Г.БАЗАРСАДЫН БААРАГГҮЙ БОРУУД

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 16 -нд

Баян-Адарга сум байгуулагдсаны 100 жилийн ойд /Цуврал-2/

Түргээр түргээр явахад нь

Түнгэрцэгийн чинээ чулуу хөдөлж

Аргаар аргаар явахад нь

Аягын чинээ чулуу үсэрч

Өвсний оройгоор өрвөлзүүлэн давхих Эзэн Чингис хааны эр хоёр загал шиг Баян-Адарга сумын Сайханы хөндийн хуурай хээрийн ноён дов,  Хэрмэн толгойн шивээт хялгана дундаас шилгээн үүрссэн Гомбын Базарсадын хоёр бор үрээний тухай энд өгүүлье.

2002 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 81 жилийн ойгоор шүдлэн насны хурдан хүлгийн уралдаанд хандгай язгуурт хийцийн бор үрээ түрүүлж ирсэн нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уяач Гомбын Базарсадын унаган хүлэг Зоост бор үрээ билээ. Г.Базарсад ах хоёр хар гүүтэй байсны нэг нь Дамдинсүрэнгийн Баттэгш ахын адуун сүргээс гаралтай агаад, тэр гүүний дээд угсаа нь Матарын Гомбын шаргаас улбаатай аж. Тэрхүү хар гүүний төл том биетэй халиун гүүг Жамсранжавын Жаргалсүрэнгийн бор саарал азарганд хураалгажээ.

2000 оны хавар гарсан бор унага даагандаа 2001 онд төрөлх Баян-Адарга сумынхаа наадамд түрүүлж, асарын урдах төрийн соёмбот далбааныхаа өмнө торгон жолоогоо өргүүлж анхныхаа цолыг дуудуулсан нь дараа жил нь төрийн их баяр наадмын түрүү болж төв цэнгэлдэхэд есөн хөлт цагаан тугийн дор түмэн эхээр цоллуулах жаргалтайн дэлгэрийн угтал оршил нь байв.

Бор дааганы эх том халиун гүү хоёр жил дарааллан сувайрсан гэдэг.Зоост бор даагандаа исгэл, шүдлэндээ ч исгэл. 2002 оны хавар уяач Г.Базарсад нутгийн ах аймгийн Алдарт уяач Д.Дүнгээбаатарын хамт Улаанбаатар хотыг зорьсны учир нь цуут  Айдасын даваа, Алдар толгой, улсын довонд ажнай хүлгүүдийнхээ тоосыг өргөж, шандасыг сорих зорилготой байв. Бурхан Халдун группын захирал Н.Мөнхдашийн уяанд нэгдэн бор үрээнийхээ уяа сойлгыг өөрөө гардан зохируулахдаа эх халиун гүүг нь хамт авч очжээ. 2002 оны долоодугаар сарын 12-ны өдөр бор үрээний ир ханаж, эзэн уяачийн эрдэм гэрэлтсэний баталгаа болж шүдлэн насны ажнай хүлгүүдийн уралдаанд түрүүлэн ирснээр Баян-Адарга сум болоод Хэнтий нутгийнхан төдийгүй бүх Монголынхоо зон олны бахдал болж шагшигдсан байна. Энэхүү төрийн наадамд түрүүлэхэд нь Гомбын Нямхүү гуайн хүү Цэндгомбо/ Цэнээ/ унаж хурдлуулжээ. Хурдан морины амжилтанд уяачийн эрдэм, хүлгийн сайнаас гадна уралдаанч хүүхдийн ур чадвар их нөлөөлдөг гэдгийг туршлагатай уяачид байнга хэлдэг. Ийнхүү тэр наадам Баян-Адарга сумынх болов.

Тэр зундаа Алтан овооны наадам болоход хурдан бор 800 гаруй үрээний түрүү магнайд алтан тоосоо адар тэнгэр өөд цацлан магнайлж явтал уралдаанч хүүхэд нь уначихав. Мөнөөх 800 гаруй үрээний гурван мянга гаруй туурай дэргэдүүр нь түмэн агтын төвөргөөн шиг, олон хоног үргэлжилсэн их аадрын дараа өндөр сарьдаг уулсаас уруйлан бууж буй үерийн их ус шиг  хоромхон зуур л хөрст дэлхийг бөмбөрдөөд яваад өнгөрч. Бор үрээг барьж авч хүүхдийг нь унуулаад бараа нь алдарч буй мянга шахам үрээний араас тавьтал нумнаас тавьсан сум, чавхнаас алдуурсан чулуу шиг  нэхэж гүйцсээр барианы зурхайн шугамыг  алхахдаа хорин хэдээр оров. Тэр үед бор үрээ Бурхан Халдун группын эзэн Н.Мөнхдашид дөнгөж шилжээд байсан үе. Бор үрээний шинэхэн эзэн Н.Мөнхдаш “Наадамд аз од гэж байдаг юм байна, Базаа ахыгаа л энэ наадамд хамт дагуулж ирдэг байж” хэмээн шогшорсон гэдэг.  

2003 онд Нийслэлийн хурд хаврын шигшмэл морьдын уралдаан зохион байгуулагдлаа. Бор хязаалан шигшмэлүүдээс ч шигшигдэн цойлох шилдэг шигшмэл шандастан гэдгээ нотолж, өмнөх жилийн улсын их баяр наадмын түрүү магнайгаа батлан дахин түрүүлж  ирснээр Хан Богд хайрханы ар өвөрт ч, Хатан Туулын урд хойно ч гүйцэгдэхгүй дөрвөн мөчтөн болохоо харуулж Халх даяар алдар суугаа дархлав. 2004 онд Үндэсний их баяр наадамдаа бор азарган соёолон шандастай сайхан хурдалж айргийн тавд орж ирж даяар олон наадамчдынхаа өмнө дархан цолоо хамгаалжээ. Олон түмэндээ ЗООСТ БОР хэмээн дуурсагдсан том бор үрээний дууль ийм.

Эл газрын жигүүртэнд даль ургуулж даамай хүлэг болгосон эрдэмт уяач бол Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн тракторчин, тариаланч Боржигон овогт Гомбын Базарсад болой. Г.Базарсад ах Баян-Адарга суманд 1958 оны шороон нохой жил малчин ард Гомбын хоёрдугаар хүүхэд болж мэндэлжээ. Улаан-Од нэгдэлд ажиллаж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум дах Архустын трактор, комбайнчны курст суралцаж тракторчин, комбайнчин мэргэжил эзэмшсэн байна. Хаврын тариалалт, намрын хураалт, уринш, хадлангийн салаа, өвөл нь нэгдлийн мод бэлтгэл гээд салбар болгонд шахуу төлөвлөгөөтэй, хариуцсан ажил бүрт хэтийдсэн нормтой тэр цаг үед өдөр нь нартай уралдаж, шөнө нь ододтой ханьсаж норм төлөвлөгөө биелүүлэн ажилласаар ясны хөдөлмөрч, цусны махруу зан төлөв суусан хүн байсан хэмээн үр хүүхэд, хань ижил нь одоо дурсан сууна. Аавыг байхад манай хашаанд ажил буцалж, хүн  үймж байдагсан. Аав минь үрээ морьдод уяа сойлгын ажил хийхийн хажуугаар ахуйн хүрээндээ аж ахуйн ажлууд байнга л хийх, хадлан бордоо, мод бэлтгэл гээд дөрвөн улиралд ер зүгээр сууж байгаагүй хэмээн бага хүү нь дурсан өгүүлнэ.

Сайн хүнд нөхөр олон бишүү

Сайн моринд эзэн олон бишүү

Өнөр хүнд нөхөр олон бишүү

Өглөөч хүнд ажил ундарга бишүү хэмээх билэг сургаалын үг л зохихоор гавшгай хүн байсан болов уу хэмээн төсөөлөгдөнө.

Аранзал залуу насандаа ардын нэгдэлд тракторчин явсан бол арай хожуу ажнай хүлгүүдийн шандас юуг нь сорихоор мэргэжлээ шинэтгэн төрийн наадамд түмэн хүлгийн урд зүс хувилгагч Зоост бороо хурдлуусан Г.Базарсад уяачийн хүлгийн карьер үүгээр азнасагүй. 2005 оны  хаварсанж өөрийнх нь унаган саарал гүүнээс бор халзан унага гарчээ. Саарал гүүний эцэг нь Ж.Жаргалсүрэн ахын мөнөөх л бор азарга. Адуутай Монголынхоо аргамаг хүлгүүдийн төвөргөөнд тоосоо нэмэрлэх гэж төрсөн бор унаганы эцэг Дадал гаралтай алаг азаргыг нутгийн залуу Гандашдоржоос чамгүй өртгөөр авсан нь төрийн наадмаас түрүү магнай хүртэж туршлага суусан уяачийн хүлэгч мэлмий, холын бодол биз ээ. Энэ бор халзан үрээтэй хамт дээрх угсааны төлүүд болох буудай цоохор үрээ, хүрэн халзан үрээнүүдийг хамт уяж наадмуудад хурдлуулдаг байсан нь дандаа барианы зурхайд хамт амгай зуузай холбож, дөрөө ташаагаа дэрлэн цувж орж ирцгээдэг байсан гэдэг.

Бор халзан үрээ нь 2008 онд хязаалан насандаа Биндэр, Дадал сумдад болсон хаврын уралдаанд түрүүлж. Энэ хаврын уралдаалганд бор халзан үрээг түрүүлэхэд буудай цоохор нь чамлахааргүй хурдалж байж. Мөн 2008 онд давхар уяагаар давхиж буй эл хурдан бор халзан үрээ Дорнод аймгийн Цагаан овоо суманд болсон “Цагаан овоогийн хурд” зүүн бүсийн таван аймгийн 300 гаруй үрээнээс айргийн гуравт хурдалсанаар  голдоо тамиртай, холдоо чансаатай ажнай болох нь тодров. 2010 онд Үндэсний их баяр наадмын соёолон насанд айргийн тавд хурдлуулснаар уяач Гомбын Базарсад улсын довтой уяач гэдгээ зон олондоо нотлон харуулжээ. 

Бор халзан үрээ улсын наадамд айргийн тавд хурдалдаг жил буудай цоохор үрээ нь Хэнгэрэгийн Цогтсайхан гэдэг хүн дээр очоод мөн наадамд хамт уралдаад долоод орж байсан өндөр амжилтыг үзүүлжээ. Мөнөөх хүрэн халзан үрээ нь тэр жил Өвөрхангай аймгийн Уянга суманд болсон баруун бүсийн хурд даншиг наадамд түрүүлсэн нь уяач Гомбын Базарсад халх даяар хурдлах хурдан хүлгүүдийг өөрийн адуун сүрэгт шинээр  үүлдэржүүлэн бойжуулж байсны тод илэрхийлэл нотолгоо юм.

2002 онд улсын наадамд Зоост борыг түрүүлүүлдэг жил Г.Базарсад уяачид Хэнтий аймгийн Норовлин сумын найз нь исгэл халиун даагатай гүү бэлэглэж, даагыг нь чамд төрийн наадмын түрүү хүртсэний мялаалга болгож өглөө, харин эхийнх нь зохих шанг надад өгөөрэй хэмээж. Тэрхүү халиун даагаар хожим азарга тавьж уяж хурдлуулсан нь нутагтаа дархан хурдан болсон гэдэг. Тухайн халиун азарганы галбир хийц, шинж төрх бол үнэхээр гайхалтай сайхан ажнай байсан гэж үр хүүхэд нь дурсах агаад хожмоо Баянхутагийн мянгат малчин Цэрэн Баян-Адарга сумын Сайхан багт отор хийж өвөлжиж явахдаа авъя хэмээн наймаа ярилцаж хоёр зуун богоор арилжиж байсан түүхтэй.  

Сайн хүлэг морь зүсээ гурав хувилгадаг хэмээн морины сударт дурьдсан нь буй. Бор халзан үрээ анх эхээс төрөхдөө унаган сэвлэг зүс нь хар өнгөтэй байж. Унаган наснаас дааган насанд шилжих үедээ саарал зүсэнд хувилаад, шүдлэн болохдоо бор зүсмээрээ төлөвшжээ. Чухаг сайн хүлэг бор халзан ажнай ину ийнхүү зүсээ гурав хувилгасан ажгуу. Төрийнхөө баяр наадамд айрагдаж орж ирэхэд нь Японы мэргэжлийн сумогийн Их Аварга Асашёрюү Д.Дагвадорж хүлгийн хийморьт мэлмэрсэн баярын нулимсаа барьж ядан Гомбын Базарсад ахдаа баярлалаа талархалаа илэрхийлсэн нь цэнхэр дэлгэцийн дуранд буусан байдаг.

Уяач Гомбын Базарсад нэгэн арван илүү он унаа хүлэгт уяа нийлүүлэхдээ сум бүсээс олон олон айраг түрүү,  улс болон улсын чанартай уралдаанаас 4-5 айраг түрүү авсан нь илэрхий байх бөгөөд үрээ морьдыг тэжээх арга барилыг сайтар олсон, орчин цагийн уяа сойлгын аргыг туршин амжилт олж байсан нь материал цуглуулах явцад ажиглагдаж байна.

Тоочвоос олон айраг түрүүний амжилттай, тодруулан нухацтай ажваас өөрийн адуун сүргийн цөм бүтцэд  үлэмжхэн өвөрмөц угсааг бүрэлдүүлэн эхэлж ахуй цаг дор цаг мөнхийн суудал дэвшиж, хурмастын орноо тэнгэрийн хүлгүүдийг сойхоор одсон билээ. Суутай хурдан боруудынхаа тоосыг цуутай наадмуудын тэнгэрт өргөсөн уяач Г.Базарсад эрхт тэнгэрийн оронд эзэн Чингисийн эр хоёр загалтай хамт эгэл бор үрээнүүдээ  эрдэнийн дөрвөн бэрх шиг ижилсүүлэн хурдлуулж буй биз ээ.

 2023.07.06. Дуурлиг, Нарсны булаг.

Шарайд Жарантай овогт Цэдэвдоржийн Чойжамц 

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.