Аймгийн Алдарт уяач Э.Батцэрэн: Холбоо хээрийн төлүүд цөм хурдалсан

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 23 -нд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Баруун-Урт сумын наймдугаар багийн харьяат Энхийн Батцэрэн 1943 оны зун Мандал хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ.

Уулбаян сумын харьяат Борын Дондогийн унаган Холбоо хээр хэмээх хурдан азаргыг уяж хурдлуулж байсан тэрээр Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэх жуух бичгээр шагнагдаж,V, VI таван жилийн гавшгайчаар тодорч байсан юм.

-Сайн хүлэг эзнээ алдаршуулсан сайхан түүхийн нэгийг сонсохоор хүрэлцэн ирлээ. Холбооны хээр буюу Холбоо хээр хэмээн алдаршсан хурдан хүлгийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч.

-Хээр азарга Уулбаян сумын харьяат Борын Дондогийн  Шүүлэн угшилтай хул азарганы төл. Жинхэнэ Шүүлэн адуу. 1992 онд аймгийн 50 жилийн ойгоор битүү хязаалан үрээ дөрвөөр давхиж байсан юм.Тэгээд хойшоо зарагдах тухай яригдахад Дондогийн хүү Шижирбаатар тухайн үеийн холбооны газрын дарга байсан Хүрэлбаатарт “сайн азарга хойшоо зарагдах гээд байна. Төл, төмс нь хэрэгтэй нутагтаа үлдээчихвэл” гэсэн юм билээ. Хүрэлбаатар ч санал нэгдэж авахаар шийдээд над дээр ирсэн.

-Тантай зөвлөхөөр үү?

-Би холбооны малыг малладаг байсан юм. Хээр азаргыг авахаар боллоо гэхээр нь би хэл аманд орох вий гэж айгаад...Тэгсэн дарга "ноолуураараа авнаа” гэсэн. Тэгээд л ямаагаа самнаж ноолуураа хотод аваачиж тушаачихаад ирэхдээ дан бүрээстэй хоёр гэрийн мод өгөөд авсан даа. 

-Тэр нь тухайн үеийн мөнгөөр хэдэн төгрөг болохов?

-400 гаруй мянган төгрөг болж байсан. Соёолондоо Мөнххаан сумын 70 жилийн ойгоор гуравт давхиад над дээр ирсэн. Үндсэндээ би хавчигаас нь уясан гэсэн үг. Тэр жилээ айрагдуулж чадалгүй долоод оруулаад... Миний өөрийн хурдан хүрэн азарга бас уягддаг. Түүн шигээ бодоод хоолыг нь өгчихсөн чинь ихдүүлчихсэн байна лээ. Нэг насны адуу ч өөр хоолоор морддог. Түүнийг л тооцоолоогүй байж.

-Алдаагаа олж хараад давтахгүй байх нь чухал хэмээдэг.

-Хэлээд яахав.Түүнээс хойш хоолон дээр нь алдаагүй ээ. Харин уяаг нь жаахан дутуудуулаад байдаг байсан байна лээ. Хээр азарга хаврын уралдаанд хэд хэд айрагдсан. Түрүүлж ирээд л айрагдчихдаг адуу байгаа юм. Нэг жил Шаргын ард уралдаад аман хүзүүдэж, Болдын улаан азарга түрүүлж байлаа.

-Долоон настайдаа Сүхбаатар аймгийн баяр аймгийн наадамд аман хүзүүдсэн байсан уу?

-Тэгсэн. Аймгийн наадамд аман хүзүүдээд, Гангын ойд гурваар давхисан.

-Хээр азарга ямар онцлогтой адуу байсан бэ?

-Нүгэлтэй хашин явахгүй. Бага давхил хүртэл би өөрөө хөлсөлдөг байсан. Түүнээс хойш гайгүй хөнгөрөөд ирнэ. Ямар сайндаа 1995 онд Гангын наадамд уралдах гээд явж байхад нь  “хүү минь морь чинь явахгүй нь ээ, буц буц” гэж байхав. Занг нь мэдэхгүй хүн суучихаж гэж бодохоор. Зан аашийн хувьд их тогтуун. Тэгж олон уралдсан хэр нь хий, хуй байхгүй.

-Сэтгэл сайтай байх нь сайн л гэлцэх юм билээ.

-Зориг зүрхтэй адууны л шинж гэдэг. Зууны манлай уяач Даваахүү Шаргын уулын уралдаанд аман хүзүүнд хурдлаад байхад нь ирж харсан. 500-гаад адуу бөөгнүүлчихсэн байхад буугаад л таньж байна лээ шүү. Аргагүй нүдтэй юм билээ.

-Зууны манлай юу гэсэн бэ?

-“Гайгүй сайхан уягдсан байна. Хурдан морины 32 шинжийн 30-г нь агуулсан адуу байна. Хөлөө авна гэж байхгүй. Харин таны уяа л дутаад байна. Албаны адуу гэж гамнаад сайхан хөнгөрүүлээд л  тавьчихдаг юмаа даа. Уяаг нь гүйцэд хийвэл жижигхэн биетэй ч ямар ч адуунаас дутахгүй юм байна” гэсэн.

-Үнэн хэлсэн үү?

-Тиймээ. Би уяаг нь дутуудуулаад байдаг байсан байна лээ. Зууны манлай тэгж ирэхдээ эр, охин хоёр төлийг нь аваад явсан. Шүдлэн нь хурдан байтал хулгайд алдчихлаа дуулдсан. 

-Харамсалтай юм.

-2001 оны Их хурдад хээр азаргатайгаа очоод сунгаанд гуравлуулчихаад байхад Даваахүү Манлай ирж хараад “хэлээд л байхад дутуудуулаад байх юмаа. Гүйцэд уявал айрагдах таван адууны нэг шүү дээ. Дөрвөн давхил хийгээд уралдахад юунаас дутах вэ? дээ” гэсэн. Дараа нь Өвгөн ноёны наадмаар мөн л  таараад. Тарны орой Мажигсүрэн гуайн хээр морийг авах хүнтэй цуг ирээд хээр азаргыг харснаа  толгой сэгсэрч “Хэлээд л байхад мөн л дутуу уяж. Маргааш ойрхон ирээд сууна. Ахиад нэг давхил хийчихсэн бол эхний гурван адууны нэг байх байж. Одоо цагнь  тулчихсан, маргааш уралдах юм чинь яахав дээ” гэсэн. Нээрэн л маргааш нь эхний тавд явж байгаад суугаад есөд орсон доо. Том уяач том л байдаг юм билээ.

-Тод манлайн зөвлөгөөг дагаж болоогүй юмуу?

-Миний хувьд болчихоод байх шиг санагдаад байдаг байсан юм./инээв/

-Хээр азарга хэд хүртлээ уралдсан бэ?

-13 нас хүртлээ уралдсан. Сүүлдээ өвгөрөөд хүн шиг хошуу, ам нь бууралтаад, гүүгээ алдчихаад байдаг болсон. Тэгээд нэг өвөл Хүрэл даргын шийдвэрээр хөлийг нь амрааж тэргүүнийг нь Алтан овоонд тавихаар аваад явсан даа.

-Тордож байгаад хэдэн жил төл авсан бол. Үр төлүүдээс нь хэр хурдалж байна вэ?

-Мөнххаан сумын Бураа Пүрэвжавын халиун азарганы төл харагч гүүнээс гарсан төл болгон нь давхисан. Даваахүү Тод манлай адуугаар явж үзчихээд “таны энэ азарганд чинь тохирох гуравхан гүү байна. Бусдаас нь эр гараад ч давхихгүй” гэж хэлсний нэг нь тэр харагч гүү. Нэг төл нь Дундговь руу зарагдаад, олон түрүүлж, айрагдсан. Харагч гүүний бас нэг төл хар даага тав түрүүлээд, шүдлэн үрээ Сүхбаатар суманд аман хүзүүдэж, хязааландаа зургаалаад, соёолондоо хот руу Гончигийн Чинзоригт зарагдсан. “Их хурд-3”-аар дутуу уяатай Ажнай шаргатай уралдаж байна дуулдсан. 

Холбоо хээрийн бие төл бөгтөр хүрэн гүүнээс ганцхан эр унага гарсан нь Халзангийн Мөнгөөлэйд очсон, Мөлүү чихтэй хээр азарга бий. Түүний төл хүрэн даага улсад таваар давхисан даа. Тэр хээр бас их түүхтэй.

-Түүх сонсохоос татгалзахгүй шүү.

-Хүрэл даргын дараа Энхцэцэг гээд хүн холбооны дарга болсон юм.Түүний нөхөр Батмөнх гэж хүн нэг өдөр ирээд “Холбооны хээрийн төл эр адуу авъя” гэсэн юм. Тэгэхээр нь би “албанд бол эр төл байхгүй. Надад бол байна. Үзээд ав” гэсэн юм. Тэгсэн “та яаж өгөх  юм” гэж байна. Би “үнэтэй л өгнө ш дээ, саяас наашгүй” гэтэл цуг ирсэн нөхөр нь “Мөлүү чихтэй хээр адуу цуг явдаг ш дээ” гээд хэлчихлээ. Батмөнх “тэрийг авъя” гэхээр нь би “тийм үрээ бий нь бий. Гэхдээ би албаны адуу ямар өртгөөр өгөхийг мэдэхгүй. Хүрлээ, Энхцэцэг хоёр л мэдэх байх ” гэж хэлээд явуулсан. Бас өгөхгүй санаатай./инээв/ Хэнд нь хэлсэн юм байгаа юм. Ямартаа ч авахаар болж ирээд "аймагт уралдана" гэж ирэхээр нь “сая овоонд уралдсан эмнэг шахуу үрээ бий, ав ав” гээд өгөөд явуулсан юм. Тэр жилээ их хурдан байсан шүү. Аймагт ганцаараа ирж байгаад зургаалчихсан.

-Суучихсан уу?

-“Өнөөдөр миний үрээтэй шувуу л уралдахгүй юм бол өөр юм уралдахгүй” гэж хамаагүй шахуулсаар байгаад  өнөөх нь ердөө дадрын цаахна ирээд зогсчихсон. Тэгээд зургаад орсон юм. Тэгж л хурдан нь танигдсан адуу даа. Эзэн нь бурхан болоод эзгүйдээд байхад нь Мөнгөөлэй авсан байна лээ. Тэр Мөлүү чихтийн төлүүд бас их хурдалж байгаа. Хээр азаргыг анх авчрахад Буурал Цэрэндорж гэж өвгөн гүү тавиад эр хээр унагатай болсон юм. Өнөөхийг нь хүмүүс сураад очихоор “уях ч үгүй, өгөх ч үгүй. Үр хүүхэддээ үр төлийг нь үлдээнэ” гэдэг байсан юм билээ.Тэр хээрийн төл хэдэн сайхан гүү, хоёр ч эр адуу байна лээ. Би очиж үзсэн. Жаахан өндөр л болохоос эцэгтэйгээ адилхан юм билээ. Хээрийн төлүүд харахад андашгүй л дээ.

-Холбооны хээртэй нас чацуу хурдан хүрэн азаргатай байсан гэдэг. Хүрэн азарганыхаа талаар хууч дэлгээч.

-Угшил гарвалыг нь хөөвөл Сүхбаатар сумын адуу. Хар Очир гэж хүний хонгор азарганы төл буурал хэмээх Гомбодоржийн Мойног хөлтэй хонгор азарга байсан. Сүхбаатар сумын наадамд гуравт давхиад хөл муутай болсон, хурдан азарга гэж мэддэг байсан юм. Тэгээд нэг удаа Дорнод ороод Гүнбулагийн наахна усан дээр адуутай таараад, долоон эр дааганаас харж байгаад хоёрыг нь онцолж эзэнтэй нь уулзлаа. “Тэр хар даага, харагч гүүний унага уу” гэсэн тийм гэнэ. Хүрэн даага нь гэтэл “хүрэн халзан гүүний унага” гэж байна. Харагч гүүний даага арай илүү санагдсан тул “авъя” гэтэл аймагт байдаг Бямбасүрэн гэж хүний адуу. Асуугаад зарах бол хэлье” гэнэ.

Хэсэг хугацааны дараа манайхаар ирээд “хар даагыг зарахгүй гэж байна” гэхээр нь тэгвэл хүрнийг нь авъя гэсэн чинь “танайхны Намжаагийн чинь даага шүү дээ” гэж байна. Намжаа гэдэг нь манайхны Намсрай гээд ах л даа. 

Ахиад нэг Дорнод явахдаа өнөө даагаа харсан чинь улам ч сайхан болчихож. Ирэнгүүтээ Намсрай ахынд очоод “Гомбодоржийн адуунд байгаа хүрэн халзан гүүний төл хүрэн даагыг чинь авъя” гэсэн “Тэг тэг, дүүгийн чинь даага шүү” гэж байна. Гадаа байшин барьж байсан Лхагвадоржтой уулзаад хэлсэн тэг тэг гэнэ. Тэгээд 500 цаасан дээр, хазаарын тарган морь өгөхөөр болж, наймаа тохирсон доо.

-Даагандаа уралдсан уу?

-Эмнэг шахуу сөнгө даага аймгийн наадамд 11-д давхисан. Шүдлэндээ их хурдан хязаалангуудтай сунгахад аман хүзүүнд ороод байсан. Гэм нь жаахан тарган талдаа. Тэр жил их бороотой. Тэгтэл үрээ маань мэзэгнээд хөл нь жаахан эвгүй болчихлоо. Нутгийн хашир өвгөн “аймагт битгий уралд, наадам ганц биш. Ганц уралдах адуу биш байна. Одоо тавиад намар 11 сар гарахаар худгийн хүйтэн усаар гурав хоног шавшаад уячих” гэсэн юм. Тэгээд хэлснээр нь өнжөөгөөд, намар орой барьж авч худгийн хүйтэн усаар шавшиж уяж хоноод байсан. Хязаалан үрээ аймгийн 50 жилийн ойд зургаад орсон. Уг нь айрагдчихаар байсан юмаа, даанч хүүхэд жижигдээд чадаагүй. Зургаа хүрч байгаа хүүгээрээ унуулчихсан чинь морь гаргачихаад явж байтал “аавтайгаа хамт явна” гээд буцаад давхиад ирсэн. Морины комиссынхон ”Ээ та ийм жаахан хүүхдээр унуулж яахав. Өөр хүүхэд олж тавь” гэнэ. Морь мордчихсон хойно надад ямар хүүхэд олдох вэ дээ. Комиссынхноос гуйж байгаад өөрөө эргүүлж өгөхөөр болоод явлаа. Морио гаргачихаад эмнэлгийн машин гуйгаад суучисан явдаггүй ээ. Эмнэлгийн машин чинь ард үлдсэн хүүхдүүдээ түүгээд явдаггүй юм байна лээ. Тэр жил 300 гаруй хязаалан мордсон юм. Талын худгийн тэнд ирээд  хартал цээжний зургаан адуу тасарчихаж, хүрэн үрээ хамгийн захад нь явна. Бариан дээр асуусан зургаалсан байна лээ.

-Ёстой л хүүхэд арай багаджээ. Соёолондоо яаж давхисан бэ?

-Соёолондоо аймагт хол түрүүлээд, хавчигтаа аман хүзүүдсэн юм. Өвөл нь уралдуулж онгойлгочихоод байсан юм.

-Аймгийн наадамд хонгор үрээ хоёр жил дарааллан айрагдуулж. Энэ ямар удамтай адуу вэ?

-Хүрэн азарганы эцэг мойног хөлтэй хонгор азарганы төл юм. Өөрөөр хэлбэл хүрэн азаргатай эцэг нэг, эх ондоотой. Эх нь сайхан цагаан хонгор гүү байж билээ. Манай ахын адуу. Уулбаян руу зарагдаад, соёолондоо эндчихсэн.

-Харамсалтай юм. Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уяж байгаа улс вэ?

-Энх гэдэг бол миний өргөж авсан эцэг. Төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Улсын начин  Дашдаваа бид хоёр ах дүүс болдог юм. Манайханд аймгийн Алдарт уяач Нацагаа, Товуу нарын уяачид бий.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна