Мөнххааны хурдан хүлэг, уяачдын амжилтын товчоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 02 -нд

Хурдан хүлгүүдийнхээ хүчээр хуй салхи шиг довтолгож нэгдсэн төр улсынхаа гал голомтыг бадраасан бидний өвөг дээдсийг, тэдний туулсан замыг, тулалдаан бүрийг морьгүйгээр сэтгэхийн аргагүй билээ.
XI зууны үед Төвдийн эрдэмтэн Бодьваа “Умард зүгийн тахир гуйлгачид тахь унаж салхи мэт хурдлан амар жаргаж явна”  гэж бичсэнээс үзэхэд өвөг дээдэс маань хүлэг морьдын туураар хөрст дэлхийг  доргиулж олон зууныг гэтлэн оршин тогтох үндэс сууриа тавьсан хэмээн үздэг. Халхын Сэцэн хан аймгийн үе улиран Эрдэнэ далай Жонон вангийн хошууны хурдан хүлгүүд ч дээрээс удамтай, дэлхийд зартай болж долоон хошууны даншиг наадмын үеэс л хурдаараа гайхуулж даншиг болон улсын баяр наадмуудын айраг  түрүүг бөөн бөөнөөр хүртсээр ирсэн нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар байгаа юм.
1824 оны даншигт Эрдэнэдалай Жонон вангийн бэйс Пунцагдорж гурван түрүүг нь авч, Соёолонд бэйсийн таван соёолон эхний тавд завсаргүй орж байсан нь даншиг наадамд тэр бүр давтагдаагүй амжилт болж байна.
Үүнээс хойш 119 жилийн дараа буюу 1943 онд Эрдэнэ далай вангийн хошууны үндсэн төв Мөнххаан сумын хурдан хүлгүүд улсын баяр наадмын таван түрүү, арван айраг авсанаас хязаалан насны морьдын эхний дөрөв нь Мөнххааных байлаа. Аль ч нутаг усныхан бахархах юмаараа бахархаж түүнийгээ үе дамжуулан уламжилж, баяжуулж байх нь ухаант хүмүүний ёсон билээ. Хүмүүн гэдэг цаг цагтаа л эзэн байж өмнөх түүхийн ноён  нурууг хотойлголгүй тээн баяжуулж явдаг. Тухайн үед уяачид морь таних, уяж сойх ухаан эрдмээрээ гайхуулж, удамт хүлгүүд маань хурд хүчээрээ бусдын дор орохооргүй байсны гэрч нотолгоо олон байна.  Далай жонон вангийн хошууны хурдан хүлгүүдийн удам угшил өнөөдөр ч  түмэн олны буянт сүргийн дунд түм түмээрээ үүрсэн буй.
 Эрдэнэ далай жонон вангийн хошуу эрт дээр үеэсээ хурд сайтай хэн ч нарийвчлан тодотгож, тогтоож чадаагүй нэг л  нуугдмал угшлын гэмээр шилмэл онгон хүлгүүдтэй байсаар ирсэн. Ялангуяа их насны морьд нь даншиг наадам, Гэсэрийн наадмын алинд ч олон удаагийн түрүүг авч байсан түүхийн баримт үлджээ.
 Эрдэнэ далай жонон вангийн хошууны буурал уяачид, хурдан хүлгүүд ямархан амжилт гаргаж байсныг түүхийн хуудас сөхөн тодруулбаас:
1824 ОНЫ ХӨХ БИЧИН ЖИЛИЙН  ДАНШИГТ:
Их насны морьдоос Далай жонон бэйс Пунцагдоржийн хээр морь түрүүлж, соёолонд мөн бэйсийн хар бор түрүүлж бор,  буурал цоохор, улаан соёолонгууд нь айрагдсан байна. Хязааланд дээрхийн сүргийн улаан түрүүлж, гуравт жонон бэйс  Пунцагдоржийн зээрд, дөрөвт бэйсийн саарал, тавд мөн бэйсийн халзан хязаалангууд айрагджээ. Энэ наадмын хязаалан насанд түрүүлсэн дээрхийн сүргийн улаан хязаалан нь мөн далай жонон бэйсийн адуу гэж судлаачид үздэг билээ. Дээрхийн сүргийн улаан гэж бичээд ард нь бийрээр “Далай жонон бэйсийнх” гэж тэмдэглэгдсэн байдаг байна. 
Жонон бэйс Пунцагдорж нь Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай  жонон вангийн  хошууны анхны ноён Эрдэнэ тайж Жонон засаг бэйс Буджавын удмын үе залгамжилсан ноён бөгөөд 1809-1847 он хүртэл тус хошууг 38 жил засагласан байдаг. Үүнийг зарим судлаачид хөвчийн  жонон  вангийн  хошууны ноёдтой хольж  хутгах явдал бий. 1809-1847 оны үед хөвчийн жонон вангийн хошууны ноёд нь  Сэнгэдорж, Гомбожав, Гончигцэрэн, Цанлигдорж нар байсан ба эдгээр нь тухайн цаг үед гүн цолтой байсан тул Далай жонон бэйстэй андуурагдах учиргүй юм. Хөвчийн жонон вангийн Цанлигдорж ноён бүр 1863 оноос хойш  бэйс цол хоёр нүдний отго шагнагдсан байгаа тул Эрдэнэ далай жонон вангийн хошууны морьдыг хөвчийн жонон вангийн нэр дээр  бичиж тэмдэглэх учиргүй юм.
Энэ тухай даншигт уралдсан гурван насны морьдын гурван түрүүг нь авсан Далай жонон Пунцагдорж өөрийнхөө түрүүлсэн улаан хязааланг богдод өргөж нэр дээр нь бичүүлэн цоллуулсан байна.
1829 ОНЫ ШАРГАЧИН ҮХЭР ЖИЛИЙН ДАНШИГТ:
Соёолон насны морьдоос Пунцагдорж бэйсийн хул соёолон  наймд, хээр соёолон аравт оржээ. Хязааланд бэйсийн улаан хязаалан түрүүлж, хоёр халиун хязаалан нь хоёр, гуравт хурдалсан.
1830 ОНЫ ЦАГААН БАР ЖИЛИЙН  ДАНШИГТ:
Хязаалан насны морьдоос бэйсийн хүрэн гурвалж, хонгор үрээ нь дөрөвт хурдалжээ. 
1832 ОНЫ  ХАР ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насанд Далай жонон бэйс Пунцагдоржийн бор морь гурвалж мөн бор морь нь долоод орсон бол соёолонд бэйсийн хээр хоёрт, улаан нь гуравт хурдалсан байна.  
1835 ОНЫ ХӨХ МОРИН ЖИЛИЙН ДАНШИГТ:
 Их насны моринд бэйсийн зээрд хоёроор, хязааланд хүрэн нь тавд хурдалжээ. 
1838 ОНЫ ШӨР НОХОЙ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насанд Далай жонон бэйсийн бор морь гуравт, соёолонд бэйсийн бор нь долоолж, улаан нь аравт оржээ. Мөн халиун хязаалан нь наймд хурдалсан.
1841 ОНЫ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ДАНШИГТ:
 Хязааланд  Далай жонон бэйсийн улаан хоёрт хурдалсан байна.
1844 ОНЫ ХӨХ ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Соёолон насны морьдоос Далай жонон бэйсийн шарга түрүүлж, хээр үрээ нь гуравт хурдалжээ.
1852 ОНЫ ХУЛГАНА ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насны морьдоос Далай жонон бэйсийн саарал зургаад, хар морь аравт орж, халтар соёолон нь зургаалж, бор хязаалан нь түрүүлсэн байна.
1856 ОНЫ УЛААН ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насны морьдоос жонон бэйсийн бор улаан хоёроор, улаан соёолон нь түрүүлжээ.Мөн саарал соёолон нь зургаад хурдалсан байна. Хязааланд жонон бэйсийн улаан тавд орсон бөгөөд зургаагаас арван нэгт хээр, саарал, бор, бор хул, халиун, бас бор үрээнүүд нь хурдалжээ.
1862 ОНЫ ХАР НОХОЙ ЖИЛИЙН ДАНШИГТ:
 Их насны морьдоос далай жонон бэйсийн цагаан саарал хоёрт  орж, хар соёолон нь түрүүлж, цавьдар соёолон нь хоёрт орсон байна. Мөн хязаалангийн уралдаанд жонон бэйсийн хээр алаг түрүүлжээ.
1865 ОНЫ ХАРАГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ДАНШИГТ:
Далай жонон бэйсийн бор морь түрүүлж, хүрэн нь гуравт хурдалжээ. Соёолон морьдоос жонон бэйсийн бор түрүүлж, хүрэн үрээ нь гурваар хурдалсан бол хязаалан морьдын уралдаанд жонон бэйсийн саарал түрүүлж, хээр хязаалан нь гуравт оржээ.
1866 ОНЫ УЛААН БАРС ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насанд далай жонон бэйсийн хээр, соёолонд  халиун нь тус тус түрүүлжээ.
1868 ОНЫ ШАР ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Соёолонд жонон бэйсийн хар бор түрүүлж, улаан нь гуравт хурдалсан байна. 1847 оноос хойш Пунцагдорж бэйсийн ахмад хүү  Дэжиддорж эцгийн хэргэм зэргийг залгамжлан авч захирсан бөгөөд энэ бэйсийн үед ч энэ нутгийн морьд сайн хурдалсан байна. Дэжиддорж 1852-1868 оны хооронд 24 жил тус хошууг захирсан найм дахь ноён болой. Харин 1871 оноос Дэжиддоржийн ахмад хүү хошуу захирсан нь Гончигжав бэйс юм.  Энэ ноёны үед ч тус хошууны морьдын хурд хэвээр байлаа. 
1876 ОНЫ  УЛААН ХУЛГАНА ЖИЛИЙН ДАНШИГ:
Их насны морьдын уралдаанд  Далай жонон бэйс Гончигжавын хээр алаг түрүүлж, зээрд гуравт хурдалжээ. Харин соёолон морьдын уралдаанд бэйсийн  хоёр хар соёолон зургаа, долоод оржээ. 
1880 ОНЫ ЦАГААН ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Соёолон морьдын уралдаанд Далай жонон бэйсийн хүрэн хоёрт орсон байна.
1886 ОНЫ УЛААН НОХОЙ ЖИЛИЙН ДАНШИГТ: 
Их насны  морьдын уралдаанд жонон бэйсийн хээр морь түрүүлж, буурал морь нь гурвалсан бол соёолонд бэйсийн хээр гуравт орж, хязааланд бэйсийн бор  хязаалан түрүүлжээ. Гончигжав бэйсийг өөд болох үед дүү Лхавандоржид зэрэг хэргэмийг залгамжлуулсан бөгөөд Лхаваандорж бэйс тус хошууг 12 жил засаглан суусан байна.   Энэ ноёны үед:
1888 ОНЫ ШАР ХУЛГАНА ЖИЛИЙН ДАНШИГТ:
Соёолон насны морьдоос Далай жонон бэйс Лхаваандоржийн улаан бор  дөрөвт, хязаалангийн уралдаанд мөн бэйсийн борлог түрүүлжээ. 
1890 оны цагаан барс жилийн даншигт:
Их насны морьдоос  Далай жонон бэйс Лхаваандорж бэйсийн саарал морь гуравт хурдалжээ. 
1893 ОНЫ ХАРАГЧИН МОГОЙ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Их насны морьдоос жонон бэйсийн улаан морь наймд, бор морь арван нэгт оржээ. Лхаваандорж бэйсийн дараа ач хүү Дэжидбалжир нь үе залгамжилсан боловч удалгүй нас эцэслэж 1899 онд төрсөн дүү Гомбосүрэнд цол хэргэм шилжсэн байна. 
1900 ОНЫ ЦАГААН ХУЛГАНА ЖИЛИЙН ДАНШИГТ:
Азарганы уралдаанд Далай жонон бэйс Гомбосүрэнгийн хээр азарга түрүүлж, бор азарга нь дөрөвт оржээ. Хязаалан насанд мөн бэйсийн хүрэн гуравт хурдалжээ.
1901 оны  цагаагчин үхэр жилийн даншигт:
Азарганд Эрдэнэ далай жонон бэйс Гомбосүрэнгийн цагаан цоохор азарга түрүүлж, соёолон насны морьдоос бэйсийн хээр соёолон гуравт хязаалангаас саарал хязаалан нь тавд хурдалжээ. 
1902 ОНЫ ХАР БАР ЖИЛИЙН ДАНШИГТ:
Азарганд бэйс Гомбосүрэнгийн сартай хар азарга түрүүлж богдод  өргөгдсөн  байна. Дөрөвт бэйсийн өмнөх даншигт түрүүлсэн цагаан цоохор  азарга хурдалсан юм. Харин соёолонд жонон бэйсийн хээр аман хүзүүлж, мөн хээр соёолон нь дөрөвт орсон байна. 
1904 ОНЫ ХӨХ ЛУУ ЖИЛИЙН ДАНШИГТ:
Азарганы түрүү нь өмнөх жил  богдод өргөгдсөн жонон бэйсийн сартай хар түмний эх түрүүлсэн бөгөөд өмнөх даншгуудад түрүүлж, дөрөвт орж байсан бэйс Гомбосүрэнгийн цагаан цоохор азарга хурдалсан байна.Энэ даншигт бэйсийн хүрэн хязаалан тавд хурдалжээ. 
1906 ОНЫ УЛААН МОРИН ЖИЛИЙН ДАНШИГТ: 
Азарганд жонон бэйс Гомбосүрэнгийн богдод өргөсөн сартай хар азарга дахин түрүүлжээ. Их насанд жонон бэйсийн бор морь таваар хурдалсан бол хүрэн соёолон нь гурвалж, саарал нь тавд давхижээ. Хязааланд бэйсийн борлог хоёрт орж бор нь тавд хурдлан ирсэн байна. 
1907 ОНЫ УЛААН ХОНИН ЖИЛИЙН ДАНШИГТ: 
Азарганд жонон бэйс Гомбосүрэнгийн богдод өргөсөн сартай хар азарга хоёрт хурдалж, бэйсийн улаан буурал соёолон нь тавд хурдалсан байна.
Үүнээс хойш даншгийн наадмын морьдын цуваа олддоггүй бүдэг бүрхэг байдаг юм.  Халхын Сэцэн хан аймгийн үе улиран Эрдэнэ далай жонон вангийн хошууны эрдэнэт хурдан хүлгүүд 1824-1908 оны хооронд болсон долоон даншиг наадамд нийт 25 түрүү, 51 айраг авсан нь энэ хугацаанд бусад хошуудын үзүүлсэн амжилттай харьцуулахад эхний  байруудад орж байгаа юм.
Монголын хурдан хүлгүүдийн амжилтын түүхэн цадиг, эх сурвалжуудаас  харахад хурдан хүлэг морьдоороо ноёлж байсан хошуудын дотор Эрдэнэ далай жонон вангийн хошуу толгой цохих хошууны тоонд орж байгаа нь учиртай бөгөөд халх даяар гайхагдсан хурдтай Хардэл жанжин бэйсийн хошуу, Сэцэн ханы хошуудын  хурдны удам бүрэлдэн тогтохоос ч өмнө энэ хошууны нутаг хурдны удам сайтай, өөрийн унаган гарвал хурдтай болсон байсан нь маргаангүй байна. Харин ч зэргэлдээ хошуудын хурд бүрэлдэн тогтоход хүчтэй нөлөө үзүүлж байсан нь зарим судлаачдын бүтээлүүд, дээрх наадмуудын морьдын цуваанаас тодорхой харагдаж байна.

АРДЫН ХУВЬСГАЛЫН
ИХ ОН ЖИЛҮҮДЭД

Ардын хувьсгалын жилүүдэд ч Мөнххаан сумын морьд улсын болон бүсийн чанартай наадмуудад тогтмол амжилт гаргаж ирсэн байдаг. Уясан эзэн, хурсан олон, нутаг усныхаа нэрийг алдаршуулан дуудуулж явсан Мөнххааны эрдэнэт хүлгүүд хэрхэн хурдалж байсныг бүрэн бус боловч толилуулах нь зүйтэй хэмээн үзлээ. 
1929 оны төрийн их баяр наадамд Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошууны Бат-Очирын улаан морь, хошууны уяач Галсанжавын бор хязаалан, Ваанчигийн хээр даага тус тус түрүүлсэн байна. Үүнээс 10-н жилийн дараа буюу 1939 оны улсын наадамд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн улаан буурал шүдлэн түрүүлжээ. 
1940 оны улсын наадамд Мөнххааныхан амжилттай сайн уралдаж улс орон даяар нутаг хошууныхаа нэр алдрыг дуурсгаж байсан нь одоо ч улсын баяр наадмуудад давтагдаагүй рекорд амжилт болж байгаа юм. Тус наадмын азарганы уралдаанд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Донойн Гонгорын хээр азарга гурвалж, улаан бор азарга нь дөрөвт хурдалсан. Их насанд Хэнтийн Мөнххааны гурван уяачийн морь нэг, хоёр, гурваар орсон юм. (Жамбалын Навааны ухаа хул түрүүлж, Томхүүгийн Чүлтэмийн цавьдар зээрд хоёрт, Согоогийн Балчингийн улаан бор гуравт).Харин хязаалангийн уралдааны эхний дөрөв нь Хэнтийн аймгийн Мөнххаан сумын  уяачдын болсон билээ. (Томхүүгийн Чүлтэмийн буурал цоохор түрүүлж, Жамбалын Навааны  цавьдар хоёрт, Томхүүний Чүлтэмийн  хүрэн буурал гуравт, Донойн Гонгорын хүрэн дөрөвт тус тус хурдлан иржээ). Энэ амжилт одоо ч давтагдаагүй байгаа юм. Шүдлэнд уяач Томхүүгийн Чүлтэмийн хүрэн хоёрт давхисан бол Донойн Гонгорын халтар даага аман хүзүүлж, Жамбалын Балдангийн хул айргийн тавд орсон байна. Ийнхүү 1940 оны улсын баяр наадмаас Мөнххаан сумын уяачид гурван түрүү, арван айраг авч, тус сумын бөх Санжидын Жамба улсын начины болзол хангаж Мөнххаан сумынхан зовхи нь өөдөө наадсан он цагуудын давтагдашгүй хуудас байлаа.
1942 оны улсын баяр наадамд Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн буурал хязаалан  дөрөвт хурдалсан байдаг.  Харин 1943 оны улсын баяр наадамд Мөнххаан сумынхан буюу Далай жонон вангийн хошууны уяачид тэр дундаа Мөнххаан, Уулбаяны уяачид улсын наадмын таван түрүү, арван айраг авч дахин рекорд тогтоосон билээ. Энэ наадамд Мөнххаан сумын уяач Д.Чүлтэмжамцын хар морь түрүүлж, Баглаа  хэмээх Жамбалын Балдангийн хүрэн аман хүзүүлж, Д.Найдангийн бор морь айргийн дөрөвт тус тус хурдлан иржээ. Соёолонд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Лувсанжамцын хүрэн зээрд түрүүлж, Хэнтий аймгийн Мөнххааны уяач  Ж.Балдангийн цагаан аман хүзүүлж, Мөнххаан сумын уяач Сундуйн хар гуравт, Уулдбаян сумын уяач Ширнэнгийн хонгор дөрөвт орсон байдаг.Харин хязаалан насны морьдын уралдаанд Мөнххаан  сумын уяач Жамбалын Балдангийн  хүрэн түрүүлж, Чүлтэмжамцын хонгор халзан аман хүзүүнд орж Ж.Навааны хүрэн айргийн гурваар хурдлан иржээ. Шүдлэнд Мөнххааны Чүлтэмжамцын хонгор (хар) түрүүлж мөн сумын уяач Сундуйн (Гэндэн) бор аман хүзүүнд орж хурдалцгаасан байна. Дааганд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Ж.Балдангийн хул хонгор түрүүлж Уулбаяны Лувсанжамцын хүрэн гуравт, Мөнххааны Найдангийн хар дөрөвт тус тус хурдалсан байна. Энэ амжилтыг Хэнтий аймаг 1951 оны улсын баяр наадамд аймгаараа нэг удаа давтсан байдаг юм. 1943 оны улсын баяр наадамд таван түрүү, арван айргийг үндсэндээ хуучин  Мөнххаан хошууны уяачид авсан байна. Энд Уулбаян гэж тэмдэглэгдсэн уяач  Лувсанжамц, Зоосын Ширнэн /зарим номонд Сэрээнэн гэж андуурагдсан байна. / нар нь 1943 оны намар Мөнххаан сумын харьяа болсон бөгөөд суманд ч олон айраг түрүү авсан нэртэй уяачид билээ. 
Үүнээс хойш 1948 оны Ардын хувьсгалын 27-н жилийн ойн улсын наадамд Мөнххаан сумын уяач Д.Найдангийн цавьдар морь, мөн сумын уяач О.Лувсанцэрэнгийн саарал хязаалангууд тус тус аман хүзүүлсэн байна. Харин 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн улсын наадамд Мөнххааны уяач Г.Лувсанжамцын хээр даага хоёрт хурдалжээ.
Сэцэн ханы буюу Хэнтий, Сүхбаатар аймгийн наадамд Мөнххаан сумын уяачид, хурдан морьдын үзүүлсэн амжилтын товчоон
Тус сумын уяачид их Хэрлэнгийн хөвөө, эрэвгэр Сэцэн ханы өргөөн дээр ч амжилттай наадаж байсан.
 1903 оны харагчин туулай жилийн Сэцэн хааны наадам наадамд  Эрдэнэ далай жонон бэйс Гомбосүрэнгийн уранхай хэмээх морь нь их насанд түрүүлсэн бол
1922 оны наадамд Будын их Жамьяангийн /Баянтэрэм/ улаан морь их насанд түрүүлсэн байна. 
1923 оны Хэнтий аймгийн наадамд Мө?ххаан сумын Бүжингийн Дамбын хээр азарга түрүүлж, Мөнххааны малын Ендонгийн /Баянтэрэм/ хар морь аман хүзүүлсэн бөгөөд дараа жил нь буюу
1924 оны наадамд хар морь амжилтаа бататган түрүү магнай болжээ. Үүнээс хойш хэсэг тасарч байгаад 1928 оны наадамд Мөнххаан Бат-Очирын /Баянтэрэм/ улаан морь түрүүлсэн байна.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч Мөнххааны хурдууд дийлж уралддаг байсан бөгөөд 1932 оны наадамд Мөнххааны Раднаа Лувсангийн Шараваа хээр дөрөвт, Шалдан хээр тавд тус тус хурдалжээ.
Харин 1935 оны наадамд энэ сумын  Уушийн Чоймчигийн /Баянтэрэм/ хар хээр соёолон гуравт, Мөнххааны Дэндэвийн Чойдорын бор хээр хязаалан аман хүзүүлж, Дугарын Чимэдийн бор хээр дөрөвт орсон байдаг.
1936 оны наадамд Мөнххаан сумын уяач Лувсанюндэнгийн Шагдарын хүрэн зээрд соёолон гуравт хурдалсан байна.
1938 оны наадамд Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн хар хязаалан айргийн тавд хурдалсан.
1940 оны наадамд Мөнххаан сумын Адуучийн Ёндонжунайн /Баянтэрэм/ цавьдар хязаалан түрүүлж Мөнххааны Жамбын зээрд гуравт оржээ. 
Хэнтий аймгийн 1943 оны наадамд Мөнххааны Түмэнгийн Лувсандоржийн /Баян Лувсандорж ч гэдэг /хүрэн соёолон тавд, мөн сумын уяач Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хээр хязаалан тавд тус тус хурдлан иржээ.
1945 оны наадамд Мөнххааны уяач Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хүрэн морь их насанд аман хүзүүдсэн.
 1946 оны наадамд Мөнххааны Донир Лувсанчүлэмийн халтар морь аман хүзүүлж, Лувсандоржийн /долир/ халтар хязаалан айргийн тавд, Баян хочит Түмэнгийн Лувсандоржийн хүрэн шүдлэн айргийн тавд тус тус хурдлан ирж аргагүй хурдан хүлэгтэй нутаг гэдгээ баталсан.
1947 оны наадамд Мөнххааны Жунайн Осорын хаlиун морь их насанд түрүүлж, 1945 оны наадамд аман хүзүүлж байсан Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хүрэн дөрөвт хурдалсан. Энэ наадмын соёолонд Мөнххааны Онгон Лувсанжамцын хээр, хязааланд Онгоо Чүлтэмийн хонгор тус тус түрүүлсэн бол дааганд Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн ухаа даага дөрөвт оржээ. 
1948 оны наадамд Мөнххаан сумын уяач Д.Найдангийн цавьдар морь аман хүзүүлж, Мөнххааны Жунайн Осорын хавчиг хүрэн гурвалсан бол Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн зээрд даага тавд орсон байна.
1949 оны наадамд Мөнххааны Осгоны /Онгон/ Лувсанжамцын буурал халзан шүдлэн тавд, Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн хээр даага гуравт хурдалсан.
1952 оны  наадамд Мөнххааны Ваамбын /пэнс/ Лувсандоржийн хонгор соёолон,  хонгор хязаалан тус тус түрүүлсэн байна.
1953 оны наадамд Мөнххааны Түвдэннямын зээрд хязаалан дөрөвт хурдалжээ.
1954 оны наадамд Мөнххааны Гүрийн Лувсанжамцын хүрэн азарга дөрвөлж, Осгоны /Онгон/ Лувсанжамцын буурал халзан тавд оржээ. Хязааланд Мөнххааны Санжидийн Чүлтэмийн хонгор  түрүүлсэн байна. 
1955 оны наадамд Мөнххааны Лувсандоржийн /долир/ зээрд халзан морь аман хүзүүлж, мөн сумын уяач Маамаагийн хүрэн халзан морь  айргийн тавд орсон байна. Энэ онд улс орон даяар азарга, их морь, даага гурав уралджээ.
1958 оны наадамд Мөнххааны Шануугийн Алтангэрэлийн хээр даага айргийн тавд орсон. 
1963 оны наадамд Мөнххааны Дугаржавын /буглаг/ хээр морь айргийн тавд орсон бол цоохор шүдлэн нь аман хүзүүнд тус тус хурдалсан байдаг.
 1965 оны наадамд Мөнххааны Жамьянгийн Цэвээний хүрэн халзан азарга айргийн гуравт орж, хүрэн халзан шүдлэн нь дөрөвт хурдалжээ.
1966 оны наадамд Мөнххааны Жамьянгийн Цэвээний цавьдар даага тавд давхисан.
1972 оны наадамд Мөнххааны Цэрэнгийн Лувсандоржийн хээр шүдлэн дөрөвт.
1973 оны наадамд Мөнххааны Жаахан Доржийн /Хаширын/ зээрд азарга гуравт хурдалсан байна. 
1975 оны наадамд Мөнххааны улааны Лувсандоржийн халиун даага аман үзүүлсэн зэрэг амжилтууд байна.
Халхын Сэцэнхан аймгийн  үе улиран Эрдэнэ далай жонон вангийн хошууны түүхэн гал голомт болох Мөнххаан сумын уяачид Эрэвгэр Сэцэн ханы эрдэнийн суурь орших Сэцэн ханы өргөө одоогийн Хэнтий аймгийн наадамд боломжтой сайн уралдаж айраг түрүү авч байсан боловч 1944 онд Сүхбаатар аймгийн харъяа болж нутаг газар зүй, засаг захиргааны хувиарлалтын хувьд өөрчлөгдсөн. 1950-1960–аад оны үед орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж мал сүрэг үндсэндээ нийгмийнх болж хариуллага маллагаа, төлбөр тооцооны хувьд хариуцлагажсан. Хурдан хүлгүүд хэдийгээр малчдын гар дээр хэвээр маллагдаж байсан ч ажлын ачаалал ихтэй болсон учир холын наадамд  морь уях, уралдах явдал багассан нь тодорхой ажиглагдаж байна.
Мөнххаан сумын уяачид улсын наадамд ч, Хэнтий аймгийн наадам ч амжилттай сайн уралдаж айраг түрүү олныг авч байсан боловч сүүл сүүлдээ улам цөөрсөөр ганц нэг уяачийн  нэр он алгасан орон гаран явсаар сүүлдээ аль ч наадамд сураггүй болсон байдаг.Харин Ардчилсан хувьсгал ялснаас хойш энд тэндэхийн наадам, уралдаанд ганц нэг уяачид амжилттай оролцох болж эхэлсэн. Хурдны их удам угшилтай, нэртэй сайн уяачидтай Мөнххаан сумынхныг тодорхой амжилт гаргахгүй байгаад зарим судлаачид, эрдэмтэд ч гайхдаг, уралдаасай томхон наадмуудад олноороо ирж оролцоосой гэж хүсдэг хардаг бололтой.  Доктор А.Баярмагнай “Жанжин нутгаас Буянт ухаа хүртэл”  гэдэг номондоо  “ Далай вангийн хошуунаас энд гарч байгаа их уяач Д.Гонгор, С.Балжин, Ж.Наваан, Ж.Балдан, Л.Чүлтэм, Д.Чүлтэмжамц, Гэндэн, Сундуй, Сэрээнэн/ Зоосын Ширнэн/  нарын үр садаас одоо морь уяж байгаа хүмүүс байна уу?  гэж асуусан нь санамсаргүй зүйл биш болой. Энд нэр гарч байгаа уяачид бүгд Мөнххаан сумын харьяат билээ. 
Түүхч эрдэмтэн А.Баярмагнай “Уул нь уламжлалаа сайн мэддэгсэн бол Мөнххааны уяачид хамгийн түрүүнд зоригтойхон хөдөлж холыг зорьж ирэх учиртай юм.  Даанч энэ сумын 30-40 -өөд оны уяачид цөм нас элж, хэлмэгдэлд хүн, хурдан морьд нь  хүртэл өртөж сүүлд хурдан адуу нь нэгдэлд нийгэмчлэгдэж угшил нь мэдэгдэхээ больсноос залуу үеийхэн нь зориг итгэл муутай болсных уу, эсвэл зардал чирэгдлээс нь болсон уу төдийлөн зориглож олуулаа хөдлөх нь ховорджээ” хэмээсэн нь Мөнххаан нутгийн хурдан хүлгүүдийн удам гарвалыг бүдгэрч мартагдахаас сэргийлж, ахмад уяачдын залгамж халааг бэлдэхэд анхаараасай гэсэн санааг агуулж байна. 
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ХОЙШХИ АМЖИЛТЫН ТОВЧООН
Улс, аймгийнхаа наадамд нэр алдар нь нэг хэсэгтээ л тасраад байсан Мөнххаан сумын хурдан хүлгүүд 1990 оноос хойш чамгүй амжилт гаргаж эхэлсэн байдаг. Тухайлбал Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд газар газраас халхын довтой хурдан хүлгүүд ирж уралдсан бөгөөд энэ наадмын их насны түрүү Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Ш.Эрдэнэтуяагийн хүрэн халзан морь хүртсэн билээ.
“Өвгөн ноён-1997” зүүн бүсийн уралдаанд Мөнххаан сумын С.Ганхуягийн хар хязаалан түрүүлж мөн сумын уяач Д.Сайнбаярын хүрэн даага дөрөвт хурдалжээ. Үүнээс 3-н жилийн дараа буюу “Өвгөн ноён-2000” зүүн бүсийн уралдаанд тус сумын уяач бураа хэмээх Ш.Пүрэвжавын зээрд морь айргийн тавд хурдалсан байна. 1999 оны 2 сард Сүхбаатар аймгийн Галшар сумын Төхөмийн шар ухаад болсон “Зоригт трейд” ХХК-ний нэрэмжит уралдаанд мөн сумын уяач  Д.Сайнбаярын хар азарга түрүүлсэн билээ. Энэ уралдаанд тухайн үедээ л нэрд гарч байсан хурдан хүлгүүд тоосоо өргөсөн байдаг.
1998 онд болсон Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд Мөнххаан сумын аймгийн Алдарт уяач Н.Пүрвээгийн саарал азарга арван хоёрт орсон нь ямархуу хурдан  хүлэг энэ нутагт үүрсэн байгааг илтгэсэн хэрэг байлаа. Мөнххаан сумын 3-р багийн иргэн Чимэддоржийн буруу гарт алдсан зээрд унага /азарга адуунаас/ азаар Аюуш уяачийн гарт очиж шүдлэн, хязаалан насандаа улсад хоёр удаа айрагдаж байна. Мөн сумын 1-р багийн иргэн Б.Идэрборгилоос Манлай уяач Г.Алтангэрэлд зарагдсан хүрэн азарга улсын наадам болон, Боржигоны наадмын түрүү магнай болж 2005 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн байна.Энэ хүрэн азарганы төл Г.Алтангэрэл, Бямбадорж нарын хоёр хүрэн даага 2005 оны улсын баяр наадамд түрүүлж айрагдсан юм. 2005 оны наадамд тус сумын гаралтай Ц.Энхбатын хүрэн хязаалан улсын наадамд түрүүлж, аймгийн алдарт уяач Бураа хэмээх Ш.Пүрэвжавын адууны гаралтай “Наран шарга” азарга  зүүн бүсийн “Их хурд-2005”- д айрагджээ.
Энэ бүхнээс харахад Мөнххаан сумын эрт дээр үеэс улбаалан ирсэн угшил сайтай хурдан хүлгүүдийн удам тасраагүй, гагцхүү морь таньдаг түүнийхээ уяа сойлгыг зөв нямбай тохируулдаг нэртэй уяачдын гар дээр очоод хурдалж байгаа нь ажиглагдаж байна. 
Мөнххаан сумын уяачдын 1975 он хүртэл улсын болон Хэнтий аймгийн наадамд уралдаж байсан амжилтуудаас үзэхэд: Уяач Жамбалын Балдан улсын наадмын гурван түрүү,  Томхүүгийн Чүлтэм хоёр түрүү, гурван айраг, Донойн  Гонгор нэг аман хүзүү, дөрвөн айраг, Д.Чүлтэмжамц хоёр түрүү, нэг айраг авч бусад уяачдаасаа дээгүүр амжилт тогтоосон байдаг.Харин Хэнтий аймгийн наадмаас тус сумын уяач Ваамбын Лувсандорж хоёр түрүү, гурван айраг, Гэрэлийн  Чүлтэм гурван айраг,  Ж.Цэвээн гурван айраг авч бусдаасаа давуу амжилт үзүүлсэн байна.Бүр нарийн хөөвөл Мөнххаан сумын 15 уяач улсын наадмын 12 түрүү, 24 айргийг авсан байдаг бол Хэнтий аймгийн наадмаас 33 уяач 12 түрүү, 36 айраг авсан байна.Энэ бол зөвхөн 1975 он хүртэлх баримт. Наадамд очиж уралдсан цаг хугацаа нь богино гэж бодоход бас ч чамлахааргүй амжилт харагдаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна