Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн буян хишиг, эд баялаг, энергийн орших орон юм

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 29 -нд

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Зурхайч лам,  АУ-ы магистр Д.Сайнсайхан Даллаганы уутны утга учир ийн талаар ийнхүү ярьж байна.

Монголчууд бид эрт дээр үеэс хишиг буянаа дээдлэн тогтоодог уламжлалтай байсан билээ. Хишиг буян хэмээх зүйлд нь амь нас уртасгах, эрүүл амар тайван, аз жаргалтай амьдрах, идээ ундаа эд баялаг зэрэг харгалздаг гэж үздэг. “Буян хишиг тогтоосой” хэмээн бэлгэдэж айл бүр даллаганы уутыг гэр орондоо, бурхан шүтээндээ залдаг. Энэхүү буян хишгийг тогтоох үүднээс Гонгор, Намсрай, Алтангэрэл, Дашчерив буюу өлзий хутгийн хурыг буулгагч сангийн үүднээс даллага авдаг.

Гонгор бурхан бол эд баялгийг үлэмж их хураан баян чинээлэг болгох үүднээс баяжъя гэвэл энэхүү бурхны үүднээс тахиулж даллага авах,

Намсрай бурхан нь өдөр тутмын идээ ундаа, эд эдлэл, мөнгө зоосоор тасрахгүй явъя гэвэл,

Монголчууд эртнээс Алтангэрэл судрыг шүтэж, даллага авахуулдаг уламжлалтай. Энэхүү судрыг уншуулахад судрыг айлдсан газраас тухайн газар орон хүртэл алтны судал татдаг байсан гэж үздэг байсан.

 Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно. Хэмжээ нь өөрийнхөө мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр тааруу байна гэж үздэг. Мөн тухайн орны будаа тариа хэмждэг хамгийн жижиг сав суулганаас бага байж болохгүй ч гэлцдэг. Монголчууд бид ихэвчлэн торгоор хийдэг. Даллаганы уутын утга учир, хэмжээ дамжаа, бүтцийн талаар товчхон өгүүлье.


  • Даллагын уутыг яаж хийх вэ?

 

Даллагын уутны хэмжээ нь өрхийн тэргүүний мухар тохойн хэмжээтэй адил юм уу илүү байдаг.(Мухар тохой гэдэг нь атгасан гарын үзүүрээс тохой хүртэлх хэмжээг хэлдэг). Даллагын уут нь өрхийн тэргүүний мухар тохойноос бага байж ердөө болдоггүй. Тэгж байж буян хишиг дэлгэрэн арвижихийн бэлгэдэл гэж үздэг. Даллагын уутыг хийх материал нь торго эсвэл өөрт олдсон аль сайхнаар хийнэ. Үнэтэй материал олдохгүй бол номын дагуу өнгө зохилдсон материалаар хийнэ. Хэлбэр нь өөрөө бөөрөнхий ёроол нь дугуй дээшээ уут маягаар хийдэг. 

Даллагын уутны ёроол хормойг гэрийн эзэгтэй буян хишгийн махбодын өнгөөр (гал-улаан, шороо- шар, ус-хар, төмөр-цагаан, мод-хөх), их биеийг гэрийн эзний буян хишгийн махбодын өнгөөр, хүүхдийн тоогоор амсрын дээд биеийг солонгоруулан ууган хүүхдээс отгон хүүхдийн буян хишгийн махбодын өнгөөр хийх бөгөөд оосорны өнгө мөн отгон хүүхдийн буян хишгийн махбодын өнгөтэй байна.

Даллаганы уутны дотрыг улаан(гурван ертөнцийн хүн, эд, идээ гурвыг эрхэнд хураах үйлсийг бэлгэднэ) өнгө, шар(нас, буян хишиг, эд агуурс, алдар нэрийг дэлгэрүүлэх үйлсийг бэлгэднэ) өнгийн даавуугаар хийнэ. Дээрх хоёроос өөр өнгөөр хийдэггүй

.

Доод сууринд лянхуа цэцгийг дүрслэнэ: Даллаганы уутны доор найман дэлбээтэй лянхуа цэцгийг дүрслэх, эс бөгөөс зургийг уутан дотор хийж ч болно. Мөн эдийн бурхад болох Намсрай, Гомбо, Норжмоо зэргийн алиныг ч хийж болно. Замбалын амин хүрд ч хийж болно. Замбалын амин хүрд нь байгаа газрыг Замбал бурхан сахина гэсэн тангарагтай. Хаана тавина тэнд буй зүйлс цугладаг тангарагтай. Намсрайн хулганатай эрдэнийн зураг ч байсан болно. Тэгэхээр Намсрай бурхан ивээж, даллагын уутанд, танай гэр оронд заларч байгаагаас өөрцгүй. Номоо уншуулж байхад дараа нь юм юм цуглана.  Даллага авч байхдаа л амсрыг нь нээгээд бусад цагт амсрыг нь чанга бус сул биш тухайн гэрийн эзний 2 хуруу багтах хэмжээтэй боогоорой. 

2. Даллага авахуулах ёс нь

 

Даллага авах ёс нь аливаа хүссэн бүхий зүйлээ (урин) хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл гүйцэтгэх Монгол ёс заншил юм. Өөрөөр хэлбэл энэ нь тусгай загвараар урлаж хийсэн уут буюу модон хайрцагт таван тарианы үр, боов чихрийн зүйл, элдэв эрдэнэс алт, мөнгө болон торго дурданын өөдөс хийсэн байдаг бөгөөд цоожтой саванд түүнийгээ ихэд нандигнан хадгалж, гагцхүү даллага авахуулах үедээ л гаргаж далладаг заншилтай аж. Монголд Алтангэрэл, Намсрай, Гонгор, Дашчаревийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авахуулдаг.

Даллага авахуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс "Буян хишгээ сайн хурааж ирэв үү?" хэмээн асуухад, "Сайн хурааж ирлээ" гэж хариулна.

Ламыг даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ "Хурай, хурай, хурай" гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног гуйлгын эд зүйл, мөнгө төгрөг, идээ ундааны зүйл хүнд өгч, зээлж гэрээсээ гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.


3. Даллаганы уут дүүрсэн үед яах ёстой вэ?

Шүншигтэй эд зүйлсээ үлдээгээд, идээг өрхийн тэргүүн сүлд гарагтаа тухайн жилийнхээ буян хишгийн зүгт гарч, уул овоонд тавгийн идээ маягаар засч арц хүж уугиулан өргөнө. Энэхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавьж , жигүүртэн шувуу, ан амьтны буян хишгийг хүртсэнээр ээл, ивээл, ач тус нь танд болон танай гэр бүлд цаглашгүй буян оршино.

4. Даллаганы уутандаа 25 зүйлийг заавал хийнэ

Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ.

шороон махбодын шим алт, махбодын шим мөнгө, модон махбодын шим оюу, гал махбодын шим шүр, усан махбодын шим номин

4.1: 25 зүйлийн эд зай

 

Нэр

жор

1

5 их эрдэнэ

алтшороо, мөнгөтөмөр, шүргал, оюумод, номинус+сувд, тана,ган, зэс = 9 эрдэнэ

2

5 үр тарианы зүйлс

улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, дэл

3

5 рашаан

зөгийн бал, мөсөн чихэр, тараг, сүү, тос

4

5 эм

лидэр, гандигар, банлаг, далайн хөөс, шудаг

5

5 үнэртэн

улаан зандан, цагаан зандан, задь, гавар, хач гүргүм+агар

Эрдэнийн зүйлсээ орлуулж огт болдоггүй. Байгалийн язгуур амь зүйлийг хийхгүйгээр орлуулсан зүйлээс хэзээ ч адистид гардаггүй аж.

 

Буян хишгийг урин тогтоох, даллагын уутанд оршоох 25 зүйлийн эрдэнийн эд зай

 

Тухайн айл гэр буян хишиг, цог хийморь, эд баялгийг гэртээ дуудахын тулд айл бүхэнд даллагын уутыг үтээж залж оршдог. Даллагын уут маань тухайн айл өрхийн буян хишиг, эд баялаг, энергийн орших орон юм. Даллагын уутны дотор нь номонд заасан ёсоор 25 зүйл-эд-зайг заавал хийх ёстой. Эдгээрийг хийснээр буян хишиг, цог хийморь сайн сайхан зүйл, эд баялагийг урин залж, тогтоох хүчин зүйл жанлав, сүншиг болж ном ёсны дагуу бүрэлдэх юм. 

Эдгээр эдийг орлуулсан хуурамч зүйлс хийж болдоггүй ба 25 эд зай номын дагуу бүрдэхгүй бол: Буян хишиг төгс тогтохгүй. Эд ба эрдмийн талаас хишиг буян тогтохгүй байдаг. 

Зарим эд зайн олдоц ховор байдгаас хувь хүн айл өрх цуглуулан орших хүндрэлтэй байдаг. Эдгээр эд зайн багцыг айл өрх бүр, хурим найр хийнэ, өрх тусгаарлаж буй үр хүүхэд, шинэ орон сууцанд орж буй айл өрх, ахмад настай аав ээждээ авч өгч залбал цаглашгүй их буян хураан үйлдэх болно. 

 

4.2: Даллаганы уутанд тавих нэмэр хачир

 

Нэмэрлэн хачирлах жор

1

Дээд гурван үр, доод гурван үр

2

Улаан, шар, ногоон, хөх, цагаан өнгийн хоргой торгоны зүйлс

3

Төрөл бүрийн цай, давс /цай, давсны олон төрөл хийж болно/

4

Үр жимстэй гаслангуй элдэв модны зүйлс

5

Их мөрөн, ариун булаг шандны усны дээжсийг давсанд шингээн хатааж оруулна

6

Ариун болон тахилгат газар орны элдэв шороо, эрдэнийн чулууны зүйлс

7

Олон хүүхэдтэй айлын хувцасны зүйлс           

8

Эх орны цэвэрхэн мөнгөн тэмдэгтүүд

9

Хүүхдийн даахь сэвлэгээс ёс төдий

10

Олон малтай айлын малын төрөл бүрийн үс, ноосны зүйлс

11

Сайн дээдэс багш, мэргэдийн эдэлж хэрэглэж байсан аяга тагш буюу эдлэл хэрэглэлийн зүйлс, дээлийн өөдөс тэргүүтэн.

12

Алдарт хурдан хүлгийн хөлсний хусуур буюу хөлс арчсан давууны зүйлс эдгээр бүгдийг даллагын уутанд бүрдүүлэн хийх хэрэгтэй.

 

Даллагын уутанд хөгцөрч муудах нойтон идээ, эд хийхийг тэвчүүштэй.

 

Яагаад чухам ийм олон төрлийн зүйлсийг хийх ёстойн учир нь, ариун, дагшин газар орны шороо, мод чулуу тухайн газар оронтой танай гэр бүлийг холбож, баян чинээлэг хүний буян хишиг танай гэрт тогтох бэлгэдэлтэй. Буян хишиг дуудаж, хурайлах нь дээрх зүйлсийг авсан газар орны буян хишиг, эд баялгийг танай гэрт цуглуулж, гэр орон тань дээрх зүйлсийг гэртээ цуглуулж буй хэрэг.

Тухайн өрх айл олсон орлогынхоо дээжнээс даллагынхаа уутанд хийдэг. Хэрэв даллагын уут дүүрвэл номын дагуу амыг нь хадгаар боогоод далд сайхан хадгалдаг эсвэл өрх тусгаарласан үр хүүхдүүддээ хувааж өгдөг сайхан уламжлал бий. Тэгээд шинээр даллагынхаа уутыг номын дагуу 25 зүйлийн эд зайгаа хийгээд шүтэх хэрэгтэй.

П.Ундраа

 

 

 

 

 

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.