МУ-ын Алдарт уяач Г.Чулуунпүрэв: Нэг азарганы найман үеийн төлөөр наадаж байна

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

-Алдартын аль сумын хүн билээ?
-Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэгийн голын хүн. Гэхдээ багадаа Булган суманд хүнд өргүүлж, одоо Булган сумаар овоглодог.
-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн талаар яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?
-Хүүхэд нас гэвэл хөдөөгийн бор жаалуудын нэгэн адилаар л  өнгөрсөн дөө. Хурдны морь унаж, морины ажилд тусална гээд ажил юу эс мундахав. Манайх морь уядаггүй байсан ч ахынхаа уясан морийг 17 нас хүртлээ унасан. Энэ хугацаанд сумынхаа наадамд 4- 5 түрүүлж, гурав шөвгөрөн аймагтаа хоёр түрүүлж байлаа. 
-17-той  гэхээр моринд томдохгүй юу?
-Жижигхэн биетэй байсан.  Гэхдээ 18 хүрээд  томдоод аргагүйн эрхэнд хасагдаж байгаа юм даа. Ингээд нэгдлийн адуу маллаж байгаад хоёр жилийн дараа  цэрэгт мордож, Улаанбаатар хотын нисэхийн отрядад хуваарилагдан алба хааж байгаад, Дарханы цэргийн анги руу шилжсэн юм. Тэнд жил гаруй морь морь уяхдаа Зүүнхараа, Баруунхараагийн наадамд соёолон үрээ  хоёр гурван удаа түрүүлгэсэн.
-Тэр нь таны анхны айраг түрүү байв уу?
-Би чинь цэрэгт явахаасаа өмнө өөрийн унаган адуугаараа наадаж айраг түрүү хүртээд амжсан болохоор додигор цэрэг явлаа ш дээ. Энэ нь үнэхээр урам зориг нэмсэн шүү. Тийм болохоор цэргээс халагдаад  нутагтаа ирээд шууд л адуу маллаж эхэлсэн. 
-Танд нэг мундаг хээр азарга байсан гэх юм билээ?
- Би Булган сумын нэгдэлд байхдаа агт тууж, хөлсөнд нь шар хээр зүсмийн эмнэг адуу үрээ авч азарга тавьсан юм. Тэрнээс гарсан төл болгон хурдалсан даа. Үнэхээрийн хурдан буян байсан юм. Энэ хавийнхан андахгүй дээ. Миний хурдан хээр азаргыг аймагтаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Харамсалтай нь хүнд алуулчихсан юм аа. 
-Золгүй явдал болсон юм уу?
-Намайг цэрэгт явсан хойгуур болсон хэрэг л дээ. Манайхтай айл байсан хүн  хийсэн юм билээ. Сүүлд нь шүүх цагдаа болсон ч өнөө хүн нь өөд болсон болохоор хэрэгсэхгүй болоод л өнгөрсөн. Энэ зурган дээр байгаа хээр азаргыг бас машинаар дайраад үгүй болгочихсон. /зургийг нь үзүүлэв/ Одоо болтол тэр хүн олдохгүй л байна. Монгол хүн байж мориндоо хүйтэн сэтгэлээр хандах өөдгүй хүмүүс байх юмаа.
-Үр төлөөс нь танд байдаг биз дээ?
-Байлгүй яахав. Нэгэн үе хээр азарганы төл шар хээр, хүнээс авсан бор хээр азаргаараа айраг түрүүг ёстой “түүсэн” дээ. Тэр  бор хээр азарга манай голын унага байсан юм. Манай сумын 62 жилийн ойн наадамд  бор хээр нь  түрүүлж, шар хээр нь аман хүзүүдэж байсан. Би ер нь гүүгээ л гаднаас авдаг. Бүр таван адуугаар нэг гүү авч байлаа. Тэр гүү маань их олон хурдан буян төрүүлж, намайг их баярлуулсан даа. Харин азаргаа унаган адуугаараа л тавьдаг юм. Биеэ тоосон хэрэг болох юм болов уу. /инээв/ Би ч азарганы уяа гайгүй тааруулдаг юм шиг байгаа юм. Уясан азарга бүр л амжилт гаргадаг байлаа. Миний тэр машинд дайруулдаг азарга аймгаас 7 түрүү, 6 аман хүзүү, 3 айраг надаа авчирсан буянтай амьтан байлаа.
-Хэдтэй азарга байсан бэ?
-Тэр таагүй явдлаас хойш гурван жил өнгөрч байна. Тэгэхэд нас нийлээд гурван жил л болж байсан юм. Хөөрхий дөө дөнгөж амьтай голтой байхад нь цагдаагийнхан газар дээр нь очиж зургийг нь дарсан байсан. Намайг хот явсан хойгуур болсон хэрэг. Үнэхээр өр өвтгөм мэдээ байлаа даа. Тэгээд би сүүлийг нь өөртөө авч үлдсэн. Тэрнээс хойш надад нэг, хоёр сайхан хонгор азарга байсан ч хүнд өгчихсөөн.
-Яагаад?
-Нэгэндээ өгч, авч л байдаг шүү дээ. Дээр ярьсан хоёр хээр азарганыхаа нэгийг бас  Найманжинд өгсөн юм. Миний азарга түүнийг Монгол улсын Алдарт болгосон. 
-Харин та өөрөө хэдэн оны Алдарт билээ?
-Аймаг сум нийлсэн 20 гаруй айраг түрүүгээрээ Алдартын болзол хангаж байлаа. 1982 онд тодорхойлолтоо  өгчихөөд 1992 онд үнэмлэхээ авсан.
-Одоо морь уяж байна уу?
-Сүүлийн хоёр жил бие жаахан өвдөөд олигтой уяж чадсангүй. Харин энэ жил хоёр даага, шүдлэн үрээ уях санаатай байна.
-Манай зочид сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадмын дурсамжаа хуваалцдаг уламжлалтай? Та хамгийн дурсамжтай наадмынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Олон сайхан наадмын “гол дүр” болж явлаа даа. Гэхдээ энд аймгийн 60 жилийн наадмыг онцолмоор байна. Хоёр азарга, хоёр даага дараалан орсон тэр наадам сэтгэлээс гардаггүй юм.  Эр хүний жаргалыг тэр л үед илүү мэдэрдэг юм билээ. Адуугаар жинхэнэ өвчилж явлаа, нэгэн үе. Ёстой ана мана үздэг хурдтай уяачид ч олон байв. Их тамир сумын тарган Равдан, Хайрхан сумын мухар хуруу Баатар, Хараа Мижидийн хар гээд аймагт дархалсан лут азарганууд байлаа. Гэхдээ тэднийг миний азарга л дарж байлаа шүү дээ. Тэрнээс хойш найман үеийн хурдан азаргатай болсон хүн дээ, би. Эхний шар хээр азарганы төл л  үргэлжлээд байгаа нь энэ юм шүү дээ.  Одоо ч хүнд өгч, зараад хоёр охин байдсан гүүтэй л үлдлээ. 
-Наймаа их хийж байв уу?
-Одоо ч сайн адуу их үнэтэй болжээ. Би чинь тухайн үедээ 800 төгрөгнөөс дээш гаргаж бараг үзээгүй ээ. Миний найман үеийн азарган дунд нэг хурдан хар азарга байсан юм. Хоёр удаа аман хүзүүдүүлчихээд Мөнхөө  гэж хүнд зарчихсан.  Сураг тавьж л байх юм.  Миний азарганаас авсан бүгд л өнөөдөр Алдарт болцгоосон байна.  Энэ чинь л сайхан юм шүү дээ.
-Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг дээ. Ярилцсан танд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна