ЗАРААГИЙН ГАШУУНЫ УНАГАН ХҮҮ ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭН ЭЗЭН

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

БОР АДУУТ Нэргүйн Доноодой 
Монгол морины хөгжилд хувь нэмрээ оруулж буй уяач Донойдоон Галбадрах агсныг “Удам” булангаараа нэхэн  дурсаж байна. Морь сонирхогч, уяачид дундаа Гал хэмээн нэрлэгддэг тэрээр үе дамжсан уяач байжээ. Түүний эцэг Донойдоо морь сайн уядаг, хурдтай, олон түмэндээ нэр хүндтэй нэгэн байсан тухай нутаг орны хөгшчүүл нь дурсан ярьдаг. Донойдоо 1933 онд Ардын хувьсгалын 12  жилийн ойн баяр наадамд хээр шүдлэн түрүүлгэж, бор шүдлэн гуравт хурдлуулж байсныг хурдан морины цуваанаас харж болно. Донойдоо гуайн дээд удам Жамсран хиа, Дамдин хиа нар нь бор голдуу олон адуутай. Дамдин хиа хошуу наадамд хол тасархай түрүүлж ирсэн бор үрээгээ айлчилж ирсэн хамаатны залуудаа бэлэглэсэн гэдэг бөгөөд бор үрээг хөтлөөд явахад гүүн зэлэн дээр байсан адуу нь дагаж хошуураад үүрсэж байсан гэх яриа бий. Бор үрээ шинэ эзэндээ очоод дараа жилийн наадамд нь тасархай түрүүлж байгаад хадуурч морь бариачдын араар явчихсан бол түүнээс хойш нэг түрүүлж, нэг айрагдаж байсан гэдэг. Эртний түүх сөхөн цуваа харж байхад Долоон хошуу даншиг наадамд Боржигон Цэцэн бэйсүүдийн нэр дээр 1886-1901 оны хооронд 12 адуу түрүүлж, айрагдсаны найм нь бор зүсмийн адуу байжээ. Энэ нь Дамдин хиагийн бор үрээний төл юм. Олноо “Засаг төрийн Зандан ширээ” хэмээн алдаршсан хүрэн морь ч гэсэн угшил гарвалын хувьд бор үрээтэй нэг цустай.
ДОНОЙДООН ГАЛ

Ийнхүү эцэг өвгөдийн хурдан удмыг өвлөж авсан Гал 1911 онд Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуунд “Зараагийн гашуун” гэдэг газар айлын ууган хүү болон төржээ. Эцэг эх нь голомт залгах хүүгээ хар хүн болгохоор шийдэн багаас нь хурдан морь унуулж, адуу малтай ноцолдуулах болсон аж. Тиймээс 1930-аад оны дундуур цэргийн алба хааж 1940-оноос сум орон нутагтаа алба хашилцах зуураа ааваасаа морь уях ухааныг уламжлан сурч авчээ. Насаараа морины хөхөл сүүл боож адуу манаж явсан Гал улс болон аймаг сумдын наадмаас 100 шахам айраг түрүү хүртсэнийг цуваанаас харж болно. Үүний дотор 1956 онд АХ-ын 35 жилийн ойн баяр наадамд хүрэн морь нь түрүүлж, соёолон хээр азарга нь аман хүзүүдсэн байдаг бол, 1957 онд АХ-ын 36 жилийн ойн баяр наадамд хавчиг хээр азарга нь түрүүлж, хүрэн морь нь аман хүзүүдэж, 1958 онд АХ-ын 37 жилийн ойн баяр наадамд хүрэн морь нь түрүүлжээ. Дараа жил нь буюу 1959 онд хүрэн морь дахин түрүүлж, 1960 онд хээр азарга нь гуравт, бор азарга нь зургаад, бор хязаалан нь тавд тус тус давхижээ. Харин 1963 онд цагаан саарал шүдлэн нь түрүүлж дөрвөн жилийн дараа хавчиг азарга гуравт хурдалж байжээ. Ийнхүү арван жилийн дотор өөрийн унаган адуугаараа Улсын баяр наадмаас таван түрүү, зургаан айраг хүртэн наадамчин олноо баясгаж байжээ. Өөрөө унаган хурдтай болоод ч тэр үү Гал уяач гаднаас азарга авдаггүй, цус сэлбэх зорилгоор зөвхөн гүү л  авдаг байсан гэдэг. Д.Гал ахмадуудын хэлдгээр мэдрэмж сайтай торгон уяач байсан юм. Учир нь Тод манлай уяач Даваахүүгийн аав Данзанням хурдан хээр морио Гал гуай шиг тарган уяна гээд буруудаж байсан нь дээрхийг баталдаг. Д.Гал сайн байгаа морьдоо их, дунд сунгаанд олон нийлүүлдэггүй дангаар нь сунгадаг зуршилтай байжээ. Аавынхаа энэхүү уяаны онцлогийн талаар Г.Баттөмөр ярихдаа: “1956 оны Улсын баяр наадмын өмнөхөн Баян сумын хашаатад дунд сунгаа боллоо. Тэр жил Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн олон уяачид, Хэнтий Галширын халх даяар магтагдсан монхор Халтарын Одон улаан, Д.Цэгмидийн Бөгөн хул зэрэг цуутай хүлгүүд ч ирсэн байлаа. Дунд сунгаанд 100 их хол гарсан морьд уралдаж, хүрэн морь маань хол түрүүлсэн. Хээр соёолон ч айрагдсан. Тэр оройгоо хөдлөөд Бөөн цагаан давааны энгэрт явж байтал сул дагаж явсан хүрэн морь  хэдэн бага адуу дагуулаад буцаад зугтаачихав. Бид морьтой хөөгөөд гүйцээгүй. 10 гаруй км хөөж байтал сунгаа хийсэн уяаны байран дээрээ ирээд зогсож баригдсан. Хүрэн морины хөлс нь бөнжигнөтөл дусалчихсан байж билээ. Аав биднийг буцаагаад өөрөө морьдоо хөтлөөд очно гээд үлдсэн. Тэр үед хоёр өнжөөд л сунгаа хийдэг байсан юм. Маргаашийн сунгаанд хүрэн морио сунгахгүй гэх аавын үгийг сонссон ээжийн аав Норовжав өвөө “чи тийм тарган морийг сунгахгүй гэдэг чинь буруу, сунга” гэлээ. Гэхдээ аав үгэнд нь ороогүй. Тэр жилийн наадам их өргөн болж их насанд 800 гаруй морь мордож, хүрэн морь түрүүлсэн. Хээр соёолон аман хүзүүдсэн. Дараа жил нь 36 жилийн ойд хээр азарга хавчигтаа түрүүлж, хүрэн морь аман хүзүүдсэн. 37 жилийн ойн баяр наадамд Шийтэр гуайн “Түмэн эх 800 гаруй морь мордож, хүрэн морь түрүүлсэн. Хээр соёолон аман хүзүүдсэн. Дараа жил нь 36 жилийн ойд хээр азарга хавчигтаа түрүүлж, хүрэн морь аман хүзүүдсэн. 37 жилийн ойн баяр наадамд Шийтэр гуайн “Түмэн эх” зээрд азарга морь барианы өмнөх судаг руу /200/ түрүүлээд орж ирсэн. Араас нь манай хээр азарга маш ширүүн хөлтэй хөөж ирээд зөв талаар нь орон түрүүлсэн юм. Ханилаад ирсэн хоёр азаргаа бид хамт хөлсийг нь хусаж байтал Шийтэр гуай ирээд “Гал чи надаас илүү уяач юм даа хө гэж  байж билээ. Энэ нь уг нь ч миний азарга илүү шүү дээ гэсэн утга илэрхийлсэн байх” хэмээсэн удаатай.

Галын БАТТӨМӨР

Гал уяачийн уяаны эрдэм ухааныг түүний ууган хүү Г.Баттөмөр өвлөн авсан юм. Их сургууль төгссөн 1967 он буюу АХ-ын 46 жилийн  ойн баяр наадмаар саарал азаргаараа төрийн наадмын анхны айраг хүртсэн Г.Баттөмөр уяач ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг. 2001  оны улсын баяр наадамд хүрэн хязаалангаа айрагдуулж, Монгол улсын түүхэнд гурван үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан ид хаваар бахархаж байсан Г.Баттөмөр уяач улс бүсийн наадмын олон айраг түрүүгээрээ 2004 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртсэн.
Тэрээр аавынхаа талаар ийнхүү дурсамж хуваалцсан юм. “1976 оны наадмаар юм байна. Хөдөө байсан дунд охин маань халуураад гэсэн хэл аваад 7 сарын 11-ны өглөө эхнэр, бид хоёр такси хөлслөөд яаран сандран очлоо. Охины бие ч гайгүй болчихсон, азарга мордоод явчихсан байсан. Азарга ирж байна гэхээр нь хартал морь барианаас дөрвөн км орчим хавцлын хошуугаар хоёр адуу бусдаас нэлээд хол тасарчихсан давхиж явсан. Такситайгаа давхиж очоод хартал шарга, бор хоёр азарга айргийн тавд ч алга байв. Манай хүргэн Чимэд-Очирын том охин нь унаж уралдсан юм. Ээж, хүргэн хоёр сандраад хүүхэд нь ойчсон байх, тосож харъя гэв. Тэгээд  тосоод явсан чинь байдаггүй. Харин морь тавьсан хүүтэйгээ уулзсан чинь бор азарга ганцаараа хол түрүүлсэн гээд уяа тойруулан хөтлөөд явж байв. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Чадраабалын шарга азарга орсон байсан  юм. Чадраабал гуай азарганыхаа хөлсийг хусаж байхдаа “За яахав түрүүллээ дээ” гээд баяртай байсан гэдэг. Харин хажуугаас нь хүмүүс Гал гуайн саарал азарга түрүүлж ирээд  асар тойрчихоод уяа руугаа явчихсан шүү гэж хэлсэн гэдэг. Хүмүүс 3-4 км зайтай түрүүлсэн байх гэж ярьдаг. Энэ хурдан буяны угшил бидэнд үлдсэн. 1977 оноос аавын бие муудаад морь уяж чадалгүй хоёр жил болоод 1979 онд бурхан болсон. Ер нь аав маань эртэй, чадалтай, ухаантай хүн байсан. Морь сайн уургална. 1940,50-иад онд агт их авдаг байлаа. Тэр үед адууны хашаа гэж байхгүй. Сумын бүх адууг уургаар барьж тариа хийдэг. Багаараа адуугаа хураагаад л уургалдаг байсан. Балдангийн Бадарч, манай аав хоёрыг морьтой, явган адилхан уургалдаг, багийн адууны 30-40 хувийг тэр хоёр уургалдаг байсан гэж  настайчууд ярьдаг. Шагай сайн харвана. Сүүлчийн өргийн хоёр хасаанд дөрөв онож байсан гэдэг. Элэглээд мөлийчихсөн дугуй сум, хашлага нь одоо ч манайд бий. Бас болоогүй сайхан барилдана. Аав маань олон сайхан хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явсан. Маршал Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил байсан шомбонз Бат-Очир гуай, Улс төрийн товчооны гишүүн С.Лувсан гуай, Улсын баатар жанжин Лхагвасүрэн гуай нар намайг бага байхад манайхаар очдог байсан. Морь ярьж хононо. Нэг жил Бат-Очир гуайтай Улсын наадамд хамт явсан юм. Төв аймгаас урагш буучихаад морио давхиулах гэж байхад  “Маршал” ирнэ гээд майхныхаа хивсийг  гөвөөд л орчноо цэвэрлээд сүйд болж байсныг санадаг. Тэгтэл хүрэн, хар хоёр шилэн форд  машин ирээд маршал Чойбалсан гуай мөрөн дээрээ цацагтай их гоё хувцастай буугаад л Бат-Очир гуайн майхны хойморт нь завилж суучихаад хүмүүсийн хусуурыг үзээд, уяан дээгүүр очиж морьд үзэж байсныг муухан санадаг. Удмыг нь залгасан үр хүүхдүүд бид нар нь эрдэм, чадал, буянаа харамгүй хайрласан аав, ээжийнхээ гэгээн хөргийг нь тахин шүтэж залбирч л явдаг” хэмээн дурссан юм.

ГАЛЫН ХЭНЧБИШ ТҮҮНИЙ ХҮҮ М.МӨНХБАЯСГАЛАН

2008 оны  улсын баяр наадам, АХ-ын 87 жилийн ойгоор Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилт бичигдсэн нь төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан удам дамжсан уяачдын бахдам түүх байсан юм. Тэрхүү бахархлын эзэн нь Бор адуут Доноодой түүний дөрөв дэх үеийн зээ хүү Мэндбаярын Мөнхбаясгалан байлаа.
М.Мөнхбаясгалангийн ээж  Г. Хэнчбиш бол Д.Гал уяачийн ууган охин бөгөөд алдарт хүрэн морийг  унаж, 1956  онд АХ-ын 35 ойн баяр наадмаар түрүүлгэж байсан гавьяатай нэгэн.
2000 онд нагац ах Г.Баттөмөрийнх нь “Донойдоо өвгөний удам судрын нэр сүрийг гаргах гэж би л ганцаараа зүтгэх” юм гэсэн зэмлэнгүй үг М.Мөнхбаясгаланг эргэлт буцалтгүй моринд оруулсан гэдэг.   
1956 оны улсын баяр наадамд  соёолондоо аман хүзүүлж, 1957 онд алдарт Шийтэрийн зээрд азаргыг дийлж  түрүүлж, 1960 онд гуравт хурдалсан хурдан халтар азарганы эзэн  Донойдоогийн Гэлэгсамдан өвөөгийнхөө  бурхан тахилыг залж, улсын баяр наадмаар гэрийг нь барьж нааддаг заншилтай М.Мөнхбаясгалан
2001  онд Баян-Эрхтий уулынхаа тахилга наадамд зээрд морио түрүүлгэж, хул морио гуравт хурдлуулж анх айраг амссан гэдэг. Үүнээс хойш  улс бүс, сум аймгийн нийлсэн 16 айраг түрүүтэй болоод байна.
Эцэг өвгөдийн өв соёлоо хойч үедээ нандигнан үлдээж, монгол морины хөгжилд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан Г. Донойдоо түүний хүү Манлай уяач Донойдоон Гал, ач хүү МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөр, зээ Аймгийн Алдарт  уяач М.Мөнхбаясгалангийн тухай цухас дурдахад ийм байна.
"Тод магнай" сэтгүүл №1

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.