ГУУЛИН ЗЭЭРД

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

ГУУЛИН ЗЭЭРД НЭРИЙН ТУХАЙД

Ижил сүргийнхээ зээрд адуунуудаас арай л өөр зүйрлэвэл гууль шиг шаргал өнгөтэй байсан учир Алтангэрэл манлай зээрдээ “Гуулин” хэмээн онцлох болжээ. “Гуулин зээрд” даагандаа улсын наадамд есөд давхиж, Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлэн, хязааландаа улсын наадамд гуравт давхиж айрагдаж байсан./шүдлэнд нь уяагүй/ Ийнхүү толгой хаялан хурдлах болсон зээрд үрээ морь сонирхогчийн харааг булаах болжээ. 2005 оны 6-р сард “АПУ” компанийн гүйцэтгэх захирал П.Батсайхан Алтангэрэл Манлайгаас зээрд соёолонг нь арав гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. П.Батсайхан захирлын хувьд зээрд үрээг авах болсон нь бас чиг учиртай бөгөөд анхны “Их хурд”-д гуравт хурдалж байсан хул азарга нь нас ахиж, түүний шийрийг хатаах хурдан азарганы эрэлд битүүхэн гараад байсан юм. Хүүгийнхээ энэ санааг гадарласан Пүрэв гуай найз Алтангэрэлдээ хэлж зээрд соёолонг нь авахаар ярилцаж тохирчээ. Гуулин зээрд шинэ эзэндээ ирснээс хойш Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд зургаад, 2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Үндэсний их баяр наадам, АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Ганц “Гуулин зээрд” ч биш түүниий дүү хүрэн үрээ даагандаа АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд, шүдлэндээ АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд тус тус түрүүлж байсан билээ.

УГШЛЫГ НЬ ХӨӨВӨЛ
Төрийнхөө  их баяр наадамд дөрөв айрагдсан Өвөрхангайн Хужирт сумын уугуул “АПУ” ХК-ний гүйцэтгэх захирал П.Батсайханы “Гуулин зээрд” азаргыг энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Зээрд азарганы угшлыг хөөвөл улсын баяр наадамд айрагдаж түрүүлж байсан Хурцын шарга хэмээх алдарт хурдан азарга түүний эцэг тал. Гуулин зээрдийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуу хэмээн ярьдаг. Харин эх талыг нь хөөвөл орос  цустай адуу гэдэг нь тогтоогддог. Ю.Цэдэнбал даргад Фелаеваас бэлэглэж байсан Орос гаралтай азарган үрээг, морин тойруулгад тэжээж байсан бөгөөд уг азарганы төл нь улсын наадамд айрагдаж, түрүүлж байсан зээрд халзан азарга. Түүнээс гарсан төл нь Гуулин зээрдийн эх хүрэн гүү юм.

УЯАНЫ ОНЦЛОГ

“Гуулин зээрд” томоохон уралдуунуудад л уралддагийг уншигч та анзаарсан байх. Энэ нь түүний уяаны онцлогоос хамаардаг. Тарган учраас нэлээд урт хугацааны уяа шаардагддаг. 40-өөд хоног уяна шүү. Өвөлдөө ойр зуур унаж, хавар 3-4 сарын үед авчран хүчийг нь жаал нимгэлнэ. Дараа нь хэдэн гүү хураалгана. Тэгээд тэжээл жаахан өгч, тамир тэнхээг нь сэлбэнэ. Ингээд зургаадугаар сарын эхээр барьдаг. Тэгсэн хэр нь сүүлийн жилүүдэд нэлээд тарган уралдаж байгаа. “Гуулин зээрд”-ийн гараа тийм ч сайн биш. Хойхнуур гарч яван чангардаг онцлогтой. Зан аашийн хувьд туйлын номхон дөлгөөн.  2005 оны Их хурдад уралдаж байгаад эрэг рүү харайж хөлөө гэмтээн, түүнээсээ болж зургаад давхиж байсан” хэмээн Пүрэв гуай бидэнд хуучилсан юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна