Аймгийн Алдарт уяач Ж.Даш: Бидний үе авьяасаараа л морь уядаг байсан бол одоо овьёос бас нэмэгдсэн байна

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 06 -нд

-Таны төрж өссөн нутаг уснаас яриагаа эхэлье?
-Би чинь Өвөрхангай аймгийн Тарагт сум дээхэн үеэр бол Дэлгэрэх булаг сумын Өнгөт гэх газар 1935 онд төрсөн. Бага нас гэртээ л өнгөрсөн. За тэгээд найман нас хүрээд Өвөрхангай аймгийн нэгдүгээр арван жилд орж долоодугаар ангийн төгсөөд Алтанбулагийн техникумд мал зоогийн ангид дөрвөн жил сурсан. Сургуулиа төгсөөд хуваарь авч Дорнод аймагт малын эмч, зоомеханикч, фермийн дарга, малчин гээд аль алийг нь хийж явлаа даа.
-Хэдийнээс эхлэн морь уяж эхэлсэн бэ. Хуучин цагт ажил албатай хүмүүс тэр болгон морь уях боломж байхгүй байсан болов уу?
-Амаргүй л дээ.  1959 онд манай Дорнодод оюутан залуучуудын анхдугаар фестиваль гэж боллоо. Тэгэхэд Гурванзагал, Хэрлэн, Чойбалсан сумынхан нийлсэн бүсийн уралдаан зохион байгуулсан юм. Эндээс шалгарсан мандаттай морьдын эзэд аймгийнхаа төв дээр анхдугаар фестивальд оролцох эрхтэй болсон. Тэгэхэд би Хэрлэн сангийн аж ахуйн нэр дээр соёолон морь уралдуулж, түрүүлгэсэн. Энэ морь маань их түүхтэй морь доо. Нэг удаа би гэртээ хэвтэж байтал дарханхааны хар Чүлтэм гэх өндөр хар хүн манайд ороод ирдэг юм. Манай хадам эхтэй ярьж байнаа.  “Надад гайгүй угшилтай соёолон адуу байна. Хэдэн төгрөгнөөс өгөх санаатай” гэж ярихыг сонсоод сонирхол төрөөд босоод ирлээ. Үнийг нь сонирхтол 125 төгрөг гэж байна. Надад тэгэхэд яг 120 төгрөг байж таарсан л даа. Бүр илүү дутуугүй шүү. Гараад морийг нь хартал хөөрхөн улаан буурал адуу байна. Байгаа мөнгөө өгөөд авлаа даа. Дараа нь морь уядаг ногооны Дамдин гэж хүн дээр хөтлөөд очлоо. Үзүүлтэл уяачихаар адуу байна гэж байнаа. Ингэж л Дамдинаар заалгаж анх удаа морь уяж улаан буурал адуугаа бүсийн наадамд  түрүүлгэж байлаа. Дараа нь аймагт таваар дахиулж эндээс л морь уях хүсэл төрсөн хүн дээ. Тэр тусмаа анхны маань морь ийм амжилт гаргасан нь  залуу хүнд илүү их урам зориг нэмсэн юм. 
Улаан буурал адуугаар 76 он хүртэл Дорнодод “тоглосон” доо.  Азарга тавьж, улаан буурал гүү энд тэндээс авч ирээд л. Бүүр болоогүй буурал зүсмийн адуу цуглуулж эхэлсэн. Эндээс Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос адуу авчирч, хурдан чиглэлийн бэсрэг адуу бий болгож чадсан шүү. Ажил мэргэжил маань ч их нөлөөлсөн байх. Түүнээс хойш 52 жил морины сүүл боожээ. Аймаг сум, жижиг наадмуудаас 50 гаруй түрүү, зуу гаруй айрагтай болжээ.
-Хөвгүүд л болсон хойно морь мал унаж л өссөн байх даа?
-Би чинь айлын ганц хүү, их эрх өссөн.Ер нь эмнэг догшин мориноос хол хүүхэд байсан.
-2002 онд аймгийн алдарт уяач болсон билүү?
-Тийм ээ , 2002 онд болсон. Аймгийн чанартай наадамд таван түрүү, арван  хэдэн айраг авсан.
-Та түрүүн үржил селекцийн тухай ярилаа. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч. Орчин үеийн залууст маань хэрэгтэй байх.
-Сүхбаатар аймгаас хонгор шүдлэн үрээ авч азарга тавьж байлаа. Өөрийнхөө тэжээж байсан адуунаас гүү хураалгасан юм. Хэнтий аймгийн Галшараас  бас гүү авчирч хураалгасан. Гэхдээ азарга гүүний тохироо гэж үзсэн номынхоо дагуу “үзсэн” дээ. Эндээс гайгүй хэдэн сайхан адуу гаргаж авсан. Дорнодод Өвөрхангайн гайгүй адуутай хүн  байна гэж энэ хүү дуулаад 2003 онд над дээр ирсэн юм. Би намайг зориод ирсэнд баярлаж халзан даага бэлгэнд өгсөн. Энэ маань одоо алт мөнгө нийлсэн хорин хэдэн медалийн  эзэн болсон мундаг амьтан байгаа  юм даа. Адуу гэж амьтан биднийг анх танилцуулж хуурай ах дүү болцгоолоо доо.
-Энэ мэтчилэн таны адууны тухай яриа хөдөөгүүр таржээ. Ер нь та хаашаа хаашаа адуу зарав. Яаж давхиж байна? Чих тавина биз.
-Эрдэнэт, Архангай, Дорноговь, Өвөрхангайн сумын наадмуудад миний адуу айраг түрүүтэй л байдаг гэж  энэ  дүү маань ярихыг сонсоод баярлаж л суудаг. Улсын алдарт уяач Отгоннасан надаас олон адуу аваачсан. Энэ жил нэг хязаалан адуу авч, аймгийн 80 жилд түрүүлгэсэн. Уянгад наадмын урд бүсийн уралдаанд аман хүзүүлсэн гэнэ. Ер нь Өвөрхангай руу гэхэд 200 гаруй , бусад аймаг руу зуу гаран адуу гарсан байна.
-Та олон удаатай байж дээ?  Сайн ч цуглуулсан бололтой?
-Сайн цуглуулсан л даа. Гэхдээ дөрвөн зуугаас илүү гараагүй. Тэгээд ч сүүлийн үед өсөж өгөхгүй л юм. Бэлгэнд өгөхийг нь өгч, худалдахыг нь худалдаадл  таарч байна. Энд сонирхуулахад 2007 онд манай ач хүүгийн Манлай уяач Мөнхбатын уясан адуу хүүхэдгүй улсын наадамд түрүүлж, аман хүзүүлсэн.  /Мөнхбат тэр үед манлай байлаа./ Одоо бол гурван зуу гаруй адуутай л байна.
-Танай нутгаар адуу ямар үнэ ханштай байх юм?
-Янз бүр л байна. Дээд тал нь арван хэдэн сая, доод тал нь гурван сая гаруйтай л байгаа янзтай. Миний хувьд хэрэгтэй бол ав л гэдэг юм. Тогтсон ханш энэ тэр байхгүй ээ. Адууны буян хүнд очоод юм болж байвал надад ч сайхан байна шүү дээ. Миний адуу ч цус сайжирчихсан гэж би өөрөө боддог юм. Би чинь монгол адуугаа л үржүүлдэг. Монгол адуу тэсвэртэй, арчилгаа маллагаа бага шаарддаг, хурдлах чадвар сайтай гээд л магтах дуртай. Миний том хүү Монгол улсын хүлэгч гэсэн цолтой. Би өөрөө аймгийн алдарт бол ач хүү маань сумын алдарт уяач гээд гурв?н үеэрээ уяачид болоод байна. Миний цуглуулсан адуугаар л хүүхдүүд маань нааддаг юм.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Бодвол ач зээ нийлээд өнөр болоо биз дээ?
-Өнгөрсөн хавар манайх  “Тэнгэрлиг гэр бүл” болсон. Тэгэхэд тоолоход ач зээ нийлээд 66 болсон байна. Манайх 8 хүүхэдтэй. Одоо дөрвөн хүү, хоёр охинтой. Хүүхдүүд  ухаан орох цагаасаа л морь малтай ойр өссөн болохоор моринд их хайртай. Бүгд л уяна. Бага хүү сумын алдартын болзол хангачихаад л байгаа юм. Энэ жил хүлэгч хүүгийн морь аймгийн 80 жилд аман хүзүүлээд, Гурван загал суманд болсон “Баргажин 2” гэж бүсийн наадамд бас аман хүзүүлсэн. Монголд байгаа баргууд чинь дөрвөн жилд нэг удаа наадам хийдэг юм. Манай аймаг барга ястнаас бүрдсэн хэд хэдэн сумтай. Би нэг соёолон давхиулаад наймаар ирсэн. Сумынхаа 80 жилд өөрөө гардаж уясан соёолонгоо айрагдуулсан сонинтой суугаа маань энэ.
Мөнгө хатуу байхад 3000 төгрөгөөр жороо морь худалдан авч гангарч явлаа
-Мэдээж морь уядаг хүн аймаг орныхоо адууны холбогдолтой түүх хуучийг ч алдалгүй шимтэн сонсож явдаг биз дээ. Тэр бүхнээсээ манай уншигчдад дэлгэвэл сонин байх болов уу?
-Манай нутагт жорвон Тавхай гэж сайн уяач өвгөн байлаа. Би Цогбадрах найздаа нэг охин даага бэлэглэсэн юм. Тэрнээс гарсан нэг хурдан халиун адуу, миний буурал халзан, жорвон Тавхайн буурал адуу гурвуулаа дааган цагаасаа л уралдсан. Миний халзан түрүүлж, Цогбадрахын халиун аман хүзүүлээд, Тавхайн өвгөний адуу дандаа гуравладаг байхгүй юу. Соёолон болсон жилээ гурвуулаа дараагаар ирлээ дээ. Цогбадрах бид хоёр өвгөний мэндийг түрүүлж мэдэхээр яваад очлоо. Эрчүүд болсон хойно ганц нэг юм гаргаад суутал өвгөн халчихаад “миний адуу үнэхээр хурдан адуу. Та хоёрт л дарлуулаад байна. Хэрвээ та хоёр байхгүй бол би энэ бор адуугаараа Чойбалсан суманд тоглох байсан юм” гэж голонгуй үгсийг цухалзуулж байсан түүх бий.
Ер нь насаараа морь мал уяасан айхтар хөгшид олон байсан шүү. Салтаа хооронд нь гараа хийгээд л хоёр хонгоных нь дотор талын мах гаранд нийлэхгүй болсон бол одоо болж байна гэнэ. Одоо ч зооных нь мах түнтийсэн хас нь битүү л уралдаад байх юм. Тэр нь овьёосныхоо чадалд байдаг юм уу юундаа байдаг юм бол бүү мэд. Бидний үе авьяасаараа л морь уядаг байлаа. Одоо ч авьяас дээрээ овьёос нэмэгдчихэж. Одооны уяа, биднийхтэй таарахгүй л байх янзтай.
Адуу таньдаг хөгшчүүл их байлаа. Дамдий гэж ламыг их санаж байна. Түүнийг би лав морь унаж явахыг ерөөсөө хараагүй. Дээхэн үед сонгуулиар морь уралддаг байлаа шүү дээ. Нэг удаа морь уралдуулах гээд бөөнөөр явж байлаа. Санжаадорж гэж их сайн уяач байсан юм. Би түүнийг их дагаж явна. Тэгсэн өнөө өвгөн лам таараад”Санжаадорж оо зүсийг нь хоохойлсон саарал морь өнөөдөр түрүүлнэ” гэхэд нь үнэхээр би гайхаж билээ. Тэгсэн хумбаа Балсан гэж арслан  саарал халзан бор худаг дээр угааж байгаад хойноос мордоод явчихлаа. Өнөө лам, Санжаа бид гурав зэрэгцээд явж байтал арслан хажуугаар давхиад гарсан юм. Тэгсэн Дамдий “Санжаадорж оо би хэлсэн үгээ буцаалгүй бол болохгүй нь. Балсаны хөдөс өнөөдөр гүйцэгдэхээргүй болсон байна” гэв. Морьд ч давхилаа.  Нэг цагаан морь гялалзаад л гараад ирлээ. Яг ард нь цагаан нүүртэй бараан юм харагдаад л байна. Тэгсэн Балсаны хөдөс ойрхон ирээд цагаан морийг дайраад түрүүлчихэж байгаа юм. Хараад үнэхээр өнөө ламын хэлснийг бодоод гайхсан л даа. Нас залуу байсан болохоор хөгшчүүлээс олон юм асуухаас эмээгээд чимээгүй л өнгөрчихсөн. За тэгээд Дарханы Дамчаа, Равданы Сэнгэ, босоо Данзан гэж сайн сайн уяачид олон байлаа. Ямартаа л босоо Данзан “манай Чойбалсан сайн сайн уяачидтай атлаа гадны цагаачид дарлуулж байна” гэж намайг хэлсэн байхав. Онгирч байгаа юм биш шүү. Намайг мэдэх хүмүүс их бий цаана чинь. /инээв/ Морины буянд Онон, Мөнхбат, бандгай Ганхуяг, Сандуйжав, өвөрхангайн том уяачдыг барагийг нь  таньдаг болсон. Нэг удаа Сундуйжав уяачид хоёр хязаалан морь үзүүллээ. Тэгсэн  “Та жаахан цусыг нь сэлбэвэл хаа ч хурдлах адуутай хүн байна” гэж байлаа. Нээрээ л тэр жилийн хавар нь зарагдсан адуу маань улсад хүүхэдгүй түрүүлсэн дээ.
-Танай нутагт одоо ямар ямар угшлын адуунууд байна вэ?
- Даваагийн Гонгорын хүү Бүрнээбаярын эр төлийг уяхад хаана ч айрагддаг. Бас манай адууны  эр төл алийг нь ч уяасан айрагдана даа. Чойбалсан сумандаа эднийх манайх хоёр л байна. Гэхдээ манай Дорнод чинь адуу сайтай ш дээ.  Матад, Чойбалсангийнхан адуунууд аймгийн айраг түрүү алдахгүй шүү.
-Тавин хэдэн  жил морины сүүл боолоо гэлээ. Тавин хэдэн жилийн наадам гэвэл их олон бизээ. Хамгийн их сэтгэлд дотно наадмыг дурсаач?
-Хэрлэнгийн хөдөө аралд болсон 750 жилийн ойгоор би аймгийнхаа уяачидтай нийлээд морио унаад, адуугаа тууж очоод оролцсон. Гурван насны морь уралдуулж зуугийн дотор давхиулаад буцаж байлаа. Их нас будилаад гурван ч удаа уралдсан. Эхнийхэд нь миний цагаан морь 11-ээр ирээд тооцоогүй. Дараа нь дахин уралдуулах болоход морио хайрлаад гаргаагүй.  Гэтэл хоёр дахь удаад дутуу эргээд гурав дахьд нь зуу гаран морь уралдаад түрүү морио тодруулж байлаа. Үнэхээр их олон морь, уяачид цугласан өргөн дэлгэр наадам байв.Олон ч хүмүүстэй танилцсан. Улсын алдарт Содномпилтэй танилцаж гурван өдөр хамт явсан. Нэвтэрхий толь шиг ярина даа. Үгүй мөн сайхан ярина  гээч. Гэхдээ үнэн худлыг нь тэр дор нь шалгах боломжгүй юм даа. Ер нь морьтой бай, үгүй ч бай наадам хэсээд л явдаг хүн л дээ, би. Нэг удаа есөн зүйлийн наадамд Түндэвийн хонгор морийг  их сайн хурдлуулаад, Их хурдад түрүүлгэдэг сахал Нямдоржтой танилцсан юм. Манай Дорнодоос гаралтай жинс хонгор азаргандаа Их хурдад хол түрүүлээд дараа нь Төв аймгийн Лүнгийн улсын алдартын азарга аман хүзүүлдэг юм. Нямдорж буурал духт хүрэн азаргыг харчихаад “энэ хүрэн азарганд  уралдаан үлдчихэж. Арван хоногийн дараа Баянцагаан сумын 70 жил болно. Энэ хоёр уралдана даа. Хонгор азарга тэгэхэд дийлдэнэ дээ” гэхэд нь яагаад тэр вэ гэвэл шээсийг харахгүй юу гэлээ. Дууссан адуу цагаан шээдэг, энэ шар шээж байна. Дахиад уралдаан байна. Жинст хонгорыг дийлэх юм байна гэж билээ. Дараа нь нутагтаа очоод радио чагнаж суухнээ Төв аймгийн Баянцагааны 70 жилд буурал духт аман хүзүүдэж, жинст хонгор таваар давхиж байсан юм. Үнэхээр л уяач хүн гэдэг чинь тийм гярхай байдаг юм билээ.
-Олон жилийн амжилтыг бичилцсэн хурдан хүлгүүдээсээ аль нэгийг онцлон сонирхуулаач?
-Би сайхан улаан буурал морьтой байлаа. Сумандаа долоо түрүүлж, 11 айрагдсан буянтай амьтан даа. Анхны улаан буурал үрээний маань угшлын адуу байгаа юм. Тэрийгээ л онцлох байна. Би ч өөрийнхөө адуугаар л нааддаг шүү дээ.
-Тэгвэл таны авсан адуунаас хамгийн үнэтэй нь хэд хүрч байв?
-Би нэг их үнэтэй адуу авдаггүй. Залуу байхад онгироо байлаа. Наадмын талбайгаас морь барианы  газар хүртэл туг бариад гарахад жороо морь унана. Мөнгө хатуу байхад 3000 төгрөгөөр Дорнодоосоо жороо халиун морь авч, зургаан жил туг гаргасан. Тэр л хамгийн үнэтэй нь болж таарч байх шиг байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Ахмадын хувьд залуустаа дуулгахад морио гамнаж уяа. Нэг морийг хөлийг нь авахгүйгээр олон жил уралдсан хүнийг уяач гэдэг юм гэж захимаар байна. Ингээд Монголынхоо нийт уяачдад уясан бүхэн нь хурдлаж, унасан хүүхдүүд нь түрүүлж байхын ерөөлийг дэвшүүлье.
-Баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 122.201.21.166

    хайрт өвөөгийн минь буян хишиг, адууны босоо цагаан хийморь үр хүүхэд биднийг үргэлж ивээж явах болтугай.

    Reply