Төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан аягач хэмээх Гомбосүрэнгийнхэн

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 29 -нд

Манжийн эрхшээлд  200 гаруй жилийг өнгөрүүлсэн Монгол улс
1911 онд тусгаар тогтнолоо эргүүлэн олж, Богд эзнээ хаан ширээнд залсан билээ. Энэ үеэс Богд эзний сүр хүчийг харуулж, алдар хүндийг нь олон улсад өргөхийн тулд цөөнгүй арга хэмжээг авч байсны нэг нь өмч хөрөнгийг нэмэгдүүлж шууд харьяаных нь хүн ам буюу шавь нарынх нь тоог олшруулах явдал байлаа.
Энэ ажлын хүрээнд Их шавийг нилээд хэмжээгээр өргөтгөсөн бөгөөд 1913 онд одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэр хүн амтайгаа Богдын шавийн харьяанд оржээ. Тэнд мал хөрөнгө сайтай чинээлэг айлууд нилээн байсан бөгөөд тэдний нэг нь “Аягач гэлэн” хэмээх Гомбосүрэн гуайнх байжээ.
Тэрээр жирийн нэгэн баян хүн байсангүй, Ар халхын нэртэй сайн уяач байв. Мал ихтэй, адуу сайтай айл байсан бөгөөд их, бага хоёр хар морь, Гунзгай зээрд, Цэен бээсийн хээр зэрэг нэрт хурдан хүлгүүдтэй. Тэдний нэг Гунзгай зээрд Ардын хувьсгалын анхны наадамд түрүүлсэн хэмээн зарим судлаачид үздэг. Үүнийг нь нэгэн зураг улам бүр баталгаажуулдаг юм.
Аягач гэлэн Гомбосүрэнгийн морьд Богдын даншиг, Боржигон Сэцэн вангийн хошуу наадам, Цагаан-Уулын наадам, Үнээ уулын тахилгын наадам зэрэгт сайн давхиж байсан хэмээн нутгийн хөгшчүүд ярьдаг. Түүнчлэн 1925 оны улсын наадмын соёолонгийн уралдаанд бага хар морь нь түрүүлсэн бол 1926 оны наадмаар зээрд соёолон нь айрагдаж, зээрд даага нь айрагдсаныг цуваанаас харж болно.
Аягач гэлэн гуай өөрөө сайн уяач байгаад зогсохгүй, Дэлгэрийн Ганжуур, Тасгын Зэвэг нарын нэртэй сайн уяачдыг дагалдуулан сургасан багш хүн байжээ. Тэрээр хэдийгээр чинээлэг нэгэн байсан ч ардын засгийг эсэргүүцдэггүйгээр үл барам, түүний бодлогыг дэмжиж, орон нутгийн засаг захиргааны байгууллагыг үүсэн бэхжих үед хандив тусламж өгч явсан нь баримтаар нотлогддог. Гэвч 30-аад оны сүүл үеийн хэлмэгдэлтийн хар шуурганд харамсалтайгаар өртсөн байдаг.

ДЭЛГЭРИЙН ГАНЖУУР

Аягач гэлэн Гомбосүрэнгийн охин Ямпил хуучин Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нэгэн хэсэг одоогийн Архангай аймгийн Хашаат сумын уугуул Дэлгэрийн Ганжуур гэгчтэй ханилсан бөгөөд бага залуудаа нутгаасаа гарч Хүрээнд амьдарч байхдаа тэдний хүргэн болсон гэдэг. Д.Ганжуурынх Төв аймгийн Авдарбаян суманд суурьшиж байсан бөгөөд Авдарбаян, Баянцагааны адуу ид хурдалж  байх үед амьдарч байсан азтай нэгэн хэмээх нь бий. Тэрбээр хадмынхаа их уяач эрдмийг өвлөн авч сайн уяач шинжээч хатгуурч болж чадсан юм. Үндэсний их баяр наадмын цуваанаас үзвэл
1938 онд шүдлэн, 1948 онд соёолон, 1953 онд даага, 1955 онд их нас, 1963 онд хязаалан нь улсын наадамд орж нийтдээ 3 түрүү, 2 айраг хүртэж байжээ.
1963 онд хээр хязааланг нь унаж түрүүлж байсан Базарын Даваа өдгөө моринд дуртай нэгэн болсон бөгөөд улс, аймгийн наадмуудад тод магнай, торгон жолоогоо өргүүлж явна. 1930-1940 өөд оны үед аймаг сумын наадам өргөн дэлгэр болдог байсан. Ганжуур гуай Төв аймгийн Авдарбаян, Баян, Баянбараат, Баянцагаан, Дундговийн Дэрэн, Цагаандэлгэр, Говь угтаал зэрэг сумдын наадмын түрүүг олон удаа хүртэж байсан гэдэг.
Д. Ганжуур асан уяачийн эрдэм ухаанаа олон залууст сургаж сайн сайн уяачдыг бэлтгэсэн багш хүн юм. Баянцагааны Дугарсүрэн, Базар мөн өөрийн хүү Сундуй нар нь энэ их уяачийн гарын шавь нар юм. Тэр үед уяачид Ганжуур гуайгаас  мориныхоо уяа сойлгыг байнга асуудаг, морьдоо үзүүлж шинжүүлэхийн зэрэгцээ морьдоо хөлслөхөд нь морьдоо нэмнээд хөлсөлж, тарлахад нь тарладаг байсан  гэдэг.
Ганжуурын Сундуй
Ганжуур гуайн ганц хүү Сундуй багаасаа ном эрдмийн мөр хөөн Санхүү эдийн засгийн техникумыг дүүргэж, Засгийн газрын үйлчилгээний алба, Төв аймгийн Прокурорын газар, Цагдан сэргийлэх анги, Нэгдсэн эмнэлэг зэрэг олон газруудад ажиллаж байсан ч моринд хорхойтой багын зангаа гээж чадаагүй нэгэн юм. Өөрөөр хэлбэл төрийн албыг ч цалгардуулалгүй, өөрийн хобби, өвгөдийн захиасыг таслаагүй чадварлаг нэгэн.
Аавынхаа уясан морийг унан Үнээ уулын тахилгын наадамд анх түрүүлж байсан нь түүний хувьд хамгийн дурсгалтай бас жаргалтай агшин. Шаардлага өндөртэй цаг үед аавын галыг таслалгүй морь уяхад тухайн үеийн Төв аймгийн НАХ Хэлтсийн дарга Балжинням гуай ихэд тусалж дэмждэг байсан хэмээн тэрээр  хожим нь дурссан нь бий. Мөн тухайн үедээ дээд удирдлага нь байсан Бүдрагчаа генерал, Авхиа генерал нар уяаны үеэр ирдэг уулзаж, адуу малыг нь хараад явдаг байсан гэдэг. Тиймээс ч шарга морийг нь түрүүлэхэд хүмүүс Цагдан сэргийлэхийн шарга түрүүллээ хэмээн ярьж байсан биз. 
1960-аад оны дунд гэхэд   хурдан морины наймаа хориотой шахуу байсан цагт Г.Сундуй их насны морь олохоор Хэнтий аймаг руу явж, Дархан сумаас Лувсандугарын шарга морийг 4000 шахам төгрөгөөр авч байсан гэдэг. Энэ тухайгаа “Би хүний ганц хүү юм. Аавыгаа баярлуулъя гэж л бодсон юм” хэмээн ярьж байсан гэдэг. Нээрэн ч шарга морь аав хүү хоёрыг баярлуулж, улсын их баяр наадамд:
1969 онд түрүүлж
1970 онд мөн түрүүлж
1973 онд аман хүзүүдэж
1974 онд 5-т давхиж айрагдсан билээ.
Орон нутагтаа, сумын наадамд ганц түрүүлээд байсан битүү шахам байсан морийг шинжин таниад, уяж хурдлуулж, ийм амжилтанд хүрнэ гэдэг үнэхээр удам дамжсан уяачийн л бүтээж чадах үйл хэрэг бизээ.
1978 онд Ч.Хурц сайд Сүхбаатар аймгаас гаралтай хурдан шарга азаргаа Г.Сундуй гуайн адуунд ижилсүүлж, улмаар хоёр ч шарга адуутай болоод байжээ. Хурцын шарга азарганы төл, бага шарга азарга нь 1982 онд улсын наадамд даагандаа аман хүзүүнд давхиж, сүүлд насанд нийлсэн хойноо олон удаа арвын дотор давхиж байсан.
Хурц сайдыг шарга азарга авчрах үеэр Г.Сундуйн гардан уясан зээрд үрээ шүдлэн, хязааландаа улсад 3,4 -т давхиад байсан гэдэг. Тухайн цаг үедээ хурдаараа гайхагдаж явсан зээрд үрээ эх талаасаа Баянцогтын Цэнддоржийн хүрэн азарга, эцэг талаасаа манай том хүрэн азарганы угшилтай байсан ба энэ үрээг сүүлд Бугын сангийн аж ахуйн Гунгаабазар гэдэг хүн авсан гэдэг. Өөрөөр хэлбэл Г.Сундуй сайн уяачидтай танил байхын зэрэгцээ тэдэнтэй байнга адууны солилцоо хийж адууныхаа чанарыг сайжруулдаг байжээ.
1991 онд улсын 80 жилийн ойгоор үед хамар цагаан хүрэн шүдлэн улсын наадамд аман хүзүүнд давхиж байлаа. Энэ шүдлэн даагандаа Монголын Нууц товчооны 750 жилийн ойн наадамд зургаад давхиж байсан эх талаасаа Даваанэрэн угшилтай Г.Сундуйн унаган адуу, эцэг талаасаа Ч. Хурцын шарга азарганы төл бага шарга азарганы угшилтай адуу байсан юм. Хамар цагаан хүрэн 1994 онд есөд, 1995 онд долоод давхиж байжээ.
Хэнтийн  Сүрэнхор, Булганы Сэмжид, Баянцогтын Цэнддорж гээд олон сайн азаргатай уяачидтай уяа нийлэн морьдоо уядаг байсан Г.Сундуй уяачийн Дөрвөн цагаан, Таван цагаан хэмээх их насны морьд нь 1989 онд улсын наадамд 3-4-өөр дараалан ирж б?хдам амжилтыг үзүүлж байжээ. Түүнчлэн Сэргэлэн сумын Жамцын зээрд, сүүлд Баянцагаан Жамбалдоржид очсон зэрэг улсын наадмын айргийн 5-д багтдаг байсан их насны морьд мөн л Г.Сундуйн унаган хүлгэд гэхээр адууны чанар чансаа танигдах биз.
МУ-ын анхны Манлай уяачдын нэг Г.Сундуй бурхан болохынхоо өмнө гэрээслэл үлдээн ”Шандас” группын Ерөнхийлөгч, МУ-ын Манлай уяач Товуугийн Энхбатад адуугаа өгөхийг хүссэн байсныг үр хүүхэд, хань ижил нь ёсоор болгожээ.
Ийнхүү Монголын морины түүхэнд тод үсгээр бичигдэх гавьяа байгуулж мөнхрөн үлдсэн Аягач гэлэн Д.Гомбосүрэнгийн үр удмыг “Тод магнай”-н “Удам” хүргэлээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна