Уяач Г.Цэндбазар: Манайхан дөрвөн үеэрээ морь уяж буй хүмүүс

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

-Уяачид удам дагадаг гэдэг. Таны хувьд?
-Би ч мөн ялгаагүй. Дөрөв дэх үеийн уяач. Миний өвөг эцгийн эцэг Гомбожав гэж хүний   ах, дүү хоёр зээрд морь энэ суманд олон айрагдаж түрүүлсэн гэдэг юм. Тэр хүний хүү, миний өвөө болох Батзандан мөн л морь уядаг хүн байсан. Өвөөгийн маань хээр алаг морь нь суманд олон түрүүлсэн дээ. Манай аав Галданцэрэнгийн хул морь суманд зургаа түрүүлж, зургаа айрагдсан үнэхээрийн хурдан буян байсан. Аав минь 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Би 1989 оноос бие даан хурдан морь уяж байгаа.
-Төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулна гэдэг тийм олон давтагдах амжилт биш шүү?
-Тийм шүү. Манайх ерөнхийдөө хээр голцуу зүсмийн морь адуугаар нааддаг улс. Алаг болон хул морьд уяж байсан ч эргээд л хээр морио уячихсан байдаг юм. Хамгийн гол бид унаган адуугаараа нааддаг. Үүгээрээ их бахархаж явдаг даа.
-Та адууныхаа цусыг сэлбэх тал дээр хэр анхаарч байна?
- Анхааралгүй яахав. Би гэхдээ зүүн талаас адуу мал аваагүй ээ. Аймаг сумдаасаа гайгүй удамтай үрээ, байдас авдаг. Зүүн талын адуу хурдтай гэж сүүлийн үед хүмүүс их аваад байх шиг байна. Би бол түүнтэй  нэг их санаа нийлдэггүй. Ер нь хурд баруун талд бий.  Дөрвөлжин сумын Сархайрханд түрүүлсэн Туяагийн халиун морины амжилтыг одоог хүртэл эвдээгүй шүү дээ.
-Амжилт гэдгийг дэлгэрүүлэхгүй юу?
-Юмны хурд гэдэг чинь хугацаагаар хэмжигддэг. 1995 онд Сархайрханд хамгийн анхны бүсийн наадам болсон. Тэнд халиун морины давхисан хэмжээнд хурдлах морь одоог хүртэл гараагүй байна.  Тэр утгаараа баруун зүгийг хурдтай гэж яриад байгаа юм.
- Та тэр хурдыг төдөн км цагийн хурдтай байсан гэдгийг нь хэлж чадах уу?
-Тухайн үед мэдэж байсан юмаа. Одоо мартчихаад байна. Дараа нь 1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд “Морин эрдэнэ”-ийн даншиг наадам болоход  халиун морь түрүүлж байсан. Би тэр жил нутгийн хөгшнөөс хээр морь аваад сумандаа гурвалчихаад, тэр даншигт аваад очсон. Тэгэхэд Манлай уяач Түвдэн гуай, Бааст хоёр морины сунгаан дээр ирээд миний морийг харчихаад “сайхан зөв уягдсан байна” гэж ярьж байсан. Ер нь хурд манай баруун талд бий. Энэ наадамд Дөрвөлжингийн халиун морь, Сонгино сумын хар азарга хоёрыг харъя гэж байсан. Тэгээд халиун морь түрүүлсэн. Хар азарга түрүүнд явж байгаад туган дээр хөлсөж хадуураад, Хүрээмаралын Батбаярын халтар азарга түрүүлж, Сонгинонын хар азарга аман хүзүүдсэн. Тэр хар азаргыг Говь-Алтай аймгийн харьяат Туваанжавын Гантөмөр гэж хүн тэр наадмын үеэр худалдаж авсан юмдаг.
-Та багадаа хурдан морь унадаг байсан байх?
-Уналгүй яахав. 7 настайгаасаа эхлээд 8 жил  хурдан морь унасан. Тэр үед одоог бодвол наадам цөөхөн болдог байлаа. Улсын баяр наадмын гурван өдрөөр нааддаг байлаа шүү дээ.
-Сүүлийн үед уралдаан олширч, морин уралдаан гэдэг мэргэших тал руугаа орсон. Тэр үед жилд нэг нааддаг байсан учраас наадмын өмнөхөн адуугаа барьж уяад 20 хоногийн уяа хийдэг байсан. Одоо бол хамгийн бага адуу  45 хоногийн уяатай байх жишээтэй. Тэгэхээр таны анх уяж байсан үеийнхээс одооны уяа ямар ялгаатай байна вэ?
-Одоо бол шал өөр уядаг болсон байна.  Би 1989 онд морь уяад эхэлж байхад их насны морийг 25 хоног уядаг байсан. Тэр үед одоог бодвол ногоо  ч гардаг, мал ч тарга орчихдог байж. Адуу эрт ногоо идчихээр таргалчихна. Морь уяна гэдэг чинь ёстой л хэдхэн хоногийн ажил байсан даа. Анх морь уяж эхлээд аавынхаа арга барилаар хөлс сайн авдаг байв. Тэр жил уясан морь маань түрүүлсэн. Хойтон жил нь таван насны зургаан морь уяад нэг түрүү, гурван айраг авч байлаа. Хул мориороо зургаан түрүү, найман айраг, хээр мориороо долоон түрүү, найман айраг авсан амжилттай наадаж дээ. Гэхдээ би сумандаа болон ойр тойрныхоо сумаар явж байгаа юм. Яруу, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр Баянхонгорын Баянбулаг, Говь-Алтайн Гуулин, Дэлгэр,  гэх мэт.
-Улсын ч юмуу,  томоохон чанартай наадмуудад оролцож байв уу?
-Бүсийн  гурван наадамд оролцсон. Анх 1997 онд Говь-Алтай аймагт болсон даншиг наадамд оролцож 17-оор давхисан юм. Бай шагналд нь дурсамж бичиг, морины тухай 60 нүүртэй сонин, Чимиддорж гэж хүний нэг ном, халуун савтай өгсөн. Халуун савыг хөнгөн юм чинь юу байхав гээд хазаараараа баглаж аваад үүрчихсэн чинь хол газар хөнгөддөггүй юм билээ. Мөр өвдөөд болж өгдөггүй. Сүүлд 1999 онд Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 360 жилийн ойн даншигт явсан. Тэр үед чинь машин тэргэнд ачна гэж мэдэхгүй, хөлөөр нь 10-аад хоног хөтөлж байж хүрсэн. 1008 морь уралдахад нэг морь маань 145 дээр, нэг нь 149 дээр давхиж ирсэн. Баянхонгор чинь манай нутгийг бодвол говь тал руугаа учраас хангайн адуу халуунд очихоороо ялаа шаваад нүд нь нуухтаад хэцүү л байдаг юм билээ.
-Өнгөрсөн жилүүдэд Завхан аймагт бүсийн наадам болсон. Тэр наадамд оролцсон байх?
-Оролцсон. Манай энд чинь зун нь гандуу, өвөл нь зүтгүү болох юм. Ногоо муу гарсан жил байсан. Хоёр хээр  морио хөлөөр нь авч очоод нэг нь  76-гаар давхисан.
-Хээр морины доороос нь бага адуу залгаж байна уу?
- Бага жижиг адуу залгаж л байна. Сумын наадамд учиргүй түрүүлэхгүй ч гэсэн айрагдаж л байна. Ногоо цагаанаасаа болдог юмуу, тамир тэнхээ муу байх шиг байна.
-Танай энд тэжээхгүй байна уу? Морь болгоны уяа өөр тэр дундаа дааганы уяа өөр байдаг?
-Тэжээж амжихгүй юмаа. Ганцхан адуутай хүн тэжээнэ үү гэхээс олон малтай  мань мэтийн хүн тэжээнэ гэж байхгүй. Уяа зөв эхлээд ирвэл ямар ч насны морь давхичихна.
Би сүүлийн үед нэг насны зөрүүтэй хоёр хээр морь уясан. Тэр хоёроор ойр тойрны сумдуудад наадсан
-Ах дүү хоёр морь юмуу?
-Ах дүү хоёр биш ээ. Нэг азарганы, өөр өөр гүүний унаганууд байгаа юм.  Хоорондоо нэг насны зөрүүтэй. 2002 онд Цагаанчулуутын 50 жилийн ойд үзүүр давхисан. Сонирхуулахад Говь-Алтайн Гуулин сумын 40 жилийн ой долоон сарын 21-нд болоход миний хоёр морь тав, зургаа дээр давхиад ирлээ. Сайн давхилаа гэсэн чинь, 36 морь гарааны зурхайд хүрээгүй эргэсэн барихгүй гэдэг юм байна. Ингээд байнд ч үгүй, юу ч үгүй болчихлоо. Цагаанчулуутын 50 жилийн ой 7сарын 26, 27-нд болоод.  Тийшээ явмаар санагдаад шар хөдлөөд байхаар нь Цагаанчулуутын төв орсон. Тэгсэн  өглөө есөн цагт даага, дараа нь их нас, тэгээд шүдлэн явна гэж байна. Их насанд 187 морь явдаг юм байна. Тэгсэн нөгөө хоёр морь чинь хоёр, гурав дээр гараад ирлээ.
- Эр хүний нулимс дотогшоо гэдэг. Магадгүй ил гаргадаг цөөхөн тохиолдол нь морь айрагдах?
-Яаж ч болохгүй, нулимс ил гардаг юм даа. 100 гаруй км явж морь будлиад юу ч үгүй болчихоод, Цагаанчулуутад очоод морьд сайхан давхисанд  өөрийн эрхгүй нулимс гарч байсан. Байнд мотоцкиль авсан.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд жижиг, том наадмуудаас хичнээн айраг түрүү авсан бэ?
- Зөвхөн хээр морины амжилтыг тоолоход 1993 онд даагандаа аман хүзүүдэж, 1994 онд сумын 70 жилийн ой болоход  шүдлэндээ түрүүлж анхны алтан медалийг авч байсан. Суманд анхны алтан медалийг авсан гэдгээрээ бахархаж байсан шүү. 1996 онд соёолон хээр морь түрүүлсэн. Одоо тулгамдаад мартаад байнаа. Тэрнээс хурдан тууртын буянд магнай тэнийсэн өдрүүд олон байсан.
-Морь нь хэр сайн давхиж байгаагаар эр хүний хийморь лундааг тодорхойлдог шүү дээ?
-Тиймээ. 1998 онд морьдын уяа үнэхээр сайн байсан. Шилүүстэйн сургуулийн ой болоод морьдоо аваад очлоо. Нэг нь ганцаараа хол тасарч давхисан ч хүүхэд нь ойчоод  жаахан болохоор мордож чадахгүй, хажуугаараа морьд оруулчихсан. Тэгээд 29 дээр давхисан. Тэрнээс хойш айргаас буугаагүй, хоёр жил айрагдсан даа. Гурван жил дараалж түрүүлээд, дөрөв дэх жилдээ сумын 80 жилийн ой болоход нэг нь аман хүзүүдээд, нэг нь тав дээр давхисан.  2001 онд хоёулаа үзүүр, түрүүнд хурдалж, 2002 онд нэг нь түрүүлж, нэгнийх нь хүүхэд уначихаад тав дээр давхиж ирсэн дээ. 2003 онд хоёулаа үзүүрт, 2004 онд нэг нь түрүүлж, нэг нь тав дээр, 2006 онд нэг нь зургаад, нэг нь ес дээр хурдалж байлаа. Хамбын Гэгээний 110 жилийн ойн наадамд очоод нэг нь 36-гаар, нэг нь 39-өөр давхисан. Тэгээд буцаж яваад нэг нь өвчин тусаад ямар ч арга хэмжээ авч чадаагүй.
-Яасан юм бол?
-Яасан ч мэдэгдэхгүй байж байгаад үхчихсэн.  Хүүхэд нь хээр үрээ явахгүй байна гээд уйлаад гүйж ирсэн.  Намайг очиход чих нь бууж, нүд нь гархилаад хачин болчихсон байсан даа. Хаа болон хэлний нь судсыг хатгаад цус гардаггүй, тэгээд үхчихсэн.
-Дэл сүүлийг нь авч хадгалсан уу?
-Цус нөжийг нь гоожуулаад байлтай биш. Дэл сүүлнээс нь аваад, хүнд захиад орхисон. Сүүлд толгойг нь авъя гээд очсон чинь захиж үлдээсэн хүн аваад хадгалсан гэж байсан.
Харамсалтай юм. Хээр морь шиг олон сайхан хурд төрөхийн бэлгэтэй ерөөлөөр яриагаа өндөрлөе.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна