Нийслэлийн МСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан: Мориныхон бид холыг харж морин уралдаанаа зөв хөгжүүлээд явбал маш их бололцоо бий
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч, нийслэлийн МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Мэндбаярын Мөнхбаясгаланг уншигч тантай уулзуулж байна.
-Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан бахдам түүхийн эзэн таныг ээжийн талаас нь харьцангуй сайн мэднэ. Харин аавын тань талаар төдийлөн сайн мэддэггүй юм байна. Энэ талаар эхлээд тодруулах нь зүйтэй байх?
-Манайхны хоёр талын дээдчүүл хэдэн үеэрээ хуучны Нялга сум буюу Боржигон Сэцэн вангийн хошуунд амьдарч байсан улс. Тэр үеийн Боржигон Сэцэн вангийн хошуу гэдэгт одоогийн Дорноговь, Говьсүмбэр аймаг бүхлээрээ, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нэлээд хэдэн сум багтдаг байж.
-Төв аймгийн ямар, ямар сум харьяалагдаж байсан юм бол оо?
-Баян, Баянжаргалан, Баянцагаан.
-Тэгэхээр аргагүй Сэцэн вангийн хошууны улс байх нь.
-Тийм. Миний өвөө Нэмэхийн Тулга гэж хүн байсан. Нэмэх гэдэг нь есөн шар хүүхэнтэй, ганц хүүтэй хүн байж. Ганц хүү нь манай өвөө. Өвөө маань сумын занги хийдэг байсан гэнэ лээ. Миний аав Тулгын Мэндбаяр долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Хоёр эгч, хоёр ах, хоёр дүүтэй. Насаараа төр захиргааны байгууллагад ажилласан хүн.
-Аав тань морь уяж байгаагүй бололтой. Харин ах дүүс нь...
-Уядаг байсаан. Аав маань хар багаасаа сургууль соёлд яваад, төр захиргааны ажил хашиж байсан болохоор морь уяж байгаагүй.
-Та бол ХХ зууны нэрт уяач Д.Галбадрахын зээ хүү. Гэхдээ дүүтэй нь илүү ойр өссөн байх?
-Тэгэлгүй яах вэ. Гал өвөө миний ээжийг багад нь төрсөн дүү Гэлэгсамдандаа өргүүлчихсөн юм билээ. Ээж минь тэр хүний гар дээр өсч бойжсон. Би ч ялгаагүй Гэлэгсамдан өвөөгийндөө өссөн.
-Наадмаар Хүйн долоон хутагт гэр барьж гарахдаа өвөөгөөсөө өвлөгдсөн зэл, хуй, бурхан тахилыг нь залдаг гэсэн нь Гэлэгсамдан гуайг хэлж байжээ дээ?
-Тийм ээ, бүх юм нь надад бий. Өвөө маань багаасаа мал маллаж, хожим суманд халуун усны эрхлэгч, талхан цехийн эрхлэгч, сургуульд мужаан хийж байсан. Налайхын Ахуйн үйлчилгээний комбинатад мужаанаар ажиллаж байлаа. Намайг хүүхэд байхад тооно, хаалга гээд янз янзын юм хийчихдэг байсан. Дархны хөөрөг ашиглаад ч юм урладаг гарын дүйтэй хүн байсан. Ер нь их аргатай хүн байсан болохоор манай нутгийнхан “Аргын багш” гэдэг байсан юм.
-Урласан зүйлсээс нь одоо ч бий биз?
-Байлгүй яах вэ. Бидэнд үлдээгээгүй ч, өөр хүнд байсныг олж авсан. Надад өвлүүлэн үлдээсэн зүйлс ч бий. Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд халтар соёолон аман хүзүүнд хурдлуулсан байдаг. Тэр үнэмлэх нь надад бий. Баяр наадмын цуваа болон номонд Гал өвөөгийн нэрээр бичигдсэн байдаг юм билээ.
-Галын хар хээр гэсэн байна?
-Уг нь халтар л даа. 1957 онд хавчиг азарга улсын наадамд түрүүлсэн байдаг юм. Шийтэрийн зээрд гэж аугаа азаргыг дийлж түрүүлсэн гурван азарганы нэг.
-Гал гуай уяж, тэр наадамд мордуулсан юм болов уу?
-Би Гал өвгөнийг нөгөө аав, Гэлэгсамдан өвөөгөө өвгөн аав гэдэг юм. Хожим сонсох нь ээ, нөгөө аав уяж байсан юм гэнэ лээ. Гал аавын унаган адуу юм шиг байна лээ. Хожим бас 1960 оны үед улсын баяр наадамд айрагдсан.
-1960 онд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Галын хээр азарга гуравласан. Энэ байх нь?
Тийм. Ингээд улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдчихсан байгаа юм.
-Гэлэгсамдан гуай морь уях гэж оролддог ч Гал гуайтай харьцуулахад айхтар шамддаггүй байсан юм байна гэж ойлголоо, зөв үү?
-Хөдөөний хүмүүс бүгдээрээ нийлээд уядаг шүү дээ. Гол уядаг, толгойлдог нь нөгөө аав байхгүй юу. Яг эзэн нь бол өвгөн аав.
-Гэлэгсамдан гуай хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Өргөмөл ганц охинтой. Би ганц охиных нь ууган хүү.
-Хэдэн онд бурхны орондоо заларсан юм бэ?
-Намайг найм, есдүгээр ангид байхад гэхээр 1980 онд өөд болсон юм байна.
-Хүүхэд насны дурсамжууд хүний сэтгэлд их тод үлддэг. Та багадаа хурдан морь унаж байв уу?
-Би Гал нөгөө аавынхаа дүүгийнх нь морийг унадаг байлаа. Мөн өвгөн аавтайгаа нийлээд ганц хоёр үрээ, даага уях гэж оролдоно. Өвгөн аав маань даагаа надаар сургуулахын тулд өглөө эрт сумын төв дээр аваачиж өгнө. Шөнө чөдөрлөж тавьчихаад, өглөө амыг нь цанхдаж байгаад л унана даа. Жаахан байсан болохоор, хадан дээрээс үсрээд мордчихдог байж билээ./инээв/
-Нээрэн ээж тань хурдны морь унадаг байсан. Бас ч үгүй шаггүй унаач гэгдэж байсан гэдэг байх шүү?
-Их цовоо хүүхэд байсан гэдэг. Багадаа алаг морийг унаж, анхны түрүүг нь авч байсан юм билээ. Соёолонгоос азарга болтол нь унасан. Ээж маань зургаан хүүхэд төрүүлсэн. Одоо 70 гарчихсан гэхэд элдэв өвчин хэлэхгүй, хөнгөн шингэн л байна.
-Хүүдээ хааяа зөвлөнө биз?
-Морь харахаараа том, том юм ярина, зөвлөгөө өгнө. Олон ч эрэгтэй хүүхэд өсгөлөө. Айлын ганц хүүхэд ер нь эрх байдаг даа. Миний ээж бол хүмүүжил сайтай. Өвгөн аав маань чанга хатуу хүн байсан л даа. Биднийг ер зүгээр суулгадаггүй. Намайг багад сургуулиас ирмэгц сур элдүүлнэ. Тэр хүний буянаар ажил хийж сурсан. Ээж маань ч бас тэр хүмүүжлээр өссөн. Их чамбай, хөдөлмөрч, юмханаар юм хийчихдэг хүн.
-Та сургууль соёл, ажил алба гэж явсаар хэдий үеэс адуутай эргэн холбогдсон юм бэ?
-Баттөмөр ах уяачдын холбоог санаачлан үүсгэн байгуулсан тэр цагаас л хойш адуу руугаа анхаарч эхэлсэн дээ. Түүнээс өмнө бол үзэгч байлаа. 2000 онд байх аа, Баттөмөр ах хоёр сайн их насны морьтой. Сунгаанд холхон байж. Тэгсэн тэр жилийн наадам будилаад... Наадмын дараа Хэнтийн Гантуяа ах бид хоёр яваад очсон, ах “Хоёр морь маань хурдан байсан, орчих байх гэж горьдож байлаа” гэсэн юм. Тэгснээ над руу хараад “Монголын морины том ертөнцөд Доноодойнхноос би л ганцаараа зүтгэж явна. Морь уяад тус болчих хүн та нарын дунд алга” гэж зэмлэнгүй хэлсэн. Тухайн үед би залуу ч, омголон ч байж. “За, энэ морь гэдгийг чинь уяад өгнө өө” гээд гараад явсан. Тэгээд 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяраар анх Дорноговь аймгийн Иххэт сумаас хүрэн үрээ авчирлаа. Тухайн үед Налайхын Засаг дарга байсан Болдбаатарын аавтай хамт явсан юм. Гэхдээ нэлээд тулгаж авсан л даа. Авч ирээд улсын баяр наадамд мордуулсан, нэлээд хойгуур давхилаа. Ахын минь хэлсэн үг бодогдоод л байна.
Яг тэр үед Тод манлай Дуламсүрэн маань “Танайх гурван үеэрээ улсын наадамд морь айрагдуулчихсан. Дөрөв дэх үеэс чи улсын наадмаас айраг хүртчих. Би морийг чинь уяад өгье” гэсэн юм. Ингээд Баттөмөр ах, Дууяа бид гурав манайхны дээдчүүлийн адуу болох саарлуудын угшилтай олон адуутай Ажаагийндаа яваад очлоо. Ажаа надад хоёр үрээ зааж өгөөд “Нэгийг нь уя” гэж байна. Баттөмөр ах, Дууяа хоёр хоёр талаас нь үзэж харлаа. Би Баттөмөр ахыг чулуу татаж байхыг нь огт харж байгаагүй юм. Гэтэл ах маань чулуу татаж үзээд “Энийг авна аа” гээд борыг нь авчихлаа. Тэр үед ах дүү нар маань бүгд л надад адуу бэлэглэсэн. Ингээд 2003 онд ах дүүсээсээ цуглуулсан адуунаасаа уяж, уяачийн гараагаа эхэлсэн дээ.
-Нөгөө бор үрээ яаж давхисан бэ?
-Хүйн долоон худагийн суварганы наадамд аман хүзүүдсэн. Тэр үед ах дүүсийн бэлэглэсэн адуунууд бүгд л сайхан давхисан. 2006 онд байх аа, нутгийнхаа хайрханы тахилгад хоёр морьтой очоод, зээрд морио түрүүлгэж, Шагдар ахынхаа хавар нь өгсөн хул морийг таваар давхиулсан. Энэ бол миний анхны айраг, түрүү. Хул морь хойтон жил нь Өлзийт хавийн өвлийн хэд хэдэн уралдаанд түрүүлж, айрагдсан. Хожим би Дууяагийн хүүд өгчихсөн юм.
-Монголын хурдан морины түүхэнд Мөнхбаясгалан гэдэг хүнийг тодоор таниулсан адуу бол Бүлтэн халтар. Нэрийн хуудас болсон энэ сайхан буянтайгаа ямархан хувь тавилангаар учирсан юм бол?
-Би 2007 оны нэгдүгээр сард халиун алагийг авч ирсэн. Халиун алагийг маань Баттөмөр ах улсын баяр наадамд уяж айрагдуулсан. Харин Бүлтэн халтарыг 2008 онд очиж авсан юм. Тэр жилдээ улсын баяр наадамд айрагдсан. Гэхдээ би эхэнд авснаар нь халиун алагтайгаа хэрхэн учирснаа ярьчих уу?
-Бололгүй яах вэ?
-Халиун алагийг авсан түүх сонин. Би өөрсдийн унаган адуугаар нааддаг байлаа. Гэвч нэг л болж өгдөггүй ээ. Тиймээс 2007 оны нэгдүгээр сард Дууяа, Босоо дэлт хүрний Ганбаа, Баярсайхан эмч бид дөрөв их насны морь авах санаатай Хэнтий рүү явсан юм. Тэгээд Босоо Жамсран ахынд яваад очлоо. Ганбаа болохоор Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бураа Пүрэвжавынхаас адуу авна гээд байдаг. Тэгээд Ганбааг дагаад тэднийхээр очлоо. Нэг халиун алаг үрээ л нүдэнд тусаад байх юм. Асуусан, дээд тал нь Баадуу алагийн угшилтай гэнэ. Тэднийд хоночихоод маргааш нь Ганбаа ч адуугаа авлаа. Би ч халиун алагийг авахаар эзэнтэй нь ярьчихлаа. Тэгэхэд ногооны хязаалан байсан юм. Өөр хэд хэдэн адуу авлаа. Тэгж явахдаа Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд гуравласан Баян-Адарга сумын Пүүлээгийн саарал морийг бас авчихлаа. Эргээд ирэхэд түрүүн ярьсан хул морь Өлзийтөд түрүүлж, айрагдчихсан дуулдана. “Нийслэлийн хурд”-д ч таваар давхилаа. Харин Хэнтийгээс авсан саарал морь маань “Нүүрэнтэйн хурд”-д аман хүзүүдээд, гуравдугаар сарын 18-нд Налайхад болсон том уралдаанд түрүүлдэг юм. Наадам боллоо. Саарал морио уяж чадсангүй. Хул морио уясан, гайгүй байна аа. Харин халиун алаг их сайн байна шүү. Соёолон мордохын урд өдөр би Баттөмөр ахад “За ах минь алаг морь сайн байгаа шүү” гэсэн юм. Тэгсэн уралдааны өглөө ах татаад үзсэн чинь нэг их том ногоон нус гоожчихсон. Түүнийг нь хараад “өө” гэчихээд яваад өгсөн ахын төрх одоо ч санаанаас гардаггүй юм./инээв/ Ах морь сайн танина, уяа засал ч сайн мэднэ. Гэхдээ тэгэхэд би ахаас зөрөөд халиун алагийг улсын баяр наадамд мордуулчихсан юм даа. Дараа нь бичлэг үзэж байхад сайн явсан юм билээ. Өндөр хүчдэлийн шон өнгөрөхийн үед гурван үрээ тасарчихсан, тэдний ар дээр гурван үрээ явж байсны хамгийн эхнийх нь хул алаг. Даанч үзэгчдийн үзүүр лүү орж ирээд нам суучихсан. Алаг морийг тэр үед спортын мастер Төрөө унаж явсан юм. Нөгөөх маань хүмүүсийн үзүүрт ирээд суумагц нь шууд урагш нь гаргачихсан байсан. Хойтон нь буюу 2008 оны хавар Баттөмөр ах, Тод манлай уяач Дуламсүрэн хоер Жаргалантын хойхно талд уяад улсад айрагдуулсан.
-Бүлтэн халтар мөн улсад тавлаж, танайхан дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулан шуугиулсан шүү дээ?
-Тэр жил Бүлтэн халтартай хамт хүрэн соёолон авч ирсэн юм. Тэр ч бас сайн байсан. “Макс”-ынхнаас эхлээд олон айлтай сунгасан. Манай хэд аргагүй сайн байсаан. Гэхдээ би очиж чадаагүй л дээ. Дуулахнээ, Егүзэртэй хамт гараад л алга болдог байсан гэсэн. Тэгээд 11-нд Бүлтэн халтар айрагдаж, маргааш нь Баттөмөр ахын халиун алаг айргийн тавд хурдлан манайхан магнайгаа тэнийтэл баярлаж байлаа.
-Ёстой нөгөө цээжин гүний хүсэл биелсэн үү. Бүлтэн халтар чинь Эрдэнэцагааны адуу билүү?
-Тийм ээ, Эрдэнэцагааны адуу. Тэр жил их халуун зун болсон. Бид халтар морио нутгийнх нь наадамд уралдуулахаар шийдээд, Дууяа маань азарганд Баянжаргалын Магнай халтарыг, их насанд миний Бүлтэн халтарыг, соёолонд Мөнгөн бөгст гээд мөн Эрдэнэцагааны адууг, хязааланд “Торгоны зам”-ын Гантөмөрийн хонгорыг, шүдлэнд яруу найрагч Лутбаярын Наран шаргыг, дааганд болохоор Гантөмөрийн Хомоол алагийг аваад явлаа. Алтан овооны их тахилга наадамд Магнай халтар дахиад долоолж, Бүлтэн халтар маань түрүүлж, Хомоол алаг гуравласан.
-Нөгөө хэд нь яаж давхисан юм бэ?
-Лутаагийн шарга зургаа, хонгор азарга 11-ээр орсон санагдана. Соёолонгийнхоо хөлийг эвгүйтүүлээд уралдуулж чадаагүй юм.
-Бүлтэн халтар түүнээс хойш сураггүй болчихсон. Яасан юм бол?
-Намар нь гурван үрээтэй хамт хулгайд алдчихсан. Радиогоор хүртэл зарлуулаад ямар ч сураг гараагүй. Гурван үрээнд нь болоод л авчихсан байх аа даа.
-Сүүлийн жилүүдэд та хувь хүний амжилтаас илүү салбарынхаа хөгжилд анхаарал хандуулаад байх шиг?
-2008 онд ММСУХ-ны тэргүүлэгчээр, 2013 онд Нийслэлийн уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон. Аливаа ажлыг хариуцлагатай хийх ёстой гэдэг зарчмынхаа дагуу зүтгэж л явна.
Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн арга хэмжээний галын шугаманд ажилласан. -“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ч ажиллаж байсан. Төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг энэ мэт томоохон ажлыг гардан гүйцэтгэх амаргүй биз?
-“Дүнжингаравын хурд”, “Их хурд” зэрэг томоохон уралдааны зохион байгуулах комиссын гишүүнээр ажиллаж байсан. 2013 онд “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдааны зохион байгуулах комиссын даргаар анх ажиллаж байлаа. Яагаав, танай сайт “Түрүүгүй Дүнжингарав” гээд бичээ биз дээ. Дөрвөн түрүү, нэг аман хүзүүг нь хасаад нэлээд шүүмжлэл дагуулсан. Дүрэм журмынхаа дагуу шаардлага тавьсан хэрэг.
-Нэг талаараа шүүмжлэл дагуулсан ч, нөгөө талаасаа магтаал дуулж л байсан байх.
-Яг үнэндээ энэ бол уяачдын ёс зүйтэй холбоотой. Бид өөрсдөө ёс зүйтэй, морьдоо уралдах ёстой ангилалд нь уралдуулвал ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Уяач хүн наадамдаа зөв оролцоод явбал наадам зохион байгуулахад ч хүндрэлгүй. Тэгтэл манай уяачид эрлийзээ монголд нь уралдуулаад л, эсвэл эрлийзэд нь цэвэр адуу авчирч мордуулаад будилаантуулаад байдаг.
-Холбооныхоо үйл ажиллагаанд өөрийн санаачилгаар нэвтрүүлж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа сонирхуулаач?
-ММСУХ-г байгуулсан таван хүний нэг нь Галын Баттөмөр ах маань. Гал өвгөний гал голомт Шагдар гэж хүүд нь хадгалагдаж байдаг. Тэр хүний отрын бор гэрт анх ММСУХ-г үүсгэн байгуулсныг та бүхэн мэдэх байх. Ингэж удмынхны маань сэтгэл зүтгэлээ шингээж байгуулсан энэ холбоонд би тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, холбоогоо олон түмэнд нэр хүндтэй байлгах, морь уяхтай холбоотой олон зуун жил дамжсан уламжлалыг цааш нь түгээх, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулах ёстой гэж бодож явдаг юм.
Нийслэлийн уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш холбоогоо байнгын ажиллагаатай болгож, хэд хэдэн уралдаан зохион байгууллаа. “Хангарьд” уралдаанаа Засгийн газрын тогтоолтой төвийн бүсийн уралдаан болгон өргөжүүлж, амжилттай зохион байгууллаа. М.Энхболд, П.Сэргэлэн дарга нарын санаачилсан монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх арга хэмжээнд комиссын даргаар ажиллалаа. Монголын уяачдын өдрийг зохион байгууллаа. Энэ бүхнийг маань үнэлж “Алтан морь” шагналаар шагнасан.
-Хэд дэх “Алтан морь” танд ирсэн бэ?
-Тав байна уу, зургаа дахь нь л байх. Жилд нэг л хүнд өгдөг шүү дээ. Мөн 2008 онд Монгол Улсын Шилдэг залуу уяач гэдэг шагналын анхныхыг нь авч байлаа.
Нийслэлийн уяачдын холбооны салбар холбоодыг үүсгэн байгуулах ажил хэдэн хувьтай явж байна вэ?
Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Багахангай, Хан-Уул, Багануур зэрэг зургаан дүүрэгт салбар холбоо байгуулсан. Дотоод зохион байгуулалтаас гадна гадаад харилцаандаа анхаарал хандуулж, Америк руу хоёр ч удаа яваад ирсэн.
-Өлзийт хорооллын морин уралдааны замыг кадастрт оруулах асуудал яригдаж байсан, хэрэгжсэн үү?
-330 га газрыг дүүргийн тусгай хэрэгцээнд авчихсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь суурин амьдарч байна. Энэ ч утгаараа нийслэлд морин тойруулга байгуулах ч юм уу, уламжлалт уралдаанаас өөр стандартын уралдаан бий болгох, хүмүүс чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг болох, алсраад байгаа адууны соёл руу ойртуулах гэх мэт үүргүүд Нийслэлийн уяачдын холбоонд ирж байгаа юм шиг санагддаг.
2008 онд М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгч, П.Сэргэлэн сайд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш гадаад харилцаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарч, энэ хүрээнд нэлээдгүй ажил хийгдсэн. Жишээлбэл, Монгол Улс олон улсын Морин уралдааны холбооны болон Азийн морин уралдааны холбооны гишүүнээр элслээ. Энэ бол том ахиц. Тодруулбал, олон улсын хийгээд Ази, Номхон далайн орнуудын хурдан морины зүтгэлтнүүдтэй адил түвшинд харилцах, цаашлаад Монголд морин тойруулга баригдвал олон улсын морин уралдааны холбооны дүрэм стандартыг дагаж мөрдөх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
Манай улсын нийслэл сая гаруй хүн амтай. Хүүхдүүд маань Улаанбаатарт төрж, эндээ л хүн болцгоож байна. Энэ хүмүүст нүүдэлчин түмний эртнээс уламжлалтай морьтой холбоотой соёлыг ойлгуулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд хурдан морины уралдаан маш том нөлөө үзүүлж байгаа. Энэ чиглэл рүү бид цаашдаа ажиллая гэж зорьсон. Америкийн Калифорни мужийн морин уралдааны холбоотой харилцаа холбоо тогтоогоод, хоёр ч удаа очиж уулзлаа. Санта Анитагийн цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж, туршлага судалсан. Америкт Санта Анитагийн цэнгэлдэх хүрээлэн, Санфранциско хотын морин хүрээлэн хоёроор эхний айлчлалаараа орсон. Дараагийн айлчлалаараа Кинтаги мужид “Макс”-ын Mongolian
Saturday-гийн түрүүлсэн стадионд очсон. Ингэхдээ ар талыг нь илүүтэй сонирхож судаллаа. Сүүлд Японы морин тойруулгыг ч очиж үзсэн. Ер нь хууль эрх зүйн орчин нь бүрдчихвэл уяачид, морины зүтгэлтнүүдээ бэлэн байлгахын төлөө аль болох олон хүнийг гадагшаа явуулж, туршлага судлуулахыг эрмэлзэж байна.
Хамгийн гол нь бид хууль эрх зүйн орчин, морин тойруулгын чанар стандартад бэлдэхгүйгээр хол явахгүй. Уг нь Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдчихсан ажиллаж байгаа. Гэхдээ тэр ажлын хэсэг ямар хууль санаачилж, УИХ ямар шийдвэр гаргахыг би таашгүй. Ямартай ч ажил нь эхэлчихсэн, нэлээд бүтэмжтэй явж байна.
-Улс, бүсийн наадамд морь айрагдуулна гэсэн том зорилго биелчихсэн байна. Гэхдээ л та өөрийн гэсэн адуутай хүн. Энэ ч утгаараа морь уяхаа больчихгүй байх. Ямар ч байсан монгол хүн гэдэг утгаараа морьдоо уяж, том, жижиг гэлтгүй наадмуудад мордуулсаар л байна байх гэж боддог юм.
-Зундаа улсын баяр наадамд тогтмол морь мордуулж байгаа. “Дүнжингаравын хурд”-д л мордуулж амжихгүй юм.
-Морь уях эрдэмд монголчууд үе дамжин суралцдаг. Таны өвөг дээдэс энэ үйл хэрэгт оролцдог байсан учраас ахын тань хэлсэн зэмлэл танд ташуур болсон байх жишээтэй. Ингэхэд та залгамж халаагаа хэр бэлтгэж байна вэ?
-Компанийн захирлуудыг мөнгөтэй болоод морь уяад байна гэдэг. Би бол өөрөөр хардаг. Яагаад гэвэл моринд дуртай зан монголчуудын цусанд байдаг. Энэ зүйл хэзээ ч алга болохгүй. Хэний ч хүүхэд байсан хамаагүй, амьдрал, цаг зав нь боломжтой болоод ирэхээрээ цусанд нь байгаа зүйл нь өдөөгдөөд эхэлж байгаа юм. Энэ нь эргээд олон түмэнд тустай шүү дээ. Хурдан морийг үнэтэй болгож байна. Тэжээлийг нь худалдаж авч байна. Энэ чинь эргээд хэн нэгэнд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Цаашилбал, туслах уяачдын цалин, уралдаанч хүүхдүүдийн урамшуулал гээд ажлын байр бий болж байна.
Хүмүүс дурлаж морь уяж эхэлж байна, залуужиж байна. Уяачдын сэтгүүл, телевизтэй ч боллоо. Ингээд Монгол Улс дотор бүхэл бүтэн том ертөнц бий болчихсон байна. Бид улам холыг харж, салбараа зөв хөгжүүлээд, зөв аваад явбал маш их бололцоо бий. Дараагийн үедээ өвлүүлэн үлдээх том үүрэг байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөдрийн асуудлыг өнөөдөрт нь шийдчихээд, шинээр хэрэгжүүлсэн, нэвтрүүлсэн, боловсруулсан зүйлсээ дараагийн үедээ шилжүүлж өгөхийн төлөө л хичээж явна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танай гэр бүл, үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
197.210.53.75
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply202.126.88.232
Ulam ih amjilt husie Mori ni hurdan baig
Reply