Уулаа харж тайтгардаг, уянгын кинонд хайлдаг галтай цогтой барилдаанч гарьд И.Доржсамбуу

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 14 -нд

Хамгийн жудагтай бөх хэн бэ? гэхэд олон хүн эргэлзэлгүй “Доржсамбуу гарьд” гэж хариулдаг. Үнэхээр ажиглаад байхад монгол бөхөд байх ёстой олон сайхан шинж төрх түүнд байдаг. Хүнд төрөлхийн төлөв чанар, олдмол төлөв шинж чанар гэж байдаг юм шиг. Тэгвэл хэнээс ч аваагүй, хэнийг ч дуурайгаагүй  төрөлхийн жудагтай хүн гэж Доржсамбууг л хэлнэ дээ. Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн тэрээр сумыхаа дунд сургуулийг төгсөөд зэргэлдээ Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуульд суралцахаар очжээ. Угийн бие бялдар сайтай түүнийг физикийн багш Төмөрхуяг нь, “бөх  барилдуулна” хэмээн анх удаа мэх техник, гараа дэвээ зааж өгсөн гэдэг.  10 жилээ төгсөөд эрийн цээнд хүрч цэргийн албанд мордохдоо монгол бөхийн үүд хаалга өмнө нь нээгдэж байгааг тэр гадарлаагүй байж болох юм. Алба хаах хугацаандаа Б.Ганбаатар арслангийн анхаарлыг гойд татаж, халагдаад нутаг буцах гэж байхад нь арслан “загнасаар” байгаад “Алдар” нийгэмлэгтээ тамирчнаар авч үлджээ. Тухайн үедээ өөрөө тийм ч дуртай байгаагүй бололтой. Тэр үеэс эхлэн Ишдоржийн Доржсамбуу хэмээх нэр бөх сонирхогчдын анхааралд өртөж, 1995 онд Ганбаа багшийнхаа оёж өгсөн зодог шуудгийг өмсөн анх удаа улсын наадамд зодоглон дөрөв даваад тавын даваанд багш нь амлан авч начин болгосноор  эргэлт буцалтгүй бөхийн замд хөтлөгдсөн ажээ.
Начин цолтой зургаан жил барилдахдаа цолондоо эзэн нь байж чадсан. Заал танхимын барилдаанд тун сайн барилддаг түүнийг заан цолонд хүрнэ гэж бөхийн хүрээнийнхэн үнэлж дүгнэдэг байлаа. Тэр итгэлийг Доржсамбуу хөсөрдүүлээгүй. Бэлтгэл сургуулиа шамдан хийсээр 2001онд улсын их баяр наадмаар тавын даваанд а.а Б.Шаравдоржийг, зургаад начин цолны болзол хангасан төрсөн дүү И.Ёндонсамбууг, долоод О.Балжинням аваргыг тус тус давснаар заан цол хүртэхэд нь бүгд авах ёстой цолоо авч байна хэмээн баярлаж байсан. Харин 2000 оны наадмаар тавын даваанд найз С.Мандахаа, 2005 онд нутгийн хуурай дүү Ц.Цогтжаргалыг амлан авч начин болгоход  нь зарим хүүмүүс зэмлэсэн ч хүнлэг жудагтай занг нь хүндлэх хүн олон  байлаа. Түрүү үзүүр горилж явсан зааныг 16-д үлдэж шөвгөрч чадаагүйд харамсал төрж байсан ч тэр их мөнгөний түрлэгт автаагүй, их сэтгэлийн дэвжээнд “өвдөглөсөн” билээ.
2007 оны наадам Доржсамбуу заанд маш том боломж байсан байх. Тавын даваанд а.а Б.Нэргүйг, зургаад начин Ц.Лхагвасүрэнг, долоод шинээр харцага болсон нутгийн дүү у.н Д.Баасандоржийг, наймд аралтай чацтай М.Баяржавхланг тус тус өвдөглүүлж  түрүү булаалдахаар үлдэхэд нь “түрүүлчихээсэй” гэсэн бодол олон хүнд төрсөн. Барилдааных нь талаар хүмүүс ярих дуртай. Үргэлж урагшаа давшиж барилддаг онцлогтой хэрнээ хав золгооноос барилдахдаа жаахан хойрго. Одоо ч золгооноос барилдаж  сурах гээд нэг л болж өгөхгүй юм хэмээн өөрийгөө зэмлэж суудаг. Харин сэнжигний барьцнаас таллаж татан ард нь гарчихвал барагийн бөхийг гаргахгүй дээ. Нэлээн хожуу хүчний дасгал хийж  эхэлсэн гарьд маань заал танхимд тогтмол их шөвөгт үлдэн барилддаг. Гараа дэвээнийх нь намба төрх цаанаа л нэг  өөр шүү. Бөхөөс өөр зүйлд сэтгэл нь татагдаад байдаггүй Дооёо гарьд хөдөө очихоороо адуу мал бэлчиж байгаа уул талаа харж зогсох их дуртай гэнэ лээ. Хөдөө төрж өссөн хүний хувьд жинхэнэ сэтгэлийн жаргалыг тэгж л мэдэрдэг байх. Бас уянгын кино үзэхээрээ уйлчих гээд байдаг нь түүний хэтэрхий зөөлөн сэтгэлтэй гэж тодорхойлох нь бий.
.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна