Тэнүүн шаргал говийн төрмөл хурдан хүлэг Тэргүүн хонгор-2

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 16 -нд

Олон уншигчийн хүсэлтээр Тэргүүн хонгор хэмээх цуут хүлгийн тухай нийтлэлийнхээ үргэлжлэлийг хүргэж байна. Таалан болгооно уу.

2011 онд даагандаа: 
Тэр жил хонгор даагыг Эрдэнэбулган ах нь уясан бөгөөд Эрболдыг нэг ирэхэд “чиний энэ хонгор даага аюултай ааштай шүү. Хошуувч энэ тэр зүүлгэнэ гэж байхгүй. Тэжээлийг нь түмпэнд хийгээд урдаг нохойнд өгч байгаа юм шиг холхоноос түлхэхгүй бол хөл нь толгой дээр буучих гээд байдаг юм” гэж. 
Хавар цагаан сарын дараахан төвөөс хүүхдүүд авч очоод морьдондоо ажил хийхээр болж. Зургаан, долоон моринд ханагар давхил хийхэд хонгор даага явахдаа чих хатгаж, сүүл өргөөд өмнө нь ороод дэргэснээ, буцахад мөн нөгөө байдлаараа урд давхисаар иржээ. 
Цовоо цолгиун, этгээд хурдан ч ааш ихтэй тул дөхөх зүрхтэй хүүхэд үгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр таван сард Эрдэнэбулган уяач өөрөө унаж сургаад дүүгээ нэг ирэхэд нь “хонгор даага хурдан шүү. Ах нь сургаад хэд хэд тарлалаа. Хурдан юмаа. Чи давхилыг нь харах уу” хэмээгээд км шахуу газар ханагар давхил хийж үзүүлжээ. Ийнхүү өвөл гологдсон хонгор сарваа хавар гэхэд уяач эзнээ урмаар тэтгэн баясгадаг болов. 


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ ММСУХ-ны дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор шагнуулж, аймагтаа гурван насны морьдын уралдаан зохион байгуулахад Тэргүүн хонгор түрүү магнайд хурдалж, анхны түрүүгээ хүртжээ. Түүний дараахан 6-р сарын 1-нд Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн түүхт 80 жилийн ойд айргийн дөрвөөр давхиад, “Говьшанхын хурд 4” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж. Ийнхүү уралдах бүртээ түрүү айрагт хурдалдаг жижигхэн хонгор даага найман сард болсон “Энержи ресус” ХК-ийн нэрэмжит уралдаанд түрүү магнайд хурдлаад тэр жилийн наадмаа отголсон байна. 


Эрдэнэбулган уяач дүүгийнхээ таньж авчирсан хурдан даагыг том хүүгээрээ унуулан таван наадамд түрүүлгэж, айрагдуулсаны нэг нь төрийн зарлигт бүсийн уралдаан байлаа. Ийнхүү говь нутгийн ах дүүс төрийн зарлигт наадмын анхны айргаа /нэг түрүү хоёр айраг/ хүртэн аз хиймориор бялхав. 

2012 онд шүдлэндээ:

Тэргүүн хонгор төрмөл цовоо адуу. Унахаар мордоход, уралдааны замд, тэр бүү хэл уралдаад ирсний дараа ч гэсэн булгиж бухах нь олонтаа. Барианы зурхай руу ойртож ирээд ханарч, гарчих гээд байдаг гэмтэй. Бага том хэд хэдэн наадамд тийн амжилтаа алдаж байв. 
Шүдлэн насны анхны наадам цагаан сарын дараа Дундговь аймагт болсон “Мандалын хурд” аймгийн бүсийн уралдаан байлаа. Энэ уралдаанд түрүүлж, Д.Эрболдын Алдарт уяач цолыг мялаан хөгжөөв. Үүний дараа Өмнөговь аймгийн Хүрмэн суманд болсон аймгийн бүсийн уралдаанд зургаад хурдлав. Тэрхүү уралдаанд Д.Эрболд Сүхбаатар аймгийн Халзан сумын Золжаргал найзынхаа алаг үрээг уяжээ. Битүү алаг тархины хэдэн үрээтэй тасарч, харин Тэргүүн дундуур маягтай явж байсан тул Д.Эрболд “алагийгаа дагаж давхилыг нь харъя” хэмээгээд урагшилж. 


Барианы зурхай харагдаж хүүхэд, морь хүчээ шавхан урагшилж байхуйд хонгор үрээ нь гэнэтхэн хойноос нэхэн орж ирээд татуулсхийн зургаалж, алаг нь тавлаж. Энэ тухай Д.Эрболд “Шинэ үрээнийхээ давхилыг үзэж, урам өглөө хэмээн тэр зуур бодсон ч морь цоллож байхад “хонгор үрээнийхээ азыг хариулчихаагүй байгаа” гэх бодол салахгүй байлаа. Тэгээд дахин тийм алхам хийхгүй байхаар шийдсэн. Манай өвөө лам хүн байсан тул бид сүсэг бишрэл, итгэл үнэмшил өндөртэй.Тиймдээ ч Хүрмэнгийн уралдаанд гаргасан үйлдэлдээ гэмшингүй явсаар хэд хоногийн дараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын урд бригадад болсон мотоциклийн байтай уралдаанд хонгорыгоо хол зайтай түрүүлгэж аваад уужирсан” хэмээсэн юм. 

Шүдлэн насны дөрөв дэх уралдаан Монгол төрийн наадам байлаа. Хонгор үрээ замаас гарч, нутгийн зүг давхиж одсоныг уншигчид мартаагүй байх. 
Тав дахь нь Дундговьд болсон “Их мандал 2012” говийн бүсийн уралдаан байлаа. Усархаг борооны улмаас уралдаан нэг хоногоор хойшилсон ч Тэргүүн хонгор дэндүү бахтай түрүүлсэнсэн. Өдгөө Тэргүүн хонгор гэх нэрийг сонсох бүрт ганцаар тасарчихаад зоргоороо давхих тэр л дүр зураг нүднээ буудаг. Бахдам сайхан түрүү. 


Тэр жилийн уралдаанууд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойгоор отголж. Доохнуур гарч ирээд, барианы үзүүрт Тод манлай уяач Д.Хишигжаргалын Таахай борыг мөчидхөн дийлж түрүүлэх нь “хавраас хойш хангалттай олон уралдлаа шүү дээ, эзэн минь” гэх шиг. 

2013 онд хязааландаа:

Уяач эзэн залуу халуун, уядаг хүлэг нь хурдан шандастай. Хэдэн төгрөгний хэрэг гарвал аль ч газрын ямар ч наадмыг бага том гэж басалгүй ачиж очоод мордуулчихдаг байсан тухайгаа Эрболд Алдарт хожмоо хуучилж байсан. Хязаалан насны анхны уралдаан аймгийн хаврын бүсийн уралдаан байв. Хязаалан адуу уралдах боломжгүй тул соёолон насанд мордуултал түрүүлчихлээ. Болох л юм байна... 
Улсын наадмын өмнө Хулд сумаас урагш сунгаан хийв. Сунгааны дараа Эрдэнэбулган дүүдээ “үрээнд маань ажил дутах нь ээ” гэхийг сонсонгуут Эрболд “Хайрхан мотоциклийн байтай соёолонгийн уралдаантай гэсэн. Ойроос уралддаг юм билээ. Онгойлт болох юм бишүү” гэж.
Ийн ярилцаад очвол соёолон 13-14 километрт уралдаж Тэргүүн хонгор сурсан зангаараа хошуу өлгөөд л зайлчихаж. Араас нь том хүрэн, бас нэг загал үрээ нэхэж, хэд хэд нийлсэн барсангүй. Эзэд нь үрээгээ нас ахиулж мордуулсанаа тэрхэн зуур мартчихсан “энэ яасан сайн үрээнүүд вэ” гэцгээж байв. Тэргүүн түрүүлдгээрээ түрүүлж, аман хүзүүнд Хулдын Могоогийн загал, айргийн гуравт Д.Батхуягийн Дөлгөөн хүрэн орж. 


АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар аман хүзүүнд хурдалж, төрийн наадмын анхны айргийг авчрав. Энэ тухай Д.Эрболд: “Дээлэндээ багтахгүй болтлоо баярлаж, гаргаж буй ааш ааль, үйл хөдлөлөө хянах чадваргүй болсон байсан. Хамгийн түрүүнд адуунд сэтгэлтэй болгосон аав ээждээ, ийм сайхан буян бэлэглэсэн найздаа баярлах сэтгэл төрдөг юм билээ. Арай уужраад Чука руугаа залгаад “миний найз халхын сайхан хурдан буян өгчөө” гэсэн дуу нь сонин болоод утсаа тавьчихсан. Ер нь төрийн наадамд морь айрагдуулна гэдэг уяачийн хувьд үгээр илэрхийлшгүй их баяр жаргал шүү” хэмээн сэтгэгдэл хуваалцсан. 
Ах дүүс төрийн наадмын анхны хишгээ хүртэн хөл нь газар хүрэхгүй баярлаж байхад Хүйн долоон худагийн дэнжид нэгэн эрхэм бас баяр бахдалаар цалгиж байсан нь Д.Хишигжаргал Тод манлай юм. Урьд жил нь Дундговьд болсон улсын бүсийн уралдаан болон Есөнзүйлийн даншигт Таахай бор үрээ нь хоёр ч удаа говийн хонгорт дийлдэн аман хүзүүнд хурдлаад байж. 
Харин энэ наадмаар тэрээр шарга үрээгээрээ айхтар хонгорыг нэг дарж аван сэтгэл дотроо баясан суусан билээ. Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудахаар төв цэнгэлдэхэд ирээд байхдаа бүгээн адууны эзэд таарчээ. Урьд жилийн хоёр уралдаанд Тэргүүн хонгорыг унасан Одбямба хүү явган явахыг харсан /тэр жил Тэргүүн хонгорыг улсын шилдэг уралдаанч Өөдөс унаж айрагдуулсан/ Хишигжаргал Тод манлай “Хүүе энэ унаагүй юмуу. Энэ чинь миний Таахайг хоёр дийлсэн мундаг уралдаанч. Цэнгэлдэхэд арай ингээд явган алхаж байж болохгүй” гэснээ шарга үрээний уралдаанчид “Миний хүү олон наадамд морь цоллуулсан юм чинь энэ удаа шарга үрээгээ энэ хүүхдүүдээр унуулаад цоллуулчих” гээд хүүхдээ сольжээ. 


Зурагтаар морь цоллуулахыг харсан Дэмчигцоодолын ах дүүс “Шаргыг Одбямба уначихсан, Тэргүүнийг Өөдөс уначихсан байна. Энэ Одбямба өөрийнхөө морийг дийлээд түрүүлгэчихэж байгаа юм байх даа” хэмээн шуугилдаж байсан гэдэг. Уяачийн хор гарах сайхан 
Улсад түрүүлсэн шарга үрээтэй зөрж уралдах эзэн уяачийн тооцоогоор Тэргүүн хонгор Завхан аймгийн 90 жил, хангайн бүсийн уралдаанд шандас шалгахаар болов. Хавраас эхлээд нэлээд хэд уралдчихсан, дээр нь хол газар ачигдсан. 


Хамгийн гол нь говийн адуу өндөр уул, ил устай хангай газар ирээд сүрдсэн ч байж мэдэх. Ямартаа ч тэр уралдаанд Тэргүүн хонгор түрүү магнайд хурдалсан ч өмнөх шигээ багтаж ядсан ааг омог ажиглагдсангүй. 

2014 онд соёолондоо:

Жилийн өнгө тольдох хаврын бүсийн Дүнжингаравын хурд уралдаан. Морьд гараан дээрээс уралддаг жил. Эрболд Тэргүүн хонгороо, мөн өнгөрсөн жил гурван сумын наадамд түрүүлсэн Дэмбээ загалынхаа биеийг халаан ойр зуурт хөдөлгөж байтал 20-р зууны манлай уяач Д.Даваахүү дуудаж. Явж очоод мэнд ус мэдсэний дараа Тод манлай “алив чиний нөгөө хурдан хонгор адуу хаа байна. Нэг харуулаадахаач” гэж. Эрболд хүүхэд рүүгээ гараараа дохиж хонгор азаргаа харуулжээ. Тод манлай толгой сэгсэрснээ цаана нь байгаа загал адуу яадаг адуу вэ? гэж. Өнгөрсөн жил гурван сумын наадамд түрүүлснийг хэлтэл дахин өөр зүйл лавлалгүй давхиад явчихаж.


20-р зууны их уяачийн энэ үйлдэл Эрболдод нэгийг бодуулж, “Тод манлай юуны учир толгой сэгсэрэв. Ингэж муу уях гэж байдгаа гэсэн дохио юу? Эсвэл...” ингэж бодох зуурт соёолон ч гарч. 
Хурдан соёолонгийн уралдааны өнгөнд Тод манлайн Таахай бор, ах дүү Алдартуудын Тэргүүн хонгор гараад ирчихсэн, гурав дахь удаагаа үзүүр түрүү булаалдан үзэгчдийг шуугиулав. Морь хөлслөх хашаанд эзэд таарах мөчид Хишигжаргал Тод манлай “өнөөдөр дүүгийн ээлж байжээ” хэмээгээд инээсэн гэдэг. Тэр өдөр Тэргүүн хонгор түрүү магнайд хурдалсан билээ. Ийнхүү Тэргүүн хонгор хангайд ч түрүүлдэг, говьд ч түрүүлдэг. Халуунд ч түрүүлдэг, бороонд ч түрүүлдэг. Өвөл ч түрүүлдэг, зун ч түрүүлдэг. Үнэхээрийн онцгой төрсөн хурдан хүлэг гэдгээ батлан харуулсан юм. 
Д.Эрболд уяач хэсэг уужраад Тод манлайн толгой сэгсэрдэг нь сайны зөв байжээ хэмээн тайлсан ч загалыг яагаад сонирхсон бол гэх өөр нэг бодолд дарагдаж. Харин зун нь Дэмбээ загал төвийн бүсэд айрагдахад Тод манлайн нүд ч аргагүй өөр юмаа хэмээн бахархсан гэнэ лээ.
Тэр зун говьд гандуу байсан тул ах дүү Алдартууд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт морьдынхоо уяа сойлгыг тааруулжээ. Уяа морьдоо дангаар нь авчирсан тул соёолон азаргандаа гүү хураалгасангүй. 
Уурхайн баярт соёолон уралдах сургаар очвол Тэргүүн хэдэн морин соёолонтой үзсээр түрүүлдгээрээ түрүүлж. Дэрэн суманд мотоциклийн байтай уралдааны зар гармагц тийшээ явлаа. Тэр жил төрийн наадмын эрлийз ангилалд айрагдсан Дундговь аймгийн Дэрэн сумын Л.Эрдэнэбаатарын хултай уралдсаар үзүүр дээрээ дийлж түрүүлэв.
Гэсэн ч эзэн уяач “өмнөх жилүүдийн давхил байхгүй болчихож” хэмээн чамлангуй байлаа. Баянжаргалан суманд болсон Дундговь аймгийн зүүн бүсийн уралдаанд мордуултал өнгөнд явсаар бүтэн биеэрээ илүү гарч түрүүлжээ.
Ингээд дараагийн уралдаан АХ-ын 93 жилийн ой, төрийн их баяр наадам байв. Уралдсан л бол түрүүлдэг тэр уламжлал энэ удаа давтагдсангүй. Хонгор азарга дундуур ирэв. Бие хаа нь ч нэг барагтай. Д.Эрболд Тод манлай уяач А.Батсүхийг залан азаргаа үзүүлбэл “хөлний нүдэлсэн хэсэгт хутга хүргээгүй биз” гэж лавлаад эм тариа,тос түрхлэг өгчихөөд явахдаа “14, за цаад тал нь сарын дараа өргөс авсан юм шиг болно. Чи гайхнаа” гэж. Үнэхээр ч Тод манлайн хэлсэнчлэн хонгор азарга цовоо сэргэлэн урьдын адил болжээ.


Тэр зун дахин уралдуулсангүй. Харин өвөл нь зул сарын 25-нд Дэмчигцоодол уяач хэзээний сурсан зангаараа гутгийг нь авах зорилгоор уях морьдоо барьж хонуулдаг ёсоо дагав. Эрболд хонгор азаргаа хайрлаж бусдаас онцгойлон бага малынхаа хороонд уяад хонуулж. Өглөө босоод хартал хонгор азарганы өрөөсөн талынх нь чих буугаад хамар нь тал дээрээ гарчихсан нүднээс нь нулимс, амнаас шүлс гоожиж байв. Сандарсан улс аймгаас эмч дуудаж үзүүлээд, орон нутгийн сайн хатгуурчдыг залж хатгуулж тус болсонгүй. Хот руу авчраад эмчид үзүүлсэн ч тоймтой зүйл сонссонгүй. Энэ явдлыг дуулсан зарим нэгэн нь “хонгор азарга нийлүүлгийн өвчин тусчихсан юм гэнэ лээ” гэсэн яриаг хүртэл гаргаж. Огт гүү хураагаагүй ч, эзэд нь тэр өвчний тандалт хийлгэн шинжилгээ өглөө. Ямар нэг шинж тэмдэг илэрсэнгүй. 


Тиймээс Тод манлай уяач А.Батсүхийг дахин залахаас аргагүйд хүрэв. Тод манлай ирж үзээд “багаас нь дэндүү олон уралдсан даа. Эрдэс, шимт тэжээлийн дутагдалд орсон байх. Дээр нь эвгүй бууцанд уяад дордуулчихаж. Ах нь хортой цусыг нь авч өгье. Энэ жилдээ өнжөөчихгүй юу даа. Танай говийн ургамал чинь эм шүү дээ” гэж.
Тод манлайн үгийг дагаж хавчиг азарга уралдсангүй. 

2016 онд долоон настай:

Бүтэн жил өнжиж өвөлжин тэжээгдэн тамир суусанч ам, хамар бүрэн гүйцэд тэгширсэнгүй. Гэвч эзэн уяач улсад уралдуулж үзэхээр шийджээ. Улсын наадамд өнгөнд уралдаж байснаа замаас гарч, цагдаагийн машин эргүүлж оруулан... Ямартаа ч барианд оров. Ирсний дараа үзвэл цээж жаахан чинэх маягтай болсон харагдана. 
Тэр жил Таван толгойн уурхайн 50 жилийн ойд зориулсан бүсийн уралдаан Өмнөговьд товлогдоод байсан тул азаргаа тавьчихаж төвдсөнгүй. Батсүх Тод манлай руу залгаад зөвлөвөл “сая уралдаад онгойлт авчихсан биз. Сул ажил хийгээд харзнаж байх уу даа. Ах нь наадам дөхүүлээд очно” гэж. 


Хэлсэн ёсоор нь ганц удаа хүүхэд мордуулсангүй. Наадмын урьд орой Тод манлай ирж үзчихээд “өө асуудалгүй мордуулчих. Үзүүрийн гурван адуунд байна шүү. Одоо тулсан үед хатгаад дэмий, хөндүүр суучихна. Уралдаж ирээд хөлгүй болбол ах нь хариуцнаа” гэж. 
Маргааш нь тохирсон юм шиг хонгор азарга айргийн гуравт хурдалж, эзэн уяачдын төдийгүй моринд хайртай монгол түмний магнайд баярын мишээл тодруулав. Ийнхүү тэнүүн шаргал говийн тэнхээт их хүлэг Тэргүүн хонгор их наадмын дэвжээнээ эргэн ирлээ. 

2017 онд найман настай:
Эзэн уяачид “Монгол морьд уралдана” гэх зарыг сонсоод Дүнжингаравт мордуулахгүйгээр Алтай нутгийг зорихоор шийдэв. Говь-Алтай аймагт болсон “Засагт хан хурд” хаврын бүсийн уралдаанд хонгор азарга хөл бүрэн тэнийлттэй, чих босоо, сүүл хатгаатай урьдын золбоолог байдлаар түрүүлснийг морь сонирхогчид санаж буй бизээ. 


Тэр зунаа улсад уралдалгүй дан уяагаар тарган талдаа Дундговь аймагт болсон “Их мандал” говийн бүсийн уралдаанд мордон, айргийн дөрөвт хурдлан, тухайн жилийнн чансаа өндөр азарганы хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ. Хурд төрмөл шинж аж.

2018 онд есөн настай:
Сунгаанд хурдан, эрлийз адуутай уралдуулахад зайтайхан салж байсан тул Говьсүмбэр аймгийн Баянтал сумнаа болох Дүнжингаравын хурд уралдаанд мордуулахаар шийдэв. Уяачдын дунд Шөнөжингарав хэмээн яригддаг энэ будлиант уралдаанд хонгор азарга газрын тэг дунд хүрэхэд дундуур явж байж. Үүнийг харсан Эрдэнэбулган уяач дүүдээ “азарга баллачихна, татуул” гэсэн үүрэг өгчээ. Эрболд ч сууж явсан машиныхаа жолоочоос гуйгаад азарган дээрээ очиж хүүхэддээ “тат” гэсэн дохиог өгөв. Хүүхэд азаргаа татаж замаас гаргасан тул санаа амраад уралдаж буй азарганууд руу очлоо. Олон машины тоос шороо тэнгэрт тулж, хэний ямар азарга барианд орж байгааг ялган таних аргагүй... Тугны хажууд зогсож байтал Манлай уяач Б.Лхагва-Очир ирснээ “21 үү, 22 уу ” гээд учрыг лавлавал “Юун татуулсан гэж. Дөрөв таван азаргатай цуг 21, 22 н багцаанд орчихсон” гэж. 
Уяан дээр ирвэл гэргий нь “Азарганы хөл зүгээр, газрын дунд 16 дээр явж байхад яагаад татуулчихав. Чамайг тат” гэхээр чинь явуул гэж чадсангүй. Тэгээд эргэж буцсаар байгаад 22-т орлоо ш дээ” гэж.
Ийнхүү Тэргүүн хонгор азарганы нэг айргийн амжилт уралдааны зохион байгуулалт, уяач эзний буруу тооцооллоос болж талаар болов. 
Зун нь Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаандаа мордож арав гаргаж давхив.

2019 онд арван настай:
Жил ирэх тусам азаргаа гэх эздийн сэтгэл зузаарч, барагтайхан ажил хийхээс халгах болов. Анх зохион байгуулагдсан цагаас эхлээд тогтмол хуваарийн дагуу болж буй Говьшанхын хурд уралдааны зургаа дахь нь энэ зун болно. Тэнүүн говийн Тэргүүн хонгор цуут хүлэг даагандаа энэ дэвжээнд айргийн гуравт хурдалж, төрийн зарлигт анхны хишгээ хүртэж байсан билээ. 
Ээлтэй энэ л дэвжээндээ дахин шандас шалгахаар шийдэж, ханасан уяатай биш ч хонгор азаргаа мордууллаа. Тэргүүн хонгор азарга арав гаргаж орлоо хэмээн чанга яригчаар зарлаж, эзэд нь морь хүүхэд мэнд сайхан наадлаа хэмээн сэтгэл цадацгаав. 

2020 онд арван нэгэн настай:
Дааган наснаасаа эхлээд төрийн зарлигт наадамд тав түрүүлж, тав айрагдсан Тэргүүн хонгор энэ жил уралдалгүй өнжлөө. 

2021 онд арван хоёр настай:
Моринд хайртай монгол түмнээ цэнгүүлэн хурдан хүлгээ мордуулах төлөвлөгөөтэй буйгаа эзэн уяач дуулгасныг сийрүүлж байгаадаа баяртай байна. 

Үр төлүүд:
Тэргүүн хонгорын гүүнүүд гол төлөв аажуу унагалдаг. Хэнз голдуу төлтэй. Одоогийн байдлаар хамгийн ууган эр төл нь хавчиг зургаан настай. Дорноговь аймгийн Өргөн сумын эхтэй зээрд халзан адуу даага, шүдлэндээ улсын наадамд 20 дотор давхиж, аймгийн бүсийн уралдаанд хэд хэд айрагджээ.Түүний дараагийн төл нь даагандаа Ховд аймгийн Булган сумын МСУХ-ны тэргүүн Энхболдод очиж, тэр хавийн олон уралдаанд түрүүлж, айрагдсан байна. Ах дүү Алдартууд хонгор азаргандаа цөөн тооны монгол гүү хураалгадаг байснаа саяхнаас Онон, Галбадрах, Батзориг нарын Тод манлай, Цэндбаатар Манлай уяачдын санал болгож, тусалж дэмжсэн цустай гүүнүүдийг хураалгаж байгаа гэнэ лээ. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна