“Алтан унага”-ны эзэн Д.Доржхуяг: 16, 17 жил адуу дагасан хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан унага”-ны эзэн болсон

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 21 -нд

Галт сумын Галт V багийн харьяат, аймгийн хошой Аварга малчин, “Алтан унага”-ны эзэн Дондовын Доржхуяг нь 1969 онд Мөрөн сумын хүн эмнэлэгт мэндэлсэн. АХ-ын 90 жилийн ой болон “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” медальтай. Сумын зургаан удаагийн Аварга малчин юм. 

-“Алтан унага”-ны эзэн шагналыг ямар шалгуураар олгодог юм бэ?
-Манай Хөвсгөл аймгийн Галт сум бол эрт үеэсээ мал аж ахуй эрхэлж ирсэн түүхтэй. 
Өнгөрсөн хугацаанд 1983 онд “Алтан унага”, “Алтан ишиг”-ний эзнээр Сансар гэж хүн болсон байдаг. Түүнээс хойш 33 жилийн дараа буюу 2016 онд би “Алтан унага”-ны эзэн шагналыг хүртсэн. Энэ бол 16,17 жил адуу дагасан хөдөлмөрийн маань үр шим юм. Манай өөрийн уугуул, суугуул адуу бол тэсвэр тэвчээртэй. Хангай газрын уул хадтай хатуу нөхцөлд дассан, уналга эдэлгээ ч даана. Та бүхэн Идэр, Тэсийн голын ай сав газрын хүйтний хэмийг радио телевизээр сонсдог биз ээ. Хамгийн багадаа -32 болон түүнээс давсан хэмтэй гээд бод доо. Тэрийг даваад гарна гэхээр ямархан тэвчээртэй амьтан байх нь уу. Тэгэхэд орчин цагийн адууг маллах нь дулаан байр, сайн арчилгаа маллагаа, хүн хүч, техник хөгжсөн ажил болсныг өнгөрсөн 16,17 жил маллахдаа мэдэрлээ. Би ч их тооны хойноос хөөцөлддөггүй. Гол нь чанар, хурдан удмын санг бий болгохыг хичээдэг. Адууг чанаржуулна, хурдан удмын санг бий болгоно гэдэг чинь маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг ажил ажээ. Үүний тулд ах дүүс, нутгийн олонтойгоо хамтраад адуу үржүүлэх ажлыг илүүтэй хийж байна. 
Би чинь хоёр ах, хоёр дүүтэй. Аав ээжээс тавуулаа. Бид тав туслах малчдынхаа хамтаар ажиллаад өнөөдрийг хүрлээ. Миний дүү гэхэд ХААИС-ийн малын эмчээр төгссөн залуу бий. Түүнчлэн нутгийнхаа хоёр, гурван айлыг малжуулах, цалинжуулах, хөдөлмөрөө нэгтгэж хоршин ажиллаж байна. Энд МУ-ын Аварга малчин, адуучин гэсэн цол тэмдэгтэй туслах малчин бий. Монголын залуучуудын холбооноос Алтан медаль хүртсэн сайхан адуучин залуу байна. Бид гар нийлж энэхүү амжилтанд хүрсэн. Тэнгэрт залагдсан аав ээжийнхээ нэр алдар, сууг айхтар унагаахгүй, өргөж явах сан гэсэн хүсэл бид тавын сэтгэл зүрхэнд дандаа явдаг юм аа. 
-Хичнээн адуутай байна вэ?
-“Алтан унага” авахдаа 780-аад адуутай байлаа. Өвөг дээдсээс өвлөж ирсэн адуун дээр Сүхбаатар, Хэнтий аймгаас хурдан удмын сайхан азарга, гүү авчирч өсгөсөн. Одоо зүүн талын адууг хүн болгон сонирхож байна. Тэгэхээр тэр адууг бас авахгүй байх боломжгүй юм. Манай эхнэрийн талын дүү надад хөрөнгө оруулалт хийж, ОХУ-аас импортын адуу оруулж ирж өгсөн. Дөрөв дэх жилдээ үржүүлгийн ажил хийж байна. Анх юугаа ч мэдэхгүй нэгэн явахдаа тоог чухалчилж байсан үе бий. Тухайн үед адууны үнэ ч хямд байлаа. 60,70 мянгатай байсан болов уу. Гэвч нутгийн энэ айхтар хүйтэнд адууны тоо толгой, тэсвэр тэвчээрийг нь бараад үхэл хорогдол их гардаг юм байна. Түүнээс хойш тоо биш чанарт илүү зүтгэсэн. Чанар гэдэг бол үнэндээ өөр байдаг юм байна.   
-Англи юм уу, араб юм уу?
-Одоо надад хоёр араб азарга бий. Цэвэр араб гүү ч байна. Эцэг тал нь дэлхийд алдартай азарганы гал төлөөс гарсан юм. Герман эзэн нь уралдаанд оролцуулахаар бэлдэж байсан төл. Нөгөөх нь Орост байхдаа гарсан. Хоёулаа паспорттой. 
-Зүүн талаас хурд сэлбэхдээ хаа хаанаас, хэнээс ямар угшилтай адуу авч байв?

-Сүхбаатарын Эрдэнэцагааны Сумъяагийн Амартайван гэж манай хатиган овгийн ах хүү бий. Түүнээс авч байлаа. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххааны Долгорсүрэнгийн Бат-Эрдэнэ буюу Долоон хааны Бат-Эрдэнэ гэж залуугаас сайхан азарга, хурдан морьд авчирч байлаа. Мөн “Бороо хур”-ын Цогоо гэж байна. Халхын сайхан уяач хүлэгч улсуудын хурдан удмын сангаас авчирч цус сэлбэсээн. Эхэндээ ч азарга голдуу авчирдаг байлаа. Яахав, өөрт хурдан удмын гүү байна гэж бодоод азарга авчраад л болчих юм шиг санахгүй юу. Тэгсэн гарах нь гарч байна. Гэхдээ арай нэг хөлний явдал, чадал сул болохоор нь гүү авч байгаа юм. Гэтэл хүний сэтгэл чинь ханадаггүй юм байна. Араб, англи азарганд гүүгээ хураалган цус сэлбээд эрлийз адуу гаргаж давхиулж үзлээ. Сайхан хурдан адуу гардгийг биеэрээ мэдэрсэн.
-Та өөрөө адууны наймаа хийж байна уу?
-Би бол айхтар үнэрхэхгүй ээ. Захын ханшаар нь л өгчихдөг юм. Хүнээс дааж давшгүй айхтар үнэ нэхэхгүй л дээ. Нутгийн олонтойгоо хурдаа хуваая гэсэн бодолтой явдаг хүн дээ. 
-Идэрийн голын хүйтнийг давсан адуу л үлддэг тухай ярьсан даа. Англи, араб азарга яаж “үлдэж” байна вэ?
-Дулаан байр савнаас эхлээд хоол тэжээл гээд ярина даа. Мэдээж арчилгаа маллагаа ихтэй. Ядаж л хоол тэжээлийг нь хольж гэдэс дотрыг нь өвтгөчихгүй байх хэрэгтэй. Зуны дэлгэр цагт байгаль орчинтой нь дасан зохицуулж, намар, хаврын хүйтэнд гадаа байлгаж арьс хөрс суулгана. Мал чинь сонин амьтан юм байна. Нас бага байх тусмаа байгаль, тэр орон нутагт дасан зохицох нь хурдан. Хязаалан, соёолон болгоод авчирсан адуу орчиндоо зохицон, хүнд хатуутай тэмцэж амьдрахад тун бэрх юм байна. 
-Та англи, араб адуугаа хэдтэйд нь авчирч байв?

-Нэгийг нь унага, нөгөөг нь монголчуудын хэлдгээр шинэ ногооны шүдлэн авчирч байлаа. Уг нь гурван адуу авчирсан ч нэгийг нь хавар эрт гаргаад, бороонд цохиулан хатгаа авахуулж үхүүлсэн. Эндээс олон зүйлийг ойлгосон. Гэхдээ манай туслах малчин надаас илүү, сайн мэднэ ээ. Хоолыг нь яаж хэзээ өгөх үү, хэзээд нь гаргах уу, хэзээд нь давхиулах уу, хэзээд нь уяж унтуулах уу гээд. 
-Зундаа ч жүчээнд байлгах юм уу?
-Жүчээндээ голдуу байна. Мэдээж гаргана аа. Одоо бол шинэ цагийн адуунуудаа эндэхийн тэжээлээр тэжээгээд, үржилд орж гарсан төлүүдийг нь хашихгүй байгаа. Бид чинь 20-иод гүүнээс 11 унага авсан. Өөрийн суурь гэх юм уу 100 адуунаас 86-92 унага авдаг юм. Манай адуучин бол мундаг л даа. 60 хүрч байгаа хүн атлаа айхтар. Гэхдээ би бүх адуугаа цусыг нь сэлбээгүй л дээ. 20,30-аадхан адуугаа сэлбэж үржил хийж өсгөж байгаа юм.


-Нэг үе адууны тоо толгой 700 гарч байлаа гэсэн. Одоо хэд болж байна вэ?

-460 гаруй адуунаас 21, 22-ыг нь цус сэлбэж байгаа юм. Бусдыг нь яг монголоор нь өсгөж үржүүлж байна. Өөрөөр хэлбэл, 440-өөд нь бэлчээрээр явдаг монгол адуу. Үлдсэн 20-иодыг нь энэ хоёр азаргандаа хураалгах гэж оруулж ирсэн. Гэхдээ азаргаа гаргаад явуулчихъя гэхээр хол явдаггүй, байранд байдаг. Харин гүүнүүд хоол тэжээлдээ хүрмээр байдаг. Ийм нэгэн зовлон байх юм. 
-Таны сайжруулсан адуунаас гадагшаа гараад хурдалж байгаа ямар адуунууд байна вэ?
-Монгол адуунаас гэвэл сая “Хөвсгөл хурд”-д гуравт давхисан цоохор азарга байна. Манай энэ хүргэн ахад хүрэн халзан үрээ бий. Энэчлэн сайхан адуунууд байна, байна. Шинэ цагийн адууны тухайд зарахаасаа илүү хоёр, гурван хүнд бэлэглэсэн нь бий. Цөөхөн эр унага гараад одоо түрүүч нь шүдлэн болж байна. Үүнээс Засаг дарга асан Цэрэнжигмэдэд бэлэглэсэн даага энэ жил давхих байх. Өнөө жилээс өөрсдөд дээрээ байгаа шинэ цагийн хоёр үрээг тавьж үзье гэж бодож байна. 
-Сумын зургаан удаагийн аварга малчин болсон. Тэр нь хэд, хэдэн он юм бэ?
-1995, 1996, 1997, 1998, 2003, 2004 онд авч байлаа. 2007, 2008 онд хоёр удаа аймгийн аварга малчинд тодорхойлогдон 2009 онд авч, 2014 онд хошой аварга болсон. 
-Зөвхөн адууны тухайд уу, бусад мал ч байна уу?
-Надад тэмээнээс бусад нь бий. Тэгээд ч манай энд чинь тэмээ ховор л доо. Сум нийт 40 хэдэн тэмээтэй. Харин адуугаа хурдны чиглэлээр өсгөдөг. Нуугаад яах вэ, хонь, ямааны тухайд тооны хойноос нэлээн хөөцөлдсөн. Хонь 1500 хүрсэн, үхэр 300 гаруй байсан. Одоо 180 саалийн үнээтэй. Хажуудаа фермертэй. 
-Ингэхэд таны дээдчүүлээс морь уяж байв уу?

-Монгол хүнийг адуунаас хол байлгана гэдэг бүтэшгүй эд. Монгол хүн чинь таван нас хүрээд ямар нэгэн байдлаар малтайгаа харьцаж эхэлдэг. Би удам дагасан малчин хүн. Уяачийн хувьд миний нагац хөгшин аав маш сайн морь таньдаг, уядаг байлаа. Нэгдэл нийгмийн үед хурдан удмынхаа адуунаас хоёр гурвыг нь авч үлдээд, бусдыг нь нэгдэлдээ нийгэмчилсэн. Одоо энэ хатиганы Сумъяагийн Амартайван гэж хүнтэй нэг мах цусны, хатиган овгийн Дансранжав гэж хүн байсан юм. Сүхбаатарын Дарьгангаас энэ Галт сум руу нүүдэллэж ирсэн. 
Гэхдээ миний хувьд морийг сонирхон хайрлаж өсгөхийн тухайд ярих байна. Яах вэ ганц морь уяна аа. 1994 оноос морь мал цуглуулж, 1997 оноос уяж эхэлсэн. Би ч уяач гэхээсээ илүү хоёр дүүгийнхээ дэмжигч болж байна. Хоёр дүү маань хоёулаа аймгийн Алдарт уяач цолтой. 
-Та бол арын албаны хүн байх нь ээ? 
-Тэгж хэлж болно оо. Уналга машиныг нь бэлдэхээс эхлээд хөтөч хийх хүртэл маш их ажилтай. Давхиад ирсэн морийг нь хөдөлгөх жишээтэй. Гэхдээ би морь дагах их дургүй. Хүүхэд, адуунд маш их хайртай болохоор нулимс цуваад морь дагаж чаддаггүй юм. Чаддагаараа тосож л авах юм даа. Цай хярам, гар нүүр угаах ус, алчуураа бэлдээд очдог. 
Энд сонирхуулахад, ах нь 1990 онд дөнгөж хөдөө гарахдаа унааны ганц морьтой. Болоогүй заримдаа хүний морь гуйж унана аа. Хүнд шоолуулж явсан ч үе бий. Тэгээд муу ах, дүү хоёр маань дэмжиж туслаад адуутай болгож өгсөн. Тэгээд адууг өсгөхийн тулд би “дурлах” ёстой юм байна гэдгийг ойлгосон. 
Ингээд 50,60 адуугаа 2000 он гарахад 500,600 болгож чадсан. Цөөхөн адуутай гэж шоглож байсан улс чинь “Танайхан энэ адуугаа ийш тийш нь холдуул, малын бэлчээр дууслаа” гэх болсон юм. Тэгэхээр нь “Манай цөөхөн хэд танай өвс бэлчээрийг идээд дуусахгүй байх аа” гэсэн  “Дуусахаар болчихож ээ, уучлаарай” гэж ам таглаж л байна лээ. Тэр яах вэ. Гол нь хүн зорилго тавиад түүндээ хүрэх ч их сайхан байдаг юм билээ.
-Хүүхдүүд морь уяж байна уу?

-Уяна аа. Манай ХААИС төгссөн хүү үхэр, адууныхаа үржлийг хариуцан ажиллана. Бас морь уяна. Бага хүү маань морь унана. Адуунд их дуртай. Ноднин хүргэн ахын хүрэн халзан морийг баруун бүсийн даншигт унаж гуравлуулсан.Манай хүүхдүүд чинь гурав дахь үеийн адуучид болчихож байгаа юм. 
Ханийн маань аав “Адуучин” тэмцээний гурван удаагийн аварга Минжүүрийн Чойсүрэнжав гэж хүн байлаа. Нэгэн цагт 800 гаруй адууг ганцаараа маллаж байсан гэсэн. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Халуун хошуут, бүлээн сэтгэлт малын буянг эдэлж, үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.

-Та бүхэнд ч баярлалаа. 

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна