Аймгийн Алдарт уяач Т.Ариунтөгс: Анх морь уяад Цахирын наадамд айрагдуулж байлаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 27 -нд

-Уяач аавын  унаач хүүгийн гаргаж байсан амжилтаас яриагаа эхэлье?
-Би чинь удам дагасан уяач хүн. Миний аав МУ-ын Алдарт уяач Тойвгоо багаасаа л адуу малтай ноцолдож өссөн сайхан буурай бий. Мэдээж багадаа аавынхаа уясан адууг унаж нааддаг байлаа.  1984 оны наадмаар анх хурдны морь унаснаас хойш таван жил  уралдахдаа аймаг сумаас олон айраг түрүү хүртэж явлаа. Эндээс 1987 онд аймгийн наадмаас соёолонгийн түрүү, шүдлэнгийн айргийн гурвыг,  үүнээс жилийн дараа Их тамир сумын 50 жилийн ойгоор хязаалан үрээ түрүүлгэж, даага айрагдуулж байлаа. Тэр бол хүүхэд насны маань дурсамжид  тодоор үлдсэн сайхан үйл явдал даа. Харин өөрөө 1999 оноос хойш морь уяж байна.
-Та одоо унаган адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ, миний аав унаган адуугаараа л нааддаг хүн. Ер нь манай адуунууд сайн л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд удам угшлыг нь сайжруулах гээд  ганц нэг адуу гаднаас авах болсон. 1995 онд Завханаас нэг хээр азарга, 2002 онд Дорнодын Манлай уяач Цогтзаяагаас хонгор азарга авчирсан. Миний авсан үрээнүүдэд  газар нь хатуудаад байх шиг байгаа юм.  Энэ жилээс л уралдуулна даа. Ер нь Төв аймгийн Сэргэлэн, Дорнодын Матад, Хөлөн буйр, Сүхбаатараас адуу голдуу авч байна.  Сүүлд 2006 онд зүүн зүгээс адуу авчирч нутгийнхандаа тарааж өгсөн.
-1999 оноос морь уяж эхэлсэн гэлээ. Анхны айраг түрүү хэзээ авч байв?
-Аавын маань адуу над өвлөгдөн ирсэн юм. Морь уясан тэр жилээ Цахирын наадамд ягаан соёолон үрээгээ айрагдуулж, анхныхаа айрагаа авч байлаа шүү дээ.  Дараа жилүүдэд нь сумандаа наадаж, 2003 онд аймаг, сумынхаа 80 жилийн ойд уралдсан. Хараахан айраг авч чадаагүй л дээ. Долоо наймын дотор л ирсэн. 2004 онд Эрдэнэ мандал сумын 80 жилийн ойд их морио түрүүлгэж, Чулуутын 80 жилд азаргаа тавлуулж, үрээгээ түрүүлгэж байлаа. Харин өнгөрсөн жил Булган сумын наадамд соёолон үрээ маань дөрвөөр давхисан.  Би ер нь аль болох олон наадамд очиж уралдах дуртай. Газар газрын мундаг уяачидтай танилцаж, өөрийгөө ямархан уяач болж байгаагаа олж харах сайхан боломж гэж боддог юм. Том довонд ч бас үзээд амжсан даа. 1998 онд Хар хоринд болсон “Их хурд”, 2007 оны “Их хурд”-д аль алинд нь очсон.
-2008 онд аймгийн Алдарт уяач болсон гэлүү? 
-Тийм ээ,  6 түрүү буюу 12 айргаараа  аймгийн алдартын болзлыг хангасан. Энэ амжилтын маань ихэнхийг миний халзан морь авчирсан байдаг юм. Анх зүүн зүгээс авч байлаа. Буянтай амьтан даа, аймгийн наадамд нэг,  сумын наадамд их олон удаа түрүүлсэн. Өвлийн уралдаануудад ч ялгаагүй олон түрүү надаа авчирч билээ.
-Сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Олон байна даа. Мэдээж аавтайгаа наадсан наадам болгон сайхан санагддаг юм. Бид хоёр чинь 2005 онд Эрдэнэ мандал сумын наадмаар анх удаа их морь түрүүлгэж байлаа. 300 гаруй их морь уралдсан энэ наадамд  улсад “данстай” морьд ч ирсэн байсан юм. Тэр олон чансаатай адуун дундаас миний халзан км гаруй тасарч түрүүлж билээ. Үүнээс дөрвөн жилийн дараа 16-тайдаа Жонон хулын 100 жилд бас түрүүлж, өнгөрсөн жил өвлийн бооцоот уралдаанд 19-тэй адуу дөрвөөр давхилаа. Аргагүй л хурдан туурт  даа.
-Цагийн аясаар уяаны арга барил ч их өөрчлөгдөж байна. Мэдээж аавын тань уяа, таных хоёрт ялгаа байна биз?
-Аавынхаа зөвлөгөөгөөр л өдий дайтай яваа юм шүү дээ. Аав маань “Дээхэн үеийн уяачид ногоон өвсөөр л уралддаг байлаа” гэж. Одоо ч тэжээл, тариа гээд янз бүрийн юм хийдэг болж дээ” гээд зэмлэдэг байсан нэг үе. Хааяа тариа энэ тэр хэрэглээд аавдаа загнуулна.  Уяанаас болж заримдаа хоёулаа муудна шүү дээ. инээв
-Ярилцсанд баярлалаа.  Морины босоо цагаан хийморь өнөд таныг ивээж байг.
-Баярлалаа.


А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна