Хурдан хээрийн домог

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Долоон хошуу даншиг наадамд Манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд Манжийн хаанд нүүр тал засах гэж Даншиг наадамд Манжийн хааны морийг түрүүлгэх талаар Богдын лүндэнг яаран гаргуулжээ.
Харин зэргэлдээ нутагтай Цэцэнхан, эрийн гурван наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ гэж дургүйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг түшмэлд гучин лан мөнгө өгч наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ. Шинжээч түшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж. Түшээт ханы нутгаар явж байтал хонь хариулсан өвгөнтэй тааралдав. Өвгөний  унасан хээр морь юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж дсэн морь байв гэнэ. Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйхад:
~ Би баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн гуравдахь унаа, урьдахь хоёр нь дараалан зөнөж үхсэн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагүй. Худалдах эсэхийг  мэдэхгүй, эзэн өөрөө мэдэх буй за гэжээ.
Түшмэл морины эзнийд очиж гуйхад:
-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн үнэмших вэ? Би үүнийг худалдах нь битгий хэл, хүнд зүгээр өгехөөсөө ичиж байна гэв.
Түшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж:
— Энэ мөнгө эзэн танд өлзийтэй болог. Хээр морь надад хурдан болог! гэж хэлээд хээр морио хөтлөн буцав. Гэтэл Цэцэнхан учиргүй уурлаж:
— Халх Монголын адуун сүргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй, алхан толгойтой юмыг авчирч миний толгойг эргүүлэх гэж бодоо юу, үүнийгээ аваад зайл гэж хөөжээ.
Түшмэл морио хөтөлж, Төр хурахын аманд ирж бараан өнгийн даавуугаар битүү нэмнэн халхавч хийж, ус идшийг нь тааруулан болох гэж буй төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн өдөр уяж байгаа бүх моридыг Хүйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв. Шинжээч нарын дотроос бөгтөр нуруутай хөх өвгөн:
-- Ээ хө! Таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь. Богдын ордны саравчинд атан өнгөт нөмрөгтэй Хулж Буйрын унага Манжийн хааны Хурдан бор гэдэг газар гишгэх «улаан хөлт амьтныг» урдаа оруулдаггүй хурдан морь бий. Түүний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд түшмэл:
~ Үгүй ер, Халх Монголчууд мориынхоо түрүүг харь Хятад манжуудад алдах гэж үү гэж бодоод өвгөн гуай миний хээр морь тэр бор морины өмнө орох арга байхгүй юу? гэхэд өвгөн:
—Манжийн хааны тэр моринд согогтой юм нэг ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсэргзэнд олон хүн шуугиж, хүүхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сүрдэж байсан. Бодвол үрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ. Ингээд наадам болж, морьд гарах болоход түшмэл цовоо сэргэлэн хүү олж морио унуулаад:
— За хүү минь, манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор! Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгираарай,   гуугалаарай   гэж   захижээ.   Манжийн   хааны  бор, түшмэлийн хээр хоёр тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хүүхэд чанга хашгиран давирахад Манжийн   хааны хурдан борыг орхин хонины хээр гэдэг хочтой хурдан хээр наадмын түрүүг булаасан юм гэдэг. Энэ үеэс «даахин доор морь, дахан дор эр» гэдэг яриа үүсчээ.

 Г.Цэдэвдорж

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна