаа явсан. Тэгэхэд манай Жуужаа хэлэхдээ: “Хорин хэдүүлээ явчихаад ганц үрээнийхээ оломыг чангалж чадахгүй дүүрсэн улс. Ломбоо, Ломбо” гэж зэмлэж байж билээ. Тэгээд намар нь Эрдэнэдалай сумын дунд сургуулийн ойд түрүүлээд, уг адууны нэр цуу нь өссөн дөө.
-Хавчиг азарга улсад аман хүзүүдэж байжээ.

-Тэгсэн. Ер нь азарга хавчиг, соёлондоо хурдан байдаг юм гэдэг. Хойтон хавар нь дүү нар Эрдэнэдалайд уяад. Зун наадмын өмнөхөн манай нутгийн сайн уяач Эрдэнэчулуунтай хамт наашаа ирээд, Онон Манлайн хажууд нэг муу жижиг гэрээ бариад буучихсан. 
-Говийн Манлай юу?
-Биш. Манай нутгийн сайн уяач. Энэ хавар телевизээр гараад л байна лээ. Манай хүрэн азаргыг, Мөнгөн хөлт, буурал азаргыг уяж байсан тухайгаа ярьж байна лээ. Сайн уяач шүү дээ. Бид нэг гал гээд Онон Манлайтай хаяа нийлүүлээд хэдэн жил болсон л доо. Онон Манлай сэтгэл харамгүйгээр арга ухаанаасаа тэдэнд зааж сургасан. Хонины сүүлний өөхийг, аргалтай холиод утахаас эхлээд олон нарийн нандин аргаа зааж өгсөн дөө. Уул өөд мацаа хийнэ
-Саяын хэлдэг аргыг ямар үед хэрэглэдэг юм бэ?
-Ер нь адууны амьсгааг уучилж задлахдаа хэрэглэдэг бололтой юм билээ. Аргалын утаагаар утчихаар адуу тайвширчихаад байдаЕрг. Хүн ч ялгаагүй, гүйж ирээд амьсгаадаад байхаар тамхи сорж байдаг шүү дээ.


-АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын тухай дурсаач. Та ер нь хүрэн азаргаа айрагдана гэж бодож байв уу?
-Тийм бодол байгаагүй ээ. Харин дархан Алтангэрэл л “Манай уяанаас хүрэн азарга л дээгүүр давхина. Бусад нь ч дээ” гэсэн утгатай үг хэлж байсан шүү. Гэтэл миний хүрэн азарга аман хүзүүдээд, Сэлэнгийн Гомбо гэж манай уяан дээр байсан уяачийн хээр азарга дөрөвт давхисан. 
Хүрэн азарга уяаныхаа сүүл рүү өөрийгөө сойгоод ерөөсөө юм идэхгүй байна гэхээр нь давхиад очсон, гэдсээ татаад нарийсчихсан байна. Сэтгэл нь гэгэлзээд бүрэн хооллож чадахгүй байсан юм уу даа. Тэр үед Жуужаагийн бие сайнгүй байсан юм. Тэгээд ижийгээ эргэх далимаараа Эрдэнэдалай овооны энгэр дээрээс нэг шуудай жинхэнэ монгол ногоо зулгааж аваад ирсэн. Хэнд ч хэлээгүй, яг өөрийн гаргасан шийдвэр л дээ. Тэгээд шөнө нь Богд уулын баруун хойд Жаргалантын аманд морио манаж хонохдоо тал шуудайг нь бризент дэвсэж байгаад тараагаад өгчихсөн. Гүй ээ, мөн дуртай идэж байна аа. Чихэр идэж байгаа хүүхэд шиг л... (инээв) Хүнээр бол хавар борцтой цай уусан мэт болоо байлгүй дээ. Тэгээд одоо болсон байх гээд авсан, УАЗ пургоны гаднаас маажаад нэхээд байсан. Улам хорхойсоод байсан байх л даа. Тэр хурдлах амжилтанд их нөлөөлсөн болов уу. Говийн адуу энэ зүгийн ногоонд сайн хоолшихгүй байсан байх л даа. Говийн ургамал нарийн бөгөөд чанартай шүү дээ. 
-Энэ тухайгаа уяачид нь хэлсэн үү?
-Харин Онон Манлайд сүүлд наадмын дараа хэлсэн. Эрдэнэчулуун бол морь маналцаж байсан юм чинь. Би хувьдаа тэр их нэмэр болсон гэж боддог. Мэдээж сайн уяачдын эрдэм хамгийн чухал нь. Түүн дээр тэр жаахан ногоо хэрэг болсон байх гэж боддог гэж хэлж байгаа юм шүү. 
Манай Онон Манлай бол маш нарийн мэдрэмжтэй, мундаг уяач. Дэлхийн хурдан морьдыг судлана шүү дээ. Би бас Даваахүү баатартай, Говийн манлай Эрдэнэчулуун, Жанчив, макс Ганбаатар нартай дотносно. Даваахүү манлай бол хурдан морины түүхч хүн. Ер нь хурдан морь чинь хүнийг олонтой болгодог эд шүү дээ. За тэгээд Хэнмэдэх гуай, Сандуйжав гээд. Дүүгийн найз Эрдэнэчулуун ч тэр. Би хувьдаа их тоож явдаг юм. Одоо бурхан болсон дүүгийн минь хүү хүрэн азаргыг унаж хурдлуулж байсан Бооноогийн хэдэн адууг маллаад Багахангай хавиар нутаглаж байгаа сурагтай байна лээ. 
-Азарга айрагдуулчихаад цоллуулж зогсохдоо аавыгаа санагалзсан уу. Ихэнх хүнд тийм бодол төрсөн байдаг.
-Төрийн наадамд морь айрагдуулах сайхан байлгүй яахав. Би асарт л орсон. Түүнээс цоллоход нь үгүй. Миний дүү Ломбо унасан хүү Бооноо буюу жинхэнэ нэр нь Баярбаттайгаа орсон. 
-Тийнхүү цоллуулж зогсох нь морь айрагдуулсны утга учир юм биш үү.
-Хаашаа юм бэ дээ. Гардаж уясан хүмүүс нь илүү баярлаг, миний нэр ус гарсан, бол оо гэж бодсон. Хамгийн гол нь дүү нар, ах дүү нар, аймаг, сум орон нутгийнхан баярлах нь чухал. 

Юм ерөөсөө их сонин...

-Ийм бодолтой байсан тань сайхан санагдаж байна. Уучлаарай, би андуураагүй бол хүрэн азарга удалгүй хөлдөө сэвтэй болчихсон гэдэг бил үү? 
-Тэгсэн. Юм учиртай гэж үнэн шүү. Улсын наадмын дараа “Их хурд” уралдаан Хархоринд болох гээд манай хүрэн азарганд урилга өглөө. Тэгтэл Онон Манлай “Хөл жаахан мэзэгнээд байгаа. “Их хурд”-д хэрэггүй. Сумандаа л нэг уралдвал уралд” гэсэн юм. Тэгээд яахав, би нөгөө урилгыг нь хүргэж өгсөн, дүү нар хөөрөлдөөд л “Ээ, гэгээн минь” гэцгээгээд маргааш сумын наадам болно гэж байтал Хархорин руу ачаад явцгаачихсан. Тэгээд тэнд уралдаж байгаад хөлөө эвгүй болгочихсон юм шүү дээ. Юм буруу эргэх гэж байна. Улсын наадмаас очиход гүүг нь өөр азарга хураачихсан байсан юм билээ. Улсад тэр олон сайн адуутай уралдаад, байдгаа шавхчихсан амьтан чинь ноцолдож байгаад нэг айхтар хазуулчихгүй юу. Тэр бас нэрмээс болсон. 
Ер нь тэгээд залууст хэлж сануулахад, азарганд бариулчихсан, хазуулчихсан адууг тэр жилд нь уралдуулдаггүй юм гэнэ лээ. 
-Тэгээд “Их хурд”-д хэдээр давхисан юм бэ?

-Арван хэдээр давхисан байх аа. Хөл тааруу гэхэд сайн давхисан. Тэгээд дараа жил нь огт уралдуулалгүй өнжөөсөн. Бид их хайрлаж байсаан. Тэгээд Эрдэнэдалай сумын ойд давхиж аман хүзүүдсэн. Гэхдээ хөл тааруу, уяа дутуу гээд бид хайрлаад шахаагүй юм.
Би хаашаа ч юм бэ дээ, зөөлөн талдаа юм шиг байгаа юм. Онон Манлай уяж хоноод хөнгөрүүлье гэхэд өрөвдөөд байдаг. Тэр байдлаараа уяа дутуу байхад Далайд аман хүзүүнд давхиулсан. Тэгэхдээ би маш их баярласан. Яагаад гэхээр сумын наадамд аман хүзүүдэх нь яах вэ? Хүрэн азарганы маань хөл гайгүй давхиад ирлээ гээд.
Тэр жил Дэлгэрхааны 80 жилийн ой бас давхцаад, манайхан тийшээ наадахаар болж хээр азарга, буурал шүдлэнгээ аваад явсан. Хээр азарга чинь мөнгөн хөлтийн төрсөн ах шүү дээ. Буурал азарга тэгэхэд шүдлэн байсан юм. Тэнд хээр азарга түрүүлээд, буурал үрээ дөрвөөр давхидаг юм. Аа тийм, буурал үрээ Далайн наадамд бас аман хүзүүдсэн юм байна. 
-Сумынхаа тэгш ойд хоёр адуу аман хүзүүнд хурдлуулжээ.

-Гурван адуу. Дүү бид хэд машинтай дагасан юм. Тэгсэн, дүү хаширлаад явуулдаггүй. Тэгэхээр нь “Аяаа миний дүү, одоо л явуулахгүй бол хэзээ явуулах юм” гэтэл, хүүхдэдээ гуяд гэсэн. Тэгтэл буурал үрээ гараанаас гарч байгаа юм шиг годхийтэл давхиад, тээр тэнд тасарчихсан явсан гурван үрээнд юу юугүй очиж нийлээд барианд орж байгаа нь тэр. Тэгэхэд эндээс Жанчив манлай, мөнгөн хөлтийн эзэн Ц.Бямбадорж, одоо сайд байгаа Л. Халтар гээд очицгоосон. Тэдний морьд ч айраг түрүү авцгаасан. Ер нь манай сумын наадам тэгэхэд бүсийн наадмын дайтай болсон л доо. Сайхан ч зун байж билээ. 


-Олон наадмууд давхацсан жил байж дээ.
-Юм ерөөсөө их сонин. Би явахдаа “Миний дүү нар Сайхан-Овоо явах бол зээрд үрээгээ л авч яваарай” гэж бүр хэлсэн юм. Зээрд үрээ гэдэг нь Улааны Аварга зээрдийн төрсөн дүү, бас хурдан адуу л даа. Эрдэнэдалайд Мөнгөн хөлт түрүүлж, манай зээрд үрээ аман хүзүүдээд, улсад арван хэдээр давхисан юм.
Дэлгэрхаанд морь түрүүлгэсэн нөхөд тэр эрчээрээ Сайхан-Овоо явахаар болжээ. Тэгсэн Дорноговьд байдаг Намхай гээд морь уядаг дүү маань залгаад “Эрдэнэдалайгаас Ломбо утасдаад байна аа. Аяаа, Сайхан-Овоо явах уу гэж байна” гэдэг юм. Өмнө нь зээрд үрээгээ л авч яваарай гээд хэлчихсэн болохоор “Яв, яв” л гэлээ. Тэгтэл бүр азарга ирсэн хойно Намхай “За, хүрэн азарга юу болоо бол” гэж байна. Би гайхаад “Юун хүрэн азарга” гэсэн, “Манай хүрэн азарга” гэнэ. “Үгүй ээ, хүрэн азаргаа явуулчихсан юм уу” гэтэл “Та л өөрөө явуул, явуул гээ биз дээ” гэдэг юм. Ер нь их хурдан адуу самралтандаа хойд хөл нь урд хөлнийхөө өсгий шилбэ хавиар гишгэчихдэг бололтой юм билээ. Онгийн голд гурав хонуулсан бол ч өөр л байх байсан байх. 
-Найман настай гэхээр ид үедээ уралдахаа больжээ. Төлүүд нь хэр хурдалж байна вэ?

-Хүрэн азарга 14 хүрсэн. Охин голдуу төлтэй. Нэрд гарсан эцэг шигээ адуу төрөхгүй л байна. Эсвэл бид уяж чаддаггүй юм уу.
-Бүсийн уралдаанд айрагдсан адуу тухайн үедээ ямар ханштай байсан юм бэ. Өөрөөр хэлбэл, та хүрэн азаргаа ямар ханшаар авсан бэ? 

-Хоёр сая төгрөгөөр тооцоод л авсан. Тооцоод гэдгийн учир нь Дүгэрсүрэн гуай хүүгээ тусад нь гаргах гээд шинэ гэрт нь хэрэглэгдэх зүйлсийг надад захидаг байсан юм. 

Алдарт шаргатай ана мана үзэлцсэн хээр азаргыг маань Онон Манлай тоодо


-Хээр азарга тань хаанахын адуу билээ.
-Бас л Дарьгангынх. Мөнхбат гэдэг айлын адуу. Мөнгөн хөлтийн төрсөх ах гэдгийг дээр хэлсэн. Их мундаг байсан соёолон үрээг авч байсан. Тэгээд Дундговийн 60 жилийн ойд бага шаргатай уралдсан. Тэгэхэд л эрлийз, монгол адуу тэгтлээ зөрүүтэй байдгийг мэдсэн. Хурдан шарга азарга бол эрлийз адуу шүү дээ. Дүүхэлзсэн том шарга үрээ машин дээр ачигдаад явж байхыг хараад “За, маргааш энэ үрээтэй л үзэх нь дээ” гэж бодсон. Их гандуу жил байсан. Олон газрын хурдан соёолонгууд цуглачихсан. Олон адууны хөлөөс улаан тоос буцлаад л. Бид эндээс ногоо хадаж, очоод бризент дэвсээд хооллож, уралдуулж байсан юм. Тооцоолж байсанчлан нөгөө хоёр үрээ чинь саахалт хэртэй тасраад алга болсон.
-Танай хээр, шарга хоёр уу? 
-Тийм. Уралдааны өмнө би хүүхдэдээ “За, миний дүү хол тасарч үлдэж болохгүй шүү. Нэг алдвал гүйцэгдэхгүй шүү” гэж. Тэгсэн зэрэгцэж баахан давхиад, жаахан хоцроод... Тийм байдалтай давхисаар яг наадмын талбай харагдсан, нөгөө шарга азарга чинь сая эргэж байгаа юм шиг улам чангарч байна аа. Хээр азарга монгол адуу, аргагүй суудаг юм билээ. Тэгээд л аман хүзүүдсэн. 
-Улсын наадамд уралдаж байсан юм уу?
-Тэр жил улсад хүүхдээ унагаагаад дөрөвт ороод ухарсан байсан. Миний хээр азарга нэг удаа долоод, нэг удаа есөд хурдалсан. Ер нь шарга азаргатай үзэлцсэнээс хойш биеэ нөөгөөд өөрийгөө дайчлахаа больсон. Орон нутгийн наадамд бол олон түрүүлж, айрагдсаан. Гол нь буурал азарга нь илүү хурдан байсан болохоор түүнийг нэгт, хээрийгээ хоёрт тавиад байхгүй юу. Түүнээс биш сайн адуу л даа. Би нэг удаа Онон Манлайд “Хээр, буурал хоёр азарганы хээр нь илүү байсан юм шиг” гэтэл “Тийм, хээр нь илүү азарга байсан” гэсэн шүү. Шаргатай тэгж сайн уралдсан гэдэг утгаар нь тэгсэн байх. Ер нь бодоод байхад улсад зургаа түрүүлсэн азаргатай ана мана уралдана гэдэг муу адууны хийх ажил биш шүү дээ.
-Тэгэлгүй яахав.
-Буурал азарга шаргатай Цагаан хөтөл дээгүүр мөн ч олон гарч ирсэн. Бие жижигтэй азарга байсан юм даа, хөөрхий. 

Миний буурал азарга одоо байсан бол олон айрагдах байсан

-Рашийн буурал гэж нэг үе яригддаг байсан адуу шүү.
-Түүнийг дуулаагүй мэдэхгүй, моринд хорхойтой хүн бараг байхгүй байж мэднэ. 2010 онд Хэнтий аймагт болсон “Цэцэн ханы хурд” зүүн бүсийн уралдаанд гурваар давхисан. 2012 онд Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор миний буурал азарга хүүхэдгүй түрүүлсэн. Тэгэхэд би 70 жилийн өмнө аавын маань хээр морь энэ довон дээр түрүүлж байсан бол өнөөдөр миний буурал азарга түрүүлсэнд магнай тэнийж байна” гэсэн утгатай үг хэлж байснаа санаж байна. Хойтон жил нь даагаа нэхэж, аймагт очиж аманд хүзүүнд орсон. Тэнд говийн бүс болсон юм. 
Буурал азарга маань улсад хоёр ч удаа зургаа, долоогооор орж, хот хөдөөгүй олон жил хурдалсаан. Би заримдаа уяачдад “Миний буурал азарга одоо байсан бол олон айрагдах байсан” гэдэг юм. Тэр нь нэгдүгээрт эрлийз, монголыг ялгадаг болсныг хэлж буй хэрэг. Хоёрдугаарт, бариа өөрчлөгдсөн. Барианы тэр айхтар гүдгэрийг чинь өмнө нь давуулж барьдаг байсан шүү дээ. Одоо бол дөнгөж өгсөнгүүт барьдаг болж. Тэр үед буурал азарга дөрөв, таваар зүтгэж гарч ирээд, зургаад баригддаг байсан. Дээр нь би өөрийгөө наадмын өмгүй хүн гэж боддог. Уг нь тэгж бодож болдоггүй л гэдэг юм. Нэг бол аман хүзүүднэ, үгүй бол зургаад баригдана. Баяр наадмын тухай хуулинд арав дотор орсон морийг дээр үеийнх шиг асрын өмнө цоллодоггүй юмаа гэхэд хэвлэл мэдээллээр сурталчилдаг байя гэж би өөрөө санал гаргаж хуулинд оруулсан юм. Үүний дараа наадмаар манай хоёр азарга нэг нь зургаад, нөгөөх нь есд ороход сайд Нямдорж намайг яаж мэддэг байнаа гэж гайхаж инээмсэглэж байж билээ. 
-Засал ном гэдэг юм уу, ямар ч дом хийж байгаагүй юм уу? 
-Үгүй, үгүй. Би тийм юм хийдэггүй. Шандсаараа л үзнэ шүү дээ. Буурал азарга хамгийн сүүлд энд уралдаад хөл нь муудсан. Хоолыг нь ихэдүүлчихсэн юм. Би гэж золиг айраг цагаа бэлтгэх, гэр бараагаа аятайхан барих, унах хүүхдээ усанд оруулах гэх мэт аар саар ажилд оролцож яваад, анхаарал хандуулж чадаагүй. Хоол ихдэх гэдэг өмнөх хичээл зүтгэл талаар болж байгаа хэрэг. Ямар сайндаа л морь манасан хүнээс “морины хоол сайхан таарав уу” гэж асууж байх вэ дээ. 
-Урт цагийн уяанаас уралдах шөнийн хоол гэдэг юм билээ.
-Яг үнэн. 
-Буурал азарга тань хаанахын адуу билээ.
-Дарьганга сумын уяач Доржхүүгийн унаган адуу. 
-Дарьганга сумын адуугаар л нааддаг хүн юм аа даа.
-Тийм. Тэгсэн хэр нь би Дарьганга суманд очиж үзээгүй. Хүрэн азарга маань анх удаа улсын наадмын дэвжээнд Дарьганга сумын нэрийг гаргасан хурд. Тэр жил Дарьгангачууд их баярласан. Тэр баяр талархлаа илэрхийлж, нэг алаг үрээ бэлэглэсэн нь сайхан морь болсон. Төмөр замынхаа морь сонирхдог нөхөртөө өгчихсөн, Сайн адуугаа сайн нөхөртөө өгсөн.
-Хээр азаргаа ямар ханшаар авсан юм бэ?
-Бас л тэр ханшаар авсан байх. Бямбадорж, Эрдэнэчулуун, Ломбо нар л явж хардаг. Санаанд таарсан адуугаа олчихоороо надтай ярьж зөвлөнө. Би бол “Жаахан тат, болохооргүй бол тэр үнээр нь ав” гэдэг. Миний хэдэн хурд тэгж л ирсэн буянгууд.
-Буурал азарганы төлүүдээс гайгүй сайн давхиж байгаа нь аль нь вэ?
-Хоёр үрээ гайгүй давхиад байдаг юм. Сум, орон нутагтаа зэгсэн давхидаг. Одоо азарга болчихсон байх. Харин хээр азарганых дуулдахгүй юм. 


-Би андуураагүй бол дээрх гурван азаргаар л наадсан байх. Олон сайхан хүлэг авч, бий болгоод илүү их амжилт гаргах боломж байсан шүү дээ. Яагаад ашиглаагүй юм бэ?
-Нас 60 хол гарчихлаа. Хойно урд орж, тус дэм болдог дүү нар маань ар гэрийнхээ ажилд анхаарал хандуулалгүй горьгүй. Дээр нь адууг маань голлон маллаж, уяж байсан Ломбо дүү маань бурхан болчихлоо. Тус дэм болоод байх өөр хүнгүй болохоор өөрөө хусуур хавчуулаад явж чадахгүй. Тийм ч зав гарахгүй юм. Тэжээл бордоо худалдаж аваад, эм тариа хийгээд байж чадах биш. Иймэрхүү шалтгаануудаас болоод морь уяхаа байсан. Гэхдээ хөдөөд дүү нар морио уяж, тэр хавиараа уралдаж байгаа. Ноднин байх аа, Эрдэнэсантад үрээ түрүүлснийг хассан дуулдсан. Одоо их эвгүй болж дээ. Ухаандаа Эрдэнэдалай гадны сум гэж харилхаж байгаа юм уу, хаашаа юм. Ямар юмны эрлийз хурлийз байхав. Буурал азарга чинь цэвэр монгол адуу шүү дээ. Буурал азарганы маань төл. Ухаандаа Эрдэнэдалай холын сум гэж харилхаж байгаа юм байлгүй дээ. Заавал нутгийнхаа морийг түрүүлгэж, байг нь өгнө гэсэн бололтой юм билээ. Муухай л даа.
-Ийм явдлууд дуулдаад л байх болж. Уг нь болохгүй л дээ. Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр охинтой.
-Төмөр замын Рашид адуу бэлэглэсэн түүх цөөнгүй байх гэж боддог. Миний бодол зөв үү?
-Дундговьд зөндөө. Ёсыг бодоод хадаг зүүвэл зүүнэ. Гэхдээ алийг нь ч очиж аваагүй. Одоо эргээд хэнийх ямар адуу надад бэлэглэлээ гээд бодвол санаанд орох юм бараг алга. Хумиж авсан бол овоо л юм болох байсан байх. Тэр бүү хэл, намайг Хөдөлмөрийн баатар болоход бүх сумын гүү орсон нэг азарга адуу бэлэглэсэн. Түүнийг ч авч чадаагүй. 
-Сайхан наадам гэвэл олон дурсамж сэдрэх байх. Гэхдээ тэдгээрээс онцлоод “хамгийн” гээд яривал...
-Хүрэн азаргаа улсын наадамд аман хүзүүдэхэд л их баярлаж дээ. Азаргаа аман хүзүүнд гараад ирнэ гэж бодоогүй юм шиг байгаа юм аа. Дүү Ломбо, Замын хоёрдугаар ангийн дарга асан Ням-Осор эд нар азарга тавьж өгнө гээд явчихсан, би Төмөр замын цагдаагийн газрын дарга Ганхүү болон гэр бүлийнхэнтэйгээ Айдасын даваан дээр хүлээгээд зогсож байсан чинь өнгөний хоёр азарга гараад ирлээ. Тэгсэн миний хүрэн азарга хошуурчихсан, үгүй ээ мөн сайхан санагдаж байгаа гэж жигтэйхэн. Нөгөө радиогоор чинь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р.Рашийн хүрэн азарга өнгөнд явж байна гээд зарлахаар өөрийн эрхгүй эндээс (цээжин хэсэгтээ заав) нэг юм өөдөө огшоод л, нүдэнд нулимс бүрхдэг юм билээ. Хүрэн азарга олон сайн азаргануудыг хаяж, Дарамрэнчингийн алагийн ард орж, аман хүзүүдсэн юм. Наадмын дараа Бооноо гээд унаж байсан миний ач хүү “Нэг мэдсэн алаг азарга миний өмнө явж байсан” гэсэн. Хүрэн азаргатай зууралдуулчихвал тавихгүй л дээ. Тэгэхээр нөгөөх нь зайтайхан яваад урд нь гарчихгүй юу. 
-Энэ баярт мөчид ижийн тань бие чилээрхүү байсан гэсэн. Адуунд дуртай аав тань харж амжсан болов уу?
-Аав минь бүр өмнө нь нас барсан. Миний аав намайг гайгүй алба хашиж, морь уяж улсад сайн давхиулахыг харж чадаагүй. Гэхдээ сайн сайхан явна гэдэгт итгэдэг байсан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр намайг хойно Нийгмийн ухааны академид суралцаж байхад аавын бие муу гэсэн хэл ирээд, би ирж аавыгаа хоёр хоног сахисан юм. Тэгэхэд манай Жуужаа (ээж) надаас “Миний хүү чинь ямар сургуульд сурдаг билээ дээ” гэж асуусан. Тэгсэн аав “Иш, манай энэ нээрэн тэнэг хүн шүү. Дэлхийд номер нэг сургуульд сурч байгаа хүнээс ийм асуулт асууж байдаг” гэж байсан юм. Тэр үед аргагүй Зөвлөлтийн нийгмийн ухааны академи гэдэг тухайн цагтаа л дэлхийн номер нэг сургууль байхгүй юу. 


-80 жилийн ойгоор азарга аман хүзүүнд хурдлуулсан. 100 жилийн ойгоор ямар насны морь айрагдуулах бодолтой байна вэ?
-Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана гэгчээр ямар ч гэсэн ганц нэг юм мордуулна аа. Онон Манлайн бэлэглэсэн сайн хүрэн азарга надад байдаг юм. Одоо Манлайн адуунд яваа. Түүнд хоёр гурван гүү хураалгадаг. Энэ намар Манлай “Раш гуай, таны адуу овоо хэд болчихлоо, өөрийнхөө тамгаар тамгалаач” гэхээр нь очиж тамгаа дарсан. Тэр адуун дунд хоёр эр сарваа бий. Ирэх жил ямар ч байсан дааганы сүүл шууна л гэж бодож байгаа. 
-Та морьдныхоо хурдны шинжийг хэлэхгүй юу. 

-Миний гурван азарга гүйдэл нь ороод ирэхээр ёстой зормол юм шиг болдогсон. Хүрэн азарганы дух магнай өргөн учраас наадмын талбай ойртох тусам улам зүтгэнэ. Хөл гар нь зээр шиг. Буурал азарганы хөх мах цээж, хондлой ярих юм байхгүй. Ер нь давхар уяандаа юм дуулгана даа. Уяа нь ороод ирэхээр гоё сайварлана. 
Хээр азарга ямаан хоншоортой бүрээ хамартай, давхихаараа толгой цээж нь босоод ирнэ. Бас надад төмөр замчин бэлэглэсэн “дэлдэн” нэртэй зээрд ззарганы эрүү, хүзүү нь Балжинням аваргынх шиг л гэсэн үг. Бага насандаа сайн давхиж байв. Баярцэнгэл, Амгалан, Бооноо Баярбат, Үржин, Намхайн Сүхбаатар, хүргэн Наранбаатар гээд миний дараагийн үе бий. Хурд тасрахгүй болов уу. 
-Уясан хүлгүүд нь урамтай сайхан хурдалж, түрүү айрагт багтан түмэн эхээ дуудуулах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Танай сэтгүүлийн хамт олонд ч баярлалаа. Хүлгийн тоосонд булуулж өссөн хүүхэд насны минь сайхан дурсамжийг хуваалцсан явдалд. Ажил үйлсэд нь амжилт хүсье.

А.Тэлмэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна