Монгол улсын шилдэг морь цоллооч С.Ванчиг: Цоллоно, магтана, ерөөнө гэдэг цээжлээд л уншчихдаг юм биш
Манай энэ удаагийн зочин Говь-Алтай аймгийн уугуул С.Ванчиг гуай байлаа. “Мандал хүдэр” ХХК-ийн дэд захирлын албатай тэрээр “нэг хүн энэ олон зүйлийг яаж амжуулдаг байнаа” гэж толгой сэгсэрмээр гээч. Нүүдлийн соёл иргэншлийн академийн номч мэргэн академич, Монгол улсын морин спортын шүүгч, Улсын шилдэг морь цоллооч, МУ-ын тэргүүний ардын авьяастан, ерөөлч, магтаалч, уртын дууч, Говь-Алтай аймгийн “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүн, Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, Зан заншил өв уламжлал, арга билэг, ардын авьяастны аймгийн тэргүүн гээд л жагсаалт үргэлжилдэг юм. Хэзээний л аливаад чин сэтгэлээсээ ханддаг тэрээр бүгдийг нь түүртэлгүй амжуулна гээч. Цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд гэдэгчлэн үгийг сайхныг урсгаж суудаг Ванчиг даргад найр ахлуулах гэсэн хүсэлт тасрахгүй. Өдгөө 720 дахь найртаа уригдаад ирлээ хэмээсэн сонинтой суугаа түүний энэ жилийн уригдсан найрын жагсаалт сар шинийн дараа л гарчихсан гэнэ. Ингээд оршлоо хойш тавьж, түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ажиглаад байхнээ Говь-Алтай аймагт морь цоллоочид олон байдаг бололтой. Таны хувьд хэдэн оноос эхлэн морь цоллож байна, хэзээ шилдэг цоллооч болсон бэ?
-1973 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан уртын дадлагаар явж байхдаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын наадам үзэх сайхан завшаан таарсан юм. Энд л анх морь цоллосноос хойш хэдийнэ 40 шахам жил өнгөрчээ. Ер нь манай аав ээжийн талынхан удам дамжсан ерөөлч магтаалч, уртын дууч улс. Би чинь аавынхаа талаас тав дахь, ээжийнхээ талаас гурав дахь үеийн ерөөлч магтаалч болж байгаа юм. Үндсэн мэргэжил маань малын эмч болохоор бас арай ойр байдаг бололтой.
2003 оноос л морь цоллоочийн тухай яригдах болсон шүү дээ. Энэ онд анх удаа Монгол улсын хэмжээнд улсын морь цоллооч нарт цол олгож эхэлсэн юм. Эдний эхний таван хүний нэг би болж дөрвөн номерын үнэмлэхийг гардан авч байлаа. Харин Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн их баяр наадмын торгон ногоон дэвжээнээ морь цоллоод Монгол улсын шилдэг морь цоллооч болсон юм. Энд нэг түүх сөхөхөд 1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор 13 настай шавиа дагуулаад очиж байлаа. Энд миний шавь Монгол улсын анхны шилдэг цоллооч болж билээ. Тэр хүү одоо аймагтаа Хас банкны эдийн засагч хийж байна. Одоо ч морь цоллож байгаа.
-Морь цоллож байгаа хүнд ямар нэг шалгуур байх уу?
-Гол нь дур сонирхолтой байх ёстой. Цоллоно, магтана, ерөөнө гэдэг цээжлээд л уншчихдаг юм биш. 1998 онд шавиа дагуулан хот явж байхдаа бид шөнийн гурван цаг хүртэл бэлтгэл хийдэг байлаа. 1000 км холоос хувийнхаа зардлаар уригдаад очсон хоёр болж өгвөл юм дуулчихсан гэж хичээсэн хэрэг л дээ. Анх шавиараа морь цоллуулна гэтэл комиссынхан алдаа гаргаж, гацвал яах юм бэ гэж байна. Би ч “Миний шавь тийм алдаа гаргахгүй. Төрийн наадам ямар нарийн билээ, шалга” гээд их л бардам хэллээ. Тэгэхэд 35 хүн комисст ажиллаж байсан. Ингээд миний шавийг шалгаад комиссынхон их өндөр үнэлгээ өгч наадмын торгон ногоон дэвжээнээ 13-тай жаахан хүү морь цоллох болсон юм даа. Тэр үед манай аймгийн Зандансүрэнгийн халиун морь түрүүлж, одоо улсын Манлай уяач Ц.Баастын хул даага дөрвөөр орж билээ. Хүн гээч нутаг амьтай шүү дээ. Нэг морь түрүүлчихсэн, даага айрагдчихсан ай даа сайхан байсан даа. Шавь маань нэг сая төгрөгийн хазаар, хоёр сая төгрөгийн эмээл тохчихсон морин дээр мордоод цолоо дуудлаа. Өмнө нь бид бусдаас өөрөөр цоллоно шүү гээд бэлтгэчихсэн байсан юм. Цоллогоо маань төрийнхөө наадмын туг далбаанаас эхлэх ёстой гэж үзээд:
...Их эзэн Чингис хааны минь 9 хөлт тугийн дотор
Эрдэнийн соёмбот төрийн далбаа
Энхтайвны цэнхэр далбаа эн зэрэгцэж өндөрт мандаад ... гээд л эхэлсэн дээ. Тэр үед ямар морь цоллох нь хараахан гараагүй байсан юм. Бид Түргэнээр уралдаж байсан үе л дээ.
...Тийм насны морийг гарцаагүй сайхан эргүүлэхэд
Насны даамал гупердэн
Наана цаанаас нь пижер холбоогоор дамжуулахад
Наадамчин олныг шуугиулаад
Хөөрхөн хүүхдүүд ойчихвий
Хүлэг морьд нь уначихвий гэж
Хүн малын эмч нар хөнгөн тэргээр дагалдаад
Морины комиссууд нь хянаад
Монголын үндэсний олон нийтийн телевиз радио нь бичихэд
Түргэний голыг гатлахдаа түрүүнд нь дуудаж дэвсээд
Айдсын давааг өгсөхдөө анхны аравт нь зүтгээд
Алдар толгойг ороохдоо амжиж түрүүнд тойроод
Буянт ухаагаа дагаад барианы газар руу орохдоо
Од хийморь нь гүйсэн онгод сүлд нь алдарсан
Олон агтынхаа дундаас онцгойлон шалгараад
Барианы газар руу орохдоо бусдаасаа түрүүлж тасарсан
Түргэн хөлтэй, түрэмгий харайлттай
Түрүү, айраг авсан эдгээр хурдан хүлгүүдийн эзэн нь хэн бэ, хаанахын морьд вэ... гээд морин дээрээ сайн өндийгөөрэй гэж захиж билээ.
Тухайн цагт уралдаан болж байгаа газраасаа шалтгаалаад үгээ бэлтгэдэг юм. Жишээ нь Говь-Алтайд Боорчийн талаас морьд эргэдэг юм. Тэгэхээр түрүүчийнхээ эхлэлүүдийг хэлээд араас нь:
Боорчийн талаас эхлэлтэй
Бусдаасаа түрүүлж тасарсан
Хөгийн нүүрийг өгсөхдөө
Хөндийн талыг туулж хөнгөн тэрэгтэй уралдаад /дарга нараа бяцхан шүүмжилж байгаа ухаантай/
Данзалтын даваагаар давахад магнайд нь түрүүлж гараад
Од хийморь гийсэн онгод сүлд нь бадарсан... гээд барианы газраар үргэжлүүлнэ дээ. Харж байхнээ зарим цоллоочид ямар ч эзэнгүй морьд уралдуулчихаад байдаг юм. Морьд өөрөө л давхиад ирсэн юм шиг хэлнэ гээч. Би бол:
...Эдгээр хурдан хүлгүүдийн унасан хүүхдийг магтъя
Бага сургуулийн сурагчид
Багшийнхаа заасан хичээлийг бахархан сайн ойлгодог
Байгаа бие нь бага ч гэсэн баялаг хөөрхөн эрдэмтэй
Баатар болох тавилантай
Хөвөн зөөлөн тохомтой
Хөнгөн жоохон эмээлтэй
Хөдөөгийн хөөрхөн хөрслөг бор хөвгүүд охидууд аа гэж заавал оруулдаг юм. Улс аймгийн баяр наадамд цөөн ч гэлээ охид хурдны морь унадаг шүү дээ. За тэгээд сүүлд нь морио магтаад төгсгөнө.
-Үргэлжлүүлэн уншиж сонирхуулаач?
-Энэ нь бас нас наснаасаа хамаараад өөр өөр. Жишээ нь бага насны хурдан морь гэхэд.
...Асрын өмнө алтан жолоог нь эргүүлж
Айраг сүүгээр нь мялаалгаж
Алт мөнгө хүрэл медалийг гялалзуулж
Энэ удаагийн түрүү айрагнууд
Ирээдүйн алдарт түмэн эхүүд
Тод магнай торгон жолоо хурдан хүлгүүдийн
Түмэн эхүүд нь энэ болноо... гээд л явна даа. Энд морины магтаалыг хүн бүр мэдэх учраас орхилоо.
-Уралдаан болж байгаа газар, морьдын наснаас шалтгаалаад цоллогооны үг ч өөр өөр байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Ухаандаа даага цоллоход бүдүүн морины цоллогоо хийж болохгүй шүү дээ. Зургаан насанд зургаан хувилбар ч байж болно. Мэдээж уралдаан болж байгаа газрыг оролцуулна. Халиун сумын ойн хурдан морины уралдааны морьд цоллоно гэхэд эргэдэг Цагаан тэшигийг оруулна.
...Цагаан тэшигээс эргэхдээ цахилж түрүүнд нь гараад
Хар азаргынхаа нурууг ханаруулж давхиад
Хантайширын нурууг зэрэглээ татуулж довтлоод
Хар эргээр өнгөрөхдөө хамаагүй хол түрүүлээд
Бутан дундуур гарахдаа бусдаасаа түрүүлж тодорсон
Баатрын шуудуугаар гарахдаа бараа нь газар холдсон
Өндөр дэнжээ өгсөж өөрийнхөө чадлыг үзүүлээд...гээд л уншина.
-Тухайн цагт оносон үгийг, үг давхардахгүйгээр дуудна гэдэг амаргүй санагдаж байна шүү?
-Нэг удаа Төгрөгийн ойд яваад очлоо. Тэгсэн манай нутгийн хүргэн, Монгол улсын шилдэг морь цоллооч ирлээ гээд л сүйд. Ер нь хүмүүс өнөөдөр юу гэж хэлэх бол гэж их сонирхоно. Манай хүн ч өдрийн өнгөөрөө л хэлдэг юм гээд л мэдэмхийрнэ. Энэ мэт хүн бүр анаархал хандуулж байгааг мэдэрдэг болохоор өөрийн эрхгүй омогшил цээжнээ төрж, болж өгвөл үгээ давтахгүй хамгийн гоё гоё үгүүдийг олж хэлэхсэн гэж хичээнэ. Төгрөгийнхөн нутгийн онцлогийг харуулсан үг гээд Шилийн бааз, доод нүүр, дээд нүүр гэсэн гурван газрыг онцлон хэллээ. Тэгэхэд нь:
...Шилийн баазыг нь өнгөрөхдөө
Шидэт түрүүнд нь ороод
Доод нүүрийг өнгөрөхдөө дугтарч түрүүнд нь ороод
Дээд нүүрийг өнгөрөхдөө дэгдэж түрүүнд нь ороод гээд л аваад хаячихаж билээ.
-Танайхан удмын хурц хэлэмгий хэлтэй, уран цэцэнтэй үгтэй хүмүүс байв уу? Аав ээжийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?
-Тийм шүү. Одоо миний ач хүү хүртэл морь цоллож байна. За бас Цэцэнтолгой гэж миний аавын зээ байна. Мөн ГовьАлтай аймгийн ардын дуу бүжигт насаараа дуулж байгаад гавьяат болсон уртын дууч Загджавын Тэрбиш гэж хүн миний авга эгч байгаа юм. Манайхан удмын дууч, ерөөлч улс. Би чинь урлагийн хүн биш шүү дээ. Мал аж ахуйн мэргэжилтэй.
Миний авга ах арын хүрээний ловон байсан байгаа юм. Харин аав маань ахынхаа тогоо барих нэрийдлээр 12 жил шавилсан лам хүн л дээ. Намайг хүүхэд байхын л уртын дуу их сайхан дуулна. Ерөөл магтаал хэлнэ, найр ахална. 70 гаруй уртын дуу дуулдаг байсан. Бид ээж ааваасаа арвуулаа. Эдэн дотроосоо надад жаахан ч болов авьяас байгааг аав маань олж харсан юм шиг байгаа юм. Бүүр таван настай байхаас л сөн түшигчээр аваад явна. Аавын ерөөж байгаа нь одоо ч хүүхэд насны маань дурсамжид их тодоор үлдэж дээ. Заримдаа ч чагнахнээ лам хүн учраас төвдөөр аваад хаячихдаг байж билээ. Тэрнийх нь учрыг би дөч гарсан хойноо л олох шиг болсон. Орчин цагийн хэлэнд буулгахаар:
...Энэ дэлхий энхээр жаргаад
Энхтайван баттай тогтоод
Тив болгон тайван тогтоод
Техникийн шинжлэх ухаан түргэн хөгжөөд гэх хэллэгтэй таарч байгаа байхгүй юу. Тэгж мундаг хэлдэг байж дээ. Гэхдээ би аавынхаа авьяасын аравхан хувийг л авсан хүн. Манайхан миний аавыг Алтайн нуруу, Хантайшир шигээ түшигтэй эр байсан гэж ярьцгаадаг. Хөөрхий дөө өнөө хэцүү цагт ах нь баригдаад байхгүй болсон болохоор хуучин цагийнхаа юмнаас их айдаг. Түүх сөхөх их дургүй. Тэгсэн атлаа баг бригадын хуралд яваад ирэхдээ дөрвөлжин бичгээр тэмдэглэл хөтлөөд ирнэ. Хүүхэд л болсон хойно шохоорхоод наад бичгээ заагаад өгөөч гэхээр улирсан баларсан юм хэрэггүй, шинэ цагийн юмаараа яваа л гэнэ. Харин хэдэн сайхан тарни зааж өгсөн дөө. Тэгсэн одоогоос хэдэн жилийн өмнө манай аймагт Завхан аймгийн Цагаанчулуутын харьяат, Шашны дээд сургуулийн багш Бэгзсүрэн ирж жил гаруй тангад номын тайллын хичээл заадаг юм байна. Тэрэнд би багтаж төвд үсэг дөрвөн эгшигтэй, 26 гийгүүлэгчтэй, 86 давхар үсэгтэй болохыг мэдэж авсандаа ихэд олзуурхдаг юм.
-Та Нүүдлийн соёл иргэншлийн академич хүн юм байна. Энэ талаараа тодруулаач?
-Нэгэн удаа манай аймагт Нүүдлийн соёл иргэншлийн академийн эрдэмтэн Хурц ажлаар ирж таарлаа. Албан яриа маань яваандаа морины цоллогоо, ерөөл магтаалын тухай болж үргэлжилсэн хэрэг. Тэр үед би 698 удаагийн найр ахалчихаад байсан юм. За бас аймгийнхаа наадамд түрүүлсэн их насны морьдын жагсаалтыг хийсэн. Энд сонирхуулахад манай аймаг Завхан аймгаас 1940 тасраад 1941 онд анхны наадмаа хийсэн түүхтэй. Өнөөг хүртэлх энэ хугацаанд нэг удаа буюу 1947 онд малын гоц халдварт өвчин гарсан учраас наадмаа хийгээгүй. Энэ бүх наадмын тухай цуглуулсан материал дээрээ тулгуурлан академич Цэдэндаштай хамтран “Айргийн таван ажнай” нэртэй номоо хэвлүүлсэн. Энд бас ГовьАлтай аймагт барилдсан бөхчүүд, харваачдаа ч бас оруулсан. Ингээд Хурц миний тодорхойлолтыг аваад явснаас хойш хоёр с арын дараа утсаар яриад “таны материалыг эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж танилцуулсан. 100 хувийн саналаар танд Нүүдлийн соёл иргэншлийн академийн номч мэргэн цол хүртээлээ” гэж билээ. Энэ академич цол нь академич, номч мэргэн академич, билгүүн номч академич гэж хуваагддаг юм.
-Та аав шигээ уртын дуу дуулна биз дээ?
-Тавь нэлээн хол гарсан хойноо урлагийн алтан тайзнаас олон сайхан медаль хүртсэн азтай хүн дээ. Би сүүлийн 20 жил Онцгой байдлын ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Хүчний байгууллагуудын дундах урлагийн наадамд жар нэлээн дөхөж байхдаа анх удаад оролцоод уртын дуугаар алт, язгуур урлагаар мөнгөн медаль хүртэж билээ. Энд урамшаад дараа нь баруун бүсээс урлагийн төрлөөр таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэлийг авсан. За тэгээд гурван жилийн өмнө Монгол улсын тэргүүний ардын авьяастан болсон гээд өнөө оройхон гараад ширүүхэн дайрна гэдгийг нь харуулаад авах шиг боллоо.
-Аливаа баяр наадмын найр ахлаач гэдэг нэр хүндтэй хэрнээ, хариуцлага их өндөр алба бололтой. Таны ахалсан найрын тоо өдгөө хэд хүрээд байна вэ?
-720 дахь найраа өчигдөрхөн ахлаад ирлээ. Ер нь цагаан сарын дараанаас эхлээд 10 сар хүрт?лх уригдсан найрын жагсаалт гарчихсан байна.
Найрын дэг ёс жаяг гэдэг ихэс дээдэс, эх эцэг, элэнц хуланцын үеэс өнөө бидэнд ирсэн бичигдээгүй хууль юм шүү дээ. Зарим найрын ахлаачийг худын тэргүүн гэх нь ч бий. Найрын ахлах хэсэг нь найр ахлаач, аман хүзүү, бэлэгчин, хундагачин, бэргэн гэж ангилна. Эхлээд бие бүрэлдэхүүнийг сонгоно. Үйлчлүүлж байгаа айлд очоод тийм тийм жилтэй ийм ийм хүн хэрэгтэй гэнэ. Миний аман хүзүүнд суух хүн намайг ерөөл тавьж, дуугаа дуулж байгаад ухаандаа нэг амьсгаа авах, шүлс залгих хооронд үргэлжлүүлж байх ёстой. Өөрөөр хэлбэл дуунд завсар өгөхгүй. За тэгээд тавих ерөөл маань ч олон янз шүү дээ. Байшинд хуримаа хийж байгаа хүнд монгол гэрийн ерөөл тавиад л эсвэл малгүй бол таван хошуу малын магтаал уншаад байх нь утгагүй.
За тэгээд бэр гуйх багийнхан өнөө бэр маань ганцаараа эсвэл хүүхэдтэй эсэхийг урьдчилан тооцно. Бэр ганцаараа бол хүү талаас явж байгаа найрын бүрэлдэхүүн дэх хүмүүсийн тоо сондгой байна. Харин хоёулаа бол тоог тэгшилж авчирдаг учраас 6,8,12-оор очдог. Харин нөгөө ертөнцөд очиж байгаа хүнийг хүргэхдээ тэгш тоотой яваад сондгой тоотой ирдэг. Энэ мэт тооноос эхлээд л учиртай эд дээ.
-Та хэчнээн айлын хүүд бэр гуйж өгөв дөө? Хэцүүхэн гуйлттай таарч байв уу?
-Ингээд таван хүнээ сонгочихоод найрыг манай нутагт “Эрхмийн дээд” дуугаар эхлүүлдэг. Ер нь уртын дууг шастир, айзам, найрын, золбин дуу гэж тус тус ангилдаг. Найран дээр дуулдаггүй дууг золбин дуу гэдэг юм. Бас бэсрэг уртын дуу гэж байна. Жишээ нь “Үлэмжийн чанар” бол бэсрэг уртын дуу юм. Энд газар газрын ёс өөр. Бүүр хоёр гурван бригадын дунд очиход хүртэл өөр өөр байна шүү. Тэр жил аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын орлогч дарга байхдаа Алтай сумаас манай хамаатны залуу бэр буулгах боллоо. За тэгээд явлаа даа. Тухайн айлд ороод дээшээ суугаад, тэдний бэлтгэсэн цай идээнд хүрээд, мэндийнхээ тамхийг зөрүүлсний дараа асуулт хариултандаа ордог бол Алтай сум өөр юм билээ. Биднийг суумагц манай нутгийн заншил ёсоор хэдэн асуулт асууж танилцъя гээд л эхэлсэн. Би ч хүү талд явж байгаа учраас жаахан хүлцэнгүй. Харин хүүхэн талынхан хүн эрдэнээ бидэнд хайрлах гэж байгаа болохоор давуу эрхтэй.
-Тэгвэл анхны асуулт юу гэж байх юм?
... Анчин гөрөөчин хэрнээ буу саадаг үгүй
Аянчин жийчин хэрнээ унаа хөсөг үгүй
Та хаанаас хаа хүрч яваа хүн бэ гэж байна.
Хариуд нь ...Эрж олдоггүй эрдэнэ
Сурж олддоггүй сувд
Эндэхийн өргөөнд байна гэж
Өндөр их босгыг чинь алхаж
Өргөн их үүдийг чинь нээж
Усны тунгалгийг туулж
Уулын өндрийг давж
Холыг ойртуулж хоёрыг уулзуулахаар
Үрийн билэг, төрийн хэргээр явж байгаа
Төрийн төлөөлөгчийн ахлагч байна гэтэл дараагийн асуулт нь
...Тэр гэрт нь сувд
Энэ өргөөнд нь ямар байгааг та яаж мэдээв
Хонины хүнээс асуугаа юу
Хов жив дуулаа юу
Холоос харж дурандаа юу... гэнэ. Социализмын үед чинь хувийн унаа тэрэг гэж юу байхав. Албаны тэрэг гуйж л гарсан байгаа ш дээ. Тэгсэн ямар унаа хөсөгтэй ирсэн бэ гэхээр жаахан жэдүү хөдлөөд УАЗ 469, 30-тай ирж байхад ямар жигтэйхэн юм асуудаг улс уу гэсэншүү юм бодогдоод
...Улсын хэргийг түргэн бүтээдэг
УАЗ 469-ээр гүпэрлээд
Астажар зарахаар асдаг
Арааг нь залгахаар явдаг
Салаа найман жилийн
Сайхан цэнхэр 30 дагуулж ирлээ... гээд танай хүүхний инжинд таван тонн ачаа байсан ч багтаачихна ухааны юм хэллээ. Бас болоогүй бололтой. Эрхэм нөхдүүд замдаа юу үзэж харав гэнэ.
...Хос янзага дагуулсан оон шаргачин хоёр үзлээ
Холын тэртээх ууланд аргал янгир дүүлэхийг нь харлаа
Аавын хүү алтан шагайгаар тоглож
Ээжийн хүү эрдэнийн шагайгаар тоглохыг харлаа... гэтэл
Эрхэм таны нэр алдрыг хэн гэдэг үү
Нутаг өргөө хаана уу гэнэ. Би чинь аймгийн төвөөс яваа хүн учраас:
Өөрчлөлт шинэчлэлтийн салхи
Өглөө үдэшгүй сэвэлзсэн
Өргөн хотын өндөр дэнж дээр
Өдөр болгон өгссөн
Сар болгон сайжирсан
Ажил хөдөлмөр өрнөсөн
Аз жаргал зузаарсан Алтай хотын төв дээр байна
Анжаагийн Амартүвшин гэгч билээ... гэлээ. Хуримнаас цээрлэдэг болохоор аав, өөрийнхөө нэрийг зөрүүлсэн хэрэг л дээ. Нөгөө талаар хосууд Амартүвшин амьдрах болтугай гэсэн бэлгэшээл давхар яваа юм. Ийн олон асуултын дараа сая нэг цай ууж билээ.
-Эндээс хамгийн сонин хуримын тухай бидэнд сонирхуулаач?
-Заримдаа холын бэрээ аваад буцах замдаа өнөө сайн цагт нь амжихгүй тохиолдол гарна. Зам урт дээр нь машин тэрэг саатах гээд төлөвлөөгүй зүйл гарах нь бий. Тэр үед байгаль өргөөндөө найраа эхэлнэ шүү дээ. Хүүхэн талын хивсийг дэвсэж, тавгийн идээгээ тавьж байгаад найраа эхлүүлдэг. Ерөөлөө тавиад, нэг дуу эхлүүлээд төгсгөлгүй шууд машиндаа суугаад бүгдээрээ дуулаад л үргэлжлүүлнэ. Сүүлд нь сайн муу саад болохвий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа нь тэр.
Монгол орныхоо өнцөг булан бүрт очсон байна, Баян-Өлгийд л очоогүй.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна