Архангайн алдарт хээрүүд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

Дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалсан Чингисийн монгол морин эрдэнийн шүтээнтэй. Газрын хол усны уртыг торохгүй туулсан монгол адууны тэрхүү  гайхамшигт чадварыг дэлхий нийт өнөө хэр нь  шагшин магтсаар байдаг.
Найман зууны тэртээ тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөхөд үлэмж хувь нэмрээ оруулж байсан монгол адуу тайван энхийн эдүгэ цагт эдэлгээ уналгаа, уралдааны чиглэлээр ашиглагдаж байна. Арын сайхан хангайн армаг хүлгүүд уналга эдэлгээ даадаг, урт холын замд тэсвэртэйн дээр шандас шалгах уралдуунуудад самсаа шархиртал дүүлдэг билээ. Тийнхүү улс, бүс, “Их хурд”-ын довон дээр нутгийн нэрийг гарган хурдалсан арын хангайн армаг хүлгүүдийн ихэнх нь бараан зүсмийн тэр дундаа хээр адуу байсан нь эрхгүй анхаарал татдаг. Жишээлбэл Түвшрүүлэхийн унаган адуу шигшмэл морьдын “Их хурд” уралдааныг магнайлсан бол, Эрдэнэбулган сумын унага МУ-ын Алдарт уяач П.Доржпаламын Даян түмний хээр азарга Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг болон 1997 оны Эрдэнэтийн зүүн бүсийн  наадамд түрүүлэн наадамчин олноо баясгаж байсан билээ. Мөн  аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдан анхны “Их хурд”-д тавласан Аймгийн Алдарт уяач Жанлавдомын хээр морь Ихтамир сумын унаган хүлэг юм. Түүнчлэн  “Их хурд-4”-т тавласан МУ-ын Алдарт уяач А.Алтангадасын унаган хээр азарга, 2011 оны “Тамирын хурд”-д гурвалсан Бүдрагчаагийн хээр морь гээд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Архангай нутгийн нэрийг гарган халхын томоохон  довон дээр уралдсан адуунууд цөм хээр зүстэй байжээ. Дээрх хэдхэн жишээнээс харвал Архангайн адуу хурдан, хээр адуу уяачдад нь ээлтэй хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.