Ах-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд айрагдаж түрүүлсэн их насны морьд

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

А.Төгсбатын битүү бор 
Хурдан хүлэгтэй холбогдсон 20 жилийн  хөдөлмөрөө үнэлүүлж туулай жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн бол А.Батсүх түүхт ойн төрийн наадамдаа одтой сайхан наадаж, нэг түрүү хоёр айраг хүртлээ. Богд хан уулыг нөмөрлөн нутагладаг байсан Агваансамдангийн хөвгүүд өөрсдийн унаган адуугаар нааддаг гэх бахархалт тодотголын эзэд. 
Түүхт ойн төрийн их баяр наадамд  аман хүзүүнд хурдалсан улаан бор Тангаагийн унаган адуу. Энэ жил найман настай бор морь өмнө нь төрийн наадамд бүү хэл, овоо тахилгын наадамд ч эхний аравт давхиж байгаагүй битүү адуу. Гэсэн хэдий ч Тангаа уяач дээд удмыг нь мэдэхийн хувьд хожуу хурдлах адуу хэмээн соёолон наснаас нь эхлэн уяж ойр тойрмын жижиг наадмуудад тоосыг нь өргүүлэх болжээ. Уяа нь овоо эвлэх янзтай болж ирээд л эвгүйтчихээд байсан хэдий ч шантралгүй ноцолдсоор түүхт ойн жил ийнхүү төрийн наадамд алтан цулбуур өргүүлэв.
Бор морь наадмын өмнөх сунгаануудад 7-8-аар давхиж байсан болохоор Манлайн дотор гайгүй шиг эргэчихвэл эхний аравт л магадгүй дээ гэх бодол эргэлдэж байсан аж. Гэтэл дахан дор эр, даахин дор эр гэгч болж бор морь  салхи исгэртэл хурдалсаар газар газрын хурд ирлэгдсэн 555 хүлгээс аман хүзүүнд хурдалж ах нарыгаа даган адуунд хорхойсох болсон А.Төгсбат уяачийн нэрийг Монгол даяар дуурсгалаа.

Эзнээ Алдарт болгосон эрэмгий хээр 
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадамд өврийн хангайн уяачид одтой сайхан наадсан. Тэдний н?г нь их насны морьдын уралдаанд айргийн дөрөвт хурдалсан аймгийн Алдарт  уяач Ч.Бямбасүрэнгийн хээр юм.
Түүхт ойн наадамд цулбуур өргүүлэн айрагдсан хээр морь Дорнод аймгийн Матад сумын уугуул Баатарын унаган адуу. Овооны наадамд нэг түрүүлсэн хавчиг үрээг одоогийн эзэн нь  авсан гэдэг. Хээр морь ирсэн даруйдаа авсан эзнийхээ урмыг сэргээж гурван ч жижиг наадамд түрүүлжээ. Тиймээс ч хурдны өлгийгөөс ирсэн хээр үрээгээ том довон дээр уралдуулахаар өнгөрсөн намар Өлзийт хороонд авчирсан гэдэг.
Хээр морины эзэн аймгийн Алдарт уяач Ч. Бямбасүрэн 2006 онд Архангай аймгийн Тоглохын талд болсон Тамирын хурд бүсийн наадамд зээрд соёолонгоо айргийн тавд хурдлуулж, 2008 онд Ховд аймагт болсон “Алтайн унага” баруун бүсийн уралдаанд зээрд азаргаа аман хүзүүнд, буурал морио  айргийн гуравт,  хүрэн даагаа айргийн дөрөвт, хул даагаа айргийн тавд хурдлуулж байсан хийморьтой аавын хүү. Түүний амжилтын цуваа  2009 онд Завхан аймагт зохиогдсон  “Очирваанийн хурд” баруун бүсийн уралдааны их морины айргийн тав, /буурал мориороо/ 2010 онд Говь-Алтай аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүүгээр /буурал морь/ үргэлжилдэг. Ийнхүү хурдан хүлгийнхээ хийморь дор урамтай сайхан наадаж буй тэрээр түүхт ойн жил МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж буйг дуулгахад таатай байна.

Амжилтаа бататгасан-Аварга бор
Хурдан хүлгийнхээ босоо цагаан хийморьт сүсэглэн явдаг моринд хайртай зон олны хайртай хүлэг Тод манлайн бор төрийнхөө их баяр наадамд  хоёр дахь удаагаа цулбуур өргүүлэн айрагдлаа. АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдаж байсан хүлгэдээс амжилтаа бататгасан гуравхан хүлгийн нэг /тэр дундаа их морь/ Бандгаагийн Бор энэ жил аравтай адуу.
Бор морины угшил гарвалыг хөөвөл эцэг нь хурдны өлгий Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу харин эх нь мөн аймгийн Түмэнцогт сумын унага гэдэг. Сумынхаа наадамд 4-5 удаа түрүүлж, Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан бор морь Тод манлайн нүдэнд тусч, 2009 оны намар өөрийн болгосон гэдэг.  Эрлийз арабуудтай эн тэнцүү уралдаж энэ цагийн ховорхон хурдан хүлгэдийн нэгээр нэрлэгдсэн бор морь түүхт ойн түрүү хүлгэдийн нэгээр хэлэлцэгдэж, адгуу нэгэн нь мөрий тавихад ч бэлэн байлаа. Газар газрын 555 хурдан их насны морьд гарааны зурхай руу хөдөлж, буун дуугаар нэгэн зэрэг эргэлээ.  Эхний 100 морь Цанын бааз руу орж ирэхэд итгэл хүлээсэн хүлэг нь байдаггүй. Эзний сэтгэл бачимдавч, Цагаан хөтөл хүртэл харзнахаар шийдэв. Цагаан хөтлийн дээгүүр тоос хуйлран морьдын түрүүч гарч ирлээ. Эхний арав, эхний хорьт Бор морь байсангүй. “За ингээд л өнгөрдөг юм байж, уг нь их хурдан байсан юмсан. Хүүхэд нь ч  их хашир даа” хэмээн бодохын зуур дараагийн арван хүлэг гараад ирчихсэн газар эвхэн дүүлж явах нь тэр. Тэдний дунд Бор морь нь хазаар даран дүүлж явлаа. “Эхний 30 дотор ч ороод иржээ, харин амждаг боловуу “ гэсэн бачим бодол тээн барианы зурхай руу хурдаллаа. Ийнхүү 500 гаруй хүлгийн сүүл мушгиж гарсан Бор морь салхи хөлөглөн дүүлсээр үзэгчдийн үзүүр дээр айргийн тавд багтан, түүхт ойн төрийн наадамд айрагдаж чадлаа.  “Гараа сайн байсан бол ч бор маань түрүүлэх байжээ” гэх бэлгийн сэтгэлээр дотор засан Бандгаа уяач  бор морио хөлслөхөөр уяа руу яаравчиллаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна