Аймгийн Алдарт уяач Б.Дэндэвсамба: Сайн мал хүн голдоггүй юм билээ

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 12 -нд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн харьяат Бодьхүүгийн Дэндэвсамба 1970 оны хавар мэндэлсэн бөгөөд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, АХ-ын 90 жилийн ойн медалиар энгэрээ мялааж байжээ. Мөн тэрээр байгаль орчны болоод хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан юм.

-Таны удам судар, үүх түүхийн талаар эхлээд ярилцъя.

-Ханбогд сум мал аж ахуйн дөрвөн багтай.Би баруун талын буюу Жавхлант бригадын хүн. Социализмын үед манай бригад ямаа үржүүлдэг байсан юм. Би эцэг эхээс долуулаа, айлын гурав дахь хүүхэд. Гэсэн ч гурван сартай байхдаа 62 настай хүнд өргөгдөж байсан юм билээ. Өргөсөн эцэг маань морь уядаггүй, манайх унааны хоёр морьтой л айл байсан. Намайг 10 хэд хүрэх үед ах маань нэг охин даага бэлгэнд өгч, тэр нь өмч хувьчлал хүртэл 10 гаруй болоод байсан юм. Зах зээлд шилжих тэр үед би Жавхлант бригадын даргаар ажиллаж байлаа. Тэгээд 1992 оны бага өмч хувьчлалаар өргөсөн талын хамаатан болох Гавилууд бригадын Батцэнгэл гэж айлаас загал, хээр зүсмийн хоёр охин даага авч, нэгийг нь азарганаас өгөөд адуутай болж байсан юм. Хэсэг хугацааны дараа Гавилууд багийн харьяат олноо Том ах хэмээн хүндлэгдсэн аймгийн Алдарт уяач Төмөрмөнх ах хоёул явж Сандуйжав гуайн гаралтай хүрэн халзан соёолон худалдаж аваад, өөрийн адуунаас өрөөсөн нүд нь сохор ганц хээр гүү үлдээж бусдыг нь дүү нартаа тарааж өгсөн. Тэгээд адууны нутаг Гавилууд руу нүүснээс хойш өдгөө тоо толгой нь 200 давжээ. Тухайн үед хүмүүс айрагдаж, түрүүлэх үрээ сонирхож байсан бол би удам угшил сайтай, эцэг эх нь тодорчихсон үржилд ашиглах гүү байдас цуглуулж байсан юм.


-Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэж. Энэ зорилтынхоо хүрээнд хаа хаанаас ямар удам угшилтай гүүнүүд цуглуулсан бэ?

 -Сүхбаатарын Асгат, Дорнодын Матад болон Төв, Дорноговь, Өмнөговь аймгуудаас гүү авсан. Мөн  Монгол Улсын Манлай уяач Дааган хэмээх Ганаа ахаасаа ч авсан. 2003 онд шиг санагдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Ажнайн Бат-Эрдэнэ Өмнөговийн 15 суманд азарган үрээ бэлэглэсэн юм. Азарган үрээ авах, нааш нь ачуулах ажилд миний бие эхнээс нь дуустал оролцсон юм. Тэр үед “Таван толгой транс”-н захирал Дагвадорж, Ажнайн Бат-Эрдэнэ хоёул надад нэг, нэг азарган үрээ бэлэглэсэн. Хоёр үрээнийхээ нэгийг ахдаа бэлэглээд, өөртөө Өндөр зулын угсааны хонгор зээрд үрээг авч үлдээд азарга тавьсан. Тэр хонгор азарга манайд хурд тарьсан шүү. Өвөл 20-иод адуу тэжээлээ гэхэд 5-6 нь түүний төлүүд байх жишээтэй. Дээр нь Даваахүү болон Сандуйжав Тод манлайнхаас тойруулга угшилтай гүүнүүд авсан нь түлхэц болсон гэж боддог. Д.Бат-Эрдэнэ гишүүн, Даваахүү манлай манай Ханбогдод хонгор халзан үрээ өгсөн юм. Тэр нь Содномдорж гэдэг хүнд ирж Мижидгэдэг айлд байсан юм. Тэр азарганд Өндөршил угшилтай гүү тавьж, охин хонгор унага гарсаныг нь би худалдан авч Өндөр Зулын төл хонгор зээрддээ хураалгаж, төрлийн үржүүлэг гэдгийг хийж байлаа. Тэдний төлүүд сум, аймгийн наадамд айрагдсан. Ер нь хурдан байдаг юм. Түүний нэг болох хүрэн азарга “Говьшанхын хурд-6” уралдаанд хамгийн дээгүүр давхисан нутгийн азаргаар шалгарсан. Энэ олон жил үржил хийчихээд эргээд харсан монголын толгой хэдэн угшлын нэг Говьшанхаасаа аваагүй байна лээ. Гэтэл нөгөө бидний даган дуурайдаг Өвгөн ноён хүртэл оторлож яваад буцахдаа Шанхайн хэцээс үрээ авсан байдаг.

-Танай сумынхан хоёр ч удаа Хэнтийгээс адуу авчирч байсан юм билээ. Та түүнд оролцож байв уу?

-Яг тэр авалтанд хамтарч оролцоогүй ээ. Хувиараа өөрөө явж адуу цуглуулсан. Хамгийн анх 2000-аад оны үед Асгатаас хоёр охин даага авч байлаа. Мөнгө муутай, амьдрал мундаггүй, нэг даагаа 150 мянган төгрөгөөр худалдаж аваад Багануур хүртэл бэлтгэлийн адуутай цуг туулгаад тэндээс нь нааш нь ачиж авчирч билээ. Түүний дараа том ах маань өөрөө яваад Хэнтийн Галшараас хонгор үрээ авчирсан. Ахын тэр хонгор морь энэ хавиараа зургаа айрагдсан. Мөн надад Өмнөдэлгэр сумаас бэлгэнд өгсөн Дүмбэн цагаан морь энэ хавиар зургаа айрагдсан.


-Таны нэртэй хүлгүүд хэдий үеэс хурдалж эхэлсэн юм бэ?

-Өөрийн адуунаас авч үлдсэн сохор хээр гүүний төл хээр гүүг Даваахүү гуайн адууны хонгор зээрддээ хураалгаад Үндүүгийн хүрэн гэж морь гарсан. Тэр маань Ханбогд суманд 12 уралдахдаа наймд нь айрагдсан. Өмнөговь аймагт очиж уралдаад долоо, наймаар давхисан. Аймагт айрагдаж чадаагүй нь морины муугийнх биш бидний муугийнх. Ялангуяа би. Ямаа хариулж өссөн болохоос морь уяж байсангүй. Тэгэхээр аргагүй туршлага дутдаг юм билээ. Гэлээ гээд зарим хүмүүс шиг ширээн дээрээсээ морь уралдуулдаггүй. Жишээлбэл сая адуун дээрээ байж байгаад хоёрхон хоногийн өмнө ирлээ. Хүрэн морь даагандаа Баян-Овоо суманд болсон уралдаанд аман хүзүүдсэн. Тэгэхэд миний бор азарга даага түрүүлж байсан юм. Түүний дараа сумандаа ирээд дахин түрүүлсэн. Нэг бүрчлэн санахгүй ч даагандаа хоёр, гурав түрүүлж, хэд хэд айрагдсан. Тэгээд унаач хүүхэддээ өгчихсөн юм.

-Сайн давхиж байгаа морио уралдаанч хүүхэддээ өгчихсөн тухай олон дуулахгүй байх шүү.

-Хүүхдүүдээ өөрийн мэт хайрлаж байж л амжилт гаргана шүү дээ. Зарц мэт санаад байвал морь ч давхихгүй. Сайн давхисан хоёр даагаа заагаад “за миний хүү алийг нь авах уу” гэсэн хүрэнг нь заасан юм. Тэгээд уяж уралдуулж урам нэмэг гээд морь болгоод өгсөн дөө.


-Унаган тамгатай адуу түрүүлж айрагдахаас илүүтэй бахдал уяачид үгүй хэмээн ойлгодог. Та түүнийг ханатал мэдэрдэг бололтой.

-Хонгор зээрд маань азаргатай ноцолдоод өрөөсөн чихээ хазуулчихсан болохоор бид Хулгар хонгор гэдэг юм. Хулгарын олон төл хурдалсан. Хэдийгээр улс, бүсийн уралдаанаас айраг түрүү хүртээгүй ч уяач хүнийхээ хувьд унаган тамгатай адуугаараа уугуул нутагтаа сайхан наадаж байгаагаараа бахархаж явдаг. Мөн миний Магнай гэж хүрэн үрээ байлаа.

-Ярилцлага эхлэхийн өмнө ярьж байсан тэнүүн говийн цуут Тэргүүн хонгорыг дийлж түрүүлсэн гэдэг чинь аль нь билээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Бадамсүрэн гуайн дүү Дагвадоржоос худалдаж авсан гүү хээлтэй ирээд Магнай хүрэн гэж мундаг азарга болсон. Хүрэн азарга маань даагандаа Өмнөговийн аймгийн баяр наадам болоод бүсийн уралдаанд нэг түрүүлж, гурав аман хүзүүдэж, хязааландаа нэг түрүүлсэн. Өмнөговьд бас л яригдах адуунуудын нэг. Эрболдын Тэргүүн хонгор гэж айхтар хурдан азаргыг хязааланд нь дийлэн түрүүлж байсан ганцхан адуу юм. Түрүүлэхдээ их хол түрүүлсэн. Би морь уясан цагаасаа хойш аймгийн чанартай уралдаанаас гурван түрүү,есөн айраг,сумын чанартай уралдаанаас 30 гаруй айраг, түрүү хүртэхдээ дандаа бусдын оролцоог авч байсан. Харин Магнай хүрэнээ түрүүлэхэд яг өөрөө гардаж уясан. Үүгээрээ би өөрийгөө сайн уяач гэсэнгүй харин сайн мал хүн голдоггүйг хэлэх гэсэн юм.


-Даага сайн давхижээ. Шүдлэндээ ямар амжилт үзүүлсэн бэ?

-Хөлөндөө жаахан эмгэгтэй болчихоор нь өнжөөчихсөн юм. Соёолон жил нь Цогтцэцийд улсын бүсийн уралдаан болно гэсэн гэхээр нь уралдуулах санаатай уяж байгаад эндүүлчихсэн юм.

-Харамсалтай юм.

-Харин тиймээ. Эх нь Дорнодын Матадын Цагаан тамгат хэмээх хүрэн гүү байсан. Хулдын Баярсайхан бид хоёр, мөн хүүхдүүд маань гэмгүй сайхан нөхөрлөдөг улс. Баярсайхан маань Алдарт уяач цол хүртээд наадам хийхэд нь би баяр хүргээд нэг насных нь морины байг даасан юм. Тэгсэн надад “засч болохгүй шүү” гээд нэг хүрэн шүдлэн бэлэглэсэн. Хүрэн азарганых нь гал төл юм билээ. Энэ хүрэн азаргандаа би аль гайгүй гэсэн гүүнүүдээ хураалгадаг.

-Олон төл нь хурдалж байгаа мундаг азарга л даа.

-Тэгэлгүй яахав. Нэг сайхан түүх яръя л даа. Лхагва-Очирын хонгор халзан морь хязааландаа өнжсөн юм.Тэр жил Лхагва-Очир байшин барилаа. Би очихдоо “ах нь энэ жил мөнгө төгрөг муутай байшинд нь нэмэр өгөх боломж тааруу байна. Нэг байдас заагаад өгчих, хэлсэн үнээр чинь авъя. Байшинд чинь нэмэр болог” гэсэн юм. Тэгсэн “хонгор халзангийн төрсөн дүү хүрэн гүү байна та авах уу” гэсэн. Ингээд би дөрвөн сая төгрөгөөр хүрэн гүүг авч, дүү маань түүгээр байшиндаа тавилга авсан. Хүрэн гүү над дээр шарга унага дагуулж ирснийг нь би Жаахан шарга хэмээн нэрийдсэн. Би ер нь адуундаа сайхан нэр өгөхийг хичээдэг. “Адуунд сайхан нэр өгөхөд баясдаг юм” хэмээн Өвгөн ноён хэлсэн байдаг шүү дээ. Өвгөн ноён өөрийн 1700 гаруй адуугаа нэрээр нь жагсаагаад бичсэн байдаг тухай ч дуулж байлаа. Тиймээс би адуундаа аль сайн нэрийг сонгож өгдөг. Баярсайханыхаас ирсэн хүрэн азаргаа Айдаггүй хэмээн нэрийдсэн. Дайчин халзан хурдлаад ирэхээр нь би хүрэн гүүнийх нь охин төлийг буцааж өгсөн. Уяач хүнд энэ зэргийн жудаг байх хэрэгтэй. Өглөө нь саасан малын дэлэн орой чинээд ирэхэд саагаад сүүг нь хувааж уудагтай адилхан сайн адууны төлийг нь бид хуваая л даа.


-Танай адуу ч чанаржуу байхаас аргагүй юм байнаа.

-Жамбагын Хандгай хүрэн Даваахүү гуайн байдсыг хураагаад гарсан төл нь Баярсайханы Өвгөн хүрэн.Тэгэхээр дээгүүрээ Тойруулга угшилтай болж таарна. Ер нь миний адууны үндсэн суурь нь Жаргалант буюу тойруулга угшил болдог юм. Уяачид аз, өм гэдэг үгийг их хэрэглэдэг. Миний хувьд ч гэсэн сайн удмын адуу цугларч буйгаа өмтэй холбож үздэг. Жишээлбэл надад Баярсайханы хар болон бор халзангийнх нь төл байна. Өмнөговьдоо анхны эрлийз адууг авчирсан хүн нь би. Анх их адлагддаг байлаа. Одоо харин эсрэгээрээ хүмүүс их сонирхдог болж. Өнгөрсөн жил мөн л анхны цэвэр азаргыг авчирлаа. Алдарт Умардын бүжигчний тав дахь үеийн төл. Оросын алдарт Бойя-ын азарганы эхийнх нь дөрөв дэх үеийн адуу болдог юм билээ. Олон жил адууны үржил хийж байгаагийн хувьд өөрт ажиглагдсан нэг зүйлээ хэлье л дээ. Хурд таньдаг билгийн нүдтэй хүмүүс хийц загварыг нь хараад “энэ хурдална, тэр давхихгүй” гэх мэтээр хэлж чадна. Гэтэл над мэтийн билгийн мэлмийгүй хүмүүс яах вэ гэхээр практик дээрээс дүгнэлт хийж ойлгодог. За жишээлбэл би Өвгөн халзан азаргандаа Сүхбаатарын Асгатаас шарга алаг гүү авчирч тавьлаа. Тэр хоёрын дундаас тас хар охин унага гарсан. Охин хар унагаа ухаа азаргандаа тавьтал цагаан шарга унага гарлаа. Энэ нь унага эх талын удмаа татан төрж байгаа биз. Зүсээ дагаж, цус нь татагдана. Үржил хийж буй залуучууд үүнийг бодолцох хэрэгтэй юм билээ.

-Залуус анхаарч унших байхаа. Ярилцлагаа танд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.

-Морьдоо сайхан уралдуулаад хүүхдүүд аз жаргалтай, баяр баясгалантай явж байх нь хамгийн сайхан. Ах нь уралдаанч хүүхдүүд хоолоор өлсөхгүй, ус ундаагаар цангахгүй, морьд маань хөл гарын бэртэлгүй, хөлс уяаны алдаа байхгүй бол сэтгэл ханачихдаг хүн. Тэгэхээр бүх наадам сайхан гэсэн үг биз. Харин хамгийн таагүй наадам гэвэл Өмнөговийн 80 жилийн ой. Магнай хүрэнгээ дааганд нь түрүүлгэчихээд хасуулсан. Адилхан цустай даагыг нь барьчихаал минийхийг хасчихсанд сэтгэл дундуур үлдсэн. Гурван хоног хоолой зангирсан. Уур хүрээд болдоггүй юм билээ./инээв/ Ийм наадам л дахин бүү тохиолдоосой гэж боддог доо

 -Сэтгэл дүүрэн наадах болтугай. Баярлалаа.

Б.Хастөр

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.70.72

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply
  • 202.126.89.40

    ОЮУТАН ЦАГИЙН НАЙЗ МИНЬ МОРЬ УЯДАГ БОЛЖ...НЭГ ЭХЭЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЗАНТАЙГ ЧИНЬ МАРТААГҮЙ Л ЯВАА ШҮҮ...НАЙЗДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

    Reply